Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 280

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт оршин суух Гомбосүрэн овогт Дондовын Гандолгор /РД:АЕ63061262/-ын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлчин, малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: 

            Нэхэмжлэгч Д.Гандолгор,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Гандолгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлчин, малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Дээрх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд төлчин, саальчин, малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Өмнө нь шүүхэд хандаж байгаагүй гэв.

 

                        Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                        Нэхэмжлэгч Д.Гандолгор нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

                        Нэхэмжлэгч Д.Гандолгор нь Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

           

            1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - Д.Гандолгорын Өлзийт сумын Ямаат бригадад малчин, саальчнаар ажиллаж байх үеийн 1983 оны 5-6, 10-12, 1984 оны 1-2, 5, 1986 оны 3, 5-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,

             - Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн даргын 1983 оны 6-р сарын 2-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар,

            - Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 3-р сарын 15-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолын хуулбар,

            - “1981 онд зарласан халгайн гурил бэлтгэх болзлыг 8-р сарын 25-наас биелүүлэгчдийн шагнал олгосон жагсаалт”, “Ямаат хэсгээс 1988 ны 10-р сарын 26-наас амрах малчдын нэрсийн жагсаалт”-ын хуулбарууд,

           

             2. Д.Гандолгорын ажиллаж байсан байдлын талаар

            гэрч Ч.Цэцэгнямын өгсөн ... Би 1977 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Гандолгор нь 1980 оноос Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн Ямаат бригадад малчин, саальчнаар 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан. Д.Гандолгор нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан. Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд Д.Гандолгортой хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг мэднэ... гэх,

            гэрч Г.Мөнхбатын өгсөн ... Би 1981 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Д.Гандолгор нь Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн Ямаат бригадад 1981 оноос 1990 оныг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан. “Өрнөл” нэгдэл 1990 онд хувьчлагдсан. Д.Гандолгор нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй. Д.Гандолгор нь Галаа гэх хүний суурь дээр ажиллаж байсан. Д.Гандолгортой хамт Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн Ямаат бригадад ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг мэднэ ... гэх мэдүүлгүүд. 

           

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гомбосүрэн овгийн Дондовын Гандолгорын Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ