Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 03

 

М.Буянжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор Ц.Цэен-Ойдов /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

Хохирогч С.Болормаа

Хохирогч С.Цоодол /онлайнаар/,

Шүүгдэгч М.Буянжаргал /онлайнаар/ нар оролцов.

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Буянжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогч Б.Цоодолын өмгөөлөгч А.Нацагдорж нарын давж заалдсан гомдлоор М.Буянжаргалд холбогдох эрүүгийн 201523000211 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 8-220 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мандалын Буянжаргал /РД: СЮ78021914/.

М.Буянжаргал нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Чингис хот руу орох хаалганы баруун талд “Ниссан Тида” маркийн 12-98 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж “Тоёото Прадо” маркийн 07-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Нэргүй, Б.Ганболд нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор: Мандалын Буянжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасч, 06 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Буянжаргалд оногдуулсан 06 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянжаргалын цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар М.Буянжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, М.Буянжаргалд оногдуулсан нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр 288709 дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан М.Буянжаргалын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг өөрт нь, 0773 УБТ улсын дугаартай Прадо автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг Монгол даатгал ХХК-д буцаан олгож, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч Б.Цоодол нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Буянжаргалаас 11032146 төгрөгийг гаргуулан хохирогч С.Болормаад олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Буянжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Буянжаргал давж заалдах гомдолдоо: Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие 2015 оны 07 сарын 20-ны өдөр 13 цагийн орчим өөрийн гэр бүлтэйгээ Улаанбаатар хотыг зорин гарахаар явтал Хэнтий аймгийн Чингис хаалганаас хойш 300 орчим метр газарт өөрийн эзэмшлийн 12-98 УНҮ дугаарын “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгслээ жолоодож яваад асар хурдтай явж байсан 07-73 дугаарын Прадо жип машинтай мөргөлдсөний улмаас зам тээврийн ослын хэрэгт холбогдоод байна. Энэ хэргийн улмаас эрдэнэт 2 хүний амь нас эрсэдсэнд туйлын ихээр харамсаж буйгаа дахин илэрхийлж байна. Цагдаагийн байгууллагыг ямар ч хэрэг гарсан үнэн мөнийг нь олохыг хичээж ажилладаг гэж итгэж байлаа. Итгэж байсан учраас хэргийн болсон процессийг анхнаас  нь үнэн шударгаар өмгөөлөгчгүйгээр мэдүүлсэн. Гэтэл миний энэ өмгөөлөгчгүй байгаа байдлыг ашиглах буюу “хадам аав тамхи асуухаар нь голын хайрцаг дээр эхнэрийн цүнхэн доор байгаа байх” гэж хэлсэн дээр нэмэрлэж нөгөө талын жолооч асан Г.Нэргүйтэй нутаг нэгтэн Хэнтий аймгийн Цагдаагийн газар ажиллаж буй байцаагч Сүхбат нь Баясгалан байцаагчийн зөвшөөрөлгүйгээр надаас байцаалт авсан мөртлөө дээрх үгэн дээр дөрөөлж миний хэлээгүй үгнүүдийг нэмж бичсэнийг тодотгон хэлье. ...Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн бодитой зөв дүгнэлт гаргуулж шийдүүлмээр байна. Давж заалдах шатны шүүх хуралд оролцуулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдолдоо: 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэл муутай гэж үзэж байна. .. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн биш нөхцөл байдал тогтоогдвол нэмэлт буюу дахин шинжилгээ хийлгэнэ гэх заалтыг биелүүлээгүй байх тул анхын шатны шүүхийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдолдоо: ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д зааснаар хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтууд нотлох чадвараа алддаг учир шүүхийн шийдвэр болох үндэслэлгүй. Иймд 126 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

М.Буянжаргал нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Чингис хот руу орох хаалганы баруун талд “Ниссан Тида” маркийн 12-98 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж “Тоёото Прадо” маркийн 07-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Нэргүй, Б.Ганболд нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 27, 29-30х/, хохирогч Б.Цоодолын мэдүүлэг /хх-ийн 35-36х/, иргэний нэхэмжлэгч Г.Сайнбаярын мэдүүлэг /хх-ийн 44х/, гэрч Б.Батхүрэлийн мэдүүлэг /хх-ийн 45х/, гэрч Ч.Чимгээгийн мэдүүлэг /хх-ийн 46х/, гэрч Э.Болоржаргалын мэдүүлэг /хх-ийн 51х/, Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 сарын 04-ний өдрийн 032 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 65-66х/, Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 сарын 04-ний өдрийн 033 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 69-70х/, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 664 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 4-5ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 сарын 20-ны өдрийн 1061 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 103-105 ху/, шүүгдэгч М.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... хадам аав Ганболд тамхи асуухаар нь би аавд голын хайрцаг дээр байгаа гэж хэлсэн чинь хадам аав байхгүй байна гэхээр нь аавд тамхийг олж өгөх гээд автомашины голын хайрцаг дээр байсан эхнэрийнхээ гар цүнхийг би зүүн гараараа аваад голын хайрцаг руу хартал гэнэт түс тас гээд явчихсан ... тэгээд машинаасаа буугаад харахад миний машины буруу талын урд хэсэг чихэгдчихсэн, урд салхины шил хагарчихсан засмал зам дээр урагш харсан байдалтай хөндөлсөөд зогсчихсон байсан...”  гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, үйлдлийг зөв зүйлчилсэн, ялтанд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдалд тохирчээ.

Иймд шүүгдэгч М.Буянжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогч Б.Цоодолын өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Буянжаргал, ялтны өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогч Б.Цоодолын өмгөөлөгч А.Нацагдорж нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                  ДАРГАЛАГЧ                                    Л.НАРАНБАЯР                        

                                   ШҮҮГЧИД                                      Б.СҮХГОМБО

                                                                                          А.ЭНХБААТАР