Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт оршин суух, Баатад овогт Пүрвээгийн Лхамноржмоо /РД:АП63111567/-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд 1976 оны 3-р сарын 9-ний өдрөөс 1992 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчин, төлчнөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Дулам,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч П.Лхамноржмоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би 1981 оны 1-р сараас 1990 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн “Шинэ амьдрал” нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байгаад нэгдэл татан буухад өмч хувьчлан аваад гарсан. Иймд миний 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дулам шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: П.Лхамноржмоо нь 1981 оны 1-р сараас 1990 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн “Шинэ амьдрал” нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан нь үнэн болно. Иймд П.Лхамноржмоогийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

                        Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                        Нэхэмжлэгч П.Лхамноржмоо нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

                        Нэхэмжлэгч П.Лхамноржмоо нь Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд 1976 оны 3-р сарын 9-ний өдрөөс 1992 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчин, төлчнөөр ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн даргын 1976 оны 3-р сарын 9-ний өдрийн “Төл бойжилтын үеэр Архангай аймаг дахь ХАА-н ТМС-иас ирсэн хүүхдүүдийг дадлагын хугацаанд туслах хоньчин төлчнөөр томилох тухай” тушаалын хуулбар,

            - Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1977 оны 11-р сарын 23-ны өдрийн “Зарим залуучуудыг шагнах тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1978 оны 7-р сарын 8-ны өдрийн “Ихэр төл эзнээ баясгана социалист уралдааны болзол дүгнэх тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 2-р сарын 16-ны өдрийн “Төлчдийг шагнах тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 12-р сарын 22-ны өдрийн “Хорогдсон малын тодорхойлолтын тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 12-р сарын 19-ний өдрийн “Зарим саальчидын сүүний төлбөрийг чөлөөлөх тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 4-р сарын 1-ний өдрийн “Өвчний бус шалтгаанаар хорогдсон малыг зарлага болгох тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 4-р сарын 3-ны өдрийн “Ажилчид томилох тухай” тушаалын хуулбар,

            - Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 4-р сарын 1-ний өдрийн “Сүү тосны заводын ажилчид томилох тухай” тушаалын хуулбар,

            - Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 5-р сарын 19-ний өдрийн “Завод тасгийн ажилчдыг томилох тухай” тушаалын хуулбар,

            - 1993 оны Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн гишүүдийн ХОЭБ-ээр баталгаажуулсан хөрөнгийн бүртгэлийн материалын хуулбар,

            2. П.Лхамноржмоогийн ажиллаж байсан байдлын талаар

гэрч З.Хорлоосүрэнгийн өгсөн ... Би Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн Хүрэн бригадад 1975 оноос 1992 оныг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Би 1976 оны 12-р сард төлчний зөвөлгөөнд суух үедээ П.Лхамноржмаатай анх танилцаж байсан. П.Лхамноржмаа 1976 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд нь Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд төлчин, саальчнаар ажиллаж байсан. Мөн П.Лхамноржмаа нь нэг хэсэг заводод ажиллаж байсан. П.Лхамноржмаа нь ажиллаж байх үедээ баярын бичиг, шагнал, урамшуулал авч байсан. Би П.Лхамноржмаатай хамт төлчдийн сургалтанд сууж байсан, мөн нэг нэгдэлд ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ... гэх,

гэрч Л.Хүрэлбаатарын өгсөн ... Би 1976 оноос Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн Халуун ус бригадад 1990 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. П.Лхамноржмаа 1976 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд төлчин, саальчнаар ажиллаж байсан. Би П.Лхамноржмаатай хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ... гэх мэдүүлэг. 

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

           

Харин БНМАУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенцийн хүрээнд тавигдах хөдөлмөр эрхэлж эхлэх насны доод хязгаарын асуудлыг П.Лхамноржмоогийн ажиллаж байсан байдлыг тогтооход хөндөж авч үзэх шаардлагагүй байна. Учир нь П.Лхамноржмоо нь 1976 оноос эхлэн Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд ажиллаж байсан нь нотлох баримтаар нотлогдсон, эрх бүхий байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд ажиллуулж байсан болно. 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баатад овгийн Пүрвээгийн Лхамноржмоогийн Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд 1976 оны 3-р сарын 9-ний өдрөөс 1992 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ