| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0198/Э |
| Дугаар | 209 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 209
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч Б.Мөнгөншагай, хохирогч А.Б, түүний өмгөөлөгч Т.О, иргэний нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.А, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогтой Д.Эд холбогдох эрүүгийн 1803000170183 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Э нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 03 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын замд өөрийн эзэмшлийн УБҮ улсын дугаартай Киаспортейж маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан "жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас Э.Бгийн жолоодож явсан УБЭ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашинтай мөргөлдөж улмаар өөрийн авто машин дотор зорчин явж байсан иргэн А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “…Алтанхуяг буюу хохирогчийн нөхөр бол шашны ном уншлага уншдаг засал хийдэг хүн юм. Бид өмнө нь уулзаж танилцаад засал хийлгэхээр тохиролцсон байсан. Би урьд тохиролцсоны дагуу Алтанхуягтай утсаар холбогдоод түүнийг Налайхаас авахаар очтол тэр надад “…Эхнэр маань офицеруудын ордны хавьд айлд очиж юм хүргэж өгөх юм, замдаа дайгдаад бууна эхнэрийг маань хүргээд өгөөч” гэж хэлсэн. Ингээд би машинаа жолоодож, миний дэргэд Алтанхуяг ард нь хохирогч А.Б суугаад бид хот руу буцаж явсан. Налайхаас наашаа буцаж явахдаа бензин авах шаардлагатай болж Баянзүрхийн товчооны тэнд эргэх гэж байгаад чигээрээ явж байсан машинд зам тавьж өгөөгүйн улмаас осолдсон. Би хохирогчийн биед гарсан гэмтэлд маш их харамсаж байна. Миний буруутай үйлдлээс болж хохирогчийн биед гэмтэл гарсанд би маш их гэмшиж байгаа. Ингээд би бага багаар хохирол төлөөд явъя гэтэл тэд авахгүй байсан. Би 2018 оны 4 дүгээр сараас хойш холбогдоогүй учир нь хохирогч 20 сая төгрөгөөс доош мөнгө өгвөл авахгүй гээд байгаа. Хэдий хэмжээний хохирол өгөх ёстойг тогтоочихвол одоо ч төлөхөд бэлэн байна. Одоо би 14 сая төгрөгийг бэлнээр авч ирсэн байна. Хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хоёуланд нь шүүхээс тогтоосон хэмжээгээр нь төлье.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б мэдүүлэхдээ: “...Д.Э бид хоёр 2 удаа уулзсан. Надад мөнгө их орж байна. Би эрүүл хүн байсан. Намайг эмнэлэгийн байгууллага оношлоод эрүүл гэсэн цагт л би энэ хүнээс сална. Тэрнээс нааш салахгүй. Одоо надад нийт 8.444.869 төгрөгийн бодитой зардал гарсан байна. Би энэ мөнгөө аваад цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулмаар байна. Хэдэн төгрөг гарахыг би одоогоор тогтоож хэлж чадахгүй байна. Хамгийн гол нь би эрүүл л болмоор байна. Эмнэлэг намайг эрүүл гэвэл би заавал шүүгдэгчээс мөнгө нэхэх шаардлага байхгүй. Миний эрүүл мэнд энэ эвдэрсэн машинаас хямд байна гэж байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Би нийт 6.193.450 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: Эд зүйлийн үнэлгээ, ажлын хөлс, оношилгооны зардал, машин ачилтын зардал, журмын хашаанаас авсан зардал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот хүртэл хоёр гэрч зөөсөн зардал, өөрөөс гарсан бусад зардал 250.000 баримт байхгүй. Өмнө нь ямар нэг байдлаар нэг ч төгрөг авч байгаагүй. Энэ мөнгөө авчихвал ямар нэг гомдол санал байхгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-19/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-26/, А.Бын эмчилгээнд гарсан эм тариа болон бусад зардлын баримтуд /хх-н 27-46/, иргэний нэхэмжлэгчээр Э.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-49/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Даваасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Амарбаясгалангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 53-54/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Батбаасангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Алтанхуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1573 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 76/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2285 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 78-85/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2049 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 87-95/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 98/, автомашин техникийн “Мастер Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-н 104-110/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Эы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 116-118/, Замын Цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 128-129/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 135/, Замын Цагдаагийн албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 159-160/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 165-166/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Д.Э нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 03 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын замд өөрийн эзэмшлийн 33-11 УБҮ улсын дугаартай Киаспортейж маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан "жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас Э.Бгийн жолоодож явсан 07-50 УБЭ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашинтай мөргөлдөж улмаар өөрийн авто машин дотор зорчин явж байсан иргэн А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Эыг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 33-11 УБҮ улсын дугаартай Киаспортейж маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Э.Бгийн жолоодож явсан 07-50 УБЭ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашинтай мөргөлдөж өөрийн авто машин дотор зорчин явж байсан иргэн А.Бын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын хохирогчоор өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цаг өнгөрч байхад өөрийн нөхөр Алтанхуягийн хамт Налайх дүүргээс хот орохоор Д.Эы солонгос шаргал өнгийн машинд сууж явсан. Жолоон дээр Д.Э сууж, түүний хажууд Алтанхуяг, түүний чанх ард би сууж явсан. Жолооч бензин авна гээд зүүн гар тал руугаа эсрэг урсгал руу эргэсэн. Эргэх үед өнгийгөөд харахад цагаан машин ирж байхаар нь амжчих байх гэж бодоход тас буугаад ухаан алдсан. ...эсрэг урсгал сийрэг, зам гулгаатай байсан. Намайг харахад эсрэг урсгалд яваа машин 50-60 метрийн зайтай харагдсан" гэх мэдүүлэг /хх-н 24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр осолд орж 07-50 УБЭ улсын дугаартай автомашинд 5.943.000 төгрөгийн хохирол учирсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй" гэх мэдүүлэг /хх 47-49/,
Гэрч Г.Даваасүрэнгийн өгсөн: "...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нөхөр Э.Бгийн хамт 07-50 УБЭ улсын дугаартай Тоёота приүс маркийн автомашинд нөхөр машинаа бариад би урд талд хажууд нь суугаад явсан. Ингээд 12 цагийн үед Баянзүрхийн товчоо өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгээр явж байтал эсрэг урсгалаас улбар шар өнгийн машин хурдтай зүүн дараад ороод ирсэн. ...замын хөдөлгөөн бага, зам хялмаатай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Манай нөхөр 25-30 км.цаг хурдтай явж байсан. Урсгалаас гарч ирсэн машиныг 10-20 метрийн зайд хараад, хүүе гэхийн үгүй л хурдтай эргээд ороод ирсэн. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй." гэх мэдүүлэг /хх 52/,
Гэрч Б.Амарбаясгалангийн өгсөн: "...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчим байх өөрийн эцэг Батбаасангийн хамт Улаанбаатараас Налайх орохоор Офицеруудын ордон дээрээс цагаан өнгийн приүс маркийн автомашинд суусан. Ингээд Баянзүрхийн товчоо өнгөрөөд баруун талд байсан ШТС хүрээд явж байтал эсрэг урсгалаас нэг улбар шар өнгөтэй машин гэрэл дохио анхааруулга өгөлгүй гэнэт дарж орж ирээд мөргөлдсөн. Миний сууж явсан машин осол болохын өмнө харахад милл нь 40 хүрээгүй 37 км цагийн хурдтай явж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй" гэх мэдүүлэг /хх-53/,
Гэрч Д.Алтанхуягийн өгсөн: "...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эхнэр А.Бын хамтаар найз Д.Эы Киа маркийн шар өнгийн машинд суугаад Налайхаас хот руу 11 цагийн үед хөдөлсөн. Ингээд Баянзүрхийн товчоо дөхөөд зүүнээс баруун чиглэлд явж байгаад зүүн талд байрлах Шунхлай ШТС руу эргэх үйлдэл хийх үед эсрэг урсгалаар ирж явж байсан Тоёота приүс 30 маркийн авто машин хамар хэсгээрээ манай машины баруун хойд хэсэг рүү мөргөсөн. Миний сууж явсан машин 40 км цагийн хурдтай явж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй" гэх мэдүүлэг /хх-65/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1573 дугаартай шинжээчийн
1."...А.Бын биед баруун талын 3,4,5,6,7-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны бүрэн авчилт, няцрал, цээжний хөндийд хий, цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. ШЭГЗТЖурмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх 70/
Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн шинжээч В.Балжиннямын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 98/, Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн шинжээч В.Балжиннямын 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 269 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх 128-129/, Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн шинжээч Б.Батзориг, Л.Гансүх, Б.Баттүвшин нарын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 415 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт /хх 159-160/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Эыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э иргэний нэхэмжлэгч Э.Бд учирсан хохирол болох 5.743.450 /таван сая долоон зуун дөчин гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэл хангагдсан тухай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн баримтаар тогтоогдож байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч шүүгдэгчээс хохирлын үнэлгээгээр 5.193.450 төгрөг, үнэлгээний хөлс 200.000 төгрөг, оношилгоо 50.000 төгрөг, ачилт 80.000 төгрөг, журмын хашаанд хадгалсан 220.000 төгрөг, гэрчийг дуудаж ирүүлэхэд гарсан зардалд 200.000 төгрөг, бусад зардалд 250.000 төгрөг, нийт 6.193.450 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн болон бусад зардал нэхэмжлэхээс татгалзаж 5.743.450 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан зардал болох шатахууны үнэ 1.933.100 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 5.107.119 төгрөг, MRI 404.600 төгрөг, нийт 8.444.869 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангасан 3.880.546 төгрөгийг хангах үндэслэлтэй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э нь 4.000.000 төгрөг хохирогч А.Бд төлсөн болох нь хохирол төлж барагдуулсан талаарх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 8.444.869 төгрөг нэхэмжилсэнээс дараах баримтуудыг хасч тооцов. Үүнд.
гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 136.750 төгрөг /1хх33/, ДУБ гэх 270.000 төгрөгийн баримт /1хх-34/ Дуб 150.000 төгрөг, үзлэгийн хуудас гэх 270.000 төгрөгийн баримт /1хх35/ нэг баримт байх тул 270.000 төгрөгөөр тооцож, улсын 3 дугаар эмнэлэг гэх 215.910 төгрөгийн баримтаас /1хх43/ иргэнээс 38.100 төгрөг гарсаныг тооцож, Монос 26.500 төгрөгөөр хүүхдийн Д вит авсаныг /1хх45/, 3800 төгрөгийн нотариатын баримт /1хх35/ Эверэстфарм ХХК 26.800 төгрөг /2хх-ийн 3/, бараа гэх 55.200 төгрөг /2хх 4/, Скечерс 82.200 төгрөг/2хх 5/, Болор Зэндмэнэ 3400 төгрөг, 5060 төгрөг /2хх-н 16-17/, Сарангэрэл 7400 төгрөг /2хх-н 19/, Харагдахгүй 9.640 төгрөг, Өлзийбаярын нэр дээрх 51.680 төгрөг /2хх-н 32-33/, т/ш-7600 төгрөг /2хх-н 34/, Нандин ухаан эмнэлэг 350.000 төгрөг /2хх-н 37/, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны Монос гэх 5400 төгрөг, 24.970 төгрөг /2хх-н 38-39/, нэгдэлчин 24.800 төгрөг /2хх-н 16-17/, Сарангэрэл 11.700 төгрөг /2хх-н 41-42/, Өргөө амаржих газрын 25.640 төгрөг, 131.750 төгрөг /2хх-н 46,48/, Монос 13.580 төгрөг, 3.150 төгрөг, 5.562 төгрөг, 1820 төгрөг, 3310 төгрөг /2хх-н 49-53/, Супермаркет 14.690 төгрөг /2хх-н 55/, Монос 580, 59.614, 5150, 850 төгрөг, евро фарм 11.150 төгрөг, Тавин ус 5.500 төгрөг /2хх-н 56-60, 65/, Тавин ус 5.500 төгрөг, АЦЦ 3.420 төгрөг, бараа үйлчилгээ 9280 төгрөг, 16.640 төгрөг /2хх-н 61, 66, 69/, Мөнгөн шандас 15.600, 27.300 төгрөг /2хх-н 70-71/ зэрэг гэмт хэрэг гарахаас өмнөх болон гэмт хэрэгт хамааралгүй гэх баримтуудыг хасч тооцон 1.934.477 төгрөгийг хангаж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 140.000 төгрөг /1хх33/, хүүхдийн витамин 26.500 /1хх45/, өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг /2хх33/ зэрэг хэрэгт шууд хамааралгүй зардлуудыг хасаж сүүлд гаргаж өгсөн хохирлын тооцооноос 1.934.477 төгрөг, өмнөх хохирлын тооцооноос 1.946.069 төгрөг, нийт 3.880.546 төгрөгийг тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин хохирогч А.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэгт Иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Эд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Эы үйлдсэн дээрхи гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасны дагуу шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлж, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар №078020 дугаартай жолооны үнэмлэх хураагдан ирсэн, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.