Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01668

 

 

 

 

 2023 оны 08 сарын 25 өдөр Дугаар 210/МА2023/01668

 

Цант булаг ХХК, Г.Батцэнгэл нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01981 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Цантбулаг ХХК, Г.Батцэнгэл нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Эрдэнэбаатарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 11,075,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Цантбулаг" ХХК нь 2007 оноос хойш барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь Г.Батцэнгэл болно. 2019 оны 05 дугаар сард А.Эрдэнэбаатар гэх хүн түүний танилаар дамжуулан холбогдож гааль, барилгын материалаас илүү гарсан найдвартай Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд байна гэж худалдаж авах саналыг анх тавьсан.

1.2. "Цантбулаг ХХК нь тухайн жилд татварын өртэй, мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд байсан тул түүний саналыг хүлээн зөвшөөрч, худалдан авахаар тохиролцсон.

Нийт 12,075,260 төгрөгийг А.Эрдэнэбаатарт шилжүүлж, баримтыг авснаар харъяа дүүргийн татварын газарт тайлагнасан.

1.3. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу А.Эрдэнэбаатар нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Г.Батцэнгэл нь тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан болно.

Гэтэл 2020 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Татварын албанаас Цантбулаг" ХХК-ийн нэр дээр 33,000,000 төгрөгийн татварын өртэй гэх мэдэгдэл ирснээр А.Эрдэнэбаатар анхнаасаа хууран мэхэлж, мөнгө авсан болохыг олж мэдсэн.

1.4. Өөрөөр хэлбэл, А.Эрдэнэбаатарын өгч байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд нь бүгд хуурамч байсны улмаас манай компани 2019, 2020 оны татварт 33,000,000 төгрөгийн өртэй болж хохироод байна.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт заасны дагуу А.Эрдэнэбаатар нь эд хөрөнгийн эрхийн доголдолтой буюу хуурамч баримт хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байна.

1.5. 12,075,260 төгрөгийг буцааж авахаар шаардахад, хүлээн зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг төлж, удахгүй үлдэгдэлийг нь өгөхгүйгээр хохироосоор байна.

Улмаар Г.Батцэнгэл нь 2020 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 50 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч А.Эрдэнэбаатараас 11,075,260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. А.Эрдэнэбаатар миний бие Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэн биш бөгөөд Цантбулаг ХХК болон Г.Батцэнгэл нарт Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт худалдан борлуулаагүй ба Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт худалдах, худалдан авах хэлцэл хийгээгүй. Тухайлбал, Г.Батцэнгэл нь миний танил Ц.Равжаа гэх хүнээр дамжуулан анх надтай танилцсан ба тэрээр барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бригадтай тухайгаа хэлж байсан.

Г.Батцэнгэл болон Ц.Равжаа нар 2019 оны 5 дугаар сард манай гэрийн гадаа ирж уулзсан бөгөөд Цантбулаг ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй учраас тендерт орж чадахгүй болоод байна, Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олоод өгөөч гэх саналыг Г.Батцэнгэл анх өөрөө санал гаргасан. Улмаар миний бие Г.Батцэнгэлийг н.Чинтуяа гэх хүнтэй танилцуулсан бөгөөд Г.Батцэнгэл нь н.Чинтуяагаас нэхэмжлэлд дурьдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг худалдан авсан байдаг.

2.2. Харин н.Чинтуяа нь А.Эрдэнэбаатар надаас 8 ширхэг тээврийн хэрэгсэл /lexus 570, lexus GX 470, Toyota estima, Hyundai porter гэх мэт/ худалдан авсан байсан ба худалдан авсан дээрх тээврийн хэрэгслийн үнийг надад бүрэн төлж барагдуулаагүй байсан тул Г.Батцэнгэлээс шилжүүлэх мөнгийг тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцоорой хэмээн хэлж Г.Батцэнгэлд Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгсөн байдаг. Г.Батцэнгэлээс төлөх төлбөр нь н.Чинтуяагаас авах миний авлагад суутган тооцогдож буй талаар Г.Батцэнгэл нь сайтар мэдэж байгаа ба тухай бүрт нь хэлж байсан.

Иймд Цантбулаг ХХК болон Г.Батцэнгэл нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Эрдэнэбаатарт холбогдох 11 ,075,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Цантбулаг ХХК болон иргэн Г.Батцэнгэл нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Цантбулаг ХХК, Г.Батцэнгэл нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбар, бусад баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй. Нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.1. Тухайлбал, хэрэгт "СЦЭЭДХХК, "Эко баян монгол" ХХК, "Алтан аз хийморь" ХХК, "ТБЦН ХХК, "Ган нармон" ХХК, "Үжин булаг" ХХК, "Дэвжих макс" ХХК-иудын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон хувьцаа эзэмшигч нарын мэдээлэлд А.Эрдэнэбаатарын нэр байхгүй буюу хариуцагч нь эдгээр компаниудтай ямар нэгэн хамааралгүй болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр эдгээр компаниудтай огт харилцаа хамаарал байхгүй, мөн уулзаж байгаагүй мэдэхгүй гэх талаар тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал эдгээр компаниудыг танихгүй, мэдэхгүй байж хэрхэн яаж НӨАТ-н баримт бичүүлэх билээ. Гэтэл шүүх баримтаар А.Эрдэнэбаатартай хамааралгүй байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл буюу хариуцагч хамааралгүй юм бол дээрх компаниуд хэн нэгэнтэй харилцаа үүсгэлгүй өөрсдөө дур мэдэн падаан шивсэн мэт ойлголтыг төрүүлж байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Дээрх хуулийн агуулга болон Г.Батцэнгэл, "Цантбулаг ХХК болон А.Эрдэнэбаатар нарын хооронд үүссэн харилцаанд дүн шинжилгээ хийхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй буюу нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд нь хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байгаагүй болох нь тогтоогдож байгаагаас гадна нэхэмжлэгч Г.Батцэнгэл нь хууль бус баримт гэдгийг мэдсээр байж тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг олж авсан нь гэрч Ц.Равжаа, А.Мөнхжаргал, А.Төмөрсүх нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна..." гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай алдаатай шийдвэр болсон байна.

Учир нь шүүх хэргийн үйл баримтын талаар огт дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна. Шүүх ямар үнэдсэлэлээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлүүд нь өөр хоорондоо зөрчилдөж байна.

4.3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт Г.Батцэнгэл, "Цантбулаг"ХХК-ийн данснаас А.Эрдэнэбаатар, Мөнхдөлгөөн /хариуцагчийн эхнэр/-ний данс руу нийт 12,075,260 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс А.Эрдэнэбаатар нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг "Эрдэнээ НӨАТ буцаалт" гэсэн утгатайгаар буцааж шилжүүлсэн нь нотлогдож байна гэх зөв дүгнэлтийг хийчээд талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй илтэд үндэслэл муутай. Хэрэв талууд гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй юм бол ямар учраас нэхэмжлэгч нар дээрх мөнгийг хариуцагчид шилжүүлэх болсон, мөн 1,000,000 төгрөгийг НӨАТ-н буцаалт гэж шилжүүлснээр талуудын хооронд НӨАТ-н баримт худалдах худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн болох нь баримтаар нотлогдож байхад шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх заримд нийцсэнгүй.

4.4. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Мөн нэхэмжлэгч нараас хариуцагчид шилжүүлж буй мөнгөн шилжүүлгийн утгаа "P7000", "2", "Мат" гэх зэргээр томъёолсноос дүгнэхэд бодит байдлыг нуух зорилготой байхаас гадна нэхэмжлэгч нь хууль бус аргаар, хуурамч баримт худалдан авч буйгаа өөрөө мэдэж байсныг итгэж байна..." гэх дүгнэлт нь өөр хоорондоо зөрчилдсөн байх буюу шүүх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэчээд хуурамч баримт худалдан авч буйгаа өөрөө мэдэж байна гэж дүгнэсэн нь гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэх агуулгыг илэрхийлсэн байхад шүүх илтэд алдаатай шийдэж буйд гомдолтой байна.

4.5. Монгол улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэн, хуулийн этгээд эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд ханддаг. Гэтэл шүүх нэхэмжлэгч нарыг хэн ч биш танихгүй хүнд мөнгө шилжүүлээд хохирч болно гэж байгаатай ялгаагүй, хохирсон байгаа дээр нь нэмж хохироох шийдвэр гаргаж байгаа нь уг хуулийн зорилго зорилтод нийцэхгүй.

4.6. Мөн нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн агуулгаас харахад татварын падаан нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болохгүй гэдэг нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт хууль тогтоогчид тодорхойлохдоо худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэн, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулга зүйлийг өөрсдөө тодорхойлно гэж заасны дагуу талууд гэрээний зүйлийг чөлөөт байдлын үндсэн дээр НӨАТ-н падаан худалдах, худалдан авахаар тодорхойлсон байхад шүүх гэрээний зүйл биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.7. Мөн шүүх хууль хэрэглээний хувьд алдаатай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Тодруулбал нэхэмжлэгч талаас маргаан бүхий НӨАТ-н баримтуудыг худалдан авахдаа хуурамч гэдгийг мэдээгүй мэдэх боломжгүй байсан ба татварын газарт "Цант булаг" ХХК нь тухайн жилд тайлангаа хүргүүлэхэд өр төлбөртэй буюу хуурамч баримт болохыг анх олж мэдсэн байдаг. Энэ талаар анхнаасаа шүүхэд болон шүүх хуралдаан дээр тайлбарладаг бөгөөд харин хариуцагч А.Эрдэнэбаатар нь баримт хуурамч болохыг мэдсээр байж, худалдан ашиг орлого олж /үндэслэлгүйгээр хөрөнгөжиж/ байгаа нь хууль бус юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 255 дугаар зүйлийн 255.2- т"...Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй..." гэж зааснаар А.Эрдэнэбаатар нь хуурамч гэдгийг анхнаасаа мэдсээр байж нэхэмжлэгч нарт худалдсан /шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй/ тул шаардах эрхтэй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06-р сарын 14-ний өдрийн 183/12023/01981 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Цантбулаг ХХК, Г.Батцэнгэл нар нь хариуцагч А.Эрдэнэбаатарт холбогдуулан 11,075,260 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /1хх.1-2, 58 дугаар тал/

3. "Цантбулаг ХХК-ийн татварын өртэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд шаардлагатай байсан тул А.Эрдэнэбаатарын нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд байна гэсэн худалдах саналыг хүлээн зөвшөөрч, худалдаж авахаар тохиролцож, нийт 12,075,260 төгрөгийг А.Эрдэнэбаатарт шилжүүлсэн. Уг баримтыг авснаар харъяа дүүргийн татварын газарт тайлагнасан. Гэтэл, уг баримтууд нь хуурамч болохыг мэдсэн. Хариуцагч А.Эрдэнэбаатар нь 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Хариуцагч нь доголдолтой баримт худалдсан тул үлдэгдэл 11,075,260 төгрөгийг хариуцагч А.Эрдэнэбаатараас гаргуулахаар шаардсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

4. Талуудын аман хэлбэрээр байгуулсан гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд талуудын тохиролцоо болон нэхэмжлэгч Цант булаг ХХК, Г.Батцэнгэл нарын гэрээний санал нь хуульд нийцээгүй байх тул иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй. Худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэгэнт талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй учир Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилготой байна гэж заасан тул мөн зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нарын гэрээний санал нь анхнаасаа төрийн байгууллагыг хуурамч татварын падаан гэх баримтыг ашиглан татвараас зайлсхийх зорилготой аливаа үйлдлийн улмаас эдийн баялагтай холбоотой зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлэн сэргээх боломжгүй.

5. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуулиар хориглоогүй эрх, үүргийг хэрэгжүүлж болох бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлэн хууль зүйн тодорхой үр дагавар үүсгэх хэлцэл байгуулах эрх чөлөөтэй хэдий ч, уг эрх чөлөө нь хязгааргүй чөлөөт байдал гэж ойлгож болохгүй. Учир нь хуулиар хориглосон үйлдлийг гүйцэтгэхгүй байх, аливаа этгээдийн үйлдэл нь хуульд шууд нэрлэн заагаагүй боловч агуулгаараа хууль зөрчөөгүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн байж иргэний эрх зүйн хамгаалалтад орно.

Иргэний шүүхээр хамгаалалт хэрэглэж, шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэл нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хууль болон гэрээнд заасан үүргээ шударгаар гүйцэтгээгүй тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход чиглэнэ.

Иймд, нэхэмжлэгч нарын хуульд нийцэхгүй аливаа тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийллийг шүүх дэмжихгүй.

6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэх бөгөөд нэхэмжлэгч нар нь иргэний эрх зүйн харилцаанд оролцож төлбөр тооцоо хийснийхээ төлөө нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуульд заасан журмын дагуу үйлдэх талаар хуулийн зохицуулалттай болохыг мэдсэн атлаа тэдний гэрээний санал, анхдагч хүсэл зориг нь хуульд зөрчих санаа зорилготой байх тул уг баримтыг авахад хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсэгт зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримт ба уг баримт нь Иргэний хуульд заасан ерөнхий үндэслэлээр чөлөөтэй шилжих боломжгүй, иргэний гүйлгээнд хориглосон, гэрээний зүйл болохгүйг нэхэмжлэгч нар нь мэдсэн, мөн иргэний эрх зүйн харилцааг шударгаар үүсгэх хүсэл зориг агуулаагүй тул эрсдэл хүлээх зарчмын хүрээнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах боломжгүй. Нэхэмжлэгч нарын гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцлийн зохицуулалтыг хэрэглэж, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй.

Учир нь талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох хэлцэл биш болохыг дурдах нь зүйтэй.

8. Анхан шатны шүүх талуудын хоорондын худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын баримт нь гэрээний зүйл болохгүй талаар зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь буруу байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж өөрчилнө.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01981 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг... гэснийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР