Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 111/2018/0035/З |
Дугаар | 221/МА2019/0276 |
Огноо | 2019-05-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2019/0276
2019 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 221/МА2019/0276 | Улаанбаатар хот |
Ж.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 111/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-н гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Г-н нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 111/ШШ2019/0005 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.8.3, 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/705 дугаар “Ж.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож”
2 дахь заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн албан тушаалын цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 30 хувь бууруулсан /дөрвөн зуун арван зургаан мянга гурван зуун гуч/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г-т олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1.Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ж.Г-н нэхэмжлэлийн шаардлагын захирамжийн улмаас учирсан 720000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 416330 төгрөгийг гаргуулахаар шийдсэн.
Гэвч Ж.Г-н суутгагдсан цалинг гаргуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах зохицуулалт юм. Харин энэ хэргийн тухайд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлээгүй, хууль бус шийдвэр түүний улмаас учирсан хохирол гаргуулах шаардлага байсан.
Иймд хохирлыг гаргуулахдаа ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хуулийн заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
2. Нэхэмжлэгч хохиролд 720 000 төгрөг нэхэмжилсэн гэвч шүүх 416330 төгрөг гаргуулсан. Гэтэл хэргийн материалд хэдэн сарын хэдэнд хэдэн төгрөг суутгаж ямар дансанд төвлөрүүлсэн талаар нотлох баримт байхгүй байхад 416330 төгрөгийг гаргуулсан нь буруу юм. Угтаа хэдэн төгрөг суутгасан байна түүнийг нотолсон нотлох баримтыг үндэслэн гаргуулах ёстой. Аймгийн Засаг даргын захирамжаар Ж.Г-н үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан. Бууцагаан сумын сургуулийн нягтлан бодогч нэг сарын суутгал хийсэн байгаа үүнийг шүүх нотлоогүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Ж.Г-н цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 30 хувь бууруулсан 416330 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ж.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/705 захирамжийн улмаас түүнд учирсан хохирол 720,000 төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг тус тус баримталсан нь буруу байна.
Учир нь нэхэмжлэгч Ж.Г нь маргаан бүхий захирамжийн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар 36.1.2-т заасан ажлаас үндэслэлгүй халагдсан албан тушаалтныг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоохтой холбоотой харилцаа үүсээгүй байхад хуулийн дээрх заалтуудыг баримталсан нь үндэслэлгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчид ногдуулсан албан тушаалын цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсны улмаас түүнд учирсан хохирлыг буцаан олгох ёстой.
Харин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэдэн төгрөг суутгаж ямар дансанд төвлөрүүлсэн талаар нотлох баримт байхгүй байхад 416330 төгрөгийг гаргуулсан нь буруу” гэх гомдлын тухайд нэхэмжлэгч Ж.Г-т маргаан бүхий захирамжийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар баримтууд авагдаагүй, давж заалдах шатны шүүхээс хохирлын хэмжээг тооцох боломжгүй, нөгөөтэйгүүр маргаан бүхий захирамжтай холбоотойгоор нэхэмжлэгч Ж.Г-н цалингаас нийт хэдэн төгрөгийг суутгасан болохыг хариуцагч захиргааны байгууллагаас тооцож олгох боломжтой байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 111/ШШ2019/0005 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн албан тушаалын цалинг 2 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулсан сахилгын шийтгэлийн улмаас түүнд учирсан хохирлыг тооцож олгохыг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН