Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00071/и |
Дугаар | 304 |
Огноо | 2016-05-25 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хашаат сумын 1-р баг Зараа гэх газар оршин суух, Боржигон овогт Цэвэлмаагийн Дагиймаа /РД:АС65122103/-ийн нэхэмжлэлтэй
Ч.Болорцэцэг /РД:АС87081803/-ийн төрсөн эх мөн болохыг тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч: Ц.Дагиймаа,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дагиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би өндөр насныхаа тэтгэвэрт орох гэтэл 2 дахь хүүхэд буюу Болорцэцэгийн төрсний гэрчилгээн дээр төрүүлсэн эхийн нэрний овог зөрүүтэй Бадагчийн Дагиймаа гэж бичигдсэн байна. Ингээд иргэний бүртгэлийн байгууллагад хандсан боловч шүүхээр охин Ч.Болорцэцэгийн төрсөн эх мөн болохоо тогтоолго гэсэн. Би өөрийн ээж Цэвэлмаагаар овоглож явдаг. Гэтэл охин Ч.Болорцэцэгийн төрсний гэрчилгээн дээр миний овог хойд аав Бадарчаар бичигдсэнээс миний овог зөрүүтэй байдал бий болсон байна.
Иймд Цэвэлмаагийн Дагиймаа намайг 1987 оны 8-р сарын 18-ны өдөр төрсөн Чулуунбаатарын Болорцэцэгийн төрсөн эх мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дагиймаа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Ч.Болорцэцэгийн төрсөн эх мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Чулуунбаатарын Болорцэцэг нь 1987 оны 8-р сарын 18-ны өдөр төрсөн байх ба төрсний бүртгэлд эцэг Ж.Чулуунбаатар, эх Б.Дагиймаа гэж бүртгэгджээ.
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 1-р сарын 15-ны өдрийн 105 тоот албан бичгээр Ц.Дагиймаагийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд Боржигон овгийн Цэвэлмаагийн Дагиймаа нь 1987 оны 8-р сарын 18-ны өдөр төрсөн Чулуунбаатарын Болорцэцэгийн эх болох нь дараах баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгчийн тайлбар,
- Ч.Болорцэцэгийн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Ц.Дагиймаагийг иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5-р сарын 2-ны өдрийн 2527 дугаартай ... хүний геномын микросателлит ... локусын аллелиар Ц.Дагиймаа нь Ч.Болорцэцэгийн биологийн эх байх боломжтой, Ц.Дагиймаа нь Ч.Болорцэцэгийн биологийн эх байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна ... гэх шинжээчийн дүгнэлт.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлага, холбогдон гарах эрх зүйн ач холбогдол бүхий үр дагаврын онцлогийг харгалзан хэргийг онцгой ажиллагааны журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Боржигон овогт Цэвэлмаагийн Дагиймаа нь 1987 оны 8-р сарын 18-ны өдөр төрсөн Чулуунбаатарын Болорцэцэгийн эх болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ