Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 020

 

Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 234 дүгээр шийдвэртэй, тус аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлтэй, Өлгий сумын 2 дугаар багт оршин суух Молхы овогт Тилекийн Ахжархынд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд 425000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар Ж.Жанарбекээс 5000000 төгрөгийн төлбөр гаргуулж, Т.Ахжархынд олгохоор заасан гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилсан. Гүйцэтгэх хуудас хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн эрх үүргийг тайлбарлан өгч, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулан хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 5015000 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу дуусгавар болгон гүйцэтгэх баримт бичгийг хаасан байна. Гэтэл хариуцагч Т.Ахжархын нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заасан үүргээ биелүүлж, урамшууллын төлбөр 425000 төгрөгийг төлөхгүй өнөөг хүртэл байгууллагад чирэгдэл учруулан явсаар байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Т.Ахжархынаас шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 425000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай эвлэрлийн гэрээ болон шүүгчийн 39 дүгээр захирамжуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахаар тохиролцож, хариуцагч Ж.Жанарбекээс 5015000 төгрөг гаргуулж, би шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд 425000 төгрөг төлж өгөхөөр тохирсон юм. 2015 оны 5 дугаар сарын дундуур шийдвэр гүйцэтгэгч Зерде намайг дуудаж 2500000 төгрөг өгч, дээрх мөнгийг авсан тухай баримт бичүүлж авсан. Сарын дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 12-нд намайг дуудаж очиход Зерде, хариуцагч Жанарбек нар хамт байсан ба Зерде надад чи одоо өөрийнхөө эвдэрсэн машиныг л авахаас өөр замгүй боллоо, учир нь хариуцагч Жанарбект одоо чамд мөнгө төлөх боломж байхгүй байна гэж хэлсэн. Би Зердед энэ машины кузов сольсон байгаа, ямар ч бичиг баримтгүй учир авахгүй. Та миний үлдсэн төлбөрийг мөнгөөр гаргуулж өг гэж хэлсэн боловч тэрээр чи үүнийг авахгүй бол мөнгө ч үгүй, машин ч үгүй үлдэнэ шүү, Жанарбек чамд бичиг баримт бүрдүүлж өгнө, хэрэв 3 хоногийн дотор бичиг баримтыг бүрдүүлж өгөхгүй бол чи машиныг авч, манайд төлөх 425000 төгрөгийг Жанарбек төлөх болно гэж хэлсэн. Би юу ч үгүй хоцрохоор машиныг авъя гэж тохироод 3 хоногийн дараа дахин очиход Зерде Жанарбек бичиг баримтыг бүрдүүлж авч ирээгүй тул чи машиныг ав, 425000 төгрөгийг Жанарбек төлөх болно гэснээр би машиныг Зердегээс хүлээн авч төлбөрөө авсан тухай баримт үйлдээд явсан. Би тухайн үед хоосон үлдэхгүйн тулд арга буюу машиныг авсан хэдий ч бичиг баримтгүй машинаар хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэгч Зерде нь тухайн үед надад 2500000 төгрөг гардуулж өгч байх үед ч би урамшууллын 425000 төгрөгийг үүнээс авч үлдэх үү? гэхэд Зарде үгүй, 425000 төгрөгийг сүүлд үлдсэн төлбөрөөс авна, дараа нь төлбөрийг мөнгөөр бус машинаар барагдуулсан үед Жанарбек төлөх болно гэж тохирчихоод одоо надаас нэхэмжилж байгаа нь илт хууль бус юм. Миний Жанарбекээс авсан 2500000 төгрөг, машин бүгд л шийдвэр гүйцэтгэгчээр дамжиж гардаж авсан ба түүний надаас дээрх мөнгийг авах боломжтой байсныг нотолно. Иймд надад байгаа бичиг баримтгүй машиныг хариуцагч Жанарбект буцаан өгч миний үлдсэн 2015000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөх, эсхүл дээрх бичиг баримтгүй байгаа машины бичиг баримтыг зохих журмаар бүрдүүлэн миний нэр дээр бүртгүүлж өгсөн тохиолдолд би дээрх 425000 төгрөгийг төлж өгөх болно. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 234 дүгээр шийдвэрээр:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2-т зааснаар Тилекийн Ахжархынаас 425000 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд олгосугай;

2. Нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Т.Ахжархынаас 13400 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Жанербекээс 5015000 төгрөг гаргуулж надад олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Жанарбек нь миний хохирлыг барагдуулж өгөхгүй байсан учраас би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба миний хохирлыг барагдуулж, би шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал төлөх үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Шийдвэр гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас би урамшууллын мөнгийг нь өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч хариуцагч Жанарбекээс 2500000 төгрөг гаргуулж надад өгөөд үлдсэн 2015000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна, чи хоосон хоцрохын орон өөрийн эвдэрсэн машинаа ав гэж шахаж өгсөн. Урамшууллын мөнгийг надаас авахгүй Жанарбекээс гаргуулж авна гэж хэлж гарын үсэг зуруулж авсан. Гэтэл шүүх шийдвэр гүйцэтгэгч Зардег шүүх хуралдаанд оролцуулалгүй, ямар нэгэн тайлбар авахгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Гүйцэтгэх хуудас авсан шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн эрх үүргийг тайлбарлан өгч, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулан хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 5015000 төгрөгийг төлбөрийг бүрэн барагдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг хаасан. Гэтэл Т.Ахжархын нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж, урамшууллын төлбөр 425000 төгрөгийг төлөхгүй байгууллагад чирэгдэл учруулж байна. Иймд Т.Ахжархынаас урамшууллын төлбөр 425000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, талуудын хооронд үүссэн үйл баримтыг тогтооход шаардлагатай баримтуудад (хэргийн 2-17 дугаар тал) нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-т заасан хэргийн оролцогч хамаарахгүй юм. Мөн зүйлийн 44.2.-т зааснаар хэргийн оролцогчид бичмэл баримтын хуулбарыг шүүхэд өгсөн тохиолдолд, шүүхээс шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын жинхэнэ эхийг шаардан авах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

2. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-т заасан зохицуулалтыг хэрэглэхдээ шүүхийн шийдвэр (Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр шүүгчийн захирамж) бодитой биелэгдсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Хэрэгт авагдсан Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр шүүгчийн захирамжаас үзвэл, Ж.Жанарбек нь Т.Ахжархыны нэхэмжилсэн 6000000 төгрөгөөс 5000000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төлөхөөр талууд эвлэрснийг баталжээ.

 

Зохигчийн тайлбараас үзвэл, Ж.Жанарбекийн өмчлөлийн Nissan Sanny маркийн, цагаан өнгийн, 2 500 000 төгрөгийн үнэтэй суудлын автомашиныг төлбөр төлөгчөөс хураан авч төлбөр авагчид актаар шилжүүлсэн бөгөөд тухайн автомашиныг бичиг баримтын хамт төлбөр авагчид бүрэн шилжүүлсэн эсэх, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон бол хуульд заасан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах мөнгөний талаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нар тохиролцсон эсэх талаар анхан шатны шүүх дүгнээгүй орхигдуулжээ. Энэ талаар хариуцагч Т.Ахжархын маргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3.-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардуулсан тухай баримтад (хэргийн 52 дугаар тал) хариуцагчид шүүхийн шийдвэрийг 2016.05.12.-ны өдөр гардуулсан гэж тэмдэглэгдсэн нь эргэлзээтэй байна. Учир нь хариуцагч Т.Ахжархын нь давж заалдах гомдолдоо Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 234 дүгээр шийдвэрийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж (хэргийн 54 дүгээр тал), анхан шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, улмаар хэргийг тухайн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 269 дүгээр албан бичгээр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

 

Иймд хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдолд дарагдсан анхан шатны шүүхийн дардас, тэмдэглэгээ зэргийг үндэслээд хариуцагч давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаанд гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 234 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК