Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                              баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Цаг-Уур орчны шинжилгээний төвд оршин суух Лхагвасүрэнгийн Батцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Цаг-Уур орчны шинжилгээний төвд оршин суух Шагдарсүрэнгийн Нямдоржид  холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээлгэж, зээлийн үлдэгдэл 1 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Батцэцэг, хариуцагч Ш.Нямдорж, нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.   

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 3-р сард танилцан дотносон 2012 оны 10-р сарын 1-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бол болон амьдарч байсан. Гэтэл нөхөр маань 2014 оноос зан ааш нь хувирч, архийг ихээр ууж, уусан үедээ хэл амаар доромжилж, ална гэж  айлган сүрдүүлж, биед байнга хөнгөн, хүнд гэмтэл учруулан зодох болсон. Цаашид хүү бид 2 түүнтэй амьдрахад байнгын дарамттай хэцүү боллоо. Энэ байдлыг тэвчихийн аргагүй болж, гадуур байр хөлслөн амьдарч байна. 2011 онд хүү маань төрсөн бөгөөд одоо хадмуудын асрамжид байна. Эд хөрөнгийн маргаангүй ч өөрийн гэсэн хэдэн зүйлийг авна. Иймд хариуцагч Ш.Нямдоржоос гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, Банкнаас дундын хэрэгцээнд зарцуулахаар авсан зээлийн үлдэгдэл одоо 3 700 000 төгрөг байгаа. Үүний 50 хувийг буюу 1 850 000 төгрөгийг гаргуулан төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Батцэцэг нь гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээлгэж, зээлийн үлдэгдэл 1 850 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Ш.Нямдоржид холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5-д зааснаар Л.Батцэцэгийн нэхэмжлэлтэй Ш.Нямдоржид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид  давж  заалдах,  хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ