| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0141/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 148
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч И.А шүүгдэгч Г.З, Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.З, А овогт Ц тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806090252203 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.З, Ц.С нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” пабад Т.Оын нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас шүүгдэгч Г.З, Ц.С нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” пабад Т.Оын нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.З, Ц.С нарыг бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” пабад Т.Оын нүүр рүү гараараа цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Оын хохирогчоор өгсөн: “...2 үл таних эрэгтэй хүн ирээд нэг нь гэнэт миний нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гарчихаар нь би хойшоо ухраад тамхины өрөө рүү орсон. Гэтэл нэг залуу орж ирээд миний нүүр рүү нилээн хэдэн удаа цохичихсон. Тэгээд тэр хоёр залуу намайг газар суучихсан байхад дээрээс хоёулаа өшиглөөд цохиод байсан..." гэх мэдүүлэг /хх-н 10/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13252 дугаар,
1. Т.Оын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хацар, хамрын нуруу, баруун дал, зүүн шуунд зулгаралт, цээж, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-н 22/
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Згийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний төрсөн өдөр болоод найз Анхбаяр, Ц.С нартай уулзаад Халдвартын автобусны буудлын орчим байх “Бүжин” нэртэй пабд сууж байгаад найз охин Наранцацралыг дуудсан. Гэтэл Наранцацрал 22 цагийн орчим 2 найз охины хамт ирсэн. Тэгээд бид хэд ярьж сууж байгаад ойрхон нэг газар оръё гээд замын эсрэг талд байрлах “Скай” бааранд орсон. Бид 6-уулаа ороод хүн тус бүр нэг ширхэг пиво захиалж уугаад бүгдээрээ бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгээд Ц.С бид хоёр бүжгийн талбайгаас гараад ширээн дээрээ очоод сууж байгаад нэг хартал найзууд маань бүгд алга болчихсон байсан. Би үүд рүү очтол манай найз охины найз 2 эмэгтэй үл таних залуутай хэрэлдээд зогсож байсан. Би Ц.Сийг дуудаад салгах гээд очтол хэрүүл хийгээд байсан. Тэгээд Содоо бид хоёр нөгөө залууд "Яагаад байгаа юм бэ? Эмэгтэй хүнтэй хэрүүл хийгээд байх юм." гэж хэлсэн боловч тэр залуу тоогоогүй хэрэлдээд байсан. Тэгээд зогсож байтал араас нэг хүн татсан. Тэгээд эргээд хартал нэг өндөр үл таних залуу байхаар нь нэг удаа нүүр хэсэгт нь өшиглөчихсөн. Гэтэл хажуунаас Ц.С орж ирээд нөгөө залуутай тамхины өрөө рүү ороод хэрэлдээд байсан. Тэгээд би араас нь ортол Ц.С нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж харагдсан. Тэгээд 2-ланг нь татаж салгаад байж байтал цагдаа нар ороод ирсэн.”гэх мэдүүлэг /хх-н 43-44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Сийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр найз болох Г.Згийн төрсөн өдөр болсон. Миний бие Г.З, Анхбаяр хоёрын хамт Халдвартын автобусны буудлын орчим байх Бүжин нэртэй газар орсон. Тэр газраасаа “Скай” гэх нэртэй бааранд Г.З, Анхбаяр, Г.Згийн найз охин болон 2 эмэгтэй найз нь хамт орсон. Тэгээд бид ороод хүний нэг нэг шил пиво захиалж уусан. Тэгээд бүгдээрээ бүжиглээд байж байтал баарны үүд хэсэгт хэрүүл болоод байсан. Очоод хартал Г.Згийн найз охины найз эмэгтэйчүүд үл таних хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд очоод салгах гэж нилээн үзээд дийлээгүй. Тэгээд Г.З бид хоёр нөгөө маргалдаад байсан залууд "Болиоч дээ эмэгтэй хүнтэй маргалдаад яахнав” гэж хэлтэл тоогоогүй. Тэгэхээр нь би нэг удаа нүүрний шанаа хэсэгт нь цохьсон. Тэгээд дахин зууралдаад байж байтал Г.З хажуунаас тэр эрэгтэйг нэг удаа өшиглөсөн. Би дахин нэг удаа цохихдоо хүзүү хэсэгт нь цохьсон. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 45-46/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26-30, 32-33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31, 36/,
Хохирол төлсөн баримт /хх-н 37/, шүүгдэгч нарын шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Г.З, Ц.С нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Г.З, Ц.С нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогчид 240.000 төгрөг төлсөн болохыг дурдав.