Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 273

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч Т.Мөнх-Амгалан, шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  овогт  Ц.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806093160052 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ц.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.М, Б.Д нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз охины хамт явж байх үед манай найз охинтой өмнө нь уулздаг байсан Лууяа гэх залуу явж байсан юм. Манай найз охин “Лууяа явж байна” гэж хэлээд маяглаад байхаар нь би уурлаж найз охиноо хаяад явсан. Би “Ёсүй” пабад 1 шил пиво авч уусан. Тэгээд найз Сугарыг дуудсан. Сугар ирсэн. Би дахин 1 шил пиво авч уусан. Сугар бид хоёр хамт Арслантай гүүрний хажууд байрлах “Цэ” пабад орж, “Суварга” нэртэй 3 литрийн пиво ууж байх үед 10 жилийн Эрдэнэчимэг гэх охинтой таарсан. Бид гурав хамт сууж пиво ууж байгаад Сугар “маргааш ажилтай” гэж хэлээд явсан. Би дахиж 3 литрийн пиво авч уусан. Тэгээд пабаас гарч караокед орсон гэсэн. Би өөрөө караокед орсноо санахгүй байна. Би нэг мэдсэн найз охин Э.Мыг цохисон байсан. Тэгээд доошоо шатаар бууж байх үедээ хохирогч Б.Дтэй маргалдаж цохисон.” гэв.   

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Б.Дгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13985 дугаар дүгнэлт /хх-н 13/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/,  эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал /хх-н 21/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 24/, гэрчээр Э.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-26/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Э.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13971 дугаар дүгнэлт /хх-н 32/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-43, 46-47/, хохирогч нарт хэргийн материал танилцуулсан баримт /хх-н 48-49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.М, Б.Д нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Ц.Дыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Э.М, Б.Д нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Дгийн хохирогчоор өгсөн: “...Би 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 17/1 дүгээр байрны орцны жижүүрийн ажлыг хийж байна. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 21:15 цагийн үед намайг ажлын байран дээрээ байж байх үед манай байрны 506 тоотод амьдардаг Ц.Д гэх 22 орчим насны, туранхай, өндөр залуу согтуурхан үгийн зөрүүгүй цохиж зодож агсам согтуу тавьсан. Миний нүүрэн тус газар 3, 4 удаа цохисон. Уруул хэсэгт нэг удаа цохисон. Мөн хацар руу 2, 3 удаа цохисон. Намайг пизда минь чи юу юм бэ гэж хэлээд цохиж унагаасан. Миний баруун хацар шалбарсан. Дээд доод уруул сэтэрч, үүдэн шүд хөдөлгөөнтэй болсон байна." гэх мэдүүлэг /хх-н 5-9/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13985 дугаартай

1. Б.Дгийн биед доод эрүүний үүдэн хоёр шүдний сулрал, баруу хацар, дээд, доод уруулын дотор салст, зүүн тавхайн 3 дугаар хуруунд цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-н 13/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Мын өгсөн: "...Орой 21 цаг өнгөрч байхад түлхүүргүй гадаа байж байхад Ц.Д такси барьчихсан ирээд гэртээ бид 2 орсон. Ц.Д чи өдөр намайг доромжилсон гэхээр нь би яаж чамайг доромжилсон юм бэ, таньдаг хүүхэд явж байхаар нь хэлсэн шүү дээ гээд бид 2 маргалдсан. Тэгтэл Ц.Д гараараа миний толгой хэсэгт нилээн хэдэн удаа цохьсон." гэх мэдүүлэг /хх-н 28-29/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13971 дугаартай

1.Э.Мын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын
дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл
тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой,

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй,

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой" гэх дүгнэлт, /хх-н 32/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Ц.Дыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр авсан  /хх-н 48-49/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Дд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.