Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01648

 

 

 

 

 2023 08 23 210/МА2023/01648

 

 

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01395 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Маралмаа, Т.Уранболор нарт холбогдох,

 

зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 136,070,743 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т.Уранболорын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Маралмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. Зээлдэгч Б.Маралмаа, Т.Уранболор нар банктай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалттайгаар жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2205055939 дугаартай Баянгол дүүрэг, 01 дүгээр хороолол, Төвийн бүсийн гудамжны 34/2 тоотод байршилтай, 325 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлалтай Улсын бүртгэлийн Э-2205000346 дугаартай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан.

 

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн Зээлийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд Зээлийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн.

 

1.2. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу хүү 41,831,614.06 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлийн төлбөрт ямар ч төлбөр төлөөгүй.

 

Хариуцагч нар үүргээ зөрчиж байгаа тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 100,000,000 төгрөг, хүүнд 36,036,742 төгрөг, нотариатын зардалд 24,000 төгрөг, нийт 136,070,743 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Б.Маралмаагийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Миний бие зээлээ төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч Т.Уранболор тайлбар гаргаагүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Маралмаа, Т.Уранболор нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 136,070,743 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ноос импекс ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүсийн гудамжны 34/2 тоот, 325 метр квадрат талбайтай, конторын зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-2205055949 дугаартай үл хөдлөх хөрөнгө мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2205000346 дугаартай эзэмших эрхтэй газрыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 908,504 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 908,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Т.Уранболорын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

5.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний 102/ШШ2023/01395 дугаар шийдвэртэй хэргийн хариуцагч Т.Уранболор би шүүх хуралдаан товыг мэдсэн байсан. Хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан болох үед бага 2 настай охин минь ханиад хүрч хүндрэн халуурч, эмнэлэгт үзүүлж явсаар шүүх хуралдаанд биечлэн оролцож, тайлбар гаргаж чадаагүй болно.

 

5.2. Тухайн үед ханиад томуу туссан хүүхдүүд олон байснаас эмнэлэгт удаан хугацаагаар дугаарлан хүүхдээ үзүүлэх гэсээр байтал шүүх хуралдаан болоод өнгөрсөн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тайлбар гаргаж чадаагүй, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд биечлэн оролцох байсан.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.    Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 136,070,743 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Маралмаа, Т.Уранболор нар нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 93-94 дүгээр тал/

 

Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХААН банк ХХК нь 100,000,000 төгрөгийг бизнесийн зориулалттай, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Б.Маралмаа, Т.Уранболор нарт зээлэхээр тохиролцсон байна. /1хх. 10-12 дугаар тал/

Улмаар талууд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус тус Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл байхаар өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг сунгажээ. /1хх. 13-20 дугаар тал/

 

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3. Зээлдүүлэгч ХААН банк ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 100,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Маралмаагийн эзэмшлийн дансанд шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Нэхэмжлэгч талын гаргасан зээлийн бүртгэлийн карт гэх баримтад зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтөд зээлийн хүү 41,831,614 төгрөгийг төлсөн, хариуцагч нар нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй үүргийн зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдсон байна. /1хх. 25-27 дугаар тал/

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарт зээл төлөх талаар мэдэгдэж, төлөх хугацааг тогтоож байсан болох нь зээл төлөх мэдэгдлээр тогтоогдож байна. /1хх 41 дүгээр тал/ Урт хугацаатай гэрээний хувьд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлахаар шаардах эрхтэй.

Иймд, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 36,046,742 төгрөг, нийт 136,046,742 төгрөг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч ХААН банк ХХК болон хариуцагч Б.Маралмаа, Т.Уранболор нар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж 34/1 тоот хаягт байршилтай, 893 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э-2205000346 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 34/1, 34/2 тоот хаягт байршилтай 9,783 м.кв талбайтай, газар эзэмших эрхийг барьцаалахаар тохиролцож, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

Улмаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж, барьцааны зүйлийг өөрчлөн Ноос-импекс ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205055949 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 34/2 тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. /1хх. 23 дугаар тал/

 

5. Анхан шатны шүүх барьцааны зүйл нь Ноос-импекс ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байхад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэгч нарт холбогдуулан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр бусдын өмчлөлийн хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний нэг тал болох өмчлөгчид холбогдуулан шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.

  Энэ үүднээс ХААН банк ХХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч нарт холбогдуулан гаргасан байх ба өмчлөгч Ноос-импекс ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлоогүй.

  Зээлийн гэрээний шаардлагын үүрэг гүйцэтгэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын үүрэг гүйцэтгэгчээс өөр этгээд байх тохиолдолд шаардлага тус бүрийг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар оролцуулах хуулийн зохицуулалттай тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зээлийн гэрээний шаардлагын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

  Барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай бөгөөд өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр ХААН банк ХХК-ийн гаргасан шаардлагаар Ноос-импекс ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт /барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах/-ыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргахад энэ магадлал саад болохгүй, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

6. Шүүх нэхэмжлэлд 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагч Т.Уранболор нь хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаан өмчгөөлөгчтэй оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. Хариуцагч өмгөөлөгч оролцуулаагүй, шүүхэд уг хүсэлтийг гаргаагүй учраас энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, хариуцагч нь давж заалдах гомдолд дурдсан хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлээгүй тул анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Энэ талаар гаргасан хариуцагч Т.Уранболорын гомдол үндэслэлгүй байна.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага болон улсын тэмдэгтийн хураамж хуваарилах заалтыг 2 гэж давхардуулан дугаарласан техник алдаа гаргасан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт /барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах/-ыг хүчингүй болгоход дугаарлалтад өөрчлөлт орохгүй болохыг дурдах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, хариуцагч Т.Уранболорын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01395 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Маралмаа, Т.Уранболор нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 136,070,743 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг хариуцагч нараас 908,504 төгрөгийг гаргуулж гэснийг хариуцагч нараас 838,304 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Уранболорын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Уранболороос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 908,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР