Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 684

 

М.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч М.Пын өмгөөлөгч Д.Гансүх, Э.Мягмардорж, шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, шүүгдэгч С.Эийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1201 дүгээр магадлалтай, Т.А, Б.Б, Д.М, М.П, С.Э нарт холбогдох 1805029010683 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч П.Гансүх, Э.Мягмардорж, шүүгдэгч С.Эийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй,  Шаавай овогт Т.А,

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Баян  овогт Б.Б,

3. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Намсрай овогт Д.М,

4. Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Шарнууд  овогт М.П,

5. Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй,  Жонос овогт С.Э.

Т.А нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б.Б, Д.М, М.П, С.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч С.Э, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч М.П, Д.М нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

шүүгдэгч С.Э, Б.Б нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Аг хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.Пыг 8 жил хорих ял, шүүгдэгч Д.Мыг 6 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Эийг 2 жил хорих ял, шүүгдэгч Б.Бг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Алыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, нэг сарын хугацаанд хохирол төлөх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 9 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож 135.000 төгрөгийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 9.865.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

шүүгдэгч М.П, Д.М, С.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Т.Аас 3.040.000 төгрөг, шүүгдэгч Д.Маас 46.850.000 төгрөг, шүүгдэгч М.Паас 178.268.600 төгрөг тус тус гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгуулах,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.Пын цагдан хоригдсон 73 хоног, шүүгдэгч Д.М, С.Э нарын тус бүр цагдан хоригдсон 7 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт...” гэж,

“Шүүгдэгч Д.Маас нийт 46.850.000 төгрөгийг гаргуулж” гэснийг “Д.Маас нийт 53.400.000 төгрөг гаргуулж” гэж,

“хохирогч Б.Тд 2.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Г.Тд 2.800.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Б.Хд 1.600.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Т.Хд 1.600.000 төгрөгийг” гэж,

“хохирогч А.Эд 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч А.Эд 2.800.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Н.Эод 1.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Эод 2.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч М.Чад 3.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Чад 3.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Ч.Дд 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Э.Дд 1.800.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Э.Эт 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Эт 1.800.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Д.Мид 1.550.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Ж.Мид 1.550.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Б.Бд 300.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Бд 1.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Н.Над 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Л.Над 1.800.000 төгрөгийг” гэж,

“шүүгдэгч С.Эээс нийт 9.850.000 төгрөгийг гаргуулж” гэснийг “шүүгдэгч С.Эээс нийт 13.600.000 төгрөгийг гаргуулж” гэж,

“хохирогч Н.Од 2.750.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Од 4.500.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Ц.Бэд 100.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Ц.Бэд 2.100.000 төгрөгийг” гэж,

“Шүүгдэгч М.Паас нийт 178.268.600 төгрөг гаргуулж” гэснийг “Шүүгдэгч М.Паас нийт 187.368.600 төгрөг гаргуулж” гэж,

“хохирогч Б.Тд 2.200.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Г.Тд 2.200.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Б.Хд 2.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Т.Хд 2.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Н.Бт 1.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Бт 2.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч М.Чад 4.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Чад 4.000.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Ч.Дд 2.200.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Э.Дд 2.200.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Э.Эт 1.700.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Э.Эт 3.700.000 төгрөгийг” гэж,

“хохирогч П.Од 5.500.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Од 5.500.000 төгрөгийг” гэж,

хохирогч Б.Бд 400.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Бд 1.500.000 төгрөгийг” гэж,

хохирогч Н.Над 3.200.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Л.Над 3.200.000 төгрөгийг” гэж,

“хохирогч Г.Нд 2.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч П.Нд 3.000.000 төгрөгийг” гэж,

тогтоох хэсгийн 12 дахь заалтын “...шүүгдэгч М.Пын цагдан хоригдсон 73 хоногийг...” гэснийг “...шүүгдэгч М.Пын цагдан хоригдсон 91 хоногийг ...” гэж  тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Шүүгдэгч Д.Маас 3.800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт”, “Шүүгдэгч М.Паас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Дд”, “шүүгдэгч М.Паас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт тус тус олгосугай” гэсэн нэмэлт оруулж,

шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Т.Хонгор, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Бгаас гаргуулах хохирол төлбөргүй болохыг, мөн шүүгдэгч Т.А нь хохирогч Ц.Цд 540.000 төгрөг, Э.Мд 1.000.000  төгрөг, С.Од 1.500.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.П гаргасан гомдолдоо:...Миний бие мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээж, үнэн зөвөөр мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаагүй ба нотлох баримт удаа дараа гаргаж өгч байсан. Гэвч нотлох баримт болох дансны хуулгыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан ба үүнээс болж миний бодит хохирлыг үнэн зөвөөр тогтоогоогүйд маш ихээр гомдолтой байна.

Миний бие хохирогч нарт хохирол төлсөн байтал намайг хохирол төлбөр төлөөгүй гэж ярьж байгаад гомдолтой байна. Мөн хэрэгт шалгагдаж байсан Г.Б нь яллагдагчаар татагдсан байх үедээ оргон зайлсан. Миний бие улсын яллагчийн хэлсэн төлбөр тооцоон дээр санал нийлэхгүй байна. Миний данснаас Бийн данс руу 96 сая төгрөг орсон байдаг. Гэтэл уг асуудлаа шүүх хуралдаанаар огт дурдаагүй. Улсын яллагч С.Эрдэнэбаяраас Г.Бийг асуухад хэргийг тусгаарласан гэж хэлж байсан. Г.Б нь надтай болон Д.М, Т.А нартай бүлэглэн 19-20 удаагийн үйлдэлтэй, мөн Б нь эхнэрийнхээ дансаар 8 удаагийн үйлдлээр 18 сая төгрөгийг миний данснаас шилжүүлсэн байдаг. Мөн байцаалтын явцад би энэ бүгдийг олон удаа хэлж, эд мөрийн баримт болгож дансны хуулгыг мөрдөн байцаалтын явцад өгч шалгуулах хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Миний хүсэлтийг мөрдөгч болон прокурор хүлээн авч шалгаагүй. Г.Б болон түүний эхнэрийн данс руу орсон гэх мөнгөний баримт болох хуулгыг нотлох баримт болгож миний хавтаст хэрэгт хавсаргаагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хурлаар Г.Бийг нэг ч удаа дурдаж яриагүй хирнээ шүүгч асуухад хэргийг тусгаарласан гэсэн. Мөн тусгаарласан гэх баримт танилцуулаагүй ба гарын үсэг зуруулаагүй. Мөн Г.Б нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулгаар 96 сая төгрөгийг авсан гэж нотлогдож байхад миний хохирол төлбөр дээр нэмж гаргасанд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүхээр ороход миний хохирлыг улсын яллагч 158 сая, анхан шатны шүүгч 178 сая гэж зөрүүтэй гаргасан. Иймд би Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган ороход миний хохирлыг 187 сая болгосон. Иймд би хохирлын тооцоог үнэн зөв гаргаж өгнө үү гэж хүсэж байна.

Т.А 2 хүнээс мөнгө авч, авсан мөнгөө Г.Б болон надад өгсөн байхад Т.А яллагдагчаар татаж 1 жил тэнсэх ял өгч, 3 сая 40 мянган төгрөг гаргуулахаар шийдсэн. Г.Б нь 96 сая төгрөгийн асуудалтай байхад байцаагч, прокурор нар хаацайлж, оргон зайлуулан зугтаалгаж, гарсан хохирлыг миний төлбөр дээр нэмж гаргаж байгаад би маш их харамсаж байна. Иймд хохирлын тооцоог үнэн зөв гаргуулж, хэргийг дахин шалгуулахаар прокурор, мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.

Иргэний хариуцагч Ц.М урьд нь яллагдагчаар татагдаж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт орж хэрэг мөрдөн байцаалтанд буцахад прокурор, мөрдөн байцаалтын явцад бид бүгдийг нэг өдөр дуудаж Ц.М, Т.А хоёрыг энэ хэрэгт холбогдолгүй юм байна гэж үзэж бид бүгдээр гарын үсэг зуруулсан. Түүнээс 7 хоногийн дараа Т.А нь мөрдөн байцаалтад цагаа бүртгүүлж ирсэн. Юу болсон талаар асуухад мэдэхгүй, яллагдагчаар эргээд татсан гэсэн. Мөн Ц.М нь өөрөө гэрээ хийж, өөрийн дансаараа хохирогч нараас мөнгө авсан байж иргэний хариуцагч болсонд гомдолтой байна. Ц.М, Г.Б нар нь гэрч, хохирогч нараас мөнгө авсан нь гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга байхад аваагүй мэт хааж хаацайлж байгаад маш их гомдолтой байна.

Миний бие гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирогч нараа хохиролгүй болгохыг хүсэж байгаа тул хохирлын тооцоог үнэн зөвөөр гаргаж өгнө үү. Мөн Баянзүрх дүүргийн прокуророос 2020 оны 07 дугаар сарын 31-нд үйлдэгдсэн яллах дүгнэлтийг авч, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд оролцсон. Уг яллах дүгнэлт нь 5 үйлдэлтэй, 2019 оны 8 сард үйлдэгдсэн үндсэн хэргийн маань үргэлжилсэн үйлдлүүд учир нэг төрлийн гэмт хэрэг тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь миний эрх зүйн байдлыг дордуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, нэг яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцүүлж гэм буруу, ялын асуудлыг шийдвэрлүүлэх боломжийг олгон, надад холбогдох хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Пын өмгөөлөгч Э.Мягмардорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:
“1.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчсөн. Өөрөөр хэлбэл хохирлын тооцоог зөв тодорхойлоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй байхад нотлогдсон мэтээр дүгнэн ял оногдуулсан нь шударга зарчмыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Яллагдагч Г.Бийг хилээр гарсан гэсэн үндэслэлээр хэргийг тусгаарласан хирнээ Г.Бийн гэм бурууг М.Пд нялзааж, нотлох баримтыг сайн шалгалгүйгээр Г.Бийн авсан мөнгийг М.Паар төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь ялгаварлан гадуурхаж, шударга бус хандаж байгаагийн тод илрэл гэж үзэж байна. Хохирлын хэмжээг бүрэн шалгаж тогтоогдоогүйгээс шалтгаалан яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал тус бүрт хохирлын хэмжээг өөр өөрөөр тодорхойлсон. Анхан шатны шүүх М.Паас 158.085.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх ямар ч нотлох баримтгүйгээр, улсын яллагчтай давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гэм хорын хэмжээг наймаалцаж /шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан гэж найдаж байна./ үүнийг М.Паас гаргачихая гэсэн байдлаар 178.268.600 төгрөг гэснийг 187.368.600 төгрөг болгон нэмэгдүүлж шийдвэрлэснийг илт ялгаварлан гадуурхаж байгаа байдал гэж үзсэн.

Давж заалдах шатны шүүх нотлогдоогүй үйл баримтыг буруу үнэлснээрээ Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.“ гэснийг зөрчсөн. Хохирлын хэмжээг нотлох баримтад үндэслэн үнэн зөв тодорхойлох нь хохирол нөхөн төлөх, ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдах, Өршөөлийн хуульд хамрагдах зэрэг шүүгдэгчийн цаашдын амьдрал, хувь заяанд шууд нөлөөлөх учраас тогтоол, магадлал эргэлзээгүй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байгаа юм. Түүнчлэн бусад шүүгдэгчдийн адил хүн олж өгч өөрөө мөнгө авсан Ц.Мыг яллагдагч бус хохирогчоор тооцож байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны шаардлагыг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийг Эрүүгийн хуулийн дагуу зүйлчилсэн зүйлчлэлийн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэл үү, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон уу гэдгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. М.П уг гэмт хэргийг 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарын хооронд үйлдсэн байдаг. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг ойлголтод амьдралынхаа хир хугацааг зарцуулсан, тухайн гэмт хэргийн орлогоос өөр амьдрах эх үүсвэр, орлого байсан эсэхээс хамаарч зүйлчлэгдэх ёстой. М.Пын тухайд лангуу түрээслэн ажиллуулж, орлого олдог байсан, түүний нөхөр төрийн албанд ажиллаж орлого олж амьдралын эх үүсвэртэй байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Иймд байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэсэн шинж М.Пын үйлдэлд үгүйсгэгдэж байгаа тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Шүүх бусад шүүгдэгч нарын заримыг чухам ямар шалгуураар өөр өөр зүйлчилж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон ял оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Гэмт хэргийн үйлдлийн тоо, хугацаанаас хамаарч зүйлчлэлийг өөрчлөөд байна уу, үнэхээр амьдралын өөр эх үүсвэргүй байдлыг харгалзан үзсэн үү, үргэлжилсэн үйлдэл үү, аль эсвэл хохирлын хэмжээнээс хамаарч байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа байдал нь хууль, шүүхийн өмнө тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан шийдвэр болсон гэж үзэж зөвшөөрөхгүй байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн Хэргийн бодит байдлыг тогтоох талаар 1 дэх хэсэгт тодорхойлохдоо “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Гэтэл М.Пын үйлдэл, гэм хор, хохирлын хэмжээг нотлох баримтаар мөрдөгч, прокурор бүрэн тогтоох үүргээ биелүүлээгүйг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс Г.Б болон бусад шүүгдэгч нарын өөрсдийн болон бусдын дансаар буцааж авсан мөнгийг М.Пд хамаатуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтыг зөрчсөн зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарах бөгөөд ийнхүү ноцтой зөрчил гаргасан тохиолдолд уг шийдвэрийг хүчингүй болгохоор хууль тогтоогчоос хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулахад оршдог. Гэмт хэргийн хохирлын хэмжээ үнэн зөв тогтоогдоогүйгээс М.Пд хэт өндөр ял оногдуулах шалтгаан нөхцөл болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, гэмт хэрэг гэж үзэж буй нөхцөл байдалд хамааралтай этгээдүүд орхигдсон, бүрэн шалгагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайлбал: яллагдагч Б, хохирогч Ц.М нарын үйлдлийг нэг мөр шалгаж шударгаар хандах ёстой. Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой байхад анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг бодитой үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл мөн. Нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй, хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээ бүхий байдлыг бий болгосон байхад давж заалдах шатны шүүх “уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй” гэж дүгнэсэн хирнээ “анхан шатны шүүх хэргийн улмаас учирсан хохиролд гэм буруутай этгээдүүдээс хохирогч нарт хохирол гаргуулах болон үндэслэлийг тодорхой дүгнэхгүйгээр, мөн мөрдөн байцаалтын шатанд төлөгдсөн зарим хохирлын тооцоо хийгээгүй, нэр бүхий шүүгдэгч нарын дангаар хариуцвал зохих хохирлыг бусад шүүгдэгч нарт тодорхойгүй байдлаар хуваарилсан, зарим хохирлын тооцоог буруу хийсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан” гэсэн салаа утга бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдол үндэслэлтэй байсныг нотолж байна.

Шүүгдэгч М.Пд холбогдох эрүүгийн өөр хэрэгт яллагдагчаар татсан тогтоол байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгийг зөрчин хэргийг нэгтгэхгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан нөхцлийг бий болгосноор миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцааж, хэргийг нэг мөр, үндэслэлтэй шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Пын өмгөөлөгч П.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

1.М.П нь гэм буруутайгаа маргахгүй, гэмшиж байгаа бөгөөд ганцхан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг үнэн зөв тогтоолгохоор маргаж байгаа билээ. Анхан шатны шүүх гэм буруутайд тооцохдоо М.Пыг бусдад 158.085.000  төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн ба Эрүүгийн хариуцлага хүлээлгэж уншихдаа 178.268.000 гэж үндэслэлгүйгээр өөрчилж шийдвэрлэсэн байна. /Шийтгэх тогтоолын 49-50, 54 дүгээр нүүр/

2.Давж заалдах шүүх өмгөөлөгч миний болон М.Пын гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хохирлын хэр хэмжээг буруу тогтоосон, нотлох баримт харилцан зөрүүтэй байна. Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, хохирлын хэр хэмжээг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр хохирлын хэр хэмжээг өөрчилж М.П дээр нэмээд 10 сая төгрөгийг төлөх нь зүйтэй” гэж шийдвэрлэж байгаа нь давж заалдах шатны шүүх өөрөө мөн адил шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, хохирлын хэр хэмжээг эргэлзээгүй бодитой тогтоож чадсангүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Бодит хохирлын хэмжээг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж эргэлзээгүй тогтоох ёстой гэж өмгөөлөгч үзэж байна.

3.Прокурорын байгууллага Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж байгааг дээд шүүх анхааралдаа авна уу. М.П нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн яллах дүгнэлтээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин нэмж ял авах гээд байж байна. Хэрэг шүүх рүү шилжүүлсэн бол бусад дүүргүүд дээр байгаа нэгтгэгдэж амжаагүй ажиллагаанд байгаа өмнөх болон үргэлжилсэн үйлдлүүдийн ажиллагааг царцаагаад Эрүүгийн хариуцлага хүлээлгэсний дараа нэмж яллаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна. Мөн энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх гэсэн зарчимд нийцэхгүй байгаа юм.

4.Г.Бийн яллагдагчаар татсан тогтоол, хэргийг тусгаарласан тогтоол, оногдох хохирлын хэр хэмжээ нь хавтаст хэрэгт байхгүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн М.Пын хохирол төлсөн баримтууд нь хавтаст хэрэгт байхгүй нь хохирлын хэмжээ бодитой гарах ямар ч боломжгүй байгаа юм. Мөн хохирлын дүн нь 158.085.000, 178.265.000, 187.368.600 гэсэн 3 өөр зөрүүтэй дүн гарч байна. Иймд давж заалдах шатны шүүхийн хурлын бичлэгийг хянуулах, хохирлын хэр хэмжээг үнэн зөв тогтоолгох, үргэлжилсэн гэмт үйлдлүүдийг нэмж нэгтгэн нэг мөр шийдүүлэх нь зүйтэй учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.М гаргасан гомдолдоо: “...Надад холбогдох эрүүгийн 180502910683 дугаартай хэргийг гол зохион байгуулсан гэх М.П нь 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Солонгос улс руу ажлын гэрээгээр иргэдийг зуучлан гаргадаг, албан ёсны байгууллагуудад 3 жил ажиллах гэрээ хийлгэн хөдөлмөрийн биржээр дамжуулан зуучилж байгаа бөгөөд нөхөр нь болох Дарханбаатар өндөр албан тушаал хашдаг гэж надад ойлгуулан тухайн үед бэлнээр 500.000 төгрөг, өөрийн маань бичиг баримттай авсан. Үүнээс хойш 7 хоног өнгөрсний дараа утсаар холбогдон дахиад 3 хүний орон  тоо гарсан, одоо оноос өмнө багтаад гаргах юм шиг байна, удлаа гэхэд он гарангуут шууд гаргана, таньж мэдэх хүн байвал сураглаж байгаарай, чи 700.000 төгрөгөөр хүн авч ирж бүртгүүлэх юм бол чамд наад хийлгэж байгаа гэрээнээс 300.000 төгрөгийг би өөрөө авч өгч байх болно гэж надад хэлсэн.

Энэ үеэс би Солонгос руу ажлын гэрээгээр явах хүмүүс сураглаад, хэрэв сонирхож байгаа тохиолдолд зуучлалын хөлс болох 300.000 төгрөгийг авдаг болсон. Миний П эгчтэй уулзуулсан хүмүүс дунд манай найз, найзын эгч, найзын ээж, манай хүргэн ах, нагац эгч зэрэг ойр тойрны танилын хүрээллийн хүмүүс голдуу байсан бөгөөд бид бүгд хамтдаа Солонгос улс руу гэрээний ажил хийж, өөрсдийн амьдрал ахуйг өөд нь татах, өр зээлнээсээ гарах зэргээр төлөвлөөд явж байсан. Миний хувьд өөрийн төрөл садан хүмүүсийг зуучлан өгөхдөө хөлс болох 300.000 төгрөгийг авахгүйгээр гэрээ хийлгэдэг байсан. Энэ хугацаанд өөр бусад хүмүүс гэрээ хийе гээд надаар дамжуулан П эгчтэй уулзах бүрт гэрээ хийсэн хүмүүсээс урамшуулал мөнгийг П эгч надад өөрөө авч өгдөг байсан. Тухай бүрт нь би баярлаад, мөн удахгүй Солонгос улс руу явж ажил хийнэ гэсэн итгэлтэйгээр 5 сар болсон бөгөөд эцэс сүүлд нь эргэлзээд эхэлж байтал П эгч маань Хөдөлмөрийн биржийн үүднээс виз гаргаж өгнө гэсэн сүүлийн өдөр бид бүгдийг хуурч мэхлээд явж байсан нь ойлгогдсон. Тухайн өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхээр шийтгүүлэх хүртэлх хугацаанд М.П нь миний ах, дүү, хамаатан саднууд болоод бусад хохирогч нараас авсан мөнгөө нэгийг нь ч барагдуулаагүй, харин ч бүр дунд нь худал зүйл ярьж, хооронд нь хэрүүл хийлгэн нэгнийх нь мөнгийг нөгөөд нь өгсөн гэж ярьсаар эцэст нь би гэмт хэрэг хамтран үйлдсэн болоод өнөөдөр анхан шатны шүүхээс 46 сая төгрөгийг бусдад барагдуулахаар болоод явж байна.

Надад Солонгос руу хүн явуулах нь битгий хэл Солонгос руу явж үзсэн таних хүн нэг ч байхгүй. Хөдөлмөрийн биржид таних хүн байх нь битгий хэл тэр газар хаана байдгийг нь ч мэдэхгүй байсан. Одоо ч гэсэн П эгчтэй зээлийн гэрээ хийсэн, Солонгос улс явах гэж мэхлүүлсэн миний ойр тойрны хүмүүсээс намайг бодоод хуулийн байгууллагад хандаагүй маш олон хүмүүс байгаа. Тэдний хохирлыг барагуулах, үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэх болов уу гэж хутгалдаж явсаар өнөөдөр 6 жил хоригдох гээд сууж байна. Хэрэв П гэдэг хүн худал ярьж, гадаад руу гэрээгээр бусдыг ажилд зуучилна гэж яриагүй байсан бол өнөөдөр хохирогчоор тогтоогдоод буй 70 орчим хүн хуулийн байгууллагад хандаагүй өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээгээр миний гэр бүл, эцэг, эхээс мөнгө нэхэмжилж байгаа. Манай ураг төрөл, хамаатан садны 10 хүнд 18 сая төгрөгийн хохирол учрахгүй байх байсан. Энэ хүний гэмт үйлдлээс болж хамаатан садныхаа болоод бусад гэмгүй олон хүний эд хөрөнгө, цаг зав, итгэл найдварыг алдсанаар би өнөөдөр өөрийн нийгэмд эзлэх байр суурийг бусдаас доогуур үнэлэгдэх хэмжээнд хүртлээ үнэ хүндээ алдаж, нэг өдөр тайван нойртой хоносонгүй.

Миний хувьд хувиараа ахын хамт гэрэл зургийн студи ажиллуулдаг, хангалттай биш ч гэсэн өөрийн хэмжээнд боломжийн орлого олдог, хэнээс, юу ч гуйхгүйгээр амьдралаа аваад явдаг нэгэн байлаа. П гэдэг хүнийг таних болсон тэр өдрөөс хойш юу нь үнэн, юу нь худал болохыг ялгахгүй эргэлзээтэй, адармаатай, алхам тутамдаа дарамттай явсаар ирлээ. Шүүхээс намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн байна. Үнэн чанартаа бол би гэмт хэрэг үйлдэгдээд яваад байсныг өнөөдөр хохирогчоор тогтоогдоод буй бүх хүмүүстэй нэгэн зэрэг мэдсэн. Тэгтэл намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж ял өгчихөөд байна. М.П эгчтэй хүмүүс зуучлан уулзуулж байх үедээ би өөрийн хувиараа эрхэлдэг ажлыг тогтвортой хийж, тогтмол олдог орлогоо олж, амьдрал ахуйгаа залгуулсаар ирсэн байдаг. Гэмт хэргийн замаар олсон гэх буюу Пын надад өгсөн урамшууллын мөнгөөр амьдралаа залгуулж амьдралын эх үүсвэр болгон амьдарсан зүйл огтхон ч байхгүй билээ. Гэтэл намайг энэ хүнд гэмт хэрэгт оруулан зүйлчилж, энэ өндөр ялыг өгч байгаад үнэхээр их гомдолтой байна.

Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байтал надад холбогдох хэргийн Паас бусад 3 шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээр эрс зөрүүтэй ял шийтгэл аваад, нэг нь бүр хэрэг тусгаарлуулсан нэрээр хаана байгаа нь мэдэгдэхгүй алга боллоо. Яг ижилхэн нөхцөл байдалд орсон 4 хүний хэргийг 4 өөр эрс зөрүүтэй шийдвэрлээд байгааг ойлгоход үнэхээр бэрх байна. Адилхан Монгол улсын иргэд бүгд адил тэгш эрхтэй байх атал ганц намайг ингэж ялгаварлан үзэж байгаад их гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж хөдөлбөргүй нотолно гэсэн байхад уг хэргийг шалгасан мөрдөгч Алтангэрэл, хяналт тавьсан прокурор Эрдэнэбаяр нар нь хэт нэг талыг барьсан, гэм буруугийн хувьд ижилхэн атал эрс зөрүүтэй нөхцөл байдлыг бий болгон хувийн үзэмжээр хандаж нотлох баримтыг дутуу цуглуулж надад энэ өндөр ялыг төлөвлөсөн гэж тооцож байна.

Би 1990 онд төрсөн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг эгэл жирийн Монгол улсын иргэн, хэн нэгэнд буруу зүйл хийж, буруу сэтгэлээр амархан замаар мөнгө олох зорилго агуулаад явж байсан удаа надад нэг ч байхгүй. Иймээс Монгол улсын шүүх үнэн зөвөөр хэргийг шалгуулах, тухайн үеийн болсон нөхцөл байдлыг үнэн бодитоор нь сэргээн дүрслүүлж, хууль ёсны дагуу хариуцлагаа хүлээх нөхцөл боломжоор минь хангаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсийн 3.1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг бүлэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож 6 жилийн хорих ял шийтгэсэн. Харин давж заалдах шатны шүүхэд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэх гомдол гаргасан боловч зүйлчлэл болон ялыг хэвээр үлдээж, анхан шатны шүүх болон прокурорын яллах дүгнэлтэд дурьдаагүй хохирлыг шүүгдэгч Д.Мөнжаргалаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг:     Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн хувьд Залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг хууль зүйн ойлголт бөгөөд тоогоор илэрхийлэгдэхээсээ илүү тухайн гэмт хэргийн замаар олсон мөнгө нь шүүгдэгчийн амьдрал ахуйд ямар нөлөөтэй байсан, тухайн хугацаанд түүнээс өөр орлоготой байсан эсэх, хэрэв гэмт хэргийн замаар олсон орлого орж ирээгүй тохиолдолд тухайн хүний өөрийн болон гэр бүлийн амьдрал санхүүгийн хувьд эх үүсвэргүй болох зэрэг нөхцөл байдлыг харгалзах шаардлагатай байдаг. Хууль зүйн техникийн хувьд уг өгүүлбэр нь нэг утгыг илэрхийлэх ба байнга үйлдэж гэдэг нь амьдралын эх үүсвэр болгосон шинжийг тодотгож байгаа болохоос биш дангаараа утга илэрхийлэхгүй.

Шүүх хавтаст хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд цугларсан, хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж шийдвэрээ гаргах учиртай. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс амьдралын эх үүсвэр болгосон шинж тогтоогдоогүй, харин ч эсрэгээрээ амьдрал ахуйдаа зарцуулаагүй нь нотлогдсоор байхад зөвхөн байнга үйлдэж гэдэг шинжээр нь хүндрүүлж шийдвэрлэж байгаа нь шудрага ёсны зарчим, хууль ёсны байх зарчмыг зөрчиж, хойшид хуулийг хууль тогтоогч нарын үзэл баримтлалаас гуйвуулж тайлбарлаж хэрэглэх хууль хэрэглээний буруу жишиг тогтох нөхцөл бүрдэж байна гэж үзэж байна. Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн практик болон онолын тайлбаруудаас үзэхэд “гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож байсан, мөн шүүгдэгч нь амьдралынхаа хэвшил болгож үүнийг амьжиргааныхаа эх сурвалж болгож байсан” гэх шинжүүдийг харгалзаж уг онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр гэм буруутайд тооцдог байна.

Манай үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Мын хувьд гэм бурууд маргадаггүй, өөрийн ойр дотны хүмүүсээ өөрөө төөрөгдөлд орсноосоо болж хохироосондоо гэмшиж хохирлыг төлж байгаа бөгөөд цаашид ч төлөхөө илэрхийлж байгааг дурьдах нь зүйтэй. Мөн анх шүүгдэгч М.Птай танилцахдаа тэдний гэрийг өөрийн эзэмшлийн бага оврын ачааны машинаар нүүлгэж танилцсан бөгөөд өөрөө визэнд орохоор 500.000 өгсөн байдаг. Мөн шүүгдэгч Д.М нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Бонго маркийн 39-57 УБР улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгсэлтэй байсан ба түүгээрээ ойрын тээвэр хийж орлого олдог байсан. Уг тээврийн хэрэгслийг хэрэг шалгагдах явцад хохирогч нарт хохирол барагдуулах зорилгоор өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт бий. Мөн гэмт хэрэгт холбогдох тухайн цаг хугацаанд “Кингмайнд” ХХК-д зураглаач, инженерээр ажилладаг байсан талаарх нотлох баримт болон эхнэрийнх нь мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай байдаг.

Мөн шүүгдэгч Д.М нь уг гэмт хэргийн замаар олсон мөнгөө Стейн гэх сүлжээнд 10.000 америк доллар буюу 25.000.000 өгч өөрөө залилуулсан бөгөөд уг гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа баримт мөн хавтаст хэрэгт байдаг. Шүүхээс шүүгдэгч Д.Мыг бусдад учруулсан хохирол буюу төлөх төлбөрийг 46.850.000 төгрөг гэж тогтоосон бөгөөд дээрх 25.000.000 төгрөг нь гэмт хэргийн замаар олсон орлогын 53 хувь байна. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Мын гэмт хэргийн замаар олсон мөнгө нь түүний болон гэр бүлийнх нь хувьд амьдралынх нь эх үүсвэр болж байгаагүй нь тогтоогдож байна.

Хоёр: Давж заалдах шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Мыг бусдад учруулсан хохирол буюу төлөх төлбөрийг 46.850.000 төгрөг гэж тогтоосныг давж заалдах шатны шүүх ямар ч нотлох баримт, тооцоолборгүйгээр 53.400.000 төгрөг гаргуулж гэж даруй 6.550.000 төгрөгөөр нэмэгдүүлж хүндрүүлж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Уг хүндрүүлсэн шийдвэр нь ямар ч нотлох баримтад тулгуурлаагүй бөгөөд шүүгч, прокурорын харилцан яриа тодруулгын явцад шийдвэрлэгдсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. /шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс тодорхой харагдана
Иймд шүүгдэгч Д.Мд холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, мөн давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр, хууль зөрчиж 6.550.000 төгрөгөөр нэмж хохирол гаргуулсан заалтыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж байгаа, үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, гэмт буруутай үйлдэл хийсэн боловч өөрөө төөрөлдсөн, хууртсан, бодит байдлыг бүрэн мэдээгүй байсан, эхнэр, бага насны хүүхэдтэй, цаашид хөдөлмөрлөж бусдад учруулсан хохирлоо төлөх шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Эийн өмгөөлөгч Б.Ганпүрэв гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхээс С.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнээс 9.850.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Дд 2.000.000 төгрөг, Н.Од 2.750.000 төгрөг, Ц.Бэд 100.000 төгрөг, Б.Чад 3.000.000 төгрөг, О.Мд 2.000.000 төгрөг, нийт 9.850.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн билээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...шүүгдэгч С.Эээс нийт 9.850.000 төгрөг гаргуулж” гэснийг шүүгдэгч С.Эээс нийт 13.600.000 төгрөгийг гаргуулж” гэж, “хохирогч Н.Од 2.750.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Од 4.500.000 төгрөгийг”, “хохирогч Ц.Бэд 100.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Ц.Бэд 2.100.000 төгрөгийг” гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн.

С.Э нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд, мөрдөн байцаалтын шатанд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Алтангэрэлд 6.000.000 төгрөг, хохирогч С.Чд 2.000.000 төгрөг, Ц.Бэд 2.000.000 төгрөг, Б.Мд 1.000.000 төгрөг, Т.Дд 1.500.000 төгрөг, Т.Сд 1.250.000 төгрөг, Н.Од 1.750.000 төгрөг, М.Чт 1.000.000 төгрөг тус тус төлж барагдуулсан бөгөөд баримтыг хавтаст хэрэг гаргаж өгсөн болно. /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 140-145 дахь тал/, /11 дүгээр хавтаст хэргийн 192-208 дахь тал/

С.Э нь Н.Оаас авсан 4.500.000 төгрөгнөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Н.Оын Хаан банкин дахь 5740081185 тоот дансанд өөрийн 5029695186 тоот данснаас 1.750.000 төгрөг, Ц.Бээс авсан 2.100.000 төгрөгнөөс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц.Бийн Хаан банкин дахь 5058071296 тоот дансанд өөрийн 5030629684 тоот данснаас 1.000.000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ц.Бэд бэлнээр 1.000.000 төгрөг тус тус төлсөн билээ. /баримтуудыг хавсаргав./

Гэтэл Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг зөрчиж, нэгэнт төлсөн мөнгийг дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1201 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын С.Эт холбогдох хэсэг буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...шүүгдэгч С.Эээс нийт 9.850.000 төгрөг гаргуулж” гэснийг шүүгдэгч С.Эээс нийт 13.600.000 төгрөгийг гаргуулж” гэж, “хохирогч Н.Од 2.750.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Од 4.500.000 төгрөгийг” гэж, “хохирогч Ц.Бэд 100.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Ц.Бэд 2.100.000 төгрөгийг” гэж тус тус өөрчилсөн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ гаргасан саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1- 1.10 дахь хэсэгт заасан аль үндэслэлээр гомдол гаргасан нь тодорхойгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч М.П нь өөрөө болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож 65 удаагийн үйлдлээр бусдад нийт 338.184.900 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч С.Э нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг 10 удаагийн үйлдлээр бусдад нийт 63.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Д.М нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож 27 удаагийн үйлдлээр бусдад нийт 160.699.900 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Т.А нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 3 удаагийн үйлдлээр залилж бусдад 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

Хоёр шатны шүүх хохирлын тооцоог гаргахдаа зөрүүтэй гаргасан тухайд давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Г.Бт холбогдох хэрэг хэрэг бүртгэлтийн ажиллагаанд байгаа бөгөөд хохирогч нарын мэдүүлгээр М.Птай хамтран бусдыг залилах гэмт хэрэгт оролцсон нь нотлогдсон, харин түүнээс сэжигтнээр 2 удаа мэдүүлэг авсны дараа БНСУ-руу гарсан болох нь тогтоогдсон ба яллагдагчаар татаагүй тохиолдолд холбогдох хэргийг тусгаарлах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй. Мөн өөр дүүргийн нутаг дэвсгэрт дахин гэмт хэрэг үйлдсэн талаар шүүгдэгч М.П болон өмгөөлөгч нараас мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гаргасан гомдол хүсэлт хэрэгт байхгүй ба нэгтгэн шалгуулахаар хэргийг прокурорт буцаах тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж тохирох ял шийтгэлийг оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч П.Гансүх, Э.Мягмардорж, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, шүүгдэгч С.Эийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан гомдлыг үндэслэн Т.А, Б.Б, Д.М, М.П, С.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.П нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн “БНСУ-ын виз гаргаж өгнө, БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна, АНУ-ын виз гаргаж өгнө” гэх зэргээр хуурч мэхлэн нэр бүхий 64 иргэнд нийт 338.184.900 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Т.А нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн “БНСУ-ын виз гаргаж өгнө, БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна” гэж хуурч мэхлэн нэр бүхий иргэнд нийт 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн “БНСУ-ын виз гаргаж өгнө, БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна” гэж хуурч мэхлэн нэр бүхий 7 иргэнд нийт 96.363.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.М нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн “БНСУ-ын виз гаргаж өгнө, БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна” гэж хуурч мэхлэн нэр бүхий 26 иргэнд нийт 160.699.900 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Э нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн “БНСУ-ын виз гаргаж өгнө, БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна” гэж хуурч мэхлэн нэр бүхий 10 иргэнд нийт 63.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч М.Пын хохирогч Б.Баас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22.683.600 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг иж бүрэн компьютерыг “мөнгө орж ирэхээр өгнө” гэж хуурч авсан, мөн “байрны мөнгө өгөх гэсэн юм” гэж хуурч 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, мөн 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 100.000 төгрөгийг тус тус авч, хохирогч Б.Бд нийт 23.283.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг хохирогч Б.Бын шүүх хуралдаанд /шийтгэх тогтоолын 14 дүгээр тал/ болон мөрдөн байцаалтад өгсөн /шийтгэх тогтоолын 35-36 дугаар тал, магадлалын 41 дүгээр тал, хэргийн 11 дүгээр хавтасны 248 дугаар хуудас/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч М.Паас 23.283.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бд олгуулахаар шийдвэрлэсэн /шийтгэх тогтоолын 55 дугаар тал/ атлаа тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч М.Пын нэр бүхий 64 иргэнд учруулсан 338.184.900 төгрөгийн хохиролтой нэгтгэж, нийт хохирлын хэмжээг 361.468.500 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх байтал энэ талаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь буруу байна.

Прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Пын нэр бүхий 64 иргэнд учруулсан 338.184.900 төгрөгийн хохиролд хохирогч Б.Бд учруулсан 23.283.600 төгрөгийн хохирлыг нэгтгэж дүгнээгүй тооцооллын шинжтэй алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчмыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Пын нэр бүхий 65 хохирогчид учруулсан нийт хохирлын хэмжээг 361.468.500 төгрөг гэж зөвтгөн дүгнэх нь хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруу, хохирогч Б.Бд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй тул хяналтын шатны шүүхээс шүүгдэгч М.Пын нэр бүхий 65 хохирогчид учруулсан нийт хохирлын хэмжээг 361.468.500 төгрөг гэж зөвтгөн дүгнэлээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Пыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч С.Э, Б.Б нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Т.А хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзэв.

Шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар шүүгдэгч М.Пд 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Эт 2 жил хорих ял, шүүгдэгч Б.Бд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, нэг сарын хугацаанд хохирол төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно.

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон хүн гэмт хэргийн халхавч болгож хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Шүүгдэгч М.Пын хувьд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жил 7 сарын хугацаанд нэг төрлийн залилах гэмт хэргийг ижил төстэй аргаар үйлдэж, нэр бүхий 65 хохирогчид нийт 361.468.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинжийг бүрэн хангажээ.

Харин шүүгдэгч Д.Мын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд шүүгдэгч М.П нартай үйлдлээрээ нэгдэн “БНСУ-ын виз гаргаж өгнө, БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна” гэж хуурч мэхлэн нэр бүхий 26 иргэнд нийт 160.699.900 төгрөгийн буюу их хэмжээтэй хохирол учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр онц хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь  хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байх тул энэ талаар шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Т.А, Б.Б, Д.М, С.Э нарын хувьд шүүгдэгч М.Пын “БНСУ-ын виз гаргаж өгнө, БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна” гэж бусдыг хуурч, мөнгө залилан авах үйл ажиллагаа хууль бус болохыг бүрэн ухамсарлаагүй хэдий ч тухайн илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаанаас зуучлалын хөлс нэрээр ашиг олох шунахай зорилгоор нэр бүхий иргэдийг М.Птай уулзуулах, тэдэнд БНСУ руу найдвартай явуулж өгнө гэсэн итгэл үнэмшил төрүүлэх, өөрсдийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж мөнгийг хүлээж авах зэргээр харьцангуй богино хугацаанд шүүгдэгч М.Птай үйлдлээрээ нэгдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зуучлалын хөлс нэрээр мөнгө завшиж, нэр бүхий иргэдийн эд хөрөнгөд хохирол учрахад бодитой хувь нэмэр оруулж, хамтран оролцсон идэвхтэй үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд шүүгдэгч Т.А, Б.Б, С.Э нарт холбогдох хэргийг шүүх зөв зүйлчилж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Мын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт санаа зорилго нь шүүгдэгч Т.А, Б.Б, С.Э нарын үйлдэлтэй ижил боловч шүүгдэгч М.Пд давхар хууртагдаж залилах гэмт хэрэгт хамтран оролцсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж, үүнтэй холбогдуулан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ тооцооллын шинжтэй алдаа гаргасныг хяналтын шатны шүүх хуралдаанаас зөвтгөж, хавтаст хэрэгт цугларсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтууд, нэр бүхий хохирогч нарын гаргасан иргэний нэхэмжлэл, хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн тухай тайлбар, мэдүүлгийг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалд дараахь өөрчлөлтийг  оруулах нь зүйтэй байна.

Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шүүгдэгч Д.Маас нийт 53.400.000 төгрөг гаргуулж ...хохирогч А.Эд 2.800.000 төгрөг, Б.Бд 1.000.000 төгрөг, шүүгдэгч С.Эээс нийт 13.600.000 төгрөгийг гаргуулж ...хохирогч Н.Од 4.500.000 төгрөг, Ц.Бэд 2.100.000 төгрөг,

шүүгдэгч М.Паас нийт 187.368.600 төгрөг гаргуулж ...хохирогч Н.Бт 2.000.000 төгрөг, Э.Эт 3.700.000 төгрөг, Б.Бд 1.500.000 төгрөг, П.Нд 3.000.000 төгрөг...” гэж өөрчлөлт оруулсан хэсгийг,

мөн магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Шүүгдэгч Д.Маас 3.850.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт, шүүгдэгч М.Паас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Дд, шүүгдэгч М.Паас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт тус тус олгосугай” гэсэн нэмэлт оруулсан хэсгийг тус тус хүчингүй болгож,

анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “шүүгдэгч Д.Маас хохирогч А.Эд 1.800.000 төгрөг, Н.Эод 1.000.000 төгрөг, П.МЭд 3.000.000 төгрөг, Ц.Нид 2.000.000 төгрөг, Ч.Дд 1.800.000 төгрөг, шүүгдэгч М.Паас хохирогч Ч.Сд 1.500.000 төгрөг тус тус олгуулахаар заасан хэсэгт тус тус өөрчлөлт оруулж,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч П.Гансүх, Э.Мягмардорж, шүүгдэгч С.Эийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан гомдлоос хохирлын хэмжээг зөвтгөх тухай хэсгийг хүлээн авч,

шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж, П.Гансүх нарын гаргасан гомдлоос хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтын шүүгдэгч Д.Мд холбогдох хэсгийг:

“Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

Шүүгдэгч Н овогт Дийн Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Мыг 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1201 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Д.Маас нийт 46.850.000 төгрөгийг гаргуулж” гэснийг “шүүгдэгч Д.Маас нийт 53.400.000 төгрөг гаргуулж” гэж, “хохирогч А.Эд 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч А.Эд 2.800.000 төгрөгийг” гэж, “хохирогч Б.Бд 300.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Бд 1.000.000 төгрөгийг” гэж,

“Шүүгдэгч С.Эээс нийт 9.850.000 төгрөгийг гаргуулж” гэснийг “Шүүгдэгч С.Эээс нийт 13.600.000 төгрөгийг гаргуулж” гэж, “хохирогч Н.Од 2.750.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Од 4.500.000 төгрөгийг” гэж, “хохирогч Ц.Бэд 100.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Ц.Бэд 2.100.000 төгрөгийг” гэж,

“Шүүгдэгч М.Паас нийт 178.268.600 төгрөг гаргуулж” гэснийг “Шүүгдэгч М.Паас нийт 187.368.600 төгрөг гаргуулж” гэж, “хохирогч Н.Бт 1.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Бт 2.000.000 төгрөгийг” гэж, “хохирогч Э.Эт 1.700.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Э.Эт 3.700.000 төгрөгийг” гэж, хохирогч Б.Бд 400.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Б.Бд 1.500.000 төгрөгийг” гэж, “хохирогч Г.Нд 2.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч П.Нд 3.000.000 төгрөгийг” гэж өөрчлөлт оруулсан хэсгийг,

мөн магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Шүүгдэгч Д.Маас 3.850.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт”, “шүүгдэгч М.Паас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Дд”, “шүүгдэгч М.Паас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт тус тус олгосугай” гэсэн нэмэлт оруулсан хэсгийг тус тус хүчингүй болгож,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Шүүгдэгч Д.Маас 46.850.000 төгрөгийг гаргуулж гэсний дараа “хохирогч А.Эд 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч А.Эд 2.800.000 төгрөгийг” гэж, “хохирогч Н.Эод 1.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Н.Эод 2.000.000 төгрөгийг” гэж, “хохирогч П.МЭд 3,000,000 төгрөгийг” гэснийг “хохирогч П.МЭд 3.500.000 төгрөгийг” гэж, “хохирогч Ц.Нид 2.000.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Ц.Нид 2.500.000 төгрөгийг” гэж, “хохирогч Ч.Дд 1.800.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Э.Дд 2.800.000 төгрөгийг” гэж,

шүүгдэгч М.Паас нийт 178.268.600 төгрөг гаргуулж гэсний дараа “хохирогч Ч.Сд 1.500.000 төгрөгийг” гэснийг “хохирогч Ч.Сд 1.000.000 төгрөгийг” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж, П.Гансүх, шүүгдэгч С.Эийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан гомдлын “Хохирлыг үнэн зөв гаргуулж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж, П.Гансүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлын “Хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                             С.БАТДЭЛГЭР           

                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН