Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 019

 

А.Алтангүлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 237 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух Секел овогт Алпемишийн Алтангүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн төлөөлөгч А.Тогтау нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийг зөрчсөний улмаас учирсан хохирол 2933000 төгрөг, ажлын хөлсний зөрүү 1298000 төгрөг, нийт 4231000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн А.Алтангүл би 2009 оноос 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газарт гэрээт малчнаар орж Цөм сүргийн уулын бор ямаа маллахаар гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Энэ хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн.

Гэтэл ажил олгогч буюу хариуцагч тал нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ямааны ноолуур самнасны хөлсийг зохих журмын дагуу бүрэн төлж өгөөгүй гэх зэрэг гэрээнд заасан үүрэг болон "Цөм сүргийн ямааны тухай журам"-д заасныг санаатайгаар зөрчсөн. Тус ямааг маллахад өөрийн хувь хөрөнгөөс дараах зардлыг гаргасан. 2012, 2013 онд мал маллахад унах морь хөлслөхөд он тус бүр нь 657000 төгрөг, 2012, 2013 онд хашаа, хорооны түрээсийн төлбөрт нийт 729000 төгрөг, малын өвс, тэжээл, хадлан бэлтгэхэд 550000 төгрөг, малыг оторт гаргах, өвлийн болон мал төллөлтийн бэлтгэл хангахтай холбогдсон зардал 340000 төгрөг, нийт 2933000 төгрөгийг гаргасан. Миний бие 2012 онд 200 толгой ямаанаас 87.1 кг, 2013 онд 190 ямаанаас 89,7 кг, 2014 онд 210 ямаанаас 100,9 кг ноолуур самнаж Хүнс, хөдөө аж ахуйн газарт тушааж байсан. Гэтэл 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний 1 кг ноолуур самнасны хөлсөнд борлуулсан үнийн дүнгийн 14 хувийг олгоно гэж заасныг зөрчин нэг кг ноолуур самнасны хөлсийг 2000 төгрөгөөр тооцон 2012 онд 205000 төгрөг,2013 онд 179000 төгрөг, 2014 онд нэг кг ноолуур самнасны хөлсийг 3600 төгрөгөөр тооцон 366000 төгрөг, нийт 751200 төгрөгийг надад олгосон.

Иймд би тус гэрээний заалтын дагуу ямаа самнасны хөлсний зөрүү 1298000 төгрөгийг нэхэмжилж байна. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны буюу 5 жил, 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол болох 4231000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: А.Алтангүл тус газрын ямааг 2009-2014 оны 10 дугаар сар хүртэл маллахдаа ямаа бүрийн ашиг шимийн тооцоогоор жилд 2 удаа тооцоо хийж, гэрээнд заасны дагуу зохих хэмжээний орлого олгодог байсан.

Уналгын морины хөлс, хашаа хорооны түрээс, өвлийн болон мал төллөлтийн бэлтгэлийн зардлууд нь гэрээнд тусгагдаагүй. Өвс хадлан тэжээл бэлтгэлийн болон ямаа самнасны хөлсийг жил болгон олгож ирсэн. Манай байгууллага А.Алтангүлд олгох ямар ч өглөг байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд малчдын сайн дурын даатгал бөгөөд сар бүр цалин гардаггүй, жилд 2 удаа орлого тооцож ажиллуулсан тул төлөх ёсгүй. Мөн нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой гомдлыг сарын дотор гаргах бөгөөд одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 237 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын санхүүгээс 1416320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Алтангүлд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2814680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 1-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 704484 төгрөгийг, даатгуулагч РД:БВ63030108 Секел овогт Алпемишийн Алтангүлээс 640440 төгрөгийг тус тус гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлж, нэхэмжлэгч РД:БВ63030108 Секел овогт Алпемишийн Алтангүлийн Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Баян-Өлгий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт даалгасугай;

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Алтангүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын санхүүгээс 37611 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Алтангүлд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Ямаа самнасны ноолуурын урамшууллын мөнгө гаргуулах тухай маргааныг шүүх 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн түр гэрээг үндэслэн шийдвэрлэж, түүнээс хойш Хүнс хөдөө аж ахуйн газраас малчинтай байгуулсан 3 удаагийн гэрээг хүчингүй гэж үзсэн.

Ямаа самнасны хөлсийг самнасан ноолуурын килограмм бүрт 2000 төгрөгөөр тооцож, хөлс олгож ирсэн. Тиймээс давхар урамшуулал авах үндэслэлгүй. Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч малчинтай байгуулсан 3 удаагийн гэрээнд зурагдсан А.Алтынгүлийн гарын үсгийг тохирохгүй байна гэж шинжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Малчин сар бүр цалин авдаггүй, оруулсан орлогын хэмжээгээр цалин авдаг байсан. А.Алтынгүл Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө сайн дураар төлнө гэсэн гарын үсэг бүхий бичгээр байгуулсан гэрээний хавсралт нь байгаа. Иймд маргааныг дахин хянаж үзнэ үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлд дүгнэлт хийгээгүйгээс маргааныг нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад үндэслээгүй, нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч шаардлагаа (1) гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 4231000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, (2) нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж томьёолсон боловч нэхэмжлэлийн эхний шаардлагын үндэслэлийг судалбал, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, тус байгууллагын уулын бор ямааг маллаж хөлсөөр ажиллах үед гарсан зарим зардлууд болох 2012, 2013 онд уналгын морины хөлс 1314000 төгрөг, 2012-2013 оны хашаа хорооны түрээсийн хөлс 729000 төгрөг, тухайн жилүүдэд малын өвс, тэжээл, хадлан бэлтгэхэд гарсан зардалд 550000 төгрөг, малыг оторт гаргах, өвлийн болон мал төллөлтийн бэлтгэл ажилд гарсан зардал 340000 төгрөг, нийт зардалд (1.1.) 2933000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсчээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн эхний шаардлагын агуулгад хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажлын хөлс гаргуулах тухай шаардлага багтсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 1 кг ноолуур самнасны хөлс: ноолуурыг тушаасан үнийн 14 хувь гэж заасныг үндэслэл болгож хариуцагчаас (1.2.) 1298000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

 

Нэхэмжлэгчийн 2 дахь шаардлагын агуулгаас үзвэл, тэрээр 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар нөхөн төлүүлэхээр тус байгууллагатай 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлавал, талуудын хооронд 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Уулын бор ямаа маллах гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний 2, 3 дугаар зүйлд үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг тодорхойлсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуульд нийцсэн байна. Тус гэрээнд гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацааны талаар тодорхой бус байдлаар тусгагдсан боловч 4 дүгээр зүйлд зааснаар гэрээний хугацаа дуусвал, гэрээний аль нэг тал санаачилга гаргаагүй бол гэрээ хүчин төгөлдөр үйлчлэнэ гэж талууд тохиролцсон байна.

 

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч А.Алтангүлтэй 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус гэрээ байгуулж байсан, 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т заасан тус гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, А.Алтангүлтэй тооцоо нийлж дууссан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх дээрх 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсэг А.Алтангүлийн гарын үсэг биш болох нь шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар тухайн гэрээнүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Шүүх 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээ (гэрээний 4 дүгээр зүйл) болон 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Малчин А.Алтангүлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний орлого, зарлагын тооцоо гэх баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэгч Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

 

  1. Гэрээний үүрэгтэй холбоотой зардал, ажлын хөлс нийт 4231000 (2933000+1298000) төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд

 

Талуудын хооронд 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээнээс үзвэл, ажиллагчийн хөлсний хэмжээг а/ Нэг толгой ишиг бойжуулахад 2000 төгрөг, б/ хариулгын хөлс, ямаа тутамд сард 300 төгрөг, в/ 1 кг ноолуур самнасны хөлс: Ноолуурыг тушаасан үнийн 14 хувь, г/ Хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх гэж тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч дээрх ажлын хөлсний төрлүүдээс гэрээнд заасан в/ 1 кг ноолуур самнасны хөлс: Ноолуурыг тушаасан үнийн 14 хувь-ийн талаар маргасан ба анхан шатны шүүх зохигчийн тайлбар, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Малчин А.Алтангүлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний орлого, зарлагын тооцоо гэх хариуцагч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан тушаалтны үйлдсэн баримт зэргийг харьцуулан дүгнэж, ажиллагчийн 2012-2014 оны ноолуур самнасантай холбоотой ажлын хөлсийг 2012 онд 599200 төгрөг, 2013 онд 758800 төгрөг, 2014 онд 855960 төгрөгөөр тооцож, үүнээс ажиллагчийн 2012 онд авсан 214000 төгрөг, 2013 онд авсан 216800 төгрөг, 2014 онд авсан 366840 төгрөгийг хасаж, үлдэгдэл ажлын хөлсний хэмжээг 1416360 (2213960-797640) төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй болжээ. Харин шүүх нэхэмжлэгчийн зардал, ажлын хөлст нэхэмжилсэн нийт 4231000 төгрөгөөс дээрх үнийн дүнг хассан нь үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар ажиллагч А.Алтангүлийн ноолуур самнасантай холбоотой ажлын хөлсний үлдэгдэл 1416360 төгрөгөөр тогтоогдож байгаа боловч шүүх маргааныг гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцэх учраас (1.2. дахь шаардлага) Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасныг баримтлан ажиллуулагч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажиллагчийн ноолуур самнасны хөлст 1298000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Алтангүлд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Харин нэхэмжлэгч А.Алтангүлийн ямаа маллаж хөлсөөр ажиллах үед гарсан гэх зардлууд болох 2012, 2013 онд уналгын морины хөлс 1314000 төгрөг, 2012-2013 оны хашаа хорооны түрээсийн хөлс 729000 төгрөг, тухайн жилүүдэд малын өвс, тэжээл, хадлан бэлтгэхэд гарсан зардалд 550000 төгрөг, малыг оторт гаргах, өвлийн болон мал төллөлтийн бэлтгэл ажилд гарсан зардал 340000 төгрөг, нийт (1.1. дэх шаардлага) 2933000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтад үндэслэгдээгүй, түүнчлэн дээрх зардлууд нь мал маллаж, хөлсөөр ажиллах гэрээний бүрэлдэхүүнд багтах ажил, үйлчилгээнүүд байхаас гадна дээрх зардлуудыг ажиллуулагчаас нөхөн төлөх талаар гэрээнд тусгайлан зохицуулаагүй байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 

  1. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч А.Алтангүлийн хөлсөөр ажиллах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-т зааснаар Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар хуульчилсан бөгөөд энэ тухай талуудын хооронд 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн г/-д Хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх гэж тусгажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх бөгөөд даатгуулагч болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй юм. Энэ тухай ажил олгогчийн үүргийг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т хуульчилсан байна.

 

Хуульд зааснаар ажилтны (хөлсөөр ажиллах гэрээний хувьд ажиллагчийн) нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцох байтал анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Алтангүлийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхойлохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ-г баримталсан нь нотлох баримтад үндэслэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан журамд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Алтангүлийн 2012-2014 онд хөлсөөр ажилласан хугацаанд авч байсан ажлын хөлсний хэмжээг тодорхойлох баримт хэрэгт авагдсан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Малчин А.Алтангүлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний орлого, зарлагын тооцоо гэх Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан тушаалтны үйлдсэн, нэхэжлэгчээс гаргаж өгсөн баримтын талаар хариуцагч маргаагүй ба тухайн баримтыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Тус баримтаас үзвэл, ажиллагч А.Алтангүл нь ишиг бойжуулах ажлын хөлст 2012 онд 60000 төгрөг, 2013 онд 90000 төгрөг, 2014 онд 100000 төгрөг, хариулгын хөлст 2012 онд 1236000 төгрөг, 2013 онд 1144500 төгрөг, 2014 онд 2520000 төгрөг, ноолуур самнасны хөлст 2012 онд 599200 төгрөг, 2013 онд 758800 төгрөг, 2014 онд 855960 төгрөг авсан (ноолуур самнасны хөлсний хувьд авах ёстой байсан орлогын оруулж тооцов) байна. Түүний нийт ажлын хөлсний хэмжээг тооцвол 2012 онд 1895200 төгрөг, 2013 онд 1993300 төгрөг, 2014 онд 3475960 төгрөг, нийт 7364460 төгрөгийн ажлын хөлс, орлоготой байжээ. Үүнээс хуульд зааснаар ажиллуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг 11 хувиар тооцож, А.Алтангүлийн 2012-2014 оны нийгмийн даатгалын шимтгэлд 810090 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос гаргуулан, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлж, ажиллагч А.Алтангүлийн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

А.Алтангүл нь хөлсөөр ажиллах гэрээг үндэслэн ажиллуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх 640440 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчимд нийцэхгүй учир шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн эхний заалтад энэ үндэслэлээр өөрчлөлт орууллаа.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээнээс үүдэлтэй зардал, ажлын хөлс нийт 4231000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох 82646 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82646 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээх ба тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр нь хуваарилж, хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох 1298000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 35718 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, харин нөхөн төлүүлэх нийгмийн даатгалын шимтгэл болох 810090 төгрөгт ноогдох 29992 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, төрийн сангийн дансанд оруулахаар шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт орууллаа.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 237 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 1298000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Алтангүлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2933000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, А.Алтангүлийн нийгмийн даатгалын шимтгэлд 810090 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж нийгмийн даатгалын санд оруулан нөхөн төлүүлж, энэ тухай А.Алтангүлийн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийхийг Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт үүрэг болгосугай. гэж, 2 дахь заалтын 37611 төгрөгийг гэснийг 35718 төгрөгийг гэж, олгосугай. гэснийг олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 23992 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК