Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01715

 

 

   2023       09          06                                    210/МА2023/01715

 

 

“БАНК” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/02491 дугаар шийдвэртэй,

 

“БАНК” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

“Ш” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 33,618,203,694 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, С.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Тус банк нь “Ш” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10,800,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгосон.

1.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Ш” ХХК-ийн өмчлөлийн  30 болон  80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээний зориулалттай дуусаагүй 2 ширхэг  барилга, 22 м.кв болон 320 м.кв талбайтай 2 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.3. “Ш” ХХК нь зээлийн хүүд 123,400,080.50 төгрөг төлсөн.

1.4.  86 айлын орон сууцнаас улсын комиссын акт гараагүй атал банк итгэл хүлээлгэн худалдан авагч нарт жилийн 8 хувийн хүүтэй зээл олгосон,  зээлүүдийг “МИК ОССК” ХХК-д худалдаагүйтэй холбоотой эх үүсвэрийн зөрүү 539,600,000 төгрөг байна.

  1.5. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “”Ш ХХК-аас үндсэн зээл 10,800,000.00 төгрөг, хүү 19,441,140,681.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,377,063,013.70 төгрөг нийт 33,618,203,694 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү  гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. “БАНК” ХХК нь дээр дурдсан зээлийн гэрээний дагуу “Ш” ХХК-д 10,800,000,000 төгрөг огт олгоогүй, харин өмнөх зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийн дүн болон газрын үнэ гэх дүнг нэмэгдүүлэн манай компанийн зээлийн дансанд 10,800,000,000 төгрөгийн зээлийн олголт хийсэн мэтээр хий тусгасан буюу зээлийн дансанд “шилжүүлснээр” бичилт хийсэн.

2.2. Дээрх олгоогүй зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж буй шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

2.3. “БАНК” ХХК нь Монголын Ипотекийн корпорацид төлсөн эх үүсвэрийн зөрүү хэмээн 539,600,000 төгрөгийг шаардсан байх боловч энэ нь Монгол банк, арилжааны банкууд, Монголын ипотекийн корпораци хооронд байгуулсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд огт заагдаагүй төлбөр юм. Гэтэл “БАНК” ХХК нь “МИК ОССК” ХХК-д эх үүсвэрийн зөрүү төлөх үүрэг үүсээгүй, 539,600,000 төгрөг шаардаж буй үндэслэлгүй.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ш” ХХК-аас 10,044,868,967 төгрөг гаргуулж “БАНК” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг 23,573,334,727 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2205054675 дугаарт бүртгэгдсэн, Л.Аийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны - хаягт байршилтай 22 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн, Л.Аийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны - хаягт байршилтай 320 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн, “Ш” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, - хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 30 хувьд, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол /17122/, - хаягт байрлалтай 3875,05 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 80 хувьд ногдох хэсгийг “Ш” ХХК-ийн бусад эд хөрөнгөөс гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тул 79,295,550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-аас 50,382,295 төгрөг гаргуулж “БАНК” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/04867 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 102/ШТ2022/00369 дугаартай тогтоол гарсан.

 Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтэд дурдагдаад буй шинээр илэрсэн гээд байгаа хариуцагч огт мэдээгүй байсан гэх “МИК ОССК” ХХК-ийн эх үүсвэрийн зөрүү 539,600,000 төгрөгийг хариуцагч мэдээгүй байх ямар ч боломжгүй,  2016 онд “Ш” ХХК болон БАНК хоорондоо эвлэрэхдээ уг 536,600,000 төгрөгийг “Ш” ХХК нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шийдсэн нь буруу болсон.

4.2. Хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бөгөөд дээрх 539,600,000 төгрөгийг огт нэхэмжлээгүй. Гэтэл  шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.8-д нэхэмжилсэн мэтээр худлаа бичсэн байна.

4.3. Мөн хэргийг ердийн журмаар шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч явуулахдаа хариуцагч талын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй, тодорхой бус, хүсэлт, өмнө шийдвэрлэгдсэн байсан хүсэлтүүдийг дахин шийдвэрлэх зэргээр хариуцагч талд давуу байдал бий болгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хуулийн дагуу гаргаж байгаа тайлбар татгалзлыг огт авч хэлэлцэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой алдаануудыг удаа дараа гаргаж байсан.

4.4. Гэрчээр оролцсон, БАНКны гүйцэтгэх захирал байсан А.Ариунболдын мэдүүлгийг шүүх үнэлээгүй.

4.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2 дахь хэсэгт Банкны эрх хүлээн авагч нь банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах чиг үүрэгтэй гэж зөв дүгнэсэн атлаа 4.3-т банкийг бүр мөсөн татан буугдсан мэтээр тайлбарласан нь буруу болсон. Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар албадан татан буулгах ажиллагааг 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлж татан буулгах ажиллагааны хугацааг 1 жилээр тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар албадан татан буулгах ажиллагаа бүр мөсөн дуусаагүй ба Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхийн хугацааг жил бүр сунган явж байна. Өөрөөр хэлбэл “БАНК” ХХК -/ Улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээрээ байгаа юм.

4.6 Иймд шүүхээс Банкны эрх хүлээн авагчийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхгүй мэтээр тайлбарлаж мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болсон.

Мөн Иргэний хуулийн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4, Банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь хэсэгт шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасны дагуу “Ш” ХХК-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шаардах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй. Гэвч шүүхээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нэмэгдүүлсэн шаардлагуудыг хасч 13,994,574,150 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй, буруу болсон.

4.7. Тус нэмэгдүүлсэн хүү бэлэн бусаар төлөв 90,950,136 төгрөг, зээлийн хүү бэлэн бусаар төлөв 3,778,079,371 төгрөг гэсэн дансны хуулганы бичилт нь зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гарснаар цаашид хүү бодуулахгүй зогсоох зорилгоор үндсэн зээлийн дансыг программаас хааж шүүхийн шийдвэр гарсан дүнгээр шинээр хүү нэмж бодогддоггүй данс нээж зээл төлүүлэх ажиллагааны явцад гарсан зардлуудыг нэмж зээлийн төлбөрийн нийт үлдэгдлийг суулгадаг банкны дотоодын үйл ажиллагаа байсныг төлбөр төлөгдсөн мэтээр тайлбарлаж нэхэмжлэлийн дүнгээс хассан нь буруу болсон.

4.8. Иймд хэрэгт цугларсан нотлох баримт болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой алдаа гаргасан  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Банкны эрх хүлээн авагчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1.Банкны эрх хүлээн авагч давж заалдах гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт нэг талыг барьж хариуцагчийн эрх ашгийн төлөө явагдсан мэтээр үндэсгүй зүйлийг дурдсан байна. Учир нь “БАНК” ХХК зээлдэгчийн зөвшөөрөлгүй дураараа гүйлгээ хийдэг, хүүгээс хүү тооцдог, хүү урьдчилан тооцдог улмаар нэмэгдүүлсэн хүү нэрээр зээлдэгчээс их хэмжээний мөнгө авдаг, хийгдсэн төлбөрүүдийг хасдаггүй зэрэг ажиллагааг нотлоход зээлийн хувийн хэргийн баримтууд чухал ач холбогдолтой байдал шүүх нотлох баримт гаргах хүсэлтүүдийг хангаагүй. Мөн банк гаргаж өгөөгүй байдлаар бидний эрх ашгийг хөсөрдүүлсэн. Энэ тухай хүсэлтийг хангаагүй шүүгчийн захирамж хэрэгт авагдсан. Энэхүү нөхцөл байдал хариуцагчид бус нэхэмжлэгчид давуу байдал үүсгэсэн.

5.2. Банкны эрх хүлээн авагч нь шүүгчээс татгалзах хүсэлтийг удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан. Энэ тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн байхад дахин давтан үндэслэлгүйгээр шүүгчээс татгалзах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан. Энэ талаар удаа дараа гаргасан хүсэлт, шүүгчийн захирамж зэргээр баримтаар нотлогдоно.

5.3.Нэхэмжлэгч тал бодит байдал болон хуулийг мушгин тайлбарлаж биднийг хууль бусаар буруутгаж байгаа нь ёсгүй үйлдэл юм. Мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг дан ганц хариуцагч тал гаргаж байсан мэтээр бичсэн нь үнэнд үл нийцнэ. Хэргийн оролцогч хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлээр олж авах, боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулах эрх нь хуулиар олгогдсон эрх байх бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах эрхээ эдэлж, хүсэлт гаргах нь хууль ёсны эрх юм. Үүнийг хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн асуудал. Уг эрхийг хариуцагч тал, банкны эрх хүлээн авагч эдэлж байсан нь хэрэгт хангалттай баримтууд авагдсан. Шүүх хэргийг хуваарилах хууль болон холбогдох журмын дагуу хэнээс ч хамааралгүй хийгддэг байхад хариуцагч давуу байдал олгосон гэж тайлбарлан гомдол гаргасан нь үндэслэлгүй. Хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн тогтоол хуулийн дагуу гарсан. Хүчин төгөлдөр шийдвэр бөгөөд тогтоол үндэслэлтэй байсныг нэхэмжлэгч эх үүсвэрийн зөрүү гэх нэрийдлээр биднээс хууль бус авсан гэх 539,600,000 төгрөгийг шаардахаа больсон нь харуулсан.

5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр “БАНК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Ариунболд мэдүүлэг өгч шүүх хуралдаанд оролцсон. Биднээс хууль бусаар мөнгө нэхэмжилж байсан нэхэмжлэгчийг гэрчээр оролцуулсан нь түүний мэдүүлэг үнэн бодит эсэхэд эргэлзээ төрөхүйц байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх тухайн баримтад үндэслэн хандах учиртай гэж үзэж байна.

5.5. Барьцаа хөрөнгийн барилгуудыг “Ш” ХХК барьж дуусгасан. Улмаар оршин суугчид худалдан авсан, ипотекийн зээлд хамрагдсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэсэн үнэн зөв дүгнэлт юм. “БАНК” ХХК нь тухайн үед холбогдох байрнуудыг худалдан авсан иргэдэд ипотекийн зээлд хамруулж, байрнуудыг олгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр бидний гаргасан энэхүү тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, хариуцагч хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх шаардлагатай нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасан үндэслэлээр тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

6.1. Нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 17 тоот зээлийн гэрээ байгуулж 10,800,000,000 төгрөг зээлүүлсэн гэх шалтгаанаар тус гэрээний үүргийг шаардсан. Харин хариуцагч “Ш” ХХК тус гэрээний дагуу олгосон гэх 10,800,000,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, ашиглаагүй, захиран зарцуулаагүй гэж маргасан.  Нотлох баримт гаргуулах тухай бид 5 удаагийн хүсэлт  гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Нэхэмжлэгчид хандаж хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Иймд холбогдох баримтыг хэрэгт аваагүйгээр хэргийг шийдвэрлэсэн боловч байгаа баримтын хүрээнд шүүх шийдсэн гэх асуудлын хүрээнд доорх байдлаар гомдол гаргасан.

6.2.Зээлийн гэрээгээр олгогдсон гэх 10,800,000,000 төгрөгийн 5,542,484,660 төгрөгийг бидний зөвшөөрөлгүйгээр банк зээл хаах нэрээр буцаан суутган авч, зээлийг зээлдэгчийн ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох ёстой.  “Ш” ХХК-ийн дипозит дансны хуулгад 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 10,800,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Энэ өдөр 5,542,484,660 төгрөгийг зээл хаав хэмээн зарлага гарган банк буцаан татан авсан. Зээлийн гэрээний 3.1.6-д зааснаар барилгын санхүүжилтэд зориулагдана гэсэн зориулалтыг банк өөрөө зөрчиж зээлийг буцааж авсан тул энэ зээлийг олгосон гэх үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас хасах учиртай.

Манай компани тус банкнаас 2011-2014 онд 5 удаа зээлийн гэрээгээр зээл авч байсан. Маргаж буй 17 тоот зээлийн гэрээнд ямар нэг бусад зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт хийж олгогдох, зээлийг зээлээр хаах зэрэг заалт байхгүй. Гэтэл 5,542,484,660 төгрөгийг олгосон тэр даруйдаа буюу тухайн өдөр буцаан авсан тул энэ дүн зээлийн дүнд хамаарах үндэслэлгүй. Анхан шатны шүүх уг дүнг оролцуулж тооцож шийдвэрлэсэн нь хууль бус юм. Энэхүү гэрээгээр тохирсон зээлийг зээлдэгчийн ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлсэн эсэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой.

 

6.3. Зээлийн дансны хуулгад буй 2015, 2016 оны төлөлт хийгдсэн 2,123,391,078 төгрөгийг орхигдуулсан байх тул дээрх 10,044,868,967 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй. 2015, 2016 онд төлөлт хийгдсэн дүнг анхан шатны шүүх орхигдуулсан  нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

6.4. Банкны эрх хүлээн авагч нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь хууль бус. 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн  тушаалын 1 дэх заалтад 2019 оны 04 сарын 08-ны өдрөөс эхлэн тус банкийг албадан татан буулгахаар заасан.  Зээлийн үйл ажиллагаа явуулахаар банкны эрх хүлээн авч компанийн зээлийн үйл ажиллагаа энэ өдрөөс бүрэн зогссон. Тиймээс зээлийн дансны хуулгад зээл хүү зогсоов гэж   2020 оны 02 сарын 18-ны өдөр бичилт хийсэн хугацаанаас хойш хүү бодогдоогүй, нэмж авлага үүсээгүй. 

6.5. Манай компани 2011-2014 оны хооронд “БАНК” ХХК-тай 5 удаа зээлийн гэрээ байгуулсан. Гомдолд дурдсан 5 үндэслэл бүхий төлөлтүүдийг шүүх хэлэлцээгүй орхигдуулж шийдвэрлэсэн.  Ийнхүү мөнгөн дүн бүхий төлөлтүүдийг анхан шатны шүүхийн шийдвэрийн нийт гаргасан дүнгээс хасаж тооцож өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Зээл болон барьцааны гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй. “Ш” ХХК-ийн дипозит дансны хуулга буюу харилцах дансны хуулгаар  2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 10,008,000,000 төгрөгийн зээл олгов гэж харилцах дансанд орж, “Ш” ХХК харилцах данснаасаа 10,008,000,000 төгрөгийг зарцуулсан байдаг.  Талууд 5 удаагийн зээл төлсөн талаар маргаагүй. “Ш” ХХК 5 удаа 200,000,000 төгрөг төлсөн гэдэг боловч шүүхийн шийдвэрт 4,000,000,000 төгрөг төлсөн бичилттэй гэж шийдвэр гаргасан. Гэтэл хариуцагч өнөөдрийн шүүх хуралд 4,000,000,000 төгрөг төлсөн гэж худал тайлбарлаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зохигчдын  гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “БАНК” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан зээлийн  гэрээний үүрэгт 33,618,203,694 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

3. Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 10,800,000,000 төгрөгийг зээлэх талаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан талаар маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 10,800,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг үүргийг хариуцагчаас шаардсан бол хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу 5,542,484,660 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй гэж маргасан.

 

5. Хэрэгт “Мемориалын баримт 201503255561070722-0” гэсэн баримт авагдсан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримт нь эх хувиар, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байна гэсэн шаардлагыг хангаагүй.

 

Уг баримтыг нэхэмжлэгч хуулбарлан өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдгийг дарж шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хуулийн этгээд өөрийнхөө үйлдсэн  баримтад “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарснаар бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагад хамаарахгүй. Учир нь  Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын 1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч хамаарахгүй” гэж заажээ.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот  барьцааны гэрээгээр барьцаалуулагч нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, - хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,  улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол /17122/, - хаягт байрлалтай 3875,05 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг тус тус барьцаалсан байх ба нэхэмжлэл гаргах үед тухайн 2 барилга баригдаж дууссан эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэн эсэх үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, уг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхийн талаар дүгнэхэд нөхцөл байдал тодорхой бус байх бөгөөд баримт авагдаагүй байхад  анхан шатны шүүх “оршин суугчийн эрх, ашгийг хөндөхгүй” гэх тодорхой бус дүгнэлт хийж барьцаалагчийн барьцааны эрхийг хязгаарласан нь учир дутагдалтай болжээ.  Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахдаа шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэнэ.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205054675 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны - хаягт байршилтай 22 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны - хаягт байршилтай 320 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь тус тус иргэн Л.Аийн өмчлөлийн зүйл байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл хамаарч байна.

 

Өөрөөр хэлбэл барьцааны гэрээний барьцаалуулагч талын эсрэг гаргах шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг гаргах учиртай. Иргэн Л.А нь “Ш” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал байх нь иргэний хувьд байгуулсан хэлцэлтэй холбоотой маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар компани түүнийг төлөөлөх эрхгүй болно. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, ул алдааг залруулж боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

8. Зээлийн төлбөрийн эргэн төлөлттэй холбоотойгоор хэрэгт 2015 оны зээлийн гэрээтэй холбоотой.

 

а. “БАНК” ХХК-ний зээлийн дансны хуулга баримтад “Дансыг 2000028744 /MNT/-030100 Барилгын санхүүжилтын зээл MNT Ш ХХК /2000016229/”,  нэмэгдсэн болон хасагдсан дүнг 25,592,429,589 төгрөг гэж тэмдэглэгдсэн  ” гэж, /1 хх-ийн 54, 66, 127 дахь тал/

 

б. “БАНК” ХХК-ний зээлийн дансны хуулга баримтад “Дансыг 2200001224 /MNT/-021000 ШШ Эвлэрлийн гэрээтэй зээл Ш ХХК /2000016229/”, нэмэгдсэн дүнг 78,980,391,517 төгрөг,  хасагдсан дүнг 68,180,391,517 төгрөг” гэж тэмдэглэгдсэн /1 хх-ийн 125-126 дахь тал/

 

в. “БАНК” ХХК-ний депозит дансны хуулга баримтад “Дансыг 2000026215 /MNT/-21020100 Байгууллагын харилцах MNT- /0-5.4%/  Ш ХХК /2000016229/8 орлого болон зарлагад 10,800,024,739 төгрөг” гэж тэмдэглэгдсэн байдал болон тэдгээрт хийгдсэн мөнгөн хөрөнгийн шилжүүлгүүд / 1 хх-ийн 128 дахь  тал/-ийг зориулалт, банкны өөрийн дотоод хэрэгцээнд ашигладаг дансны бичилтийг зээлийн эргэн төлөлтийн дансны бичилттэй харьцуулах, хариуцагчийн тайлбарт дурдсан 2015 оны зээлийн гэрээнээс өмнөх зээлийн харилцаатай холбоотой төлбөр төлөлтүүдтэй харьцуулан дүгнэх, тусгай мэдлэг шаардлагатай эсэхийг тодруулах байжээ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талаас гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлыг хүлээн авч, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

10. Харин нэхэмжлэгч талаас гаргасан гомдлоос хэргийг дахин хуваарилахад ерөнхий шүүгч өөрт хуваарилан авсан, шүүгчээс татгалзах татгалзал, хэргийг өөр шүүхэд шилжүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэсгийг үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болохыг дурдаж,

 

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж буй тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоос материаллаг эрх зүйн дүгнэлттэй холбоотой хуулийн дагуу эрх залгамжлах, эрх залгамжлалтай холбоотойгоор хэрэгжүүлэх зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй холбоотой, зохигчдын гаргасан давж заалдах гомдлоос нотлох баримтын үнэлгээтэй хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/02491 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,382,295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч “БАНК” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА