Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч Ба.Эрдэнэбаатар, хохирогч Ө.Б, шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ба.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Ө.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806091312078 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ө.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан 2 дугаар хэсэг 17-951 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ө.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрийг хутгаар зүсэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Т мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Б мэдүүлэхдээ: “...Ө.Т бид хоёр Солонгос улсад ажиллаж байхдаа танилцаад 1.6 жил хамт амьдарч байна. Тэр намайг өмнө нь нэг удаа зодсон энэ удаагийнх 2 дахь удаагаа зодож байна. Тэр 2019 оны 11 дүгээр сарын 7-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүчээр цонхоор орж ирээд ширээн дээр байсан хутгыг авч “нүүрийг чинь хүн танихгүй болгоод өгье” гээд хутгаар сийчсэн. Би гарт нь хутга байгааг мэдээгүй, гэмтлийн зэргээ шүүх эмнэлгээр тогтоолгосон. Хохирол төлбөрт 10 сая төгрөгийн хохирол гарсан ч би нэхэмжлэхгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Ө.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-12/, гэрч Х.Батсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14/, гэрчээр Ц:Баянжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13409 дугаартай дүгнэлт /хх-н 19/, Ө.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 30-31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 24/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ба.Эрдэнэбаатараас Ө.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан 2 дугаар хэсэг 17-951 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ө.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрийг хутгаар зүсэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

          Шүүхээс шүүгдэгч Ө.Тг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ө.Бг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Бгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 21:00 цагийн орчимд лагерын байшин буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн хаяг дээрээ таньдаг эгч Батсүрэнгийн хамтаар унтаж байсан чинь шөнийн 00 цагийн орчимд гаднаас хаалга тогшоод байх шиг байсан. Унтаж байсан чинь гаднаас цонхоор хамтран амьдарч байсан Ө.Т орж ирээд ширээн дээр байсан хутгыг аваад хаалга нээж өгсөнгүй гэх шалтгаанаар шууд хутга барьж аваад “нүүрийг чинь хүн танихгүй болгоно яахыг чи хараарай би өнөөдөр чамайг алаад явна” гэх мэтээр сүрдүүлж байгаад шууд миний хамар зүүн хацар хэсэгт шууд хутгаар зүссэн. Тухайн үед би “за за хоёулаа учраа олъё” гээд айгаад худал хэлээд жаахан ярьж байгаад Батсүрэн эгч би гарлаа гээд явуулахгүй байсан. Тухайн үед “за яахав би гараад байж байя” гээд Батсүрэн эгч худал хэлээд гараад цагдаад хандсан юм байна лээ. Тэгсэн удалгүй манай төрсөн дүү Ганзориг хүүхэдтэй цуг цагдаа нартай орж ирээд тухайн этгээдийг бариад авсан юм. Солонгын нөхрийн хамаатны дүү гэж анх танилцаж байсан. Тэгээд яваандаа дотно харьцаатай болоод хэцүү амьдралтай юм байна гээд гэртээ 1 жил байлгасан. Би урьд нь БНСУ-руу 12 жилийн турш явж байсан учраас надаар батлан даалт хийлгэж байсан. Энэ нөхөр 4-5 хоногийн өмнө БНСУ-аас ирээд хатгаатай болчихоор хувийн эмнэлэгт хэвтүүлчихээд байж байсан. Тэгсэн өнөөдөр шууд эмнэлгээс оргоод ирж байгаа юм уу орж ирээд ална гэж дайрсан. Хамгийн сүүлд над руу 2 хоногийн өмнө сүрдүүлэг хийгээд эхэлсэн. Учир нь эмнэлэгт хэвтсэний маргаашнаас учир утгагүй нэг утасны дугаар бичээд “чи яаж чадаж байна аа чамайг ална амьгүй биеийг чинь харна” гэх мэтээр айлган сүрдүүлж дарамталж мессеж бичиж байснаа өнөөдөр шууд ирээд намайг миний нүүрийг хутгаар зүслээ. Өмнө нь надад өчнөөн гар хүрч байсан. Би тухайн үедээ нээх юм бодоогүй." гэх мэдүүлэг /хх-н 8/,

Гэрч Х.Батсүрэнгийн өгсөн: "…2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз дүү болох Ө.Бгийн Баянзүрх дүүргийн Хужирбуланд байдаг гэрт нь очиж хоносон юм. Ө.Б бид хоёр 23 цагийн үед унтсан. Бид хоёрыг унтаж байхад гэнэт нөхөр Ө.Т нь цонхоор орж ирсэн. Ө.Т тэр үед эрүүл архи уугаагүй эрүүл байсан. Ө.Т орж ирэнгүүтээ ширээн дээр байсан хар иштэй жижиг хутга аваад Ө.Б рүү дайраад “нүүрийг чинь хүн танихгүй болгоно” гээд дайрч байгаад хамар, баруун хацар, зүүн хөмсөгний дээд талд нь зүссэн. Би Ө.Тд “болохгүй шүү, хутга шөвөг шал дэмий, эмэгтэй хүнийг чи тэгээд байхдаа яадаг юм” гэж хэлсэн чинь над руу ухас ухасхийгээд “Та хүртэл юу юм утсаа блоклоод, юу юм” гээд байсан. Би хутгыг нь авах гэж нилээн аргадсан чинь хутгаа өгөөгүй. Танд миний явдал хамаагүй гэхээр нь би “За, би тэгвэл явлаа, залуу хүмүүс учраа олно биз” гээд хувцас, цүнхээ авч гарангуутаа 102 руу залгаад цагдаа ирүүлж Ө.Тг бариулсан. 2018 оны 03 дугар сард Ө.Т нь Ө.Бг Солонгос улсад байхдаа зодсон гэдгийг Ө.Бгээс сонсож байсан." гэх мэдүүлэг. /хх-н 21/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн № 13409 дугаартай

1. Ө.Бгийн биед хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхи, баруун хацарт шарх, доод уруулын салстад язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхи, баруун хацарт шарх гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, доод уруулын салстад язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-н 13/,

Яллагдагч Ө.Тгийн өгсөн: "...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдарч байсан Ө.Бгийн гэрт муудалцсан. Ө.Б хаалгаа тайлж өгөхгүй байсан ба би 1 цаг 30 минут тогшоод онгойлгохгүй болохоор нь онгорхой салхивчаар орсон. Ө.Б намайг яах гэж ирсэн юм, цагдаа дуудна гээд нилээн муудалцсан. Тэгж байгаад би ширээн дээр байсан жижиг хар иштэй хутга авсан чинь Ө.Б миний толгой руу аягаар цохисон. Би хутгатай гараараа Ө.Бгийн гарыг барьсан. Тэгэхэд Батсүрэн эгч бид хоёрыг салгасан. Тэгж ноцолдож байхад Ө.Бгийн нүүр зүсэгдсэн. Ө.Бгийн зүсэгдсэн шарх нь миний учруулсан гэмтэл байна. Тэр үед Ө.Бгийн уруул нь дотор талдаа юм гарсан байсан юм." гэх мэдүүлэг /хх-н 31/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Ө.Тг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ө.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

Шүүгдэгч Ө.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.   

Шүүхээс шүүгдэгч Ө.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.