Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0252

 

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0252

Улаанбаатар хот

Т.М-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхй шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Т.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхбаяр, хариуцагч Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0117 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.М-н  нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0117 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримтлан Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэгч Т.М-н гаргасан зөрчлийн шинж байдлыг дахин хянаж, шинээр акт гаргах хүртэл Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дугаар албан бичгийг 2 /хоёр/ сарын хугацаатай түдгэлзүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг Авлигатай тэмцэх газраас шинэ акт гарах хүртэл тус тус түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... 1.Нэхэмжлэгч Т.М миний Авлигатай тэмцэх газрын гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэл бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д заасныг зөрчөөгүй гэсэн асуудал байсан.

Маргааны дээрх гол асуудлын талаар анхан шатны шүүх “Авлигатай тэмцэх газраас Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.М-г албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн төрсөн эх Н.Г-тэй гэрээ байгуулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ..., гэрээ байгуулах, ..., зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр томилох эрх бүхий этгээдэд мэдэгдэхээр шийдвэрлэснийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй” гэж, “Т.М нь ... албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, үйлчилгээтэй холбогдуулан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, харин байгууллагын ажилтнуудыг өөрсдийнх нь хөрөнгөөр орон сууцтай болгох зорилгоор гэрээ байгуулсныг шууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамааруулж үзэх үндэслэлгүй” гэж тус тус хуульд нийцсэн дүгнэлт гаргасан.

Энэхүү дүгнэлт нь маргаан бүхий захиргааны акт болох Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дугаар албан бичгээр гаргасан дүгнэлтийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байсан гэж нэхэмжлэгч үзэж байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэр гаргахыг шүүхэд хуульчлан тогтоосон байна. 

Хуулийн энэ заалтаар шүүх нэхэмжлэл буюу маргааны хүрээнд захиргааны актын үндэслэлийг хянаад захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол шүүх хүчингүй болгох ёстой байсан.

Ийнхүү маргааны гол асуудлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн атлаа хариуцагч Авлигатай тэмцэх газрыг “нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал, гэм бурууд нь тохирсон шийтгэл ногдуулах” чиглэл өгсөн гэж ойлгогдохоор шинээр акт гаргахыг даалгасан нь шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр суурьтай байх зарчимд нийцээгүй байна.

        2. Нэхэмжлэгчийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гаргасан захиргааны актыг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэл бол “Авлигатай тэмцэх газрын гаргасан дүгнэлт хууль бус гарсан байхад хууль бус актыг үндэслэн Мэргэжлийн хяналтын газар намайг төрийн албанаас халсан нь хууль бус тул учирсан хохирлоо нөхөн төлүүлэх” явдал байсан юм.

Алхан шатны шүүх маргааны гол асуудал буюу Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дугаар албан бичгийг “хууль бус” болох талаар зөв дүгнэлт хийсэн атлаа энэ хууль бус актыг үндэслэж гарсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь “хоорондоо зөрчилтэй дүгнэлт” хийсэн гэж нэхэмжлэгч үзэж байна

Хууль бус актыг үндэслэн гаргасан аливаа шийдвэр, үйлдэл нь хууль бус байх эрх зүйн зарчимтай тул аливаа этгээдээс ийм актын үр дагавар, аливаа нөлөөллийг арилгаж байх ёстой.

Тодруулбал, анхан шатны шүүх энэхүү хууль бус актын үндэслэж гарсан өөр актын үр дагаврыг арилгаагүй, дагуулж түдгэлзүүлж шийдвэрлэснээр энэхүү маргаан бүрэн шийдвэрлэгдээгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэгдэхгүй үлдсэн нь нэхэмжлэгчийн шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх хэрэгжихгүй үлдсэн үр дагавар үүсгэж байна.

Ийнхүү анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн зүйлийн 106.3.1 дэх заалтыг хэрэглээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч Т.М-с давж заалдах гомдлын үндэслэлээ “шүүх нэхэмжлэл буюу маргааны хүрээнд захиргааны актын үндэслэлийг хянаад захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан, хууль бус актыг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, үр дагаврыг нь арилгах ёстой байсан” гэж тайлбарлан маргажээ.

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, ...гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заажээ.

            Хуулийн энэхүү зохицуулалтуудаар нийтийн албан тушаалтан нь зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, оролцохыг хориглосон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.М-н хувьд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.Г болон “Төмөр өргөө” ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулахад оролцож, гарын үсэг зурсныг албан үүргээ гүйцэтгэхдээ буюу албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үедээ хийсэн үйлдэл гэж шууд дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл тус гэрээ нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх, ажил үйлчилгээтэй холбоогүй, тухайн байгууллагын ажилтнуудыг өөрсдийнх нь хөрөнгөөр орон сууцжуулах зорилгоор байгуулагдсан тул хуулийн дээрх хориглолтод хамааруулан, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д зааснаар нийтийн албанаас халах үндэслэл тогтоогдсон гэж үзэхээргүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин нэхэмжлэгч Т.М нь уг гэрээнд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын тамгыг ашиглаж, тус газрын даргын нэрээр гарын үсэг зурах тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “...албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, ...гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл”-ийг холбогдох албан тушаалтанд гаргах үүргээ биелүүлээгүйгээс, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 /...энэ хуулийн 8.1 ...-т заасан үүргээ биелүүлээгүй …бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах/-т заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдсэн байж болохоор байна.

Хариуцагч Авлигатай тэмцэх газар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д зааснаар холбогдох байгууллага, албан тушаалтан нь тус хуулийг хэрхэн дагаж мөрдөж байгаа хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага юм.

Иймд шүүх захиргааны байгууллагын тухайн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй тул хариуцагчаас Т.М-н гаргасан зөрчлийн шинж байдлыг нарийвчлан тогтоох чиг үүргээ хэрэгжүүлж, өөрийн буруутай үйл ажиллагааг зөвтгөж, дахин шинээр акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 05/10254 дугаар албан бичиг, үүнийг үндэслэж гарсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаал тус тус хүчингүй болж, нэхэмжлэгч Т.М нь урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох болон түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгогдох үр дагавар үүсэх талаар дурдах нь зүйтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН