Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01587

 

 

 

 

 2023 08 11 210/МА2023/01587

 

 

Т.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/03278 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, С.Цэвээнролом нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруул, хариуцагч С.Цэвээнролом, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгаланзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/01094 дугаартай шүүхийн шийдвэрээр Т. *******ээс зээлийн гэрээний үүрэгт 518,800,000 төгрөг гаргуулж, Д.Болормаад олгохоор шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг З.Оюунтуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 дугаар байр, 9 тоот 51.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон Т.Адилтөгс, Н.Чимэдмаа нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 133 тоот, 48 м.кв дөрвөн өрөө байраар хангуулахаар шүүхийн шийдвэр гарч, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

1.2. Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 дугаар байр, 9 тоот 51.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 140,600,000 төгрөг, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 133 тоот, 48 м.кв дөрвөн өрөө орон сууцыг 204,153,000 төгрөг гэж тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан байна.

Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороололд байршилтай, угсармал хийцтэй, 20 дугаар байранд гэрчилгээгээр, 48 м.кв дөрвөн өрөө орон сууцыг 185,000,000 төгрөг гэж, Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороололд байршилтай, угсармал хийцтэй, 8 дугаар байранд гэрчилгээгээр 48мм.кв дөрвөн өрөө орон сууцыг 175,000,000 төгрөг гэж, мөн Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороололд байршилтай, угсармал хийцтэй, 9 дүгээр байранд гэрчилгээгээр 48 м.кв дөрвөн өрөө орон сууцыг 176,000,000 төгрөг гэж тус тус үнэлгээний харьцуулалт хийхдээ сонгосон байна.

1.3. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь бүсчлэл, зэрэглэлээс ихээхэн хамааралтай бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бүрдүүлэх гол хүчин зүйлсийн нэг байдаг. Гэвч Үнэлгээний зүйлийн танилцуулга, хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх орчны танилцуулгын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт ...Үнэлж буй хөрөнгийн тодорхойлолтод Нийслэлийн төв хэсэгт орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний байгууллагууд дунд байрладаг, 2.2 дахв хэсэгт Орчны нөхцөл байдлын свот шинжилгээнд давуу тал-хотын төв хэсэгт байрлалтай гэж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхойлсон боловч үнэлгээний үл хөдлөх эд хөрөнгийг тухайн дүүргийн ижил төстэй шинж чанар, ашиглалтын бодит нас, барилгын хийц зэрэгтэй харьцуулсан буюу ижил төрлийн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж бодит үр дүнг гаргасан гэж үзэж боломжгүй байна.

Иймд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ОСЗҮ-22/17 дугаартай Баянмодот ХХК-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/01094 дугаар шийдвэрээр Т.*******ээс 521,702,550 төгрөгийг гаргуулж Д.Болормаад олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл түүний өмчлөлийн Ү-2204020154 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол К-7 дугаар байрны 9 тоот 51.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, гуравдагч этгээд Т.Адилтөгс, Н.Чимэдмаа нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 4 дүгээр байрны 133 тоот 48 м.кв талбайтай Ү-2201007691 дугаартай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн.

2.2 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21260944 дугаар тогтоолоор үүсгэсэн. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол К-7 дугаар байрны 9 тоот 51.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 21260944/4 дугаар тогтоолоор,

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 4 дүгээр байрны 133 тоот 48 м.кв талбайтай Ү-2201007691 дугаартай 4 өрөө орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 21260944/5 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн.

2.3. Дээрх 2 орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21260944/6, 21260944/7 дугаар тогтоолуудаар хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/431, 12/432 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний шинжээч О.Бат-Эрдэнийг томилоход Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол К-7 дугаар байрны 9 тоот орон сууцыг 140,800,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 4 дүгээр байрны 133 тоот 204,153,000 төгрөгөөр тус тус үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн талуудад мэдэгдсэн.

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлтээ тус газарт гаргасан байсныг хүлээн авсан. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч, тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он гадна тохижилт, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нар шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотлоогүй байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С.Цэвээнроломын хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 133 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцын зах зээлийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

3.2. Үнэлгээний олон улсын стандарт болон Монгол улсын хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримталж, холбогдох дүрэм журмуудыг үндэслэж үнэлгээг хараат бусаар, мэргэжлийн байр сууринаас үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Үнэлгээ хийхдээ Үнэлгээний олон улсын стандартын зах зээлийн болон орлогын хандлагын аргаар хийж гүйцэтгэсэн.

3.3. Зах зээлийн хандлагын аргаар хийж гүйцэтгэхдээ үнэлэгдэх гэж байгаа хөрөнгөтэй ижил хийц бүтцийн хувьд ойролцоо, хэмжээний хувьд ижил хөрөнгөтэй харьцуулж үнэлгээг гаргасан.Үнэлж байгаа хөрөнгийн 1 онцлог нь энэ хөрөнгө 1988 онд баригдаж, ашиглалтад орсон, угсармал хийцтэй орон сууц байсан. Угсармал хийцтэй орон сууцны 1 онцлог нь 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууц гэдэг нь нийт талбайгаар биш, ашигтай талбайгаар хэмжээнд заагдсан онцлогтой орон сууц байгаа. Угсармал орон сууцууд нь 3 өрөө, 4 өрөө зэрэг хэмжээнээс шалтгаалж өөр өөр байдаг. Энэ 4 өрөө орон сууц нь аркны доор байрлалтай, гал тогооны өрөө орохгүйгээр 4 өрөө орон сууцны талбай 48 м.кв талбайтайгаараа онцлогтой. Яг ижил хийц бүтэцтэй, ийм хэмжээтэй ижил орон сууцуудыг хооронд нь харьцуулж үнэлэхгүй бол үнэлгээний стандарт зөрчиж, үнэлгээ худлаа болох болно.

3.4. Тийм учир 01 дүгээр хороололд байршилтай 4 өрөө 48 м.кв талбайтай угсармал орон сууцыг сонгож, мөн байршлын тохируулга хийж үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Энэ 48 м.кв нь гал тогооны өрөө нь ороогүй, ийм байр түгээмэл байдаггүй, ховор тул 01 дүгээр хороололд байх орон сууцыг харьцуулсан.

3.5. Зах зээлийн хандлагын аргад илүү их ач холбогдол өгсөн, 2-т орлогын хандлагаар хийсэн зүйл үнэлгээний дүнд ач холбогдол өгнө, 3-т өртгийн хандлагын аргаар хийсэн зүйлд ач холбогдол өгнө гэж стандартаар заасан учир зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээний үр дүнгээр 1 дүгээрт нэмээд 100 хувь ач холбогдол болдог. Үүнээс эцсийн үр дүнг сонгож 204,152,867 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнийн дүнд итгэлтэй байж болно. Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай эд хөрөнгө боловч байршлын тохируулга хийсэн тул үүнд алдаа гараагүй.

3.6. Миний хувьд 2007 онд үнэлгээчин болсон ба түүнээс хойш үнэлгээг тасралтгүй хийж байна. 2012 оноос хойш шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг хуулийн байгууллагуудад шинжээчээр томилогдож ажиллаж байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4.. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, С.Цэвээнролом нарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Т.*******ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүхээс ... орон сууцыг 1 м.кв тутамд 560,000 төгрөгөөр бага үнэлсэн, үнэлгээ нь шударга, бодитой байх шаардлыг хангаагүй... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж "Баянмодот" ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр "Баянмодот ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов" гэжээ.

5.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Т.*******ийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнтэй холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Үндэсний статистикийн хорооноос эрхлэн гаргадаг Статистикийн мэдээллийн нэгдсэн санд байрлах орон сууцны үнийн өсөлтийн мэдээллийг хавсарган орон сууцны үнийн дүн дүүрэг бүрд харилцан адилгүй байгаа тухай баримтыг шинжээч томилуулах хүсэлтийн хамт өгсөн боловч шүүгч миний хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд татгалзсан үндэслэл нь шинжээч томилох хангалтай үндэслэл байхгүй, өөрөө үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийдэг байгууллагад хандаж үнэлгээ хийлгүүлэхийг санал болгосон байдаг.

5.3. Нэхэмжлэгч өөрөө хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэх нь Шинжээч хөндлөнгийн хараат бус байх, хууль сануулах гэх мэт Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаандаа баримтлах зарчимд нийцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх эрсдэлтэй байсан болно.

5.4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзал, тайлбараа нотолж чадаагүй.

Нэхэмжлэгч Т.*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнтэй холбоотойгоор тус үнэлгээг хийсэн үнэлгээчин болох "Баянмодот" ХХК-ийн үнэлгээчинг хамтран хариуцагчаар татаж тайлбар авсан боловч тэрээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа ердөө "... үнэлгээ нь хууль тогтоомжид нийцсэн, манай байгууллага олон жилийн туршлагатай..." гэж хариу ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь тус үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар шударга, бодитой байх шаардлагыг хангаагүй мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т "Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх" гэсэн зарчимд нийцээгүй гэж үзээд нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хуульд заасны дагуу шударга, бодитоор хийгдсэн, үнэлгээ тайлан тодорхой байсан гэдгийг ямарч аргаар нотлоогүй болно.

 

5.5 Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/03278 дугаартай шийдвэр хуульд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан хариу тайлбар: Өөрөө шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч С.Цэвээнроломын гаргасан хариу тайлбар: Үнэлгээ хуульд нийцсэн талаар анхан шатны шүүхэд хангалттай тайлбарлаж өгсөн. Үнэлгээ олон улсын стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлэгдсэн үүнд эргэлзэх зүйл байхгүй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Т.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, С.Цэвээнролом нарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

3. Төлбөр төлөгч Т.*******ээс 518,880,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,822,550 төгрөгийг тус тус гаргуулж Д.Болормаад олгож, барьцаа хөрөнгө болох З.Оюунтуяагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204020154 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 байрны 9 тоот хаягт байрлах, 51.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Т.Адилтөгс, Н.Чимэдмаа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 133 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/01094 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 901 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх-ийн 73-93 дугаар тал/

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 21260944/4, 21260944/5 тоот тогтоолуудаар битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ. / 1хх-ийн 94, 102-105, 112-113 дугаар тал/ Нэхэмжлэгч энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

5. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/431 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Виннэрвэй ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилж, шинжээч Виннервэй ХХК-аас улсын бүртгэлийн Ү-2204020154 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 байрны 9 тоот хаягт байрлах, 51.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 140,800,000 төгрөг гэж тогтоожээ. /1хх-ийн 127, 130 дугаар тал/

5.1. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4-163/24387 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Т.*******, өмчлөгч З.Оюунтуяа нарт хүлээлгэн өгсөн, энэ мэдэгдэлд Т.*******, З.Оюунтуяа нар гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. /1хх.-ийн 177 дугаар тал/

5.2. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/432 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчээс улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 133 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 204,153,000 төгрөг гэж тогтоожээ. /1хх-ийн 152, 153 дугаар тал/

5.3. Үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4-163/24388, 4-163/24389 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч Т.*******, өмчлөгч Т.Адилтөгс, Г.Чимэдмаа нарт хүлээлгэн өгсөн нь мэдэгдэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбоо, Т.******* нар гарын үсэг зурсан байдлаар тогтоогдож байна /1хх-ийн 179, 180 дугаар тал/

5.4. Нэхэмжлэгч Т.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргажээ.

6. Хөрөнгийг үнэлсэн дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

7. Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан орон сууцнуудын бүсчлэл өөр Сонгинохайрхан дүүрэгт байрладаг, орон сууцны үнэ дүүрэгт бүрт өөр байдаг гэж маргасан.

Үнэлгээчин нь олон улсын үнэлгээний стандартын зах зээлийн аргыг ашиглахдаа Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороололд байрлах 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгож харьцуулалт хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй байна.

8. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүднээс шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангаагүй, хариуцагч С.Цэвээнролом нь Баянмодот ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй, бодитой, тодорхой болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх шаардлага, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Үнэлгээ тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ шүүх уг ажиллагаа нь хуульд нийцүүлэн явуулсан эсэхийг хянах эрх хэмжээтэй тул дахин шинжээч томилон үнэлгээ тогтоох хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/03278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

  ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

С.ЭНХБАЯР