Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01779

 

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01779

 

Э.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/02107 дугаар шийдвэртэй,

 

Э.Мгийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

 

Амины орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 65,783,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Э.М нь тус “Э” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Амины орон сууц захиалгын гэрээ" байгуулсан. Тус гэрээний дагуу “Э” ХХК нь 4 өрөө, 120 м.кв талбайтай амины орон сууц, 40,8 м.кв террас, 24 м.кв гараашийн хамт нийт 139,308,000 төгрөгөөр хуанлийн 60 хоногт барьж ашиглалтад оруулан Э.М миний өмчлөлд шилжүүлэн хүлээлгэж өгөх, Э.М миний бие төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээгээр төлөх үүргийг тус тус хүлээсэн.

1.2. Ингээд тус гэрээнд заасны дагуу нийт 80,223,200 төгрөгийг хариуцагчийн заасан дансанд төлсөн боловч хариуцагч нь барилгын ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрч байна. Гүйцэтгэгч нь захиалагчийн төлсөн төлбөрт ногдох хийх ёстой ажлын хувьд 18 хувийн гүйцэтгэлтэй ажил хийсэн гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөг. 18 хувийн гүйцэтгэлийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 14,440,176 төгрөг болсон ба төлсөн нийт 80,223,200 төгрөгөөс 14,440,176 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 65,783,024 төгрөг болж байна. Энэхүү төлбөрийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг боловч одоог хүртэл төлөөгүй.

1.3. Иймд амины орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 65,783,024 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1. “Э” ХХК нь Э.Мтай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Амины орон сууцны гэрээг байгуулан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ар гүнт гэх газарт захиалагчийн хүсэлтийн дагуу 120 м.кв амины орон сууц, 24 м.кв гараашийн барилгын ажлыг 139,308,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

2.2. Э.Мгаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 55,723,200 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 65,726,200 төгрөг авсан, нэхэмжлэлд дурдсан 80,223,200 төгрөгийг аваагүй.

2.3. Үндсэн зургийн дагуу үндсэн барилга болон гараашийг цуг барихаар төлөвлөсөн боловч захиалагчийн хүсэлтийн дагуу салгаж тус тусдаа барихаар болсон. Үндсэн барилгын болон гараашийн ажлыг тодорхой хэмжээгээр хийж гүйцэтгэсэн.   Э.Мгийн барилгад ашиглагдах 30,581,500 төгрөгийн бараа материалыг үлдээсэн байгаа.

2.4. Барилгын ажил гүйцэтгэж байх явцад дэлхий даяар үүссэн цар тахлын гамшиг Монгол Улсад нүүрлэж, хил гааль хаагдаж, барилгын материалын үнэ огцом өсөж, үйл ажиллагаанд хязгаарлал хийсэн зэрэг нөхцөл байдлаас болж барилга хугацаандаа ашиглалтанд орж амжихгүй болсон. Э.Мтай барилгын материалын үнийн өсөлтийн нөхцөл байдлын талаар санал сололцсон ба нэмэлт санхүүжилтээ хийгээгүй, гэрээ цуцалж үлдсэн ажлуудыг өөрсдөө хийхээр болсон. “Э” ХХК барилгын материалыг хүлээлэн өгч, гэрээ дуусгавар болж, ямар нэгэн тооцоогүй болсон. 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 26,776,295 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,006,729 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 291,831 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. шинжээчийн дүгнэлтээр Э.Мгийн барилгад “Э” ХХК 48,946,905 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж гарсан. Э.М нь “Э” ХХК-ийн захирал Ж.Эын дансанд 65,723,200 төгрөг шилжүүлсэн. Үүнээс шинжээчийн дүгнэлтээр гарсан дүнг хасаад 16,776,295 төгрөгийг нэхэмжлэгч Э.Мд төлөх бодит тооцоо гарч байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуультай атал нэхэмжлэлийн шаардлагаас хальж 80,233,200 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр гарсан 48,946,905 төгрөгийг хасаж, 26,776,295 төгрөг төлөхөөр тооцсон нь үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэгч Э.М нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ц.П гэх хүний хаан банкны - тоот дансанд 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д.Хүрэлбаатар гэх хүний хаан банкны - тоот дансанд 4,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн нь “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.

Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Э” ХХК нь нэхэмжлэгч Э.Мд 16,776,295 төгрөгийг төлөх нь тогтоогдож байгаа ба 10,000 000 төгрөг нэмж төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

4.3. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/02107 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 65,783,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Амины орон сууцны захиалгын” нэртэй гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр гүйцэтгэгч “Энх каркас консракшн” ХХК нь 120 м.кв талбайтай амины орон сууцыг 139,308,000 төгрөгөөр барьж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч Э.М тохиролцсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 55,723,200 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг буюу нийт 65,723,200 төгрөгийг  Хаан банк ХХК дахь - тоот дансны шилжүүлснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ. 

“Хаан банк” ХХК дахь - данс нь хариуцагч байгууллагын захирал Ж.Эын эзэмшлийнх бөгөөд уг дансны хуулгаас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Э.М нь 10,000,000 төгрөгийг “1-р төлөлт” гэх утгаар шилжүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Э.Мгаас хариуцагч “Э” ХХК-ийн захирал Ж.Эын дээр дурдсан дансанд шилжүүлсэн төлбөрийг 75,723,200 төгрөг гэж анхан шатны шүүх тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамтай нийцжээ.

Э.Мгийн данснаас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр - тоот дансанд 10,000,000 төгрөг, - тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээр дурдснаар - тоот данс нь хариуцагч “Э” ХХК-ийн захирал Ж.Эынх, - тоот данс иргэн Ц.Пийнх байгаа бөгөөд тус тусад нь 10,000,000 төгрөг шилжүүлсэн байх тул Ц.Пид төлсөн төлбөрийг хасч тооцно гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

5. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох ажлыг хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлж шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө шаардах эрхтэй. 

 

6. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ нийт 48,946,905 төгрөг гэж тодорхойлогдсон байх ба анхан шатны шүүх уг мөнгөн дүнг нэхэмжлэгчийн шилжүүлсэн 75,723,200 төгрөгөөс хасч нэхэмжлэгчийн шаардах эрхийг 26,776,295 төгрөгөөр тодорхойлж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлээс үлдэх 4,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. 

 

7. Хариуцагчийн тайлбарт 30,581,500 төгрөгийн бараа материалыг нэхэмжлэгчид үлдээсэн гэх тайлбартай холбоотой маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй үлдээсэн гэх дүгнэлтэд зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийн дүгнэлтийг хэвээр үлдээв.   

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/02107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрбаатараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                           ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА