Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 181/2022/03057/И |
Дугаар | 210/МА2023/01450 |
Огноо | 2023-07-24 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2023/01450
2023 07 24 210/МА2023/01450
П.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01358 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ББСБ ХХК-д холбогдох
Ажилласан хугацааны болон ээлжийн амралтын цалин, алданги, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. П.******* нь ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ар гэрийн байдлаас шалтгаалж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Хүсэлт гаргаснаас хойш Хөдөлмөрийн тухай хуульд заасан 30 хоног дууссан боловч байгууллага нь ажлаас чөлөөлөх шийдвэрийг тодорхойгүй шалтгаанаар гаргаж өгөөгүй.
1.2. П.******* нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон ажил хүлээлгэн өгөх акт, холбогдох тайлангуудыг гарган 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр группын ерөнхийлөгч, ахлах хуульч, хүний нөөцийн ахлах менежерт цахим шуудангаар хүргүүлсэн боловч тодорхой шийдвэр, хариу өгөөгүй. Мөн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө олгуулахыг хүссэн цахим шууданг группын ерөнхийлөгч, ахлах хуульч, хүний нөөцийн ахлах менежер, ахлах нягтлан бодогч нарт илгээсэн боловч хариу өгөөгүй. Ахлах хуульчаас утсаар асуухад дараагийн томилох хүн хайж байгаа гэснээс өөр хариу өгөөгүй, харин 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан, ирж уулзаарай гэсэн хариуг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн.
1.3. 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүний нөөцийн менежертэй ажлаас чөлөөлөх шийдвэр авах, ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө олгуулах талаар уулзахад байгууллагаас авсан зээлээ бүрэн төлж дуусгасны дараа олгоно гэсэн хариу өгсөн. П.******* нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* ББСБ ХХК-аас 6,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан ба уг зээл хэвийн төлөлттэй, гэрээний хугацаа дуусах болоогүй. Мөн хөдөлмөрийн харилцаа, зээлийн гэрээ нь тусдаа асуудал ба зээлээ гэрээний дагуу цаг хугацаанд төлөөд явах талаар бичгээр хүсэлт гаргаж, цалин олгохыг ******* ББСБ ХХК-ийн удирдлагаас хүссэн боловч боломжгүй гэсэн хариу өгсөн.
Иймд ******* ББСБ ХХК-аас П.*******ийн 2022 оны 05, 06 дугаар сарын цалин, ээлжийн амралтын цалинд 4,602,645 төгрөг, цалин хугацаанд нь олгоогүйн алданги 891,612 төгрөг, нийт 5,494,257 төгрөг, мөн ажилгүйдлийн тэтгэмж 5,717,924 төгрөг, бүгд 11,212,181 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. П.******* нь ******* ББСБ ХХК-тай байгуулсан контрактын гэрээний дагуу гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. ******* ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг учир гүйцэтгэх удирдлага солигдоход үйл ажиллагаанд доголдол учирдаг. Мөн П.******* нь өөрийн цалинг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээнд ажлаас гарвал зээлийг цалин хөлс, олговроос суутгах талаар тохиролцсон.
2.2. П.******* нь байгууллагатай тооцоо хийгээгүйгээс шалтгаалж ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгийг олгох боломжгүй байсан. Мөн тушаалаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гардаж аваагүйгээс гарч байгаа үр дагаварт хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Хуульд зааснаар 14 хоногийн дотор ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандах эрхтэй. Нийгмийн даатгалын шимтгэл аваагүй нь компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 128 дугаар зүйлийн 128.1, 158 дугаар зүйлийн 158.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ББСБ ХХК-аас нийт 9,333,689 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож, үлдсэн 1,878,491 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 194,345 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож, хариуцагч ******* ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 164,289 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тодорхой шалтгаангүйгээр гардан аваагүй. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдсөн этгээд ажилгүйдлийн тэтгэмж авах тохиолдолд ажлаас чөлөөлсөн тушаалыг өөрөө гардан авч нийгмийн даатгалын байгууллагад өгч хүсэлтээ шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь тодорхой шалтгаангүйгээр хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргаж шийдвэрлүүлээгүйгээс шалтгаалж ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүйд хариуцагчийн буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэхээргүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 7,140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч ******* ББСБ ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин, алданги гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 4/771 дугаар албан бичгээр дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүйгээс гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Контрактын гэрээ-г үндэслэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талаар зохигч маргаагүй байна.
Нэхэмжлэгч П.*******ийн гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг үндэслэн хариуцагч ******* ББСБ ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 320/22 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлжээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар цуцлагдсан үйл баримтыг зөв дүгнэсэн байна.
4. Нэхэмжлэгч нь 2022 оны 05, 06 дугаар сарын цалин, ээлжийн амралтын цалинд 4,602,645 төгрөг, цалинг хугацаанд нь олгоогүйн алданги 891,612 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.
5. Мөн нэхэмжлэгч нь ажил олгогч байгууллагаас ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаж өгөөгүй, 2021 оны 11 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зэргээс шалтгаалж ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж 5,717,924 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь уг асуудалд буруугүй гэж маргасан.
Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаар лавлагаанд Иргэн П.******* нь ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргаагүй, материал бүрдүүлж өгөөгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, ... өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ ... нийгмийн даатгалын байгууллагад гаргана, 2 дахь хэсэгт ... нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, ... асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Гэвч нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авахаар харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад өргөдлөө гаргаж шийдвэрлүүлээгүй байна. Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгох эсэх нь нийгмийн даатгалын байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд уг байгууллагаас нэхэмжлэгчтэй холбоотой шийдвэр гаргаагүй тул түүнийг ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон гэж дүгнэх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх дээр дурдсан Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчаас 3,839,433 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулав.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс ажилгүйдлийн тэтгэмжид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...нийт 9,333,689 /есөн сая гурван зуун гучин гурван мянга зургаан зуун наян ес/... гэснийг 5,494,256 гэж, ...үлдсэн 1,878,491 /нэг сая найман зуун далан найман мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг... гэснийг нэхэмжлэлээс үлдэх 5,717,924 төгрөгт холбогдох хэсгийг гэж,
2 дахь заалтын ...164,289... гэснийг 102,858 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА