Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 01

 

Д.Тэгшээд холбогдох захиргааны

зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, зөрчилд холбогдогч Д.Тэгшээ, түүний өмгөөлөгч  Ө.Батболд, гомдол гаргагч Ж.Ёндонжамц, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргагч Ж.Ёндонжамцийн давж заалдах гомдлоор Д.Тэгшээд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт оршин суугч Ж.Жалсан тус сумын Сонгуулийн хороонд гаргасан гомдолдоо: Сонгуулийн санал авах 2016 оны 10 сарын 19-ний өдөр 1 дүгээр багт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Тэгшээ 1 дүгээр багийн иргэн О.Төмөрбаатар бид хоёрт 20000 төгрөг өгч, 2 шил архи авч өгсөн. Тэгээд багийн төвд авчирч надад санал өг гэсэн. Бид хоёр санал өгсөн. Тус асуудлыг шалгаж өгнө үү гэжээ.

Зөрчилд холбогдогч Д.Тэгшээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай найзын машин түлшгүй болоод колонкоос бензин аваад сонгууль өгч байгаа хэсгийн хороо руу явсан. Сонгуулийн ирц бүрдүүлэх зорилгоор намын дарга нартай ярьсан. Гэтэл хэсгийн хороонд утсаар ярьж болохгүй гэхээр нь гадаа гарч ярьсан. Төмөрбаатарт мөнгө өгснийг Жалсан хараагүй. Төмөрбаатар надаас 20000 төгрөг байна уу? гэж асуусан. Би "байхгүй" гэж хэлсэн. "Би сонгуулийн байр явах гэж байна, машинд суу" гэж хэлэхэд Төмөрбаатар "Мөнгө хэрэгтэй, өр нэхэгдээд 20000 төгрөг хэрэгтэй байна" гэж хэлэхэд "Билгүүн 20000 төгрөг гаргаад Төмөрбаатарт" өгсөн. Тэгээд Төмөрбаатар ах 20000 төгрөг аваад машинаас буугаад удалгүй буцаж ирээд "өрөө өгчихлөө" гээд машинд суусан. Машин дотор архи авч өгсөн асуудал ерөөсөө байхгүй. Надад тараагаад байх мөнгө байхгүй, хэдэн хүүхдээ тэжээх гэж яваа, цалингийн зээлтэй. Сонгуулийн хэсгийн хороонд миний очдог буруу. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сонгуулийг зохион байгуулна гэж заасны дагуу очсон. Би Төмөрбаатарт 20000 төгрөг өгөөгүй, Билгүүн өгсөн. Билгүүн надад "Намайг Засаг дарга болго" гэхэд нь би "Манайхан болгохгүй байх" гэхэд "Тэгвэл чамайг унагана" гэж яваад өөрийн ангийн найз Жалсангаар өргөдөл бичүүлсэн гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар: Дорнод аймгийн Дашбалбар сумын Монгол ардын намын хорооны дарга Ж.Ёндонжамц, Ж.Жалсан нарын гомдолтой Д.Тэгшээд холбогдох захиргааны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, зөрчилд холбогдуулж хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, зөрчилд холбогдсон этгээдийн иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг, энэ захирамжинд хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Ж.Ёндонжамц давж заалдах гомдолдоо: ...Захиргааны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 73 тоот захирамж нь хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралд оролцогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлж чадаагүй хууль бус захирамж гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, Уг зөрчил нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 4.4, 4.5, 89.10, 70.1.1, 70.5, 70.5.1, 70.5.16 зэрэг заалтуудад хамаарна. Нэр дэвшигч Д.Тэгшээ хуулиар сонгуулийн сурталчилгаа хаасан өдөр сонгогч Ж.Жалсан, О.Төмөрбаатар нартай хамт архи ууж сурталчилгаа хийж, мөнгө өгч амлалт өгөн улмаар үнэгүй тээвэрлэж саналыг нь өөртөө болон намынхаа нэр дэвшигч 5 хүнд өгүүлсэн байна. Хэрэгт байгаа нотлох баримт шүүх хуралд оролцогч гэрч сумын Ардчилсан намын дарга Б.Билгүүн, гомдол гаргагч Ж.Жалсан, З.Зоригтбаатар, сонгуулийн хэсгийн дарга Л.Цогзолмаа, Монгол ардын намын ажиглагч Б.Мөнгөнтуяа нарын мэдүүлэг тайлбаруудтай танилцахад Д.Тэгшээгийн үйлдэл Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн болохыг батлаад байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна.

Д.Тэгшээ сонгогч О.Төмөрбаатарт мөнгө өгсөнийгөө ямааны наймаа хийсэн болгож хуйвалдаж бодит байдлыг өөртөө ашигтай болгохын тулд хоёр дахь мэдүүлэгтээ өмнөх мэдүүлгээсээ буцаж байхад шүүх нэг талыг хэт барьж шийдвэр гаргасан байна. Мөн шүүгчийн захирмжид гол гэрч Б.Билгүүн, гомдол гаргагч Ж.Жалсан, З.Зоригтбаатар нарын 3 хүний мэдүүлгийг хангалттай нотлох баримт болохгүй байна гэсэн нь уг шүүгчийн алдааг харуулж байна. О.Төмөрбаатарын мэдүүлэг зөрүүтэй байхад яагаад нотлох баримтын хэмжээнд үнэлэх болов гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Шүүгч нэр дэвшигч Д.Тэгшээ бодит байдлыг О.Төмөрбаатартай үгсэн тохиролцож байгааг үнэлэхгүй байна. Учир нь ажиглагч Б.Мөнгөнтуяа, сонгуулийн хэсгийн дарга Л.Цогзолмаа нар нь нэр дэвшигч Д.Тэгшээг хууль зөрчиж сонгуулийн санал авах байранд дахин очсоныг, 2 сонгогчийг тээвэрлэж согтуу ирснийг нотолсон гэрч шүү дээ. Гэрч Б.Билгүүн нэр дэвшигч Т.Тэгшээ сонгогч Төмөрбаатарт 20000 төгрөг өгсөн, төсөл өгнө гэж амласан намайг сонгоорой, бүлгээр нь дэмжээрэй гэж хэлснийг Д.Тэгшээ, Ж.Жалсан, О.Төмөрбаатар нар Д.Тэгшээгийн өгсөн мөнгөөр “Хатан түлхүүр” дэлгүүрээс архи авч хамт уусан зэргийг гэрчлээд байхад шүүх илт хууль бус захирамж гаргасан байна. Иймд шүүгчийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 73 тоот захирамжийг хэрэгсэхгүй болгож, нэр дэвшигч Д.Тэгшээ нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоож өгөхийг хүсч байна гэжээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Зөрчилд холбогдогч Д.Тэгшээ нь 2016 оны 10 сарын 19-ний өдөр Дашбалбар сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Жалсан, О.Төмөрбаатар нарт 20000 төгрөг, 2 шил архи авч өгч Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх захиргааны зөрчилд холбогджээ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн   1-д “ Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно.” гэжээ.

Д.Тэгшээгийн зөрчилд холбогдсон хугацаа нь 2016 оны 10 сарын 19-ний өдөр бөгөөд түүнийг захиргааны хариуцлагад татах хугацаа нь 2017 оны 01 сарын 19-ний өдөр дууссан байна.

Иймд давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн Д.Тэгшээг захиргааны зөрчил гаргасан гэдэг нь нотлогдоогүй гэж дүгнэж түүнд холбогдох захиргааны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг няцаах буюу үгүйсгэх нотлох баримтыг хэлэлцэх, улмаар Д.Тэгшээг захиргааны зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй байх тул гомдол гаргагч Ж.Ёндонжамцын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч Ж.Ёндонжамцын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.  

2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                    ШҮҮГЧИД                                                               А.ЭНХБААТАР

                                                                                                    З.ЭНХЦЭЦЭГ