Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 204

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Адуучин овогт  О.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806097450071 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч О.А нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 65-69 УНД улсын дугаатай приус 20 маркийн машинаар үйлчлүүлж байхдаа маргалдаж жолооч Ц.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр дүү Адъяатогтохынд хоол хүргэж өгөөд буцахдаа бааранд орж нэг нэг пиво уучихаад харихдаа такси барьсан. Гэтэл дүү маань машинд бөөлжихөөр нь жолоочид зогсоочээ гэхэд жолооч тэр чигтээ яваад байсан. Би дахиад хүн бөөлжих гээд байна, зогсоочээ гэхэд яасан дарамттай пизда вэ гээд уурлаад байсан. Тэгээд машинаас буугаад бид маргалдсан. Дүүтэй барилцаад авахаар нь би дундуур нь ороод барилцаж аваад нүүрэнд нь хоёр цохисон.” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 2/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Ц.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар дүгнэлт /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр О.Адъяатогтохоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-17/, гэрчээр С.Сарантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар О.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас  шүүгдэгч О.А нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 65-69 УНД улсын дугаатай приус 20 маркийн машинаар үйлчлүүлж байхдаа маргалдаж жолооч Ц.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч О.Аыг 2018 оны 12 дугаар сарын 08-ны шөнө приус 20 маркийн машинаар үйлчлүүлж байхдаа маргалдаж жолооч Ц.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Аын хохирогчоор өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 00:10 цагийн үед би эхнэртэйгээ хамт өөрийн 65-69 УНД улсын дугаартай приус 20 маркийн машинтай явж байгаад үл таних 2 залуу 21 дүгээр хороолол орно гэхээр нь машиндаа суулгаад явж байтал нзг залуу нь миний машины цонхоор гараад бөөлжөөд байхаар нь тэр залууд хандан миний машиныг цэвэрлэж өгөөрэй гэж шаардлага тавихад нэг залуу нь агсам тавиад. Адъяатогтох нь ахин нэг такси зогсоогоод явах гэж байгаад буцаж гуйвж сайгаад миний машины толийг хугалсан. О.А гэх хүн манай эхнэрийг түлхэж миний нүүрэн хэсэгт 2-3 удаа цохиод цааш дүү Адъяатогтохын хамт зугтсан. Энэ үед цагдаа нар ирж таараад би цагдаа нарын хамт араас нь хөөж барьсан. Надад учирсан хохирол болох 1.100.000 төгрөгийг барагдуулсан." гэх мэдүүлэг /хх-н 6-10/,

Гэрч О.Адъяатогтохын өгсөн: “...Таксины жолооч машинаа зогсоогоод машин руу бөөлжлөө гээд маргалдаж эхэлсэн. О.А таксины жолооч болон түүний эхнэртэй маргалдаад зууралдаад байсан." гэх мэдүүлэг /хх-н 15-16/

Гэрч С.Сарантуяагийн өгсөн: "...Хөх хүрэмтэй залуу нь намайг хойш түлхэн манай нөхрийн нүүрэн хэсэгт 2-3 удаа цохиод нөгөө залуутайгаа зам хөндлөн зугтсан..." гэх мэдүүлэг /хх-н 17-18/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар,

          1. Ц.Аын биед хамрын ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

          4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 11/,  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч О.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч О.А хохиролд 1.100.000 төгрөг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Шүүхээс шүүгдэгч О.Ат ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.