Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0241/З |
Дугаар | 223 |
Огноо | 2017-03-31 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 223
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.У, Б.С, А.Т, Ш.Г, М.М нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох
“Б.С-аас Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 12 дугаар тогтоол, Д.У-аас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13 дугаар тогтоол, М.М-аас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14, 17 дугаар тогтоол, А.Т-аас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15, 18 дугаар тогтоол, Ш.Г-ээс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16, 19 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Д.Н, өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч З.С, Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч иргэн Д.У, Б.С, А.Т, Ш.Г, М.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Д.Н, өмгөөлөгч Н.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 41 мандат бүхий тойрогт Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас 41 нэр дэвшигчийг нэр дэвшүүлж сонгуулийн дүнгээр 22 нэр дэвшигч хамгийн олон санал авч ялалт байгуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон.
2016 оны 10 дугаар сарын 23 өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 55, 56, 57, 58, 59, 60 дугаартай “Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” тогтоолууд гарган нэр дэвшигч Ш.Г, Б.С, А.Э, А.Т, М.М, Д.У нарыг нэрийн жагсаалтаас хассаныг гурван шатны Захиргааны хэргийн шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон.
Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь дахин 2017 оны 02 дугаар сарын 23 өдөр “Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 10, 11, 14, 15, 16 дугаар, “Дахин сонгууль явуулах тухай” 12, 13, 17, 18, 19 дугаар тогтоолуудыг гаргаж, төлөөлөгч Ш.Г Б.С, А.Т, М.М, Д.У нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн хууль бус, бусармаг үйл ажиллагаа боллоо. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Ш.Г, Б.С,. А.Т, М.М, Д.У нарыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан зарчим, 26, 27 дугаар зүйлд заасан журмыг зөрчин, Монгол Улсын шүүхийн шийдвэрийг гуйвуулан тайлбарлаж хууль бус шийдвэр гаргасан байна.
Уг хууль бус захиргааны актуудын улмаас Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасан орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх ноцтой зөрчигдөж, Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр дэвшигч нарт ард түмний өгсөн саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйл ажиллагаа болж, олон мянган татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироох шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Мөн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23 өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 10, 11, 14, 15, 16 дугаар тогтоол нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 26 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20, 62, 68 дугаар захирамжуудыг үндэслэсэн байна.
Эдгээр магадлал, захирамж, шийтгэвэрүүд нь төлөөлөгч Ш.Г, Б.С, А.Т, М.М, Д.У нарыг Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд юм. Гэтэл дүүргийн Сонгуулийн хороо эдгээр төлөөлөгч нарт хамааралгүй Эрүүгийн хэргийн шүүхийн магадлал, захирамж, шийтгэвэрийг үндэслэн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, хууль дээдлэх, шударга ёсны зарчим”, 16 дугаар зүйлийн 9-д заасан “Иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх”, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4 дэх заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болж, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Ш.Г, Б.С, А.Т, М.М, Д.У эрхийг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 10, 11, 14, 15, 16 дугаар тогтоолдоо үндэслэн мөн өдөр “Дахин сонгууль явуулах тухай” 12, 13, 17, 18, 19 дугаар тогтоолуудыг гаргасан нь хууль бус шийдвэрт үндэслэсэн хууль бус тогтоол болсон.
Хариуцагчийн зүгээс эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн төлөөлөгчид Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн байна гэж тайлбарлаж байна. Гэтэл эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс нэр дэвшигч, иргэдийн төлөөлөгчдийг Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй гэдгийг тогтоосон. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигч нарыг хасах гэсэн санаа зорилгоо гүйцэлдүүлэхээр шүүхийн шийдвэрийг үгүйсгэн, гуйвуулан тайлбарлаж, шийдвэрлээд байгаа нь хууль бус юм. Сонгууль нь улс төрийн үйл ажиллагаа бөгөөд эсрэг намын явуулга, хууль бус үйлдэл гаргах өндөр магадлалтай байдаг. Энэ үүднээс ухуулагч, шадар туслагч, аливаа этгээдийг бүрэн хянах ямар ч боломжгүй. Эдгээр хүмүүс нь сайн дурын үндсэн дээр сонгуулийн сурталчилгааг хийдэг. Энэ ухуулагч, шадар туслагч нар эсрэг намтай хуйвалдан сонгогчдод мөнгө тараасны улмаас нэр дэвшигч нарыг хасаад байвал энэ утгагүй асуудал болж хувирна. Энэ үйлдлийг эрх бүхий цагдаагийн байгууллага шалгаж, эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн. Энэ эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгээд байгаа нь үндэслэлгүй байна. Нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасахад дахин сонгууль явуулах үр дагавар үүснэ. Дахин сонгуулийг улсын төсвийн хөрөнгөөр явуулна. Тэгэхээр эрх зүйн болон эдийн засгийн үр дагавар үүснэ. Монгол улсын шүүхийн шийдвэрийг хэн ч дагаж биелүүлэх үүрэгтэй.
Шүүхээс нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж тогтоосон байхад Сонгуулийн хороо нэр дэвшигчийн Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарлаж байна. Тус сонгуульд нэг дэвшигч 100 ухуулагчтайгаар ажилласан. Ухуулагч нарт заавар зөвлөгөө өгч, гэрээ байгуулан ажиллуулж байгаа боловч бүрэн хяналт тавих боломжгүй. Нэг нэр дэвшигчийн 100 ухуулагч, 3 нэр дэвшигчийн нийт 300 ухуулагчийн амнаас гарсан алдаа, зөрчлийн төлөө нэр дэвшигч хасагдана гэсэн ойлголт байж болохгүй. Шүүх гэм буруутайг тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалтыг зөрчиж байна. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл илэрвэл хасна гэж заасан. Энэ нь нэр дэвшигч өөрөө Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасах зохицуулалт гэж үзэж байна. Нэр дэвшигч тухайн тойргийн сонгогчийн тооноос харгалзан шадар туслагч, ухуулагч, штабын ажилтанг оролцуулдаг.
Эдгээр хүмүүс нь сайн дурын үндсэн дээр сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцож буй намын гишүүд байдаг. Сонгуулийн үйл ажиллагаанд оролцсонтой нь холбогдуулан цалин хөлс, шан харамж олгохгүй, зөвхөн үйл ажиллагаа, харилцаа холбоо, унааны зардлыг олгодог. Эдгээр хүмүүсийн үйлдлийн улмаас хууль зөрчигдөхөд нэр дэвшигч хариуцлага хүлээх ёсгүй. Улс төрийн намууд бие, биенээ сонгуульд ялагдуулахын тулд тагнах, өөрийн хүнийг дунд нь оруулан мөнгө тараах тохиолдлууд өмнө олон гарсан. Иймд уг асуудлыг хязгаарлах зорилгоор нэр дэвшигч эдгээр зөрчлийг өөрөө гаргасан бол нэр дэвшигчид хариуцлага хүлээлгэнэ гэсэн үзэл баримтлалыг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд оруулж өгсөн. Нэр дэвшигч хууль зөрсөн эсэхийг шүүхийн байгууллагаас тогтоож, шийдвэр гарсан байх ёстой.
Нэхэмжлэгч нар нь сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй. Харин сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан этгээдүүд Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлдээ, хариуцлага хүлээсэн. Нэр дэвшигч ухуулагч, шадар туслагч, аливаа этгээдэд нөлөөлөн түүнд заавар өгч Сонгуулийн хууль, тогтоомжийг зөрчсөн бол Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хамааран нэр дэвшигч хариуцлага хүлээх ёстой. Эрүүгийн хэргийн шүүх нэр дэвшигчийн оролцоо байхгүй, сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзээд нэхэмжлэгч нарыг захиргааны хариуцлагаас чөлөөлөн, харин утсаар ярьж мөнгө тараана гэсэн үйлдэл гаргасан этгээдүүдэд зөвхөн үйлдэлд нь захиргааны хариуцлага хүлээлгэсэн.
Сонгуулийн хороо сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актуудыг гаргахдаа нэхэмжлэгч нарыг сонсох ажиллагаанд оролцуулж, тайлбар, холбогдох баримтыг гаргах эрхээр хангах ёстой. Энэ процедурыг хийхгүй бол Захиргааны ерөнхий хуульд орсон энэ чухал заалт байх шаардлагагүй. Монгол Улсын Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхийн асуудлыг зохицуулахын тулд Сонгуулийн тухай хууль батлагдсан. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан органик хууль. Энэ органик хууль батлагдахдаа сонгох, сонгогдох эрхийн зарчмыг хадгалахын тулд нэр дэвшигчийн сонгогдох эрхийг зөрчихгүй байхын тулд бусад этгээдийн буруутай үйлдлийг нэр дэвшигчид шууд хүлээлгэхгүй, нэр дэвшигч өөрөө хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэнэ гэсэн зарчмыг хуульд суулгаж өгсөн. Мөн үүний цаана сонгуулийн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөх хууль дээдлэх, илт тод байх, шударга ёсны зарчмууд байдаг. Гэтэл эдгээр зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр хаалттай байдлаар, ямар шийдвэр, үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүйгээр шийдвэр гаргаж, түүнийх нь араас нэр дэвшигч нар шүүхэд нэхэмжлэл гаргаж явдаг буруу тогтолцоо бүрдээд байна.
Хэргийн материалыг нарийвчлан үзэх юм бол нэр дэвшигч 5 иргэнд ямар нэгэн байдлаар хууль, тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр захиргааны хариуцлага ногдуулсан зүйл байхгүй. Харин нэр дэвшигч буруугүй, ухуулагч нь хууль зөрчжээ гэж шийдвэрлэсэн шүүхийн захирамж, шийтгэх тогтоолууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй болох нь бүрэн дүүрэн нотлогдоно. Хариуцагчаас тайлбарлаж буй Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан зөрчлийг нэр дэвшигч, менежер, шадар туслагч, ухуулагч, аливаа этгээд гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Уг заалтаас 159 дүгээр заалтаар нэр дэвшигчийг салган зөвхөн нэр дэвшигч зөрчил гаргасан тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасах асуудлыг зохицуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч З.С, Ц.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 11, 14, 15, 16 дугаар тогтоолуудын тухайд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл, журмыг зааж өгсөн бөгөөд 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэргийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.2-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5, 159.3, 159.4 дэх хэсэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүгчийн 62 дугаар захирамжийг тус тус үндэслэн Б.С-ыг жагсаалтаас хасч, мандатыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар захирамжаар Б.С-ын сонгуулийн штабад шадар туслахаар ажиллаж байсан Б.Ц нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14-д “Сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох ...” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.2-д “Сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөг торгох” гэж заасны дагуу 1.152.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хориглох үйлдэл, үйл ажиллагааг зааж өгсөн бөгөөд уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д “Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэж заасны дагуу сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч байна. Б.Ц нь Б.С-ын сонгуулийн ажиллагаанд шадар туслахаар ажилласан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хамаарч байхаас гадна Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хориглох үйлдэл, үйл ажиллагаа мөн түүнд хамаарах юм. Б.С-ын сонгуулийн ажиллагаанд шадар туслахаар ажилласан Б.Ц нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14-д заасныг зөрчсөн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон бөгөөд энэ нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-д заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлд хамаарч байгаа болно. Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоол нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан хууль ёсны тогтоол юм.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 159.3, 159.4 дэх хэсэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 68 дугаар захирамжийг тус тус үндэслэн Д.У-ыг нэрийн жагсаалтаас хасч, мандатыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар захирамжаар Р.С нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “Мөнгө, эд зүйл тараах” гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоож уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.15-д заасны дагуу 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 68 дугаар захирамжаар “Р.С нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн болон нь Э.Т, Д.У, А.Г, Х.Б, Т.М нарын тайлбар болон Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, эд зүйлд үзлэг хийж гомдолд хавсаргасан тэмдэглэл, бичлэг бүхий CD болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн байх бөгөөд, мөн дээрх иргэдийн мэдүүлгээр Р.С нь нэр дэвшигч Д.У-т санал өгүүлэх зорилгоор иргэдэд мөнгө тараасан болохыг тогтоосон байдаг. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор явуулахыг хориглосон үйлдэл, үйл ажиллагааг зааж өгсөн байна. Р.С нь дээрх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан аливаа этгээдэд хамаарч байх тул, уг хуулийн 70.1-д заасан хориглолт мөн адил хамаарах юм. Эрх бүхий байгууллагаас Р.С-г нэр дэвшигч Д.У-т санал өгүүлэх зорилгоор иргэдэд мөнгө тараасан буюу Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байх бөгөөд энэ нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-д заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлд хамаарч байгаа болно. Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23- ны өдрийн 11 дүгээр тогтоол нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан хууль ёсны тогтоол юм.
Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14,15 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 159.3, 159.4 дэх хэсэг, Баянзүрх дүургийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шийтгэврийг тус тус үндэслэн М.М, А.Т нарыг нэрийн жагсаалтаас хасч, мандатыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэвэрээр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн М.М, Ш.Г-ийн ухуулагчаар ажилласан Ж.О болон иргэн О.А нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан заалтыг зөрчсөн болохыг тогтоож уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.15-д заасныг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар тойрогт ухуулагчаар ажилласан Ж.О, иргэн О.А нарыг тус тус 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг.
Ухуулагчаар ажилласан Ж.О, болоод иргэн О.А нь дээрх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан аливаа этгээдэд хамаарч байх тул уг хуулийн 70.1 -д заасан хориглолт мөн хамаарна. Эрх бүхий байгууллагаас ухуулагч Ж.О болон иргэн О.А нар нь Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас дэр дэвшигч М.М, А.Т, Ш.Г нар санал өгөх зорилгоор иргэдэд мөнгө тараасан буюу Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байх бөгөөд энэ нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-д заасан нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэлд хамаарч байна. Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17, 18 дугаар тогтоол нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан тогтоол юм.
Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5, 159.3, 159.4 дэх хэсэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 26 дугаар магадлалыг тус тус үндэслэн Ш.Г-ийг нэрийн жагсаалтаас хасч, мандатыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэвэрээр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн М.М, А.Т, Ш.Г-ийн ухуулагчаар ажилласан Ж.О болон иргэн О.А нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан заалтыг зөрчсөн болохыг тогтоож уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.15-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар тойрогт ухуулагчаар ажилласан Ж.О, О.А нарыг тус тус 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан бөгөөд ухуулагчаар ажилласан Ж.О, О.А нар дээрх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан аливаа этгээдэд хамаарч байхаас гадна 70 дугаар зүйлийн 70.1-д заасан хориглолт мөн хамаарч байна.
Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаар магадлалаар нэр дэвшигч Ш.Г-ийн ухуулагчаар ажилласан Д.Ц нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10-д “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүнд, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгох” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоосон.
Гэхдээ Захиргааны хариуцлагын тухай 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж заасны дагуу захиргааны зөрчлийг хэлэлцэх үед өнгөрсөн байна гэж дүгнэн торгох шийтгэлээс чөлөөлсөн байна.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хориглох үйлдэл, үйл ажиллагаа зааж өгсөн бөгөөд уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасны дагуу сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн штабы ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч байна. Ш.Г-ийн ухуулагчаар ажилласан Д.Ц нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хамаарч байгаа тул уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хориглох үйлдэл, үйл ажиллгаа мөн адил хамаарна.
Ш.Г-ийн сонгуулийн ажиллагаанд ухуулагчаар ажилласан Ж.О, Д.Ц, мөн иргэн О.Анар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10-д заасныг зөрчсөн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон бөгөөд энэ нь Сонгуулийн тухай хуулийн 159 зүйлийн 159.2-т заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлд хамаарч байгаа юм. Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23- 16 дугаар тогтоол нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан тогтоол юм.
Баянзурх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12,13,17,18,19 дүгээр тогтоолууд нь Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 34 дүгээр зүйлий 34.1.13, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2,163.3-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн 1, 5, 14 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах болон санал авах өдрийг баталсан тогтоолууд юм.
Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Ээлжит бус, дахин сонгуулийн санал авах өдрийг тухайн сонгуулийг зарлах эрх бүхий этгээд энэ хуульд нийцүүлэн товлож, цагийн хуваарийг гарган мөрдүүлнэ”, 34 дүгээр 34.1.13-д “дахин болон нэмэлт санал хураалт, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах”, 160 дугаар зүйлийн 160.4-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана” 163 дугаар зүйлийн 163.2-д “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна”, 163.3-д “Дахин сонгууль нь хүчингүй болсон хэмжээгээр явагдана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 55, 56, 57, 58, 59, 60 дугаар нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах тухай тогтоолуудыг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж дурддаг. Эдгээр шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага буюу шүүхээс тогтоогоогүй байхад нэрсийн жагсаалтаас хассан нь буруу байна. Шүүхээс тогтоосны дараа асуудлыг шийдвэрлэх нь сонгуулийн байгууллагын эрх хэмжээний асуудал гэдэг байдлаар дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл бүх шүүхийн шийдвэрүүдэд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрсөн эсэхийг тогтоосны эцэст асуудлыг авч үзэх ёстой гэж дүгнэсэн.
Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчийг хасах тухай 159 дүгээр зүйлд заасан зохицуулалтаар зөвхөн нэр дэвшигч зөрчил гаргах биш нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг хийх эрх бүхий этгээд, шадар туслагч, ухуулагч, аливаа этгээд зөрчил гаргахад хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтаар нэр дэвшигч тухайн сонгуулийн компанит ажлын гол төв цэг байдаг. Нэр дэвшигч менежер томилж, эсвэл менежер томилохгүйгээр өөрөө удирдан зохион байгуулж, хяналтаа тогтоон ажиллахаар зохицуулман. Уг сонгуулийн харилцаанд тусалж, дэмжин оролцож буй бүх этгээдүүд болон нэр дэвшигчтэй хамаарал бүхий аливаа этгээд зөрчил гаргавал зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулаад зогсохгүй нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах хариуцлагыг хуульчилж өгсөн. Нэр дэвшигч нарын шадар туслагч, ухуулагч, хамаарал бүхий аливаа этгээд зөрчил гаргасныг эрүүгийн хэргийн шүүхээс тогтоосон шийдвэрийг үндэслэн маргаан бүхий захиргааны актууд гарсан. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно гэж заасан. Мөн сонгуулийн үйл ажиллагааг явуулах зарчим ямар ч тохиолдолд өөрчлөгдөх ёсгүй. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д сонгогчийн эрх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх бөгөөд зөрчил илэрч, тогтоогдох юм бол хариуцлага хүлээлгэх эрх, үүрэг нь Сонгуулийн хороонд байдаг.
Маргаан бүхий 10-аас 19 дүгээр тогтоолуудад хуулийн заалтыг баримтлахын зэрэгцээ эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн байдаг. Тэгэхээр тогтоогдсон гэдэг заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд буруутгагдах үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа нь тодорхой угтвар нөхцөл, эрхийг хязгаарлах, тодорхой шийдвэр гаргах гэж буй нөхцөлд хийгддэг нь үнэн. Гэвч тус хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцөлийг зааж өгсөн. Үүнд нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагааг хийгүй. Тэгэхээр хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудалд хууль тогтоомжийг зөрчсөн талаар нь танилцуулах, мэдээлэл өгөх үйл явц биш тул заавал сонсох ажиллагааг хийлгэх ёстой гэж үзэж байгаа нь буруу юм.
Нэхэмжлэгч Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан Ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Арван зургадугаар зүйлийн 9-д заасан төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үздэг. Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарладаг. Өөрөөр хэлбэл хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчил гаргавал нэр дэвшигч хасагдана гэдгийг зааж өгсөн. Нэгэнт зөрчил байна гэж үзээд шийдвэрлэж байгаа тохиолдолд үндсэн хуульд заасан эрх яригдахгүй. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэр дэвшигч Ш.Г-ийн ухуулагч Д.Ц, нэр дэвшигч А.Т-ийн ухуулагч Ж.О, нэр дэвшигч Б.С-ын шадар туслагч Б.Ц гэх хүмүүс ажиллаж байсан нь хэд, хэдэн нотлох баримтаар нотлогдож байна. Эдгээр шадар туслагч, ухуулагч нар нь Сонгуулийн хууль, тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдож, зохих шийтгэлээ авсан. Харин эдгээр хүмүүс бусдын нөлөө хавчлагад автан энэ үйлдлийг хийсэн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10 дахь заалтыг ухуулагч Д.Ц зөрчсөн, шадар туслагч Б.Ц тус хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14 дэх заалтыг зөрчсөн, ухуулагч Ж.О 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тус хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь заалтын утга нь Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглон гэж заасан. Уг хуулийн 70.5 дахь заалтыг зөрчвөл нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасна гэж 159 дүгээр зүйлд заасан.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэж заасан. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч нар орно.
Цаашилбал тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна гэж заасан. Тэгэхээр тус хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, 75 дугаар зүйлийн 75.1 дэх зохицуулалтаар сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд гэдэгт гэм буруутай нь тогтоогдсон ухуулагч Д.Ц, Ж.О, шадар туслагч Б.Ц нар хамаарч байна. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж заасан.
Мөн Д.Ц, Ж.О, Б.Ц нар нь хариуцлага хүлээгээд дууссан гэдэг асуудал яригдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10, 70.5.14, 70.5.16, 159 дүгээр зүйл зэрэг хариуцлага хүлээлгэх заалтуудыг харахад зөрчлийг гардан гүйцэтгэсэн этгээд хариуцлага хүлээнэ, мөн нэр дэвшигчид хамаарал бүхий этгээд зөрчил гаргавал нэр дэвшигч өөрөө хариуцлага хүлээнэ гэдгийг давхар зааж өгсөн байгаа. Нэр дэвшигч А.Т-ийн ухуулагч н.О 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг хэрэглэсэн. Тус хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр зөвхөн нэр дэвшигч хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.С-аас Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 12 дугаар тогтоол, Д.У-аас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13 дугаар тогтоол, М.М-аас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14, 17 дугаар тогтоол, А.Т-аас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15, 18 дугаар тогтоол, Ш.Г-ээс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16, 19 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар нийт гишүүдийн 66.6 хувийн ирцтэйгээр хуралдаж , 10, 11, 14, 15, 16 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5, 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигч дээрх иргэдийн шадар туслагч, ухуулагч, иргэн нь Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2, 163.3 дахь заалтыг тус тус үндэслэн 1, 5, 14 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэжээ .
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно.” гэж заасан байх бөгөөд “нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл гэдэг”-т мөн хуулийн 159.2-т заасан “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ.” гэсэн заалт хамаарч байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь заалт нь гагцхүү нэр дэвшигч өөрөө сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн бол хамаарах заалт бөгөөд шадар туслагч, ухуулагч нарт хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа” гэсэн нь нөхцлийг тодорхойлсоноос биш нэр дэвшигч гэж салгаж заагаагүй ажээ.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 “Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.”, 75 дугаар зүйлийн 75.1 “Нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч нар хамаарна” гэж тус тус зааснаас үзвэл сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд гэдэгт нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч нар хамаарч, тэдгээрт Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсэгт заасан үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.
Түүнчлэн дээрх хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт заасан “... нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол” гэсэн нөхцөл заасан хуулийн заалт тус бүрийг авч үзвэл нэр дэвшигчээс гадна хандив хүлээн авсан этгээд, аливаа этгээд, сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчвөл нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохоор хуульд заажээ.
Гагцхүү сонгуулийн хууль тогтоомжийг сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд зөрчсөн нь түүнчлэн эрх бүхий этгээд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн 70.5.10-т зааснаар сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар /аливаа этгээд, эрх бүхий этгээдээр/ дамжуулан Сонгуулийн тухай хуулийн 70.1 дэх хэсэгт заасан үйлдэл, үйл ажиллагаа явуулуулсан болох нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7 дахь заалтад зааснаар шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг хэлнэ.
Нэг. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар захирамж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Р.Соёлхүү Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Д-ийн У-ыг нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч Д.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар захирамжаар иргэн Р.С-г Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 192000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Захирамжид “...Баянзүрх дүүргийн ИТХ-ын 1 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Д.У нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж иргэдэд мөнгө тараан саналыг худалдаж авсан гэх асуудал нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэнээс үзвэл иргэн Р.С-ийн гаргасан зөрчил нь нэр дэвшигч Д.У-ыг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй гэж үзэх үндэслэлтэй.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэвэр, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5, 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4 дэх хэсэгт заасныг баримтлан ухуулагчаар ажилласан Ж.О, иргэн О.А нар нь Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр М-ын М-ыг нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч М.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэвэрт “... Захиргааны зөрчил шалгасан материал болон талуудын тайлбараас дүгнэхэд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 5 дугаар хороонд АН-аас нэр дэвшигч Н.М , Ш.Г, А.Т нарыг ухуулагч Ж.О буюу эрх бүхий этгээд, иргэн О.А буюу аливаа этгээдээр дамжуулан хууль бус сурталчилгаа явуулж иргэдийг татах зорилгоор мөнгө тараасан гэж үзэж болох боловч зөрчлийн материалд авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан тайлбарууд зэргээр тогтоогдохгүй байна гэж үзлээ. Зөрчлийн материалд авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан тайлбарууд болон Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны албан бичгээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт А.Т нь АН-аас нэр дэвшсэн ба түүний ухуулагчаар Ж.О ажилласан болох нь ... тогтоогдсон гэж шүүхээс дүгнэлээ.” гэсэн дүгнэлтүүдээс үзэхэд ухуулагч Ж.О нь дан ганц А.Т-ийн ухуулагчаар ажилласан, шүүхээс ухуулагчийн үнэмлэх олгосон бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр нэр дэвшигч М.Мэндбаярын ухуулагчаар Ж.Оюунчимэг бүртгэгдээгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байх тул түүний гаргасан Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн үйлдлийг тухайн тойрогт нэр дэвшсэн М.М-т хамаатуулан нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй байна.
Түүнчлэн аливаа этгээд зөрчил гаргасан бол нэр дэвшигчтэй хамааралтай эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан байх ёстой гэсэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй ажээ.
Учир нь иргэн Р.С нь нэр дэвшигч Д.У-ын, иргэн Ж.О нэр дэвшигч М.М-ын даалгаснаар Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл хийсэн эсэх, өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн 70.5.10-т зааснаар нэр дэвшигч “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан... мөнгө... тараах” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, иргэн Р.С, Ж.О нараар мөнгө тараалгасан гэсэн нөхцөл байдал шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байна.
Нэр дэвшигч Д.У, М.М нарыг нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс тэдгээрт холбогдох хэсгийг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11, 14 дүгээр тогтоолууд хууль зүйн үндэслэлгүй байх тул Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч Д.У-аас Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13 дугаар тогтоол, М.М-аас Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14, 17 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар захирамжаар нэр дэвшигч Б.С-ын шадар туслагч Б.Ц нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14-т “сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь .... нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнээд 1152000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэвэрээр нэр дэвшигч А.Т-ийн ухуулагчаар ажилласан Ж.О, иргэн О.А нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэвэр ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнээд тус бүрийг 192000 төгрөгөөр торгожээ .
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дугаар сарын 20-ний өдрийн 91 дүгээр шийтгэвэр, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаар магадлалаар Ш.Г-ийн ухуулагчаар ажилласан Д.Ц-г Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн захиргааны зөрчил гаргасан болохыг тогтоожээ .
Эдгээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2/363 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 10, 15, 16 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.13, 163 дугаар зүйлийн 163.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.4 “Төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явуулна” гэсэн үндэслэлээр гарсан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 12, 18, 19 дугаар тогтоол нь мөн үндэслэлтэй гарчээ.
Иймд нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 12 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах Б.С-ын, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15, 18 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах Б.Т-ийн, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16, 19 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах Ш.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.
Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах Сонгуулийн тухай хуульд заасан үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдвол сонгуулийн байгууллага нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах эрх зүйн зохицуулалттай бөгөөд захиргааны зөрчлийг шийдвэрлэх ажиллагаанд нэр дэвшигчид оролцсон байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн сонгуулийн байгууллага сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.5 дах хэсгийн 70.5.10, 159 дүгээр зүйлийн 159.2, 160 дугаар зүйлийн 160.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У, М.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13, 14, 17 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосугай.
2. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7, 20 дугаар зүйлийн 20.3, 27 дугаар зүйлийн 27.2, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн 70.5.10, 70.5.14, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2, 163.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.С-ын Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 12 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Б.Т-ийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15, 18 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Ш.Г-ийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16, 19 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ