Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01585

 

 

 

 

 2023 08 11 210/МА2023/01585

 

 

Далд нууц Эм Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01958 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Далд нууц Эм Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Ганбатад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь*******тай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг дансаар, 15,000,000 төгрөгийн үнэ бүхий тавилга эд хөрөнгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүрэгт 35,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сэнжитжинстэй ХХК-ийн 50 хувийн хувьцааг*******ад буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн үүрэг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хамтран ажиллах, компанийн эрх шилжүүлэх гэрээ хийсэн бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр 100 хувь*******ын эзэмшлийн 50 хувийг эзэмшиж ашиг хүртэх зорилгоор 20,000,000 төгрөгийг бэлнээр, 15,000,000 төгрөгт тооцон хуучин тавилга өгөхөөр гэрээ байгуулсан. Үүний дагуу******* нь компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлсэн. Компанийн үйл ажиллагаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан удаашралтай байгаатай холбогдуулан компанийн төслийн санхүүжилтэд зориулж шилжүүлсэн төлбөрөө надаас буцаан авахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн хувьцааны асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Далд нууц Эм Эн ХХК-ийн хариуцагч*******ад холбогдуулан гаргасан 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01958 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй.

4.1.1. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20/0015 дугаартай Зээлийн гэрээгээр "*******" ХХК нь*******ад 20,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар зээлсэн. Мөн компаний 45,000,000 төгрөгийн өртөг бүхий тавилга эд хогшлыг*******ын саналын дагуу 3 сарын хугацаатай 15,000,000 төгрөгөөр тооцон зээлээр худалдан авч, 15,000,000 төгрөгийг 2020 оны 07 сарын 01-ны өдөр төлөхөөр болж харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан ...гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.... гэсэнтэй нийцнэ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч хариуцагч болон түүний төлөөлөгч нь уг 35,000,000 төгрөг нь зээл биш юм гэж тайлбарлаж маргасан.

4.1.2. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу "*******" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Н.Уранчимэгт "Сэнжитжинстэй" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагааны ашиг орлогыг хувьцааны дүнгээр хувааж хүртэх, Тэнгэрийн тойрог нэгдэл" НҮТББ-д гишүүнээр элсэх, уг төслийн зам, барилгын ажлын гэрээ хийх, гүйцэтгэх зэргээр энэхүү гэрээний зорилго тодорхойлогддог.

Нэхэмжлэгч компанийн удирдлагын зүгээс Сэнжитжинстэй" ХХК-ийн 50 хувийн хувьцаагаа эргүүлж ав гэдгийг удаа дараа шаардсан боловч******* нь шалтаг, шалтгаан хэлэн авахгүй өдий хүрсэнд нэхэмжлэгч буруугүй.

Санхүүжилт болон зээлийг******* авчихаад одоо болохоор бид хамтран ажилласан, манай компанид хөрөнгө оруулсан гэх мэтээр тайлбарлаж болохгүй юм.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт... Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, 35 сая төгрөгийг төлөхөөр тохиролцсон, "Сэнжитжинстэй"ХХК-ийн 50 хувийн хувьцааг Н.Уранчимэгт шилжүүлсэн, Н.Уранчимэгээс 20 сая төгрөгийг*******ын Төрийн банкин дахь данс руу шилжүүлсэн нь Хамтран ажиллах гэрээний үүргээ Н.Уранчимэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн атлаа үндэслэх хэсгийн 4.7 дахь хэсэгт "******* ХХК нь зээлийн гэрээний дагуу мөнгө болон хөдлөх эд хөрөнгийг хариуцагч*******ад шилжүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэжээ.

Зөвхөн хамтран ажиллах гэрээний гүйцэтгэл гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Хамтран ажиллах гэрээ нь хэлбэрийн төдий, биелэлээ олоогүй, нэхэмжлэгчээс мөнгө, эд хөрөнгө авах зорилго агуулагдаж байсан бөгөөд энэхүү хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдээгүйд нь нэхэмжлэгч компани буруугүй тул анхан шатны шүүх процессын хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарах боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 262 дугаар зүйлд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийг агуулсан хэлцэл байгуулагдсан байтал зөвхөн хамтран ажиллах гэрээний үйлдлээр тодорхойлж болохгүй юм.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар******* үүргээ зөрчсөн учир шаардах эрх нь нээлттэй байтал шаардах эрхгүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. "Сэнжитжинстэй ХХК-д хөрөнгө оруулсан гэж үзэх боломжгүй.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01958 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1. Н.Уранчимэг нь тухайн байгууллагын 50 хувийн хувьцааг худалдаж авахаар болсон. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нотариатаар баталгаажуулж, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувьцааг шилжүүлэх гэрээг байгуулсан. Н.Уранчимэг нь Сэнжитжинстэй ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.

5.2. Манай зүгээс тухайн Тэнгэрийн тойрог ТББ-д гишүүнээр элсэж, уг үйл ажиллагаанд зориулан үнэ бүхий автомашин өгсөн. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх ёстой гэж нэхэмжилсэн. Манай байгууллагын зүгээс хувьцааг худалдан авахад асуудал байхгүй гэдгээ илэрхийлсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Далд нууц Эм Эн ХХК нь хариуцагч*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 18 дугаар тал/

3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.а. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Далд нууц Эм Эн ХХК нь 20,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэх,******* нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ /хх. 10 дугаар тал/.

3.б. Мөн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хамтран ажиллах гэрээ нэртэй байгуулж, Н.Уранчимэг нь Тэнгэрийн тойрог төслийн санхүүжилтэд зориулж 20,000,000 төгрөгийг Сэнжитжинстэй ХХК-ийн захирал*******ад шилжүүлэх,******* нь Сэнжитжинстэй ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх. 31 дүгээр тал/

3.в. Хариуцагч*******ын данс руу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хамтрах зээл гэсэн гүйлгээний утгатайгаар 20,000,000 төгрөгийг Н.Уранчимэгээс шилжүүлсэн, мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Далд нууц Эм Эн ХХК-аас Сэнжитжинстэй ХХК-д хөрөнгө оруулалт, зээл гэж 15,000,000 төгрөгийн тавилга, эд хогшлыг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх.8-9/

4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

4.а. Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, худалдах, худалдан авах гэрээнүүдийн аль нь хэрхэн хэрэгжсэн талаар тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагч нь ...20,000,000 төгрөгийг шилжүүлсний дараа Сэнжитжинстэй ХХК-ийн 50 хувийн хувьцааг Далд нууц Эм Эн ХХК-ийн захирал Н.Уранчимэгт шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд маргааныг 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хуулийн зохицуулалтыг баримтлан эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хамтран ажиллах гэрээ гэрээ байгуулж, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн атлаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээнд 20,000,000 төгрөгийг зээл гэж, 15,000,000 төгрөгийг эд хогшил худалдсан агуулгатай холимог шинжтэй гэрээний үүрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, буюу талуудын хооронд байгуулсан аль гэрээний үүргийг шаардаж байгаа эсэх, хэрэв, зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа бол Сэнжитжинстэй ХХК-ийн 50 хувийн хувьцааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг нөхцөл байдлыг тодруулж, мэтгэлцүүлэх шаардлагатай.

4.б. Түүнчлэн, хамтран ажиллах гэрээний 3.2-т А талын 20 сая төгрөгийг МЗГТТН НҮТББ-д хүлээлгэн өгөх гэж заасан гэрээний үүрэг хэрэгжсэн эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх боломжтой. Энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэхгүй.

5. Дээрх ажиллагааг авж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01958 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Далд нууц Эм Эн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

  ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХБАЯР