| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0077/Э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 100
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ур, улсын яллагч Б.Г, шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Н.Н.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806033592121 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.О нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 64 дүгээр гудамж 1025 тоот хашаанд иргэн Н.Жзодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: “…2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 24 цагийн ажилтай байсан. Өглөө 11 цагт манай охин утсаар ярьсан. Аав архи уугаад байна гэж хэлсэн. Миний охин яасан хичээлдээ яв гэж хэлэхэд “Аав намайг цаашаа яв” гэж хэлээд байна гэж хэлсэн. Би ажлаасаа чөлөө аваад гэртээ ирэхэд машин нь хашааны хойд талын буланд байж байсан. Гэр рүүгээ ороход хоёр хүүхэд хувцсаа өмсөөд зогсож байсан. Би хоёр хүүхдээ аваад машины түлхүүрээ хайхад хохирогч нь цаад хашааны гадна зогсож байсан. Би тухайн үед уурлаж машин тэрэг бузарлалаа гэж хэлээд машинаас чирээд буулгасан. Тэгэхэд манай нөхөр надтай машины түлхүүр булаацалдаж бас маргалдсан. Тэр үед хохирогчийг чирч байхад хашааны төмөр мөргүүлсэн тэрийг мэдэж байна. Дараа нь эгчид нь болсон байдлыг хэлсэн.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Жавзанпагмын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Санжидийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 17-18/, Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 23/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 40-42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/, хохирлын баримтууд /хх-н 32-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас шүүгдэгч Н.О нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадын 64 дүгээр гудамж 1025 тоот хашаанд иргэн Н.Жзодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Оийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадын 64 дүгээр гудамж 1025 тоот хашаанд иргэн Н.Жзодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Жавзанпагмын хохирогчоор өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу зүс таних Энхтайваны хашаан дотор машинд нь хамт архи ууж байгаад би машин дотор нь тасарчихсан нэг ухаан ороход машины цонхыг Энхтайваны эхнэр Н.О нүдээд орилоод байхаар нь би онгойлгож өгөөгүй. Тэгтэл Н.О гэр рүү орж түлхүүр авч гарч ирээд машины хаалга онгойлгож миний үснээс зулгаагаад чирч машинаас буулгаад, нүүр рүү хоёр удаа чанга цохиод миний өмсөж явсан куртикны малгайнаас чирээд хашааны үүдэнд очсон. Тэр үед миний куртикны малгай салсан чинь толгой руу хөл гараараа ээлжилж цохиод газар уначихсан байхад миний дээрээс сууж байгаад нүүр рүү цохисон. Тэр үед хамраас цус гараад тогтохгүй байхад үснээс чирч хашаанаас гаргаад голын хажууд үлдээхээр нь би уйлаад миний буруу гэж олон удаа гуйсан боловч тоохгүй яваад өгсөн. Тухайн үед Н.О янхан хүүхэн манай нөхөртэй юу хийсэн гээд орилоод намайг зодсон өөр хүн зодсон зүйл байхгүй. Миний толгой байнга өвдөж байгаа шөнө унтаж чадахгүй байна. Энэ хугацаанд эмчилгээний зардал гэж 600.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Одоо миний биед тархины зураг авах шаардлагатай, түүнээс хамаарч эмчилгээ хийнэ гэж эмч хэлсэн. Би Баянзүрх дүүргийн эмчийн хяналтанд байгаа. Би сүүлийн үед юм их мартаж байгаа бас жоохон удаан зогсохоор толгой эргээд байна. Тийм болохоор би иргэн Н.Оээс эмчилгээний зардал гэж 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс надад 450.000 төгрөг өгсөн. Би эмчилгээний зардал мөнгөө авч бас хамрын хагалгаанд орно. Хэрэв Н.О миний хохирлыг барагдуулж өгвөл ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 13-14, 46/,
Гэрч Л.Санжидын өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний утас руу манай ажлын сувилагч Н.О над руу залгаад танай дүү М.Жавзанпагма манай хашаанд нөхрийн машинд шал согтуу өмд нь шувтарчихсан хэвтэж байна гэхээр нь М.Жавзанпагма өөрөө мөлхөөд танай хашаа руу орно гэж байхгүй танай нөхөр Энхтайвантай л холбоотой байж таарна гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл 30 минутын дараа Н.О дахиж залгаад би М.Жавзанпагмыг Улиастай голын эрэг дээр хаячихсан шүү гэж хэлсэн. Тэгэхэд би зодсон гэж бодоогүй..." гэх мэдүүлэг /хх-н 18/;
Яллагдагч Н.Оийн өгсөн: "... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би ажил дээр байхад манай охин Аминаа над руу залгаад аав хашаанд танихгүй эмэгтэй хүнтэй хамт архи уугаад байна гэхээр нь би ажлаас чөлөө аваад шууд гэртээ очиход манай хашаанд тавьсан байсан саарал өнгийн Верна маркийн машин дотор хохирогч Жавзанпагма ухаангүй согтуу гадуур өмд нь тайлагдсан байхаар нь би шууд нөхрөө хайгаад гэр рүү ороход нөхөр согтуу орон дээрээ хэвтэж байхаар нь би хоёр хүүхдээ аваад явах гэхэд нөхөр явуулахгүй гээд байхаар нь би уурандаа шууд гараад машинаас хохирогч Жавзанпагма өмсөж явсан куртикны малгайнаас хоёр гараараа татаж газар унагаад газар чирж хашаанаас гаргахад хохирогч манай хашааны хажууд байдаг төмрийг нүүрээрээ мөргөсөн. Тэгэхээр нь би хохирогчийг гудамжинд гаргаж хаячихаад буцаж гэртээ орсон. Би хохирогчийг биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг би учруулсан. Тухайн үед би уурандаа хохирогч М.Жавзанпагмын биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна миний буруу." гэх мэдүүлэг /хх-н 41/;
Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 212 дугаар,
1. М.Жавзанпагмад хоншоор ясны далд хугарал, 2 нүдний цус харвалт, нүүрний зүүн талын няцрал, цусан хураа, цээж хэвлийн урд хананы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан “хүндэвтэр” зэргийн гэмтэл болно,
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй....” гэх дүгнэлт /хх-н 23/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Н.От ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч М.Жавзанпагма нь өөрт учирсан хохирлын баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.