Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 018

 

Ел-Арасан ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 226 дугаар шийдвэртэй, Ел-Арасан ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонак нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Ел-Арасан ХХК болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 03 дугаартай гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Манай компани тус сургуулийн захирал Х.Хозыкейтэй 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж төрийн өмч болох Дэлүүн сумын төвд байрладаг уурын зуухны барилга байгууламж, ажлын байр, тоног төхөөрөмжийг газрын хамт 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэн авч тус сургуулийг дулаанаар хангахаар болсон. Манай компани нь өнгөрсөн нэг жил хоёр сарын хугацаанд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан. Гэтэл сургуулийн захирал Х.Хозыкей нь гэрээний заалтыг ноцтой зөрчиж 2016 оны 02 дугаар сарын 08-нд манай компанид мэдэгдэл өгсөн мэтээр 02/01 албан бичиг бичиж, мөн оны 02 дугаар сарын 15-ны өдөр А/05 тоот гэрээ цуцлах тухай тушаал гаргаж нэгэн зэрэг хоёр хуудас материалыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гардуулж өгснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэрээнд зааснаар түрээслүүлэгч болон түрээслүүлэгч нь дур мэдэн гэрээ цуцлах эрхгүй. Уг гэрээний 5.1-д гэрээ цуцлах талаарх асуудлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлүүлэх бөгөөд, хэрэв харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхийг тодорхой заасан. 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр түрээслэгч, түрээслүүлэгч хоёр тал гэрээг дүгнэхэд манай байгууллага хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа гэж дүгнэгдсэн. Тус сургуулийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/05 дугаар Гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Зарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай 29 дүгээр тогтоолоор сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгажээ. Дээрх тогтоолыг үндэслэн Эрчим хүчний сайдын 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээнд хамрагдах сумдын нэрсийн жагсаалт, зарцуулах хөрөнгийн хэмжээг батлах тухай 51 дүгээр тушаалын хавсралтаар манай Дэлүүн сумын дээрх төсөл, арга хэмжээнд хамруулахаар болсон байна.

Дээрх шийдвэрүүдийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвд халаалтын зуухны газар, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ-г захиалагч Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, гүйцэтгэгч Эрчим ХК-ний захирал Д.Мурат нар баталж холбогдох мэргэжлийн хүмүүс гарын үсэг зуржээ. Дээрх төсөл арга хэмжээг Эрчим ХК хийж гүйцэтгэж аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар захирамжаар байгуулагдсан улсын комисс 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээж авчээ.

Аймгийн Засаг дарга дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу халаалтын зардлыг манай сургуулийн төсөвт бүрэн тусгуулсан. Бид сургуулийн хичээлийн байрны халаалтыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс нэгдсэн халаалтад холбосон бөгөөд одоо халаалт хэвийн явагдаж байна. Эрчим ХК нь сургуулийн дотуур байр хүртэлх шугамыг татаж бэлэн болгосон ба одоо ганцхан халаалтад холбох ажил дутуу байна. Бид шууд холбуулах гэхээр Ел-Арасан ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан учраас шууд холбуулах боломжгүй байна. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын 1-01/40 дугаартай албан бичгээр гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэл өгсөн. Би энэ асуудлыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн ба хурлаас гэрээг цуцлах тухай Ел-Арасан ХХК-д урьдчилан мэдэгдэж, цуцлах шийдвэр гаргаж, цуцалсан. Ел-Арасан ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 226 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/05 дугаартай Гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгосугай;

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ел-Арасан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан Ел-Арасан ХХК-нд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасны дагуу Ел-Арасан ХХК-нд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр албан бичгээр мэдэгдэж, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цуцалсан. Анхан шатны шүүх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заалтад нийцүүлж байгуулсан гэрээ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээг манай тал санаачлаагүй, аймгаас сонгон шалгаруулалт явуулж, үүрэг өгсний дагуу түрээсийн гэрээ байгуулж байсан. Би гэрээг цуцлахдаа бие даан шийдвэр гаргаагүй, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж хамтын шийдвэр гаргаж цуцалсан. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3-д түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа түрээсийн жилийн эцэст болон түрээсийн жил дууссанаас хойш 1 сарын дотор цуцлахаар заасан. Гэрээг түрээсийн жилийн эцэст буюу 2016 он гарснаас хойш 1 сарын дотор цуцалсан. Гэрээг санхүүгийн тайлан тушаасан хугацаанаас хойш цуцалсан. Иймд давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Сургуулийн захирал 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/05 дугаар тушаал гаргахдаа Иргэний хуулийн 204 дүгээр заалтыг баримтлаагүй. Гэрээг сургуулийн зүгээс санаачлаагүй гэж гомдолдоо бичжээ. Хариуцагч тухайн үед гэрээ байгуулахаас татгалзаж байсан, эсхүл гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзэж байсан бол гарын үсгээ зурж, тамга дарж гэрээг байгуулах шаардлагагүй байсан. 2 тал гэрээг дүгнэхэд хариуцагч Ел-Арасан ХХК-ийг гэрээний үүргээ сайн биелүүлж байгаа гэж дүгнэсэн. Гэрээ цуцлах асуудлыг захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлсэн гэж байгаа боловч зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг сүүлд өөрчилж бичсэн. Мөн гэрээг цуцлах тухайгаа урьдчилж мэдэгдээгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Ел-Арасан ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Ел-Арасан ХХК болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 03 дугаартай гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл, Ел-Арасан ХХК нь гэрээний талууд дур мэдэн гэрээг цуцлах эрхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, төрийн байгууллага, албан тушаалтаас талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлахыг даалгах эрхгүй, Дэлүүн сумын төв нь нэгдсэн халаалттай болсон нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж нэхэмжлэл гаргажээ. Харин хариуцагч Гэрээг дур мэдэн цуцлаагүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцалсан бөгөөд Дэлүүн сумын төв 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн төвлөрсөн халаалтад холбогдсон, цаашид дотуур байрны халаалтыг холбох шаардлагатай болсон тул гэрээг цуцалсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлавал, талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 3 дугаартай гэрээгээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвд байрлах уурын зуухыг барилга байгууламж, ажлын байр, тоног төхөөрөмж, газрын хамт гурван жилийн хугацаатайгаар түрээсээр эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон байна. Талууд 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дээрх гэрээг дүгнэж, түрээслэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, түрээслэсэн хөрөнгийг зохих ёсоор ашиглан, гарсан эвдрэл гэмтлийг цаг тухайд нь сэргээн засварлаж, харуул хамгаалалт, орчны цэвэрлэгээ, галын аюулгүй байдлыг зохих түвшинд хангаж ажилласан талаар тэмдэглэл үйлдсэн байна.

 

Гэрээний 5 дугаар зүйлийн 4-т гэрээг байгуулсан өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчинтэй үйлчлэхээр заасан боловч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоол, Эрчим хүчний сайдын 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1-01/40 дугаар албан бичиг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Эрчим хүчний Яам, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Эрчим ХХК-ийн хооронд байгуулагдсан Сумын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвд халаалтын зуухны газар, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ зэргийг үндэслэн гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.

 

Гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцалж болох боловч гэрээг байгуулах болон цуцлахдаа гэрээний талууд хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүрэгтэй юм. Тухайлбал, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т зааснаар, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор хуульчилсан байна.

 

Ел-Арасан ХХК болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 03 дугаартай гэрээтэй холбогдуулан Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1.-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад хариуцагч Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургууль гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн шийдвэрийн үндэслэл, тайлбар, хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1-01/40 дугаар Нэгдсэн халаалтын тухай албан бичгийн агуулгаас үзвэл, Дэлүүн суманд төвлөрсөн халаалтын нэгдсэн шугам баригдаж, ашиглалтад орсон учраас түншлэлийн гэрээний дагуу бусад байгууллагатай өмнө нь байгуулсан гэрээнүүдийг цуцалж, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Эрчимбаян Өлгий ХХК-тай гэрээ байгуулан ажиллахыг мэдэгдсэн-ээр гэрээг цуцалсан бөгөөд Ел-Арасан ХХК болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 03 дугаартай гэрээ нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрт үндэслэгдэн байгуулагдсан талаар үйл баримт хэргээс тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэлээ нотлохоор 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Эрчим хүчний Яам, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Эрчим ХХК-ийн хооронд байгуулагдсан Сумын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвд халаалтын зуухны газар, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр Зарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай тогтоол, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 54 дүгээр Сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээнд хамрагдах сумдын нэрсийн жагсаалт, зарцуулах хөрөнгийн хэмжээг батлах тухай тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Дэлүүн сумын төвлөрсөн дулаан хангамжийн ажлыг хүлээж авсан улсын комиссын хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн боловч эдгээр нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцалсан гэх үндэслэлийг нотлохгүй юм.

 

Зохигч Ел-Арасан ХХК болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 03 дугаартай гэрээний агуулга, хүчин төгөлдөр байдал, үүргийн гүйцэтгэлийн талаар маргаагүй бөгөөд гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчийн гэрээг цуцлах үндэслэл, журмын талаар маргасан байх тул маргааны үйл баримтад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1.-т заасныг баримтлан, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлахдаа Иргэний хуульд заасан журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байх тул Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 226 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1.-т заасныг баримтлан Ел-Арасан ХХК болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 03 дугаартай гэрээг цуцалсан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК