Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01726

 

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01726

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/02179 дугаар шийдвэртэй,

 

“Н” ХХК”-ийн нэхэмжлэлтэй

“М” ХХК, “Ч” ХХК, Ш.Б, Ш.Л нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,768,450,238 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээнд заасан  үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, хариуцагч “М” ХХК болон Ш.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандин-Эрдэнэ, хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Н” ХХК болон “М" ХХК  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, “М” ХХК нь 2,800,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн эхний 2 жилийн хугацаанд хүүгүй, 3 дахь жилээс сарын 1 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 8 дахь хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцохоор тохиролцсон. 

“Н" ХХК 2,800,000,000 төгрөгийг зээлдэгч “М” ХХК-д гэрээнд заасан хугацаанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.

1.2 Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч “М” ХХК 1,951,345,455 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа  2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон.

1.3. Иймд “М" ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 848,645,545 төгрөг, зээлийн хүү 388,102,511 төгрөг, алдангид 531,693,181 төгрөг, нийт 1,768,450,238  төгрөгийг  гаргуулж өгнө үү.1.4. “Н” ХХК болон “М" ХХК, “Г” ХХК, Ш.Б, Ш.Л нар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр “Г” ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн АОС гудамжны - хаягт байршилтай, №- дугаартай, 450 м.кв талбайтай, зоорьтой, гурван давхар амины орон сууц,

Ш.Лгийн өмчлөлийн, 525,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Ойн гудамж - байршилтай, -, - улсын бүртгэлийн дугаартай 690 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх,

“Г” ХХК-ийн өмчлөлийн, 525,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байршилтай, - улсын бүртгэлийн дугаартай 740 м.кв талбайтай, АОС зориулалттай газар эзэмших эрх,

“М” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 26/5 дугаар байрны -, 31 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц,

Ш.Бийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборт байршилтай, -, - улсын бүртгэлийн дугаартай 384,23 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай /гараашийн хамт/ үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Эдгээр хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.5. “Н” ХХК болон “Ч” ХХК 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Барьцаат батлан даалтын гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

    

2. Хариуцагч “М” ХХК, Ш.Л нарын шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний дагуу “М” ХХК нь 3 жилийн хугацаатай, 3 дахь жилээс сарын 1 хувийн хүүтэйгээр 2,800,000,000 төгрөгийг “Н” ХХК-аас зээлсэн. Уг гэрээний дагуу үндсэн зээл 848,645,545 төгрөг, хүү 56,885,469 төгрөг нийт 905,531,014 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болно.

2.2. Харин алданги тооцох хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш Зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу 8 хоногийг нэмээд 2020 оны 06 дугаар сарын 13-аас 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл байх бөгөөд 99 хоногийн алдангийг  0.2 хувиар тооцоход 168,031,818 төгрөг /848,645,545 х 0.2% х 99 хоног/ болж байна. Ийнхүү зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 848,645,545 төгрөг, зээлийн хүү 56,885,469 төгрөг, алданги 168,031,818 төгрөг, нийт 1,073,562,831 төгрөгийг төлбөл зохино. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн тул зээлийн хүү, алданги тооцоолох хугацаа нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн зогсох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь хүү, алдангид 315,063,192 төгрөгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн.

2.3. Ш.Лгийн зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн гудамж, - хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 690 м.кв газрыг барьцаалан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан.

“Н" ХХК-ийн зүгээс хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан хэмээн гаргасан итгэмжлэл нь 2017 оны 6-р сарын 02-ны өдөр буюу барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш олгогдсон байна.

2.4. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 694,887,406 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ш.Лгийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн гудамж, - хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008945 дугаартай, 690 м.кв газрыг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч “Ч” ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь 2017 онд “М” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг холбогдох этгээдүүдтэй байгуулсан.

3.2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж чадахгүй бол батлан даалтын гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх боломжтой. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах боломжтой байхад батлан даалтын гэрээний хариуцлагыг “Ч” хүлээх үүрэггүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа атлаа батлан даалтын гэрээнээс давхар шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч Ш.Б нь шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-аас 1,425,724,525.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 342,725,712.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд дор дурдсан барьцааны хөрөнгүүдээр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

1/. Улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний - дугаартай, “Г” ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн АОС гудамж, - хаягт байршилтай, 450 м.кв талбайтай, зоорьтой, гурван давхар, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2/. Газар эзэмших эрхийн №000300337 гэрчилгээний дугаартай, “Г” ХХК-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, нэгж талбарын - дугаар бүхий, 740 м.кв амины орон сууцны зориулалттай газар,

3/. Улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний - дугаартай, Ш.Лгийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн гудамжны - хаягт бүртгэлтэй, нэгж талбарын - дугаартай, 690 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

4/. Улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний - дугаартай, Ш.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу 48/б байрны - хаягт байршилтай, 384,23 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

5/. Улсын бүртгэлийн -3 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний - дугаартай, “М” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 26/5 байрны - хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан баримтлан “М” ХХК зээлийн гэрээний үүрэг 1,425,724,525.5 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаат батлан даалтын гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Ч” ХХК-аар хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,298,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 7,286,573 төгрөгийг, хариуцагч Ш.Л, Ш.Б, Ч нараас тус бүр 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н“ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зээлийн хүүг болон алдангийг үндэслэлгүй бууруулан тооцсон байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлийн нөхцөлийг тодорхойлохдоо зээлийн гэрээний 3 дахь жилээс эхлэн сарын хүүг 1 хувь байхаар харилцан тохиролцсон. Гэрээний 3.3-т зээлийн хугацааг тодорхойлохдоо “Зээлдүүлэгчээс зээл олгох анхны гүйлгээ хийгдсэн өдрөөс эхлэн, гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж зээлийн төлбөр хийгдэж дууссанаар” гэсэн. Энэ нь зээлдэгчийг төлбөл зохих төлбөрөө бүрэн төлөх хүртэл гэрээний үүрэг үргэлжлэхийг нотолдог.

Мөн гэрээний 7.1-т зааснаар “гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж зээлийн төлбөрүүд бүрэн хийгдэж дууссанаар гэрээ дуусгавар болно” гэж заасан. Зээлдэгч “М” ХХК нь зээлийн хүү төлөгдөж эхлэх байсан 2019 оны 07 дугаар сараас эхлэн үндсэн зээл болон хүүгийн төлөлт хийгээгүй. Талууд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр дээр ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд энэхүү төлбөр нь 848,654,545 төгрөг байна.

Нэхэмжлэгч талаас үндсэн зээлийн төлбөрийг эргүүлэн төлөөгүй ашигласан нийт хугацаанд зээлийн хүүг тооцон төлөх ёстой гэж үзэж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч талын шүүхийг үл хүндэтгэсэн санаатай үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 жил шахам хугацаанд үргэлжилж, хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагч “М” ХХК ямар ч төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээний 7.1-т заасны дагуу гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж дуусах хүртэл буюу зээлдэгч төлбөрийг төлж дуусгаснаар гэрээ дуусгавар болохоор заасан. Гэтэл анхан шатны шүүхээс зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч зээлийг ашигласаар байхад хүүгийн зарим төлбөрийг хуулийн болон бодитой үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хүүгүйгээр 848,654,545 төгрөгийг ашиглаж гэрээний үүрэг зөрчиж байгаа нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй байна. Зээл олгосон мөнгөн хөрөнгийг ашигласан хугацаанд зээлийн хүүг төлөх нь хариуцагчийн хувьд гэрээний болон ёс зүйн үүрэг юм.

Мөн зээлийн хүүг буруу тооцоолон үндэслэлгүйгээр бууруулсантай холбогдуулан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тооцооллын алдааны улмаас алдангийн хэмжээг бууруулан тооцоолж, нэхэмжлэгчийг хохироож байна. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний дагуу алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний дагуу сар бүр төлөх ёстой байсан үнийн дүнгээс 0,2 хувийг тооцон алдангийг нэхэмжилсэн. Энэ нь хууль, гэрээнд заасан шаардлагад бүрэн нийцсэн, нотлох баримтаар батлагдсан үндэслэл бүхий тооцоолол юм. Хариуцагч "М" ХХК нь гэрээ байгуулах үед нэхэмжлэгчид удаа дараа хүсэлт гаргаж, эхний 2 жилийн хүүгийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөж, хөнгөлөлт авсан атлаа зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр төлөх баталгааг амаар, бичгээр гаргаж өгдөг ч түүнийгээ биелүүлээгүй, шүүх дуудахад ирдэггүй, нэхэмжлэлийг гардаж авдаггүй, хариу тайлбар өгдөггүй, шүүх хуралд ирдэггүй, төлбөрийг төлөхгүй гэдэггүй нэхэмжлэгч болон шүүхийг үл тоосон байдлаар хандаж, хугацаа хожиж байна. Маргаан үүссэнээс хойш бидний мэдсэнээр "М" ХХК нь төлбөрийн чадваргүй, асар их өртэй нь нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 342,725,712.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдож, давж заалдах шатны шүүхээс зээлийн хүү болон алдангийн тооцон, хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсч байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 02179 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч “М” ХХК, Ш.Л нарын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу хүү, алдангийг өнөөдрийг хүртэлх хугацаагаар 315,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, “Н” ХХК нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий этгээд биш. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний харилцаа үүссэн. Иймд зээлийн хүү, алданги тооцох хугацаа нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн зогсох ёстой. Иймд нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хүү, алдангийг тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

 

8. Хариуцагч “М” ХХК, Ш.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

8.1. Шүүх  101,837,472 төгрөгийн хүүг зээлийн гэрээний үүрэгт төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу “Н” ХХК болон “М” ХХК нар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн хүүгийн хэмжээг 56,885,469 төгрөгөөр тогтоож өгсөн. Ийнхүү гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу талууд зээлийн хүүг тодорхой үнийн дүн болох 56,885,469 төгрөгөөр харилцан тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан байхад шүүхээс зээлийн хүүг дахин тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

8.2. Мөн шүүх 420 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн нь  712,862,220 төгрөгийн алданги үүссэн, алдангийг тооцвол 475,241,508 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний 2.10-т “Зээлийн гэрээний хугацаа” энэхүү гэрээний 3.3-т заасан хугацааг”, 3.3-т “3 жил” гэж тус тус заасны дагуу зээлийн хугацаа 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл байна. Иймд зээлийн гэрээний 3.5-т “Алданги нь эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 8 дахь хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.2 хувь” гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлээд эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 8 дахь өдрөөс эхлээд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаа буюу 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 99 хоногийн алданги 0.2 хувиар тооцоход 168,031,818 төгрөг болж байна.

8.3. Ийнхүү шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийлгүйгээр зээлийн хүүд 101,837,472 төгрөг, алдангид 475,241,508,5 төгрөгийг тус тус гаргуулахаар хэт нэг талыг барин шийдвэрлэсэн нь “М” ХХК-д их хэмжээний хохирол учруулж байх тул  нийт 352,161,693,5 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

9.1. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралт 1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарь байгаа. Энэхүү хуваарийн дагуу 36 сарын хугацаанд зээлсэн 2,8 тэрбум төгрөгийг графикийн дагуу төлнө гэж тусгасан. Гэтэл хариуцагч “М” ХХК нь нэг төгрөгийн ч хүү төлөөгүй өдийг хүртэл явж байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваариас харахад 2019 оны 07 дугаар сараас эхэлж хариуцагч “М” ХХК нь хүү болон үлдэгдэл төлбөрөө төлж эхлэхээр байгаа. Зээлийн хүүг тооцох нь тухайн сар сараараа хасагдах дүнгээр бодогдож 56,000,000 төгрөгийг хүү тооцогдож байгаа. Үлдэгдэл 848,000,000 төгрөгөөс сар бүр төлөлтөө хийсэн бол тэр нь хасагдах дүнгээрээ бодогдсоор байгаад 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 56,000,000 төгрөгийн хүү төлөх ёстой байсан. Гэтэл хариуцагч “М” ХХК нь ямар ч хүү төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг 2019 оны 07 дугаар сараас эхлэн огт төлж эхлээгүй. Иймд энэ нь нэмэгдэж тооцогдож байгааг нэхэмжлэгч тал бодсон, түүнээс үндэслэлгүйгээр нэхэмжилсэн зүйл байхгүй.

Зээлийн гэрээний 3 дахь жилээс нь эхэлж сар бүр 1 хувийн хүү тооцно гэж заасан. Үүний дагуу нэмэгдэж буй үнийн дүнгээс тооцож сар болгон үлдэгдэл төлбөрийнхөө 1 хувиар тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг гаргасан.

9.2. Зээлийн алданги дээр буруу тооцоо гаргасан гэж үзсэн. Гэхдээ 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж хариуцагч төлбөрөө төлөх ёстой байсан боловч огт төлөөгүй. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нийт төлөгдөх ёстой байсан үнийн дүн 80,000,000 төгрөг байгаа. Гэтэл энэхүү үнийн дүнг огт төлөөгүй учраас тухайн энэ сард төлөх ёстой байсан үнийн дүнгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаандаа тооцож алдангийг бодсон. Сар сард нь тус тусад нь тооцож нэхэмжилсэн. Зээлийн хүү, алданги  дээр манай зүгээс ямар нэгэн буруу тооцоогүй. Хариуцагч талаас нөхцөл байдлыг гуйвуулж зээлийн гэрээнд тохирсон гэж байгаа 56,000,000 төгрөгийг төлнө гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

10. Давж заалдах гомдолд хариуцагч “Ч” ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

 

11. Давж заалдах гомдолд хариуцагч Ш.Б тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.   

 

2. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,768,450,238 төгрөг гаргуулах, хариуцагч Ш.Л, Ш.Б,” М” ХХК-д тус тус холбогдуулан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Н” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээг байгуулж, зээлдэгч “М” ХХК нь 2,800,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, эхний 2 жилийн хугацаанд хүү төлөхгүй, 3 дахь жилээс нэг жилийн хугацаанд сарын 1 хувийн хүү төлөх, зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийг эргэн төлөх хуваариар тогтоосон хугацаанд зээлийг төлөхгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд 8 дахь хоногоос гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /1 хх 26-31 дэх тал/ Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

3.1. Зээлдүүлэгч “Н” ХХК нь зээлдэгч “М” ХХК-д зээлийн мөнгөн хөрөнгө болох 2,800,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 1,951,354,455 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 848,645,545 төгрөг болох талаар зээлийн гэрээний талууд маргаагүй. Энэ үйл баримтыг дүгнэхдээ анхан шатны шүүх зохигч маргаагүй гэж буруу тайлбарласныг залруулах боломжтой. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зээлийн гэрээний талуудаас гадна барьцааны болон батлан даалтын гэрээний талууд оролцож байх тул тэд бүгд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохигч болно. Барьцааны болон батлан даалтын гэрээний талууд нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой үйл баримт тогтооход оролцохгүй.

Иймд хариуцагч “М” ХХК нь үндсэн зээлийн үүрэгт 848,645,545 төгрөгийг нэхэмжлэгч “Н” ХХК-д төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.2. Зээлийн гэрээний 3.4-т зээлийн хүүг тохиролцохдоо эхний 2 жилийн хугацаанд хүүгүй, 3 дахь жилээс сарын 1 хувийн хүүг зээлдэгч тал төлөхөөр болжээ. Энэ тохиролцоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, талууд зээлийн хүү тохиролцсон хэлцлийг бичгээр байгуулсан тул зээлдүүлэгч нь зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар шаардах эрхтэй. 

3.3. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацааг зээлдэгч зээлийг төлж дуусах буюу гэрээний 3.3, 7.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлно гэсэн бол хариуцагч “М” ХХК нь гэрээний хугацаа 3 жил гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх гэрээний хугацааг 3 жил гэж дүгнэхдээ үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Гэрээний 3.3-т зээлийн гэрээг 3 жил гэж тодорхойлохдоо “зээлдүүлэгчээс зээл олгох анхны гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж зээлийн төлбөр хийгдэж дууссанаар” гэх бичилтийг гэрээний хугацааг тодорхойлсон хэсэгт хаалтанд хийсэн байх бөгөөд гэрээний 7.1-д “гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж зээлийн төлбөрүүд бүрэн хийгдэж дууссанаар гэрээ дуусгавар болно” гэж өөр өөр байдлаар тусгагдсан нь гэрээг тайлбарлах шаардлагыг үүсгэжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар ерөнхий агуулгаар нь тайлбарлавал гэрээний хугацааг талууд 3 жил гэж тодорхойлохдоо уг хугацааны дотор зээлдэгч зээлээ төлвөл харилцан тохиролцсон 3 жилийн хугацаанаас өмнө төлбөр төлөгдсөн тохиолдолд гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзнэ. 

3.4. Анхан шатны шүүх зээлийн хүүгийн хэмжээг тодорхойлохдоо үндсэн зээл 848,645,545 төгрөгөөс сарын 1 хувиар 12 сарын хугацаагаар тооцож 101,837,472 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй байна.

Иймд зээлийг төлж дуусах хүртэл хугацаагаар зээлийн хүү шаардах эрхтэй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлийн хүүг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл төлөх хэмжээг сар бүрээр тогтоож нийт 56,885,469 төгрөгөөр тооцохоор тохиролцсон боловч хариуцагч зээл, зээлийн хүүг тохиролцсон хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Иймд хариуцагч “М” ХХК  үндсэн зээлээс төлөгдөөгүй хэсэгт гэрээгээр тохиролцсон хүү төлөх үүрэгтэй болно. Энэ үндэслэлээр зээлийн хүүг 56,885,469 төгрөгт тооцож төлөх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хариуцагч “М” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

4. Гэрээний 3.5-д  алданги нь “эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 8 дахь хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувь” байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Түүнчлэн энэ тохиролцоог бичгээр хийх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээнд тавигдах шаардлагыг хангажээ. 

4.1. Зээлдэгч “М” ХХК  2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хүүд 10,044,250 төгрөг, үндсэн зээлд 70,700,000 төгрөг төлөхөөр тохиролцсон үүргээ зөрчсөн байх тул гэрээний 3.5-д зааснаар уг хугацаан дээр 8 хоногийг нэмж 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс алданги төлөх үүрэг үүссэн байна..

4.2. Анхан шатны шүүх хариуцагч “М” ХХК зээлийн хүү тооцогдох хугацаа болох 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш  1 хоногт төлөх алдангийн  хэмжээг 1,697,291 төгрөгөөр тооцож алдаатай дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, 1 хоногт төлөх алдангийн хэмжээг зээлийн гэрээний хуваарьт заасан 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын дуусталх сар бүр төлөх үүргээс тооцохоор талууд тохиролцсон байгааг анхаараагүй байна. Гэхдээ энэ дүгнэлт шийдэлд нөлөөлөхгүй юм. Учир нь зээлийн гэрээ 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон байхад хариуцагч “М” ХХК гэрээгээр тохиролцсон зээлийн гэрээний үүргээс үндсэн зээл 848,645,545 төгрөг, зээлийн хүү 101,837,472 төгрөг нийт 950,483,017 төгрөгийг гүйцэтгээгүй тул энэ хэмжээнээс гүйцэтгээгүй үүрэг тодорхойлогдоно.

4.3. Уг гүйцэтгээгүй үүргээс 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс гэрээгээр тохиролцсон алдангийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хэтрэхгүй байх гэсэн хязгаарлалтыг давсан байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг хязгаарлаж 475,241,508 төгрөгөөр анхан шатны шүүх тодорхойлсныг зөв гэж дүгнэнэ.

4.4. Энэ үндэслэлээр зээлийн гэрээний хүүг буруу тогтоосноос алдангийн хэмжээг буруу тодорхойлсон гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг, эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр хүү төлөх тул зээлийн хүүг илүү тодорхойлсон хэмжээгээр алданги төлөхгүй гэх хариуцагч “М” ХХК-ийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй.

 

5. Хариуцагч “М” ХХК-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 1,425,724,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох юм. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан иргэний гүйлгээнд байхгүй төгрөгийг нэгж болон мөнгийг шүүхийн шийдвэрт тусгасан нь шийдвэр биелэгдэх боломжгүй болгосон алдаа гаргасан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар залруулна.

 

6. Нэг талаас “Н” ХХК болон нөгөө талаас  “М” ХХК,Л” ХХК, Ш.Л, Ш.Б нар  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Үл хөдлөх эд  хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан талаархи үйл баримтын анхан шатны шүүх зөв тогтоожээ. /2 хх 153-157/ Барьцааны гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6.1. Уг барьцааны гэрээнд нийт 18 хөрөнгийг нэрлэн зааж барьцаалснаас нэхэмжлэгч “Н” ХХК нь “Г” ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо ойн АОС гудамж - хаягт оршин байх, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн, - дугаар гэрчилгээтэй, 450 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, “Г” ХХК-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороонд байршилтай, - дугаар гэрчилгээтэй, 740 м.кв талбайтай, газар эзэмших эрх, Ш.Лгийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо Ойн гудамж - хаягт байршилтай, - бүртгэлтэй, - дугаар гэрчилгээтэй 690 м.кв талбай бүхий газар өмчлөх эрх, Ш.Бийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолборт байршилтай, - дугаарт бүртгэлтэй, - дугаар гэрчилгээтэй, 384.23 мкв талбайтай бүхий орон сууц, “М” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 26/5 байр - хаягт байршилтай, - дугаарт бүртгэгдсэн, - дугаар гэрчилгээтэй, 31 м.кв талбайтай бүхий, орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлээ тодорхойлжээ. Барьцааны бусад зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийг тодорхойлоогүй тул тэдгээр барьцааны зүйлийн талаар энэ шийдвэрт дүгнэх шаардлагагүй болно.

6.2. Барьцаалуулагч болох “М” ХХК, Ш.Л, Ш.Б нарыг нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, барьцааны гэрээнд тавигдах хуулийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн өмчлөлийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. 

6.3 Харин нэхэмжлэгч нь хариуцагчаар “Г” ХХК-ийг тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа уг барьцаалуулагчид холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь  зөвхөн барьцаалуулагчид хамаарах юм.

“Г” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  тогтоолоор “Н” ХХК-аас 2,8 тэрбум төгрөгийн зээл авах эрхийг “М” ХХК-д олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан хэлцэлд төлөөлөх эрхэд хамаарна.

Барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь барьцаалуулагчид хамаарах бөгөөд барьцаалуулагчийн төлөөлөгч уг гэрээний үүргийг гүйцэтгэх этгээд биш болно. Түүнээс гадна хэлцэлдтөлөөлөх эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх гэж ойлгохгүй юм. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулах боломжтой гэж дүгнэж, “Г” ХХК-ийн өмчлөх болох эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Холбогдох нэхэмжлэлийг зөв тодорхойлж шүүхэд гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

6.4. Нэхэмжлэгч нь Ш.Лг хариуцагчаар тодорхойлсон нэхэмжлэл гаргасан, Ш.Л нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцжээ. Улмаар түүний өмчлөлийг зүйлийг барьцаалах гэрээнд Ш.Б түүнийг төлөөлсөн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Ч” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Барьцаат батлан даалтын” гэх нэртэй гэрээг байгуулсан, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээх учиртай. Иймд энэ гэрээний тал нь “М” ХХК биш юм. “М” ХХК-ийн эрх бүхий этгээд уг гэрээнд гарын үсэг зурах эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Батлан даалтын гэрээний талаархи хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэлд зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

8. Анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийн дугаарыг бичихдээ захирамжийн дугаараар тодорхойлсныг залруулав.

 

9. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор уг заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг буруу бичсэнийг анхааруулах нь зүйтэй.

 

10. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02179 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “181/ШЗ2023/02179” гэснийг 181/ШШ2023/02179” гэж,

шийдвэрийн 1 дэх заалтын “1,425,724,525.5” гэснийг “1,425,724,525” гэж, “342,725,712.5” гэснийг “342,725,712” гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн 2 дахь хэсгийг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Ш.Лгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн гудамжны - хаягт бүртгэлтэй, нэгж талбарын - дугаартай, 690 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг, Ш.Бийн өмчлөлийн, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу 48/б байрны - хаягт байршилтай, 384,23 м.кв талбайтай, орон сууцыг, “М” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн -3 дугаарт бүртгэлтэй, “М” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 26/5 байрны - хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

“Г” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо ойн АОС гудамж - хаягт оршин байх, 450 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, “Г” ХХК-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороонд байршилтай, - дугаар гэрчилгээтэй, 740 м.кв талбатай, газар эзэмших эрхээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Н” ХХК-аас урьдчилан төлсөн 1,871,579 төгрөг, хариуцагч “М” ХХК-аас урьдчилан төлсөн 1,918,758 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ,                                  Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА