Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2021/0270/з |
Дугаар | 001/ХТ2022/0033 |
Огноо | 2022-05-30 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2022/0033
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0860 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 185 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг “Тавантолгой” нэртэй газарт 77.12 га талбай бүхий MV-.....дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмал ашиглалтын .....А дугаар тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн цуцалсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2. “Б” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр Налайх дүүргийн Зуунмод нэртэй газарт 77 гектар талбайд ашигт малтмал ашиглах .....А, Ашиг малтмалын газрын даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Тавантолгой нэртэй газарт 77.12 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-.....дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна.
2.1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон дээрх 2 талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн, ашигт малтмал ашиглах MV-.....дугаартай тусгай зөвшөөрлийн 77.12 гектар талбайн 66.67 гектар талбай нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
2.2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй 62 аж ахуйн нэгжид хамааруулан “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэх үндэслэлээр, 33 аж ахуйн нэгжид хамааруулан “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр тус тус газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон, уг 33 аж ахуйн нэгжийн нэгд нэхэмжлэгч “Б” ХХК багтжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил илэрсэн тохиолдолд мөн зүйлийн 5 дахь хэсэгт Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно гэж заасан байтал нийслэлийн Засаг дарга нь манай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн”, “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “аймаг, нийслэлийн Засаг дарга нь тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-д заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан байхад огт мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.5-д заасан үүргийг хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна ...” гэх зэргээр тайлбарлав.
4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй тул нийслэлийн Засаг дарга Газрын хэвлийн тухай хуулийн 21.2.1-д заасныг үндэслэн 7.2.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй, ... ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж газрын хэвлий ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны үр дагавар нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно. Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2, 27.5 дахь хэсэгт заасны дагуу ... мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн. ... Мөн нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/1229 дүгээр албан бичгээр нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийг тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжид шуудангаар хүргүүлсэн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тухайн аж ахуйн нэгж нь нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:
5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын “Б” ХХК-ийн .....А дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг болон МV-.....дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй 10.45 га талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ингэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн байна.
5.1. Газрын хэвлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 10.2, 13 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 5-д тус тус зааснаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг буюу лицензийг цуцлах замаар газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор тодорхой хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцлах замаар газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй.
5.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2014 онд батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-д тус тус зааснаас үзэхэд Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасны дагуу газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болохоор, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлийг цуцалж болохоор хуулиудын зохицуулалтууд хоорондоо зөрчилтэй байна.
5.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байна. Нэхэмжлэгч нь МV-....., МV-.....дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигч байх ба түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан.
5.4. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа илүү нарийвчилсан зохицуулалт бүхий хууль болох Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах эсэхийг шийдвэрлэх ёстой байсан. Тодруулан хэлбэл, хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-д нэрлэж заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүд үүссэн нөхцөлд л тус хуулийн зохицуулалтуудыг баримтлан тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
5.5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан байна.
5.6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хуульд заасан үндэслэл үүсээгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл үүсээгүй байх тул маргаан бүхий захиргааны акт нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.
5.7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн .....А дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг болон МV-.....дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй 10.45 га талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх 66.67 га талбайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.8. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Усан сан бүхий энгийн хамгаалалттай бүстэй давхцалтай тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн жагсаалт гэсэн нэртэй хүснэгт болон 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Усан сан бүхий энгийн хамгаалалттай бүстэй давхцалтай тусгай зөвшөөрлийн талбайн зургаас үзэхэд МV-.....дугаартай 77.12 га тусгай зөвшөөрлийн талбай нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 66.67 га хэмжээгээр давхцалтай болох нь нотлогдож байх ба усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай асуудлыг нэхэмжлэгч, хариуцагч хүлээн зөвшөөрдөг, энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй.
5.9. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-ийн 77.12 га талбай бүхий МV-.....дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тус захирамжийн усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй 10.45 га талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 66.67 га талбайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү-ийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн байна.
6.1. Анх нэхэмжлэгч компанид Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдээр 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрлүүд олгосон, ашигт малтмалын ашиглалтын MV-.....дугаар тусгай зөвшөөрөл бүхий 77.12 гектар талбай нь усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй 66.67 гектар хэмжээгээр давхцалтай, талууд энэ талаар маргадаггүй.
6.2. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий газарт нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа эрхлэх, энэ зорилгоор газрын хэвлий ашиглах эрхийг зөрчсөн гэж үзнэ.
6.3. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ийн 1, 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдаж, тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.4-т тус тус зааснаас үзэхэд хариуцагч нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа Газрын хэвлийн тухай хуулийн холбогдох заалтаар газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох буюу газрын хэвлий ашиглах эрх олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх үндэслэл нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлд хамаарахааргүй байна.
6.4. Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар эзэмших эрхтэй холбоотой харилцаанд нарийвчилсан зохицуулалттай Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт хэрэглэгдэхээр байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.
7. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1. “... Газрын хэвлийн тухай хуулийн заалт нь тус компанийн тусгай зөвшөөрөлд хамааралтай гэж тайлбарлаж болохгүй бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11.2.2 “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, 37.1.3. “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэсэн бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон болно.
7.2. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэж, Газрын хэвлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Газрын хэвлийн тухай Монгол Улсын хуулийн зорилт нь өнөөгийн болон хойч үеийнхний ашиг сонирхолд нийцүүлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 1-д “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ” гэж тус тус зохицуулсан.
7.3. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамж нь Улаанбаатар хотын ундны усны нөөцийг хамгаалах, нөөц хомстохоос урьдчилан сэргийлэх, хөрс, газрын хэвлийг бүрэн бүтэн байлгах, байгаль орчныг хамгаалах улмаар Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор гаргасан шийдвэр юм.
7.4. Шүүх маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзсэн.
7.5. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг, 7 дугаар зүйлийн 2-ийн 4-т “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох” гэж нийслэлийн Засаг даргын газрын хэвлийг ашиглах, хамгаалах бүрэн эрхийг хамааруулж хуульчилсан.
7.6. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно”, 13 дугаар зүйлд “Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно” гэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1. “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “”уурхайн эдэлбэр” гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг”, тус зүйлийн 4.1.9-д ““уурхайн талбай” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг” гэж хуульчилсан.
7.7. Иймд нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас харахад Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль зүйн үндэслэлтэй захирамж гаргасан болно.
7.8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
7.9. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтад багтаж, тусгай зөвшөөрлийг нь цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон нэр бүхий 1 компанийн хэргийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0486 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0518 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
7.10. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 433 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлөөр газрын хэвлийг ашиглуулахаар олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй компанийн газрын хэвлийг ашиглах эрхийг хариуцагч нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар дуусгавар болгосон нь хуулийн заалтад нийцсэн, шүүхүүд хуулийн заалтыг зөв тайлбарласан гэж дүгнэж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн болно.
7.11. Шүүх хуулийг ингэж зөрүүтэй тайлбарлаж байгаа нь захиргааны байгууллага хуулийг хэрхэн хэрэглэх талаар төөрөгдөлд оруулж, улмаар аж ахуйн нэгж, байгууллагуудад тэгш бус хандаж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх”, 4.1.4. “шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах” гэж заасан шүүхийн эрхэм зорилгод нийцэхгүй байна.
7.12. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид “хэрэг хяна- шийдвэрлэх ажиллагаа” гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж заасан хуулийн заалтуудтай нийцэхгүй байна.
7.13. Нэхэмжлэгч нь анх нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг Тавантолгой нэртэй газарт 77.12 га талбай бүхий .....А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн ундны усны хамгаалалтын бүстэй давхцаагүй 10.45 га бүхий талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжпэл гаргасныг шүүх хуралдаад нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг Тавантолгой нэртэй газарт 77.12 га талбай бүхий .....А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
7.14. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн МV-.....дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй 10.45 га бүхий талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, үлдэх 66.67 га талбайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн.
7.15. Түүнчлэн шүүх нарийвчлан зохицуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор дүгнэлт хийсэн атлаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тусгайлан заагаагүй усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 66.67 га талбайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүгнэлтийг үгүйсгэхээр агуулгатай гэж үзэж байна.
7.16. Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Усны тухай хуулиар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал ашиглахыг хориглож, тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тухайлсан зохицуулалт байхгүй болно.
7.17. Иймд хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 860 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
8. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 185 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ерөнхий захирал Н.Б-д 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч талаас хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, “... байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон ... 62 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж”, “... түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй ... 33 аж ахуйн нэгжийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож” тус тус шийдвэрлэсэн, уг захирамжаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн MV-....., MV-.....дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбайд хамаарах газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.
12. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох” бүрэн эрхийг нийслэлийн Засаг даргад олгохоор зааж, 21 дүгээр зүйлийн 2-т “хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно: 1/газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж тодорхойлжээ.
13. Маргаан бүхий 2017 оны А/609 дүгээр захирамж нь хариуцагч нийслэлийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, Газрын хэвлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг агуулга, зорилгод нь нийцүүлэн хэрэглэсэн захиргааны акт байна.
14. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “захиргааны акт илт хууль бус байх” үндэслэл, шинжийг тоочин заасан, нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж уг хуульд заасан захиргааны акт илт хууль бус байх аль ч шинжийг хангахгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий захирамжийн “Б” ХХК-нд холбогдох зарим хэсгийг “илт хууль бус”-д тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, практикуудаар нэгэнт тогтсон бөгөөд “захиргааны акт илт хууль бус байх” тодорхой ойлголтыг илэрхий өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь буруу болно.
15. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжтай холбоотой хэд хэдэн маргааныг гурван шатны шүүхүүд шийдвэрлэж, уг актын хууль зүйн үндэслэлийг хянасан, тухайлбал, ижил маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 510, 2019 оны 433 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байна.
16. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй тохиолдлыг зөрчил гэж үзэхээр, ийм зөрчил гаргасан тохиолдолд, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай (2014) хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх-ээр тус тус заасан, тухайн тохиолдолд, 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус тус олгогдсон тусгай зөвшөөрлөөр газрын хэвлийг ашиглуулахаар олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй “Б” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг хариуцагч нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар дуусгавар болгосон нь дээрх хуулийн заалтад нийцсэн, хууль зөрчөөгүй буюу “хууль ёсны” акт байна.
17. Анхан шатны шүүх “ ... лицензийг цуцлах замаар газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох /ёстой/”, “ ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-д нэрлэж заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүд үүссэн нөхцөлд л тус хуулийн зохицуулалтуудыг баримтлан тусгай зөвшөөрлийг цуцлах байсан” гэх үндэслэл дурдаж, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэл буюу “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” ойлголтод хамааруулан тайлбарласан нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг засаагүй нь буруу болжээ.
18. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан уг ойлголт нь тухайлбал, Газрын хэвлийн тухай хуулиар “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” тохиолдлыг зөрчил гэж үзээгүй буюу энэ талаарх зохицуулалт хуульд байхгүй байхад ийм үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон бол хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан, илэрхий хууль бус бөгөөд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, уг захиргааны актаар бий болгосон эрх үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх ёсгүй үр дагавар үүсгэх ноцтой алдаатай гэж үзнэ, энэ тохиолдолд “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”-д тооцогдох юм.
19. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай (2014) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т ... /нийслэлийн Засаг дарга нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах-аар, 11.2.5-д /нийслэлийн Засаг дарга/ харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох-оор тус тус заасан байх тул хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосныг илт хууль бус гэж үзэхгүй.
20. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... шүүх хуулийг зөрүүтэй тайлбарласан” гэх гомдол үндэслэлтэй, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0860 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэхэмжлэгч “Б” ХХК-иас гаргасан “нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг “Тавантолгой” нэртэй газарт 77.12 га талбай бүхий MV-.....дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмал ашиглалтын .....А дугаар тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн цуцалсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.МӨНХТУЯА