| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0099/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 123
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц, улсын яллагч А.Сайнбаяр, хохирогч Э.Д, шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт М.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806033862222 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Д нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байх билльярд тоглоомын газрын үүдэнд иргэн Э.Дийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: “…Цагаан сар болж өнгөрсний дараа энэ үйл явдал болсон. Тэр өдөр найзуудтайгаа уулзаад биллъяард тоглож байсан. Гэтэл Э.Д гаднаас хоёр найзын хамт орж ирсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд манай найзуудаас эхлээд мөнгө асуухад нь мөнгө өгсөн. Гэтэл дахин мөнгө асуугаад байсан учраас гадаа гарч уулзъя гээд манай найзыг аваад гарсан. Найзыгаа орж ирэхгүй болохоор нь би араас нь гартал амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэр хоёр хоорондоо маргалдсан байдалтай байсан. Би очоод салгах гээд найзыгаа барьж байсан. Гэтэл Э.Дий шүд алга болсон гээд байсан. Би цагдаа дуудна гэж хэлээд хүмүүсийг явуулсан. Гэтэл Э.Дий ах гаднаас орж ирээд биднийг зодоод дарамталж байгаад гарсан. Үүнээс хойш 2 сарын дараа манай нэг найзаас Э.Д шүдний талаар яриад мөнгө нэхээд байсан гэсэн. Э.Д манай найзаас М.Д гэдэг чинь хаана байна, фэйсбүүк хаягийг нь өг гэж хэлсэн байсан. Э.Д миний фэйсбүүк хаяг руу мессеж бичсэн. Чи тэр өдөр миний шүдийг цохиж ийм байдалтай болгосон. Одоо эмчилгээний зардал өг гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагаар асуудлаа шийдвэрлье гэж хэлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д мэдүүлэхдээ: “....2018 оны 02 дугаар сарын 19-ний 12 цаг өнгөрч байх үед найз Лхагва-Очиртой уулзсан. Уулзаад 1 шил архи хувааж уусан. Тэгээд биллъяарданд пиво зардаг учраас тэнд очиж пиво уухаар болоод очсон. Сүхбат гэх дүүтэйгээ таараад биллъяард руу хамт орсон. Тэгээд ороод пиво авах гэтэл үнэ нь 1000 төгрөгөөр нэмэгдсэн байсан. Эргэж харах үед Ням-Очир найзуудтайгаа сууж байсан. Дарамталсан зүйл байхгүй. Нр гэж дуудаад автобусны мөнгө 1000 төгрөг дутчихлаа 1000 төгрөг өгөөч гэхэд найзуудаасаа асуугаад өгье гэсэн. Тэгээд 1000 төгрөг авчирч өгсөн. Тэгээд пиво аваад уугаад сууж байхад Бат-Эрдэнэ гэх найз нь угаалгын өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд над руу “хөөе мангар бацаан минь чи яагаад бид нараас мөнгө авдаг юм бэ” гэсэн. Тэгээд маргаан эхэлсэн. Манай найз наад хүмүүс чинь олуулаа байна маргалдах хэрэггүй гээд гарсан. Гарах гэтэл зууралдаад нэг нь намайг цохисон. Тэгээд би цохиулсандаа шаралхаад хэн цохисон талаар найзаасаа асуутал манай найз хараагүй гэсэн. Би цохиулсандаа шаралхаад цохих гээд дайрч байх үед манай найз Э.Дөө одоо боль гэж хэлэх үед ардаас нэг гар түлхсэн. Босоод орилох гэтэл шүд сэнгэнэсэн мэдрэмж төрсөн. Тэгээд миний шүд яасан байна гэхэд хугарсан байна гэж хэлсэн. Тухайн үед маргалдаж байсан хүмүүс дотогш орсон байсан. Цагдаад мэдэгдэх гээд зогсож байх үед манай ах ирсэн. Намайг яасан гэж асуухад ахтай хамт явж байсан нэг нь биллъяард руу орсон байсан. Ням-Очир над дээр ирээд юу болсон талаар асуухад би миний шүд байхгүй байна гэж хэлэхэд хариу юу ч хэлэлгүй дуугүй зогсоод байсан. М.Д би өөрөө цагдаа дуудсан гэсэн өөрсдөө явсан байсан. Удалгүй цагдаа ирээд надаас юу болсон талаар асуусан. Тэгээд болсон явдлын талаар ярихад намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна маргааш ир гэж хэлсэн. Тэгээд 2 сарын дараа манай ах шүдээ яасан талаар асуухад болсон явдлыг ярилцсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд ойролцоогоор 2.000.000 төгрөгийн зардал гарахаар болж байсан. Тэгээд би М.Дтай холбогдоод чи миний шүдийг хугалсан байна. Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлж хэрэггүй эмчилгээний зардлыг гаргуулах талаар ярилцсан. Гэтэл цагдаагийн байгууллагаар үнэн зөвийг нь шийдвэрлүүлнэ гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн.” гэв.
Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Дий өгсөн мэдүүлэг /хх-н 12-14, 18-20/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр М.Дын өгсөн мэдүүлэг /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр П.Сүхбатын өгсөн мэдүүлэг /хх-н 23-25, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Д.Лхагва-Очирын өгсөн мэдүүлэг /хх-н 26-28/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Ц.Эрдэнэболдын өгсөн мэдүүлэг /хх-н 29-30/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Б.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-н 31-32/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4346 дугаартай дүгнэлт /хх-н 39/, яллагдагчаар М.Дын өгсөн мэдүүлэг /хх-н 62-63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 68/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокуророос М.Дыг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байх билльярд тоглоомын газрын үүдэнд иргэн Э.Дийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
Хэргийн үйл баримтаас харахад М.Д нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхонд байх билльярд тоглоомын газрын үүдэнд иргэн Э.Дийг түлхэж унагасан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Лхагва-Очирын гэрчээр өгсөн: “...Яг үнэнийг хэлэхэд Э.Дийг хэн түлхсэнг мэдэхгүй. Сүхээ бол М.Дыг түлхсэн гэж хэлсэн. Тэр залуу нилээн согтчихсон бид нар руу зодчихьё гээд дайраад байсан.” гэх мэдүүлэг /хх-н 27/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Эрдэнэболдын гэрчээр өгсөн: “...Ням-Очир бид нар гараад үүдэнд тамхи татаад байж байтал цаанаас 3 хүн ирж байсан. Тэгтэл тэр 3 хүний нэг нь буюу Э.Дөө гүйж ирээд Ням-Очирыг нүүр рүү нь 3-4 удаа цохьсон. Тэгээд М.Д бид 2 салгаад “одоо зүгээр яв гэж М.Д Э.Дий цээж хэсэг рүү нь түлхсэн.” гэх мэдүүлэг /хх-н 30/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...хохирогчийг тухайн үед түлхсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхонд байх билльярд тоглоомын газрын үүдэнд шүүгдэгч М.Д хохирогч Э.Дийг түлхэсэн гэх үйл баримтан дээр талууд маргаагүй боловч дээрхи үйлдлийн улмаас хохирогч Э.Дий биед 2 шүдний цөгц хэсгийн хугарал бүхий гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн өргөдөл /хх11/, хохирогчийн мэдүүлэг /хх12/, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх10/, хохирогчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байгаа хэдий ч 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4346 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх39/, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хохирогчийн өргөдөл /хх11/, мэдүүлэг /хх12/, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх10/, гэрч нарын мэдүүлэг /хх21-33/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “..тэгэхэд түлхсэн. Гэхдээ тэр үед шүд гэмтсэн талаар нэг ч яриагүй. Тэр үед амнаас нь цус гарсан талаар мэдээгүй байхад хохирогч манай найз руу сүүлд 1 сар гаруйн дараа ярьсан. Мөн сүүлд шүдээ гэмтээсэн эсэхийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг, хохирогчийн “...би тухайн үед нь шүд жоохон эмтэрсэн болохоор нь нээх юм яриагүй. Тэр өдөр цагдаа дуудсан байсан. Цагдаа нар ирэхэд шүд гэмтсэн талаар хэлж байсан. Цагдаа тэгэхэд шүүх эмнэлэгт үзүүл гэсэн. Би үзүүлээгүй, гэртээ маск зүүгээд байсан. Тэгтэл ах яагаад маск зүүгээр байгаа талаар асуугаад шүдээ үзүүлэхэд их мөнгө гарна гэсэн болохоор гомдол гаргасан. Их удаж байж эмчид үзүүлсэн.” гэх мэдүүлэг зэргээр 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шатны уруу түлхэхэд үүссэн гэмтэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч М.Д хохирогч Э.Дийг түлхсэний улмаас түүний 2 шүдний цөгц хугарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.