Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 105

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Жавхлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Жавхлан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уурхайчин мэргэжилтэй, ам бүл 1, **,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт Б-н Б-.

Б.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын ** дугаар баг Бэрх тосгоны ** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ц.О-гийн баруун нүдийг хуруугаараа ухаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуур үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-г 11 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх хохирогч О-, гэрч Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн зөрүүтэй, миний эсрэг өгсөн мэдүүлгүүдэд үндэслэн намайг ялласан, мөн мөрдөн байцаагч нэг цаг хугацаанд 3 хүн байцаасан хуулийн шаардлага хангаагүй мэдүүлэг авсан. ....намайг хэргээ хүлээ гэдэг байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Би О-гийн нүдэнд хураагаа хийж ухаагүй. ...Намайг гаднаас орж ирэхэд О-гийн сууж байсан сандлын хөл нь хугарч ширээ мөргөсөн гэж надад Б- хэлсэн. Үүнийг анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэнээр хэлсэн. Мөрдөн байцааг намайг та хуруугаа хийсэн гээд мэдүүлэг өг, өмнө нь нэг нүдийг нь сохлоод шоронд явсан юм чинь танд хэн ч итгэхгүй, хэргээ хүлээгээд бага ял аваад явбал танд ашигтай гэхээр нь үгэнд нь орж дараагийн мэдүүлгээсээ хуруугаа хийсэн гэж байцаалт өгсөн. Мөрдөн байцаагчийн хэлсэн үнэн юм билээ надад хэн ч итгэхгүй, ...шүүгч, прокурор ч гэсэн энэ өнцгөөс харж намайг ялласан. ...Би урьд нь О-гийн зүүн нүдийг сохолж ялаа шоронд биечлэн эдлээд гарч ирсэн нь үнэн. Урьд эдэлж байсан энэ ялыг мөн одооны энэ хэрэгт хамааруулан холбож, ял өгөхдөө хүртэл хүндрүүлж эрх зүйн байдлыг минь дордуулж шийдвэрлэж байна. Би О-г гэрт нь хорьж, цагдаагүй, гэртээ архи уугаад байж байсан. Шүүхээс намайг О-гийн нүдийг өвтгөн шаналгаж зовоосон гэж ял хүндрүүлээд байгаа. Б- мэдүүлдэг 1 цаг гарангийн дараа ирэхэд О-гийн нүд гэмтсэн байсан гэж, ...хохирогч О-гийн хэлсэн шиг нүдийг нь ухаж эргүүлсний улмаас ухаан алдсан хүн тийм богино хугацаанд сэргээд ямар ч зовуургүй архи уугаад сууж байх уу, ...манай гэрийн бүх ор хөнжлийн давуунуудыг шинжилгээнд явуулаад О-гийн цус илрээгүй, ...сандлыг хэзээ яаж хугарсныг шалгаагүй. ...Намайг муу хүн болж харагдуулахын тулд прокурор хуурамч баримт хэрэгт хавсаргасан байсан. ...Би одоо 67 настай 70 хүрч байгаа өвгөн. ...хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна. Би өөрөө группд байдаг, өндөр настай 11 жилийн ялыг эдэлж барахгүй шоронд үхэх байх. Өмгөөлөгч нарын бичсэн зүйлийг анхааран үзэж хэргийг дахин шалгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь зааснаар ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дугаар зүйлүүдэд заасан заалтуудыг тус тус зөрчин мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бус явуулсан, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг зөрчин хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр нотлох үүргээ мөрдөгч, прокурор нь зохих ёсоор гүйцэтгээгүй, анхан шатны шүүх нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашиглаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Б.Б-г хохирогч О-гийн баруун нүдэнд хуруугаа хийж эргүүлж онц харгис хэрцгий аргаар бие махбод, сэтгэл санааны зовуур, шаналал үүсгэж бусдад хүнд хохирол санаатай учруулсан гэж зүйлчэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн.

Хавтаст хэргийн 109 хуудсанд авагдсан УНТЭ-ийн өвчний түүхэнд “ Гадны биет ороогүй” гэсэн онош тавигдсан байна.

Тус оношоор хохирогч О-гийн баруун нүдэнд ямар нэгэн гадны биет өөрөөр хэлбэл хуруу нэвтрээгүй байж болзошгүй үндэслэл харагдаж байна.

Хохирогч О-гийн мэдүүлгийг харахаар нүдэнд хуруугаа хийж эргүүлсэн юм шиг, эмчийн тавьсан оношоор хохирогч О-гийн баруун нүдэнд ямар нэгэн гаднын биет ороогүй юм шиг нотлох баримтууд нь зөрүүтэй хэргийн бодит байдалд нөлөөлж болохуйц нөхцөл байдал байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан “Гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон бусад байдлыг нотлох ажиллагаанууд хангалтгүй явагдсан, хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэнийг гэрчлэх хохирогч О-гийн мэдүүлэг нь тогтворгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь эрс зөрүүтэй, болсон асуудлын талаар бусдад өгүүлэхдээ олон янзаар хэлсэн байдал хэргээс харагддаг.

Хохирогч О- нь хамгийн анх хохирогчоор мэдүүлэхдээ “Би согтсон байсан, гэртээ орон дээрээ хэвтэж байхад нүд рүү цохисон, юугаар цохисныг хараагүй” гэж мэдүүлж байснаа /1хх-ийн 135 хуудас/ 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө “2 гарыг маань хөдөлгөөнгүй болгоод баруун нүд рүү хуруугаа хийгээд эргүүлсэн” /1 хх-ийн 25 хуудас/ гэж эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг.

Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хохирогчийн мэдүүлэг яагаад гэнэт өөрчлөгдөх болсон шалтгааныг шалгаагүй, хохирогчоос өөрөөс нь тодруулж асуугаагүй, энэ 2 мэдүүлгийн аль үнэн болох нь ч тодорхойгүй ийм байхад анхан шатны шүүх хохирогчийн 2 дахь удаагаа өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар шийтгэх тогтоолдоо тусгаж бичсэн байгаа нь ойлгомжгүй байна

Учир нь хэргийн онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох хохирогч О-гийн мэдүүлэг нь харилцан зөрүүтэй байхад 2 дахь удаа өгсөн мэдүүлгийг нь авахдаа хохирогчийн анхны өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заагаагүй байна.

Хохирогч О- нь баруун нүднийхээ гэмтлийн талаар Бэрх тосгоны хүн эмнэлгийн эмч Ганзулд /1 хх-ийн 43 хуудас/ нүдэндээ цохиулсан гэж хэлсэн, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ нүдэндээ хутгалуулсан болчихдог, гэрч Улаанхүүхэний мэдүүлэг /1хх-ийн 40 хуудас/, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудаснаас харагдана.

Улаанбаатар хотод УНТЭ-д хэргийн талаар өгүүлэхдээ “ Би согтуу байсан болохоор юугаар гэмтээсэн, хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна” гэдэг.

Г-, / 2 хх-ийн 87/ /У- 2 хх-ийн 84 хуудас/, /У- 1 хх-ийн 53 хуудас/ нарт болохоор нүдний даралт ихсээд харвачих шиг боллоо гэж хэлсэн байдаг.

Ийнхүү О- нь мөрдөгч болон эмч, тухайн үед гэрээр орж гарсан хүмүүст нүдэндээ хуруугаа хийж эргүүлсэн, эсхүл нүдэнд цохисон, нүдний даралт ихсээд харвасан гэх мэтээр болсон зүйлийн талаар маш олон янзаар хэлсэн байна.

Магадгүй дээрх мэдээллээс нүдэнд цохисон гэх үйлдэл нь үндэслэлтэй гэсэн хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлйн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэгдэх үү гэх зэргээр эргэлзээтэй байдлууд үүсэж байгаа болохоор хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр нотлох ажиллагааг бодитойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэж чадаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна.

Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд яллах талын нотлох баримтаар тусгаж бичсэн гэрч Б-ын мэдүүлгүүд нь зөрүүтэй, илтэд худал мэдүүлэг өгсөн байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээд шийдвэртээ тусгасан нь ойлгомжгүй байна.

Б- нь эхний мэдүүлэгтээ хэрэг болсон цаг хугацааг 11 цагаас хойш болсон гэж мэдүүлдэг, дараагийн мэдүүлэгтээ өглөөний 08-09 цагийн хооронд болсон гэж мэдүүлсэн байна.

Б- нь хэрэг болдог өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б-д ус авахаар М-, С- хоёр ирээд би М-тай хамт гараад буцаад ирэхэд О- нүдэндээ гэмтэл авсан гээд мэдүүлэг өгч байснаа 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө Б-с ганцаараа гарсан болоод С- гэдэг хүнтэй уулзаад эргээд ороод ирэхэд ийм болчихсон байсан гэж мэдүүлгээ өөрчилсөн байна.

Б.Б- нь хэрэг болох үед би байгаагүй, 2020 оны 03 дугаар сарын 08- ны өдрийн 17 цагийн орчим намайг дэлгүүр орохоор гарсан байсан, гэртээ ирэхэд Б- надад “О-гийн сууж байсан сандлын хөл хугараад унахдаа ширээ мөргөсөн” гэж хэлсэн гэдэг. Б- нь би тэгж Б.Б-т хэлээгүй, 2020 он 03 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед унаа олоод хөдөө гэрлүүгээ явсан гэдэг.

Б.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэгт дурдсан мэдээллийг үндэслээд мөрдөгч Б.Б-н гэрт байсан хөл хугарсан сандлыг хурааж, эд мөрийн баримтаар тооцсон атлаа энэ сандал хэзээ ямар байдлаар хугарсан болохыг шалгаж тогтоогоогүй байна.

Гэрч М-н мэдүүлгээр 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б- /Б гэж дууддаг/ нь хөдөө гэрлүүгээ яваагүй М-нд идэж уугаад байж байсан болох нь тогтоогддог.

Ийнхүү Б- нь Бэрх тосгонд байснаа үгүйсгэж хөдөө гэртээ байсан гэж яагаад худал хэлэх болов, хэрэг болсон цаг хугацааг яагаад өөр өөрөөр хэлэх болсон, Б-н гэрээс гарахдаа М-тай хамт гараад С-д очоод ирэхэд ийм хэрэг болсон гэж ярьснаа, дараа мэдүүлэг өгөхдөө Б-н гэрээс ганцаараа гарч С-тэй уулзаад ирэхэд ийм хэрэг болчихсон байсан гэж илтэд мэдүүлгээ өөрчлөх болсон нь юунаас болж өөрчлөх болов, ямар шалтгааны улмаас худлаа мэдүүлгүүд өгөх болсныг шалгаж тогтоогоогүй байна.

Б.Б-н хэлсэнчлэн Б- нь хэрэг болох үед Б-н гэрт байсан эсэх, эсхүл Б-ын өөрийнх нь хэлсэн шиг Бэрх тосгонд байхгүй хөдөө гэртээ байсан уу гэдгийг мухарлан шалгаагүй, Б.Б-н гэрчийн мэдүүлгэнд дурдагдсан асуудлуудыг шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй байна.

Мөрдөгч Зоригтсайхан нь нэг цаг хугацаанд К-, С-, У- нарыг байцааж хууль зөрчиж байцаалт авсан байхад анхан шатны шүүх К-ы мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолдоо яллах талын баримтаар тусгасан байна.

Ийнхүү анхан шатны шүүх нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашиглаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх нь гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаасан өмгөөлөгч нарын тайлбар саналыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа ямар үндэслэлээр хүлээж аваагүй үндэслэл, няцаалтаа магадлалд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь зааснаар ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.1 дүгээр зүйл, 16.2 дугаар зүйлүүдэд заасан заалтуудыг тус тус зөрчин мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бус явуулж, хэргийг талаас бүрэн бодитой шалгаж тогтоон эргэлзээгүйгээр нотлох үүргээ мөрдөгч, прокурор нь зохих ёсоор гүйцэтгээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хохирогч О- нь эвэрлэгийн идээт үрэвслийн улмаас баруун нүдний алим авахуулах хагалгаанд орж нүдээ авахуулсан уу гэвэл авахуулсан, энэ асуудал дээр өмгөөлөгч болон манай үйлчлүүлэгчийн зүгээс маргаан үүсгээгүй. Хохирогч О-гийн баруун нүд үйл баримтаар бол 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэмтсэн гэдэг, тус өдөр үүссэн гэмтэл нь анхнаасаа нүдний эвэрлэгийн идээт үрэвсэл гэдэг гэмтэл байсан уу, эсхүл эвэрлэгийн шархаа эмчлүүлэхгүй байснаар хүндэрч бохирдоод эвэрлэгийн идээт үрэвсэл болсон уу, эвэрлэгийн шарх гэмтэл байсан бол нүдний алим авахуулах хэмжээний мэс ажиллагаанд орохгүйгээр эмчлэх боломжтой байсан эсэх зэрэг ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан сайн шалгаж тогтоогоогүй бөгөөд цаашилбал идээт үрэвсэл нь юунаас болж үүсдэг, гэмтлийн гаралтай гэмтлээс үүсдэг үү, ямар нэг гаднын хүчин зүйлийн улмаас бус үүсэх боломжтой юу гэдгийг шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Хохирогч О-гийн баруун нүд 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэмтсэн гэх бөгөөд 11 хоногийн дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгийн тусламж авч 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эвэрлэгийн идээт үрэвсэл гэх оноштойгоор баруун нүдний алим авах мэс хагалгаанд орсон байдаг.

Шинжээч 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үүссэн гэмтлээр биш 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мэс хагалгаанд орж нүдээ авахуулсан гэмтлээр дүгнэлт хийж 1 нүд хараагүй болсон гэх үндэслэлээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр О- нь эмнэлэгт үзүүлэхэд түүний баруун нүднээс нь их хэмжээний идээтэй нуух гарч бохирдсон байсан гэдэг. эмч Г /1 хх-ийн 43 хуудас/, эмч Улаанхүүхэн / 1 хх-ийн 40 хуудас/ нарын мэдүүлгүүд дээр тодорхой тусгагдсан байдаг. Ийнхүү нүд тухайн үед бохирлогдож идээ гоожсон идээт үрэвслийн шинж тэмдэгтэй эмнэлэгт очсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч О- нүдэндээ гэмтэл авч 11 хоногийн дараа эмнэлгийн тусламж авсан шалтгаанаа “Б- гэрээс гаргахгүй гэрийн хорионд байлгаад байсан” талаар мэдүүлдэг хэдий ч хохирогчийн энэ мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлгээр няцаагддаг.

Хохирогч О-гийн нүд 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэмтсэн гэх өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эмнэлэгт очих хүртэлх хугацаанд О-гийн гэрээр нийт 7 хүн орж гарсан байдаг /Б-, М, У, У, Г, К, Ч/ ба эдгээр хүмүүсээс ямар нэгэн тусламж хүсээгүй, харин ч эдгээр хүмүүстэй болон нөхөр болох Б-тай нийлээд гэртээ архи ууж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Тухайлбал: Гэрч У /2хх-ийн 84 хуудас/, гэрч Г /2хх-ийн 87 хуудас/ нарын “Гэрт нь ороход О- эгч миний нүд юм харахгүй байгаа, маргааш аймаг явж үзүүлнэ гэж байсан, ямар нэг цочролд орсон шинжгүй, тайван байсан, ямар нэг тусламж гуйгаагүй” гэж мэдүүлсэн байна

Өмгөөлөгч миний бие хэдийгээр хуульч мэргэжилтэй, анагаахын ухааны чиглэлээр мэргэшээгүй хэдий ч гэсэн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж оролцож байгаа субъектын хувьд мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нартай уулзаж, холбогдох ном тайлбарыг уншиж судлан энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Гаднын хүчин зүйлийн улмаар ч бай, хүчин зүйлийн улмаар бус ч бай нүдний алиманд учирсан аливаа шарх гэмтлийг эмчлэхгүй бол улмаар хүндэрч эвэрлэгийн идээт үрэвсэл үүсэж нүдний алим авах мэс засал эмчилгээнд хүрдэг байна.

Нөгөө талаас эвэрлэгийн идээт үрэвсэл нь гэмтлээс хамаарахгүйгээр бие дааж үүсэж болдог байна. Үүний нэг жишээ бол нүдний ханиад гэх өвчин юм. Эхлээд нүдний эвэрлэгийн судсууд өргөсөж үрэвсэн улайх шинж тэмдэг илэрдэг ба зовхины дээш доош болгох хөдөлгөөний үрэлтээс болж эвэрлэг шархалж идээлж идээт үрэвсэл болдог байна.

Нүдэнд учирсан шарх нь өвчний улмаас ч бай, гэмтлээс учирсан шарх ч бай тухайн цаг хугацаанд нь оношилж эмчилгээ хийлгэвэл эдгэх боломжтой ба нүд авахуулах хэмжээнд хүрэхгүй байх боломжтой юм байна.

Иймээс 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн гэмтэл нь ямар гэмтэл байсан, энэ гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах уу, эмчилгээг тухайн цаг хугацаанд нь зохих журмын дагуу хийсэн бол нүдний алим авах мэс хагалгаанд орох байсан уу, магадгүй зохих журмын дагуу эмчилгээг хийлгэсэн бол нүд авахуулах хагалгаанд орохгүй байх байсан гэх мэргэшсэн эмч нарын дүгнэлт гарвал гэмтлийн зэрэг яаж тогтоогдох вэ зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа тул хэрэгт дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Хоёр. УНТЭ-ий өвчний түүхэнд “Нүдэнд гаднын биет ороогүй” гэсэн онош авагдсан байна. /1 хх-ийн 109 хуудас/ Тэгтэл анхан шатны шүүх хохирогч О-гийн “Б- баруун нүд рүү хуруугаа хийгээд эргүүлсэн” гэх мэдүүлгийг үндэслэн миний үйлчлүүлэгч Батсуурийг бусдад бие махбод, сэтгэл санааны зовуур, шаналал үүсгэж үйлдсэн гэж зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн.

Ийнхүү нүдэнд хуруугаа хийж гэмтэл учруулсан юм шиг, нөгөө нотлох баримтаар бол нүдэнд хуруу буюу гаднын биет ороогүй ч юм шиг хэрэгт авагдсан нотлох баримтууд нь зөрүүтэй, хэргийн бодит байдалд нөлөөлж болохуйц нөхцөл зайдал байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр хэлсэн саналдаа “Хоёр шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой танилцахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй байна. Шүүгдэгчийн хумс хугарч үлдээгүй учир нүдэнд нь гадны биед ороогүй гэж бичигдсэн байдаг. Гэмтлийн дараах нүдний алимны бүрхүүлийн урагдал буюу дагалдах оношийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тус дүгнэлтийг үндэслэж Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянасан. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн цуглуулж, бэхжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой ноцтой зөрчөөгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн гэмт үйлдэл нотлогдсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Жавхлан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын ** дугаар баг Бэрх тосгоны ** дүгээр байрны ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ц.О-гийн баруун нүдийг хуруугаараа ухаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуур үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан, үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б- согтуурсан үедээ хамтран амьдрагч Ц.О-гийн баруун нүдийг хуруугаараа ухаж, хараагүй болгон, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуур үүсгэсэн үйл баримт нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг няцааж үгүйсгэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах талаар гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Жавхлан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                         С.БАТДЭЛГЭР

                         Б.БАТЦЭРЭН

                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН