Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 90

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Д.Бт холбогдох 2026000000182 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Д овогт Д.Б нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Бийг 3 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг устгахаар шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор гаргасан гомдолдоо: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Үыг хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшдэг. Шүүгдэгчийн хувьд хэрэг болох үед хохирогчид хэл амаар доромжлуулж, Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа Н гэх охиных нь асуудлаас болж байнга маргалддаг тухай асуудал байдаг. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогч Т.Ү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон эрүүл үедээ “чиний охин Номин-Эрдэнийг би хүчиндээд байхдаа яахав дээ... ингэж байхаар намайг алчихаач” гэх мэтээр хэл амаар доромжилсон, мөн “аавындаа очиж унт” гэх мэтээр хөөж үснээс нь зулгаасан зэрэг байдлаас болж шүүгдэгч санаа сэтгэл нь цочрон давчдаж гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад гэр доторх сандал, хувин унаж ундуй сундуй байдалтай байсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ хохирогч агсан тавьсан гэж, харин хохирогч өөрийн буруутай үйлдэл байсан гэдгээ мэдүүлдэг. Шүүгдэгчийн хувьд Т.Үод холбогдох эрүүгийн хэрэгт охин Н нь хохирогчоор тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэл зүйн байдал болон хохирогчийн зүгээс дарамт, доромжлол үзүүлдэг байсан тухай анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч тухайн өдөр хохирогч Т.Үын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон тухайн өдөр хохирогч гэртээ агсам тавьсан, шүүгдэгчийг хэл амаар доромжилсон, хөөсөн зэрэг асуудлууд тогтоогддог бөгөөд хохирогчийн энэ мэт зүй зохисгүй байдал нь шүүгдэгчийн санаа сэтгэл цочрон давчдахад нөлөөлсөн тул Д.Бийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь бага насны буюу 1 ой 7 сартай хөхнөөсөө гараагүй охинтой, хохирогч нь гомдол саналгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “миний ч буруутай үйлдэл байгаа” гэж мэдүүлсэн болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: ...Хохирогч Т.Үын зүгээс шүүгдэгч Д.Бийг доромжилж, хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, сэтгэл санааг нь хүчтэй цочролд оруулахаар үйлдэл хийсэн нотлох баримт тогтоогдоогүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсвэл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан гомдлыг үндэслэн Д.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Д.Бийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 02-01 тоот гэртээ өөрийн нөхөр Т.Үын цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан гомдлын дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Манай нөхөр 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр цагдаа дээр очиж … өмнө нь манай охин Номин-Эрдэнийг зодсон хэрэгт мэдүүлэг өгөх гэж явсан... Тэр хооронд нь би гэртээ ганцаараа 1 шил архи уусан. Тэгээд Ү 14 цагийн үед гэртээ согтуу ирсэн. Тэгээд би Үтой хамт гарч дэлгүүрээс архи аваад гэртээ ирж 2-лаа архи уусан. Архи ууж байхдаа Ү надад хандаж танай охин Н намайг одоо хүчиндсэн гэж яриад байхдаа яахав дээ гэж хэлсэн. Тэгээд Ү тэртээ тэргүй ял эдлэх л юм байна гэхээр нь чи яагаад ингээд байгаа юм, чи миний сэтгэл санааг гутарч байгаа гэж боддоггүй юм уу гэсэн чинь чи тэгвэл намайг алчихгүй юу, би чамд хутга аваад ирэх үү, эсвэл чи өөрөө очоод авчих, намайг алчих гээд байсан. Тэгээд би байшингийнхаа хоолны сервантнаас эрээн иштэй, урд үзүүр хэсэг нь хар болчихсон хутгыг гаргаж ирээд Үын цээжний хэсэгт нь дүрчихсэн. Тухайн өдөр Ү миний үснээс зулгаасан. Мөн зөндөө хоорондоо зууралдсан. Тэр үед манай хажуу айлын хүмүүс мэдээд цагдаад дуудлага өгсөн байх… Ү архи уучихсан үедээ хажууд нь хүн тогтож суухын аргагүй муухай ааш араншинтай хүн байгаа юм. Тэрнээс нь болоод би уурандаа хутгалчихсан юм…” /хх-56/ гэсэн мэдүүлгийг өгсөн байх боловч түүний мэдүүлэгт дурдсан, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг шалгаж тогтоох талаар зохих мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг бүрэн бодитой сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэлийг хөдөлбөргүй тогтоох боломжгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бодитой тогтооход нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, тухайлбал Д.Б нь хохирогч Т.Үын зохих буруутай үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар шалгавал зохих нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд шалгаагүй, энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан үндэслэл бүхий хүсэлт хангагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх Д.Бийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэсэн өрөөсгөл хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь прокурорын ял сонсгосон Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, анхан болон  давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцохдоо хэргийн зүйлчлэлийн талаар маргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн”-д тавигдах шалгуурыг бүрэн хангахгүй байхад анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаас доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Бт холбогдох хэргийг прокурорт буцааж, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй дараахь асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:

1.Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлгийг анхаарч, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Т.Ү нь ямар асуудлаар Цагдаагийн байгууллагад дуудагдаж мэдүүлэг өгсөн, хэн түүний эсрэг ямар агуулгатай гомдол гаргасныг шалгаж, гэмт хэрэг гарахад хохирогч Т.Ү зохих буруутай эсэх, тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Бийн эсрэг ямар үг хэллэг хэрэглэдэг болох, түүний хувийн зан байдал, гэр бүлийн харилцааны түүх  нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох,

2.Шүүгдэгч Д.Б нь 1-5 насны 2 хүүхэдтэй, бага хүүхдээ хөхүүлдэг атлаа тухайн өдөр яагаад сэтгэл санаа хямарч, архи уух болсон, улмаар ямар асуудлаас болж нөхөр Т.Үтой харилцан маргаж, түүнийг хутгалсан нөхцөл байдал болон Т.Ү нь эхнэр Д.Бтэй ноцолдож, туг үсийг нь зулгааж унагасан үйл явдлын дарааллыг зөв тогтоож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хавтаст хэргийн 16 болон 154 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Т.Үын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах,

3.Шүүгдэгч Д.Бийн хувьд өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Бт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмгөөлөгч П.Дониддолгорын “шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорын газарт буцаасугай.

2.Хэрэг прокурорт очтол Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН