| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2022/00677/И |
| Дугаар | 210/МА2023/01674 |
| Огноо | 2023-08-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2023/01674
2023 оны 08 сарын 28 өдөр Дугаар 210/МА2023/01674
С.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01819 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улсын мал эмнэлэг,******* ТБАГУТҮГ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2007 онд Улсын мал эмнэлэг,*******д мөөгөнцөр, хор судлаач малын их эмчээр ажилд орсон бөгөөд тус лабораторийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Тунгалагийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 тоот тушаалаар ажлаас халагдсан.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сард нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилээр хасуулж, торгуулийн ялаар шийтгэгдсэн тус тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан болохоос төрд ажиллах эрхийг хасаагүй.
1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 онд намайг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ирүүлсэн. Миний эрхэлж байсан төв лабораторийн шинжээч эмчийн албан тушаал нь нийтийн албанд хамаарахгүй юм.
1.3. Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийтийн алба болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасан нийтийн албанд хамаарахгүй. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийг илт буруугаар ашиглаж төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халуулах, эрх зүйн байдлыг доройтуулсан. Төрийн үйлчилгээний албыг нийтийн алба гэж үзэн шийдвэр гаргасан.
Иймд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай байгууллагын захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/434 дүгээр магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Улсын мал эмнэлэг,*******йн малын их эмч, микологич албан тушаалтай С.*******ыг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
2.2. С.*******ыг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд: ...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
2.3. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг Иргэний шүүхэд гаргахаар заасан. Хэрвээ гомдол гаргасан тохиолдолд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасны дагуу 1 сарын дотор гомдол гаргах зохицуулалттай.
Маргаан бүхий тушаал 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардуулсан гэж үзвэл нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Улсын мал эмнэлэг,******* ТБАГУТҮГ-т холбогдуулан гаргасан ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01819 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт "... С.******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн Давж заалдах гомдол гаргах тухай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан болох нь түүнд хүргүүлсэн Мал эмнэлгийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/96 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар, түүний и-мэйлд хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгч 1 сар 4 хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаар баримтгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй, хууль мэдэхгүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв." гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр "ажлаас чөлөөлсөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаар душаалыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэйлээр илгээснээр С.******* гардаж авсан гэж үзнэ" дүгнэсэн нь үндэслэлтэй.
Маргаан бүхий Б/48 дугаар тушаалыг и-мэйлээр гардан авсны дараа 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газарт гомдол гаргасан.
Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газраас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/36 албан бичгээр захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Тунгалагийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо эрх бүхий байгууллага, хууль хяналтын байгууллагад гаргах эрх нээлттэй" гэсэн хариу өгсөн.
Үүний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д "Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана" гэж заасан.
Дээрх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгснөөр хугацаа тасалдаж байгаа ба энэ талаарх нотлох баримтыг өгсөөр байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй, уг баримтад дүгнэлт хийгээгүй.
4.2. Түүнчлэн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдреес 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үндэсний уламжлалт баяр буюу цагаан сар тохиож байсан ба бүх нийтээр амарч байсан болно.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/Ш32022/01057 дугаар захирамжаар С.*******ын нэхэмжлэлийг "Иргэний шүүхэд хандан нэхэмжлэлээ гарга" гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсныг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой ажлын цаг дуусаж байхад надад утсаар мэдэгдсэн бөгөөд мөн өдөр шүүхийн бичиг хүргэгчээр дамжуулж хүлээн авсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар нотлогдоно.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т "Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно." гэж заасан бөгөөд миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж, материалаа хүлээн авсан даруйд буюу маргааш нь ажлын цаг эхэлмэгц 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, өөрөөр хэлбэл миний зүгээс шалтгаалж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
4.3. Мөн дээрх хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т "... гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана." гэж заасан ч "Захиргааны болон иргэний шүүхэд гомдлоо гаргана" гэж тусгайлан заагаагүй юм.
С.******* би 2022 оны 01, 02 дугаар саруудад эрүүл мэндийн байдлын улмаас өвчтэй, эмнэлгээр явж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба энэ талаарх нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөөр байтал үнэлээгүй ба хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж тайлбарлаж, хэт нэг талын тайлбарыг үндэслэж, иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.
4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тушаал гардуулсан талаараа удаа дараа худал зөрүүтэй тайлбаруудыг гаргадаг ба С.******* надад ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулсан гэх баримтыг шүүхэд хуурамчаар нөхөн бүрдүүлж, хэрэгт хавсаргаж өгсөн.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу С.******* миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гомдолтой танилцахад нэхэмжлэгч нь үүссэн нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, хариуцагчийг үндэслэлгүйгээр буруутгасан агуулгатай байх тул бичгээр ийнхүү тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үл зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд: Манай байгууллагын захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Улсын мал эмнэлэг,*******йн малын их эмч, микологич албан тушаалтай Сүхбаатарын *******ыг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас..." нь чөлөөлсөн. Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-г дуусгавар болгохдоо дээр дурдсанчлан Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс С.*******ыг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, түүнд ял оногдуулсан, холбогдох шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. С.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч шийтгэжээ.
5.2. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд хуулийн хүчин төгөлдөр албадан гүйцэтгэнэ. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Нөгөөтэйгүүр ажилтан С.******* гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь манай байгууллагын болон бусад ажилчдын ажил хэргийн нэр хүндэд халтай төдийгүй, байгууллагын "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 8.4.12.1, 8.4.17.3. 10.1.3, 10.4.4. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"- ийн ... Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах; өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх..." болон бусад заалтыг зөрчсөн хууль бус, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаа.
5.3. Нэхэмжлэгч нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд 129 дүгээр зүйлийн 129.2. дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлж, шүүхэд гомдол гаргасан, маргаан бүхий тушаалыг түүнд гардуулж өгсөн хугацааны тухайд:
2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаар буюу маргаан бүхий тушаалыг бичгийн хэлбэрээр албажиж гарахаас өмнө ийм шийдвэр гарч байгааг нэхэмжлэгч мэдэж байсан ба байгууллагын зүгээс ч түүнд хэд хэдэн удаа тушаалыг гардуулж өгсөн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тушаалаа хайгаад олохгүй байна гэж нэхэмжлэгч хэлэхээр нь и-мэйл-ээр дахин илгээсэн болно. Дээрх үйл баримт нь урьд болсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогддог.
5.4. Түүнчлэн нэхэмжлэгч нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. дахь хэсгийн "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана." гэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж шүүхэд гомдлоо гаргасан нь нотлогддог билээ.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01819 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Улсын мал эмнэлэг,******* ТБАГУТҮГ-т холбогдуулан лабораторийн төвийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх 1, 126-128 дугаар тал/
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.а. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ДШМ/434 дугаар магадлалаар С.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх. 95-122/
3.б.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаар албан бичгээр ...Сүхбаатарын *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч шийтгэжээ. Ялтан С.******* нь Улсын мал эмнэлэг,*******-д малын эмчээр ажиллаж байна. Иймд, С.*******ыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу нийтийн албан тушаалаас буюу ажлаас чөлөөлж хариуг ирүүлнэ үү гэж дурджээ. /хх. 17/
3.в. Хариуцагч Улсын мал эмнэлэг,******* ТБАГУТҮГ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 тоот тушаалын 1 дэх заалтаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лобариторийн малын их эмч, микологич албан тушаалтай Сүхбаатарын *******ыг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсгийг баримтлан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ДШМ/434 дугаар магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон С.*******ыг ажлаас нь чөлөөлжээ. /хх. 185/
4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан талаар буруу дүгнэжээ.
4.а. Нэхэмжлэгч нь Улсын мал эмнэлэг,******* ТБАГУТҮГ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 тоот тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газар-т гомдол гаргасныг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/26 дугаар албан бичгээр ...гомдлоо эрх бүхий байгууллага, хууль хяналтын байгууллагад гаргах эрхтэй нээлттэй гэх агуулгатай хариу өгчээ.
4.б. С.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШЗ2022/1057 дугаартай Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар ...Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш... гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
4.в. Нэхэмжлэгч нь уг захирамжийг хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Улсын мал эмнэлэг,******* ТБАГУТҮГ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 тоот тушаалыг эс зөвшөөрч эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргасан байдал нь баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх хоорондоо цаг хугацааны хувьд шалтгаант холбоотой баримтуудын харьцуулан хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор дээд шатны байгууллагад гомдол гаргасан, мөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байх тул шүүх эрх бүхий байгууллагад хандаж байсан үргэлжилсэн хугацааг сэргээн тогтоох нь хуульд нийцнэ.
5. Нэхэмжлэгч нь ...Улсын мал эмнэлэг,*******йн малын их эмч, микологич албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарахгүй гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй.
5.а. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ДШМ/434 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тул С.*******ыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу нийтийн албан тушаалд ажиллах эрхийг хасах ялыг заавал хэрэгжүүлэх нь ял шийтгэл гарцаагүй байх, шүүхийн шийдвэр заавал биелүүлэх зарчмын агуулгад нийцэж байна.
Хариуцагч байгууллага нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаар албан бичгийг үндэслэн Улсын мал эмнэлэг,******* ТБАГУТҮГ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 тоот тушаал гаргаж, С.*******ыг ажлаас чөлөөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.2.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
5.б. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тайлбарт нийтийн албанд ажиллах эрхийг хасах гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгоно. гэж тайлбарласан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч хамаарахаар зохицуулжээ.
6. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Нийтийн албанд ажиллах эрхийг хасах ял шийтгэлийн зорилго нь Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой уялдахаас гадна нь төрийн байгууллага авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг төрийн байгууллагад ажиллуулах эрхийг хасах замаар дахин төрд хохирол учруулах үйлдэл /эс үйлдэхүй/-ийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэнэ.
Өөрөөр хэлбэл, нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх төрлийн гэмт хэрэгт бус, харин тодорхой тооны гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулахаар хуульчилсан бөгөөд нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу төрийн байгууллага /нийтийн алба/-д авлига, албан тушаалын гэмт хэрэгт буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг төрийн аль ч байгууллагад ажиллуулах явдлыг хязгаарлах агуулгатай тул нийтийн албан тушаалтан гэдгийг төрийн албан хаагчтай адилтган, агуулгыг дэлгэрүүлэн тайлбарлах нь Эрүүгийн хууль болон Авлигын эсрэг хуулийн үзэл баримтлалд нийцнэ.
7. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан хүрээгээр хязгаарлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ДШМ/434 дугаар магадлалыг биелүүлэхгүй байх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг төрийн албанд ажиллуулахыг шүүх дэмжих үндэслэлгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01819 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР