Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01830

 

 

 

2023.10.04 210/МА2023/01830

 

Ж.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02217 дугаар шийдвэртэй,

 

Ж.Эийн нэхэмжлэлтэй

“даатгал” ХХК-д холбогдох,

 

Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт 34,869,956 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд оршин суудаг байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 07-ны шөнө гэнэт нас барсан. Б.Н өрх толгойлсон эх, 6 настай охины хамт амьдардаг байсан бөгөөд охин Н.Х тус аймаг дахь сургуулийн 2 дугаар ангид сурдаг, бүтэн өнчин хүүхэд юм. Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэмж сард 288,000 төгрөг тогтоолгосон. Н.Х нь одоо эмээ Ж.Эийн асаргаанд байдаг.

Талийгаач Б.Нгийн өвийг Н.Хы асран хамгаалагч Ж.Эт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.  

1.2. Талийгаач Б.Н нь хашаа байшин худалдан авах зориулалтаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Хаан банк” ХХК-аас 36,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, сард 706,900 төгрөг төлөх хуваарьтайгаар зээлж, "даатгал” ХХК-ийн амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан.

1.3. Бид “даатгал” ХХК-аас 2021 оны 12 сард даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгсөн боловч 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар нас барсан учир нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

1.4. Үүний дараа бид Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөрийн тухай гомдол гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус хорооноос “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үндэслэн, нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй” гэж үзэж нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэхийг “даатгал” ХХК-д мэдэгдсэн боловч нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан тул нөхөн төлбөр буюу зээлийн үлдэгдэл 34,869,956 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Даатгуулагч Б.Н, Б.Хулан нар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулсан.

Даатгуулагч Б.Н 2021 оны 12 дугаар сарын 07-ны шөнө нас барсан тохиолдолтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчээс гаргасан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтэд “уушгины дээд дэлбэнг хамарсан цусархаг хатгалгааны улмаас амьсгалын хурц дутагдал”, мөн “хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, элэгний хүнд зэргийн өөхлөлт бүхий архаг хууч” гэж тус тус нас барсан шалтгааныг тогтоосон байна.

2.2. Даатгуулагчийн дээрх өвчний улмаас нас барсан тохиолдол нь даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “заасан гэнэтийн осол” гэж тодорхойлсон нөхцөлд хамаарахгүй, мөн даатгалын гэрээний үндсэн эрсдэл буюу гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлд хамаарахгүй учир даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй, даатгуулагч өвчний улмаас нас барах тохиолдол нь даатгалын гэрээгээр хамгаалагдах эрсдэл биш байна.

2.3. Манай компани зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн бүтээгдэхүүний нөхцөлийг шинэчлэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн. Тэрхүү гэрээний нөхцөлд даатгалын үндсэн эрсдэл нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, даатгалын нэмэлт эрсдэл нь зүрх гэнэт зогсох, цус харвах гэсэн нөхцөлтэйгөөр мэдүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос нөхцөлийг бүртгэж, frc.mn цахим сайтад байршуулсан байгаа.

Даатгуулагч үндсэн эрсдэлүүдээс сонголт хийх боломжтой байсан ба нэмэлт эрсдэлийг сонгох байсан ч даатгуулагчид учирсан хохирол нь аль ч эрсдэлд хамаарахгүй. Нөгөө талаас даатгуулагчийн даатгалын үнэлгээ болон түүнээс тооцоолсон даатгалын хураамжийн хувь, дүн зэргээс харахад даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж заасан эрсдэлд хамаарч байна. Энэ утгаараа даатгуулагчид гэрээний эрсдэл, үнэлгээ, хураамжийн хувь хэмжээ зэрэг гол нөхцөлүүдийн талаар тайлбарласан, түүнийг хүлээн зөвшөөрсөн учраас даатгуулагч гэрээнд гарын үсэг зурсан, талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан.

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөс өөр нөхцөлөөр даатгалын гэрээг байгуулах боломжгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөр ердийн даатгагчийн хамгаалах боломжтой эрсдэлийн хүрээнд даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулсан нь тус журамд нийцсэн.

2.4. Санхүүгийн зохицуулах хорооноос Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.4.2 “даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүл” гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх гэж дүгнэсэн. Тус журмын хавсралт 3 дахь мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй нь гэрээг зөрчиж байгуулсан, гэрээний зөрчил гэж шууд үзэх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй учир нөхөн төлбөр төлөх үүрэг даатгагчид үүсээгүй, даатгагч гэрээний ямар нэгэн үүргийн зөрчил гаргаагүй учир даатгагчийн үүргийн зөрчлөөс үүдэн даатгуулагчид хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэл үүсээгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр даатгуулагчид учирсан эрсдэл нь нэгэнт гэрээнд заасан даатгалын эрсдэлийн төрөл буюу гэнэтийн осолд хамаарахгүй тохиолдол учир даатгуулагчаар мэдүүлгийн маягтыг бөглүүлсэн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй нөхцөл юм. Учир нь мэдүүлгийн маягтыг бөглөж эрсдэлээ сонгох байсан ч тэдгээр нь даатгалын гэрээнд заасан эрсдэлийн хүрээнд сонголт хийх боломжтой буюу даатгалын гэрээнд заасан эрсдэлийн хүрээгээр мэдүүлгийн маягтад заасан нөхцөл нь хязгаарлагдана. Мөн, мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй нь даатгуулагчид учирсан тохиолдлыг гэрээнд заасан эрсдэлд шууд хамаатуулах, гэрээнд заагдаагүй нөхцөлөөр шууд нөхөн төлбөр олгох үндэслэл болохгүй.

Иймд даатгалын гэрээний 3.1.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол” гэж тус тус заасны дагуу даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Хы асран хамгаалагч Ж.Эийн хариуцагч “даатгал” ХХК-аас нийт 34,869,956 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Хы асран хамгаалагч Ж.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.

Талийгаач Б.Н, “даатгал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт гэнэтийн ослын 8 тохиолдлыг гэнэтийн осолд тооцохоор тодорхойлсон байна. Дээрх 8 тохиолдолд нь ахуйн болон механик хүчин зүйлийн нөлөөллөөр үүсэх осол, эрсдэлийг хамааруулахаар зохицуулжээ. Харин өвчний улмаас нас барахыг гэнэтийн осолд тооцохоор тусгаагүй байна. Гэхдээ даатгуулагч Б.Н нь амьсгалын хурц дутагдлын улмаас нас барьсан нь гэнэтийн тохиолдол юм.

Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.9-т “Даатгуулагч нь энэхүү даатгалын гэрээг байгуулахаас өмнө батлагдсан маягтын дагуу Мэдуүлгийн маягт бөглөх өгөх үүргийг хүлээнэ” гэж заажээ. Даатгуулагч буюу талийгаач Б.Н нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө мэдүүлгийн маягт бөглөж даатгагч талдаа өгөөгүй байдаг. Энэ нь хэрэгт авагдсан бусад баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдог.

4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн татгалзал, түүний үндэслэл буюу маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний нөхцөлийг хууль тогтоомж, журамд бүрэн дүүрэн нийцүүлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэг, маргааныг шийдвэрлэсэн ойлгомжгүй байна.

Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа юм.

Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах, эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ” гэж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “Санхүүгийн зохицуулах хороо нь бүрэн эрхийн хүрээнд дүрэм, журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаартай тогтоолын хавсралтаар Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг баталсан байна. Уг журмын 4.5-д “Даатгагч, даатгуулагч ... нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага ... даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийг маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна” гэж, мөн журмын 5.4.2-т “Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх” гэж тус тус зохицуулсан.

Даатгагч “даатгал” ХХК нь даатгуулагч Б.Нтай даатгалын гэрээ байгуулах үед мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулаагүй байх тул нэхэмжлэгч нь хохирлыг даатгуулагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй. Хэдий зохигчдын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “Даатгуулагч нь энэхүү даатгалын гэрээг байгуулахаас өмнө батлагдсан маягтын дагуу Мэдүүлгийн маягт бөглөх өгөх үүргийг хүлээнэ” гэж даатгуулагч талд үүрэг хүлээлгэсэн байдаг боловч даатгагч “даатгал” ХХК нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д заасан журмын үүргээ мөн хэрэгжүүлээгүй байна.

4.3. Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 9/1000 тоот дугаартай албан бичигт “...даатгагч “даатгал” ХХК-ийг Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д заасан журмыг хэрэгжүүлээгүй, даатгуулагчид зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

4.4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, маргааны зүйлтэй холбоотой захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт болох холбогдох журмыг зөв хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Гомдлыг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

5.1. Даатгуулагч гэнэтийн тохиолдол буюу гэнэтийн ослын улмаас нас бараагүй болох нь нас барсны гэрчилгээнд бичигдсэн өвчлөлийн код, бусад эмнэлгийн баримтуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, ердийн өвчлөлийн улмаас нас барсан, гэнэтийн шинжтэй тохиолдол үүсээгүй.

5.2. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд мэдүүлгийн маягтыг даатгагч болон зуучлагч бөглүүлэх үүрэгтэй гэж заасан. Тус даатгалын гэрээг зуучлагч буюу банкаар дамжуулан хийсэн бөгөөд энэ асуудлаар талууд маргадаггүй. Банкны тухайд даатгалын гэрээг байгуулахдаа мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй алдаа гаргасан. Тус алдааг даатгагч гаргасан, даатгагч тус журмыг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Журмын зөрчлийг үйл ажиллагааны зөрчил гэж үзнэ. Санхүүгийн зохицуулах хороо нь маргааныг урьдчилан хянан шийдвэрлэж байгаа болохоос даатгалын компани ямар нэгэн зөрчил гаргасан эсэх, үйл ажиллагааны зөрчил байгаа эсэх буюу зөрчилд холбогдсон байдлаар ямар нэгэн хяналт шалгалт хийгээгүй. Хэрэв зөрчил гарсан гэж үзвэл тусдаа журмын дагуу шийдвэрлэгдэх ёстой.

5.3. Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

 

2. Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч “даатгал” ХХК-д холбогдуулан амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт 34,869,956 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зээлдэгч Б.Н, Б.Хулан нар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Хаан банк” ХХК-тай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулж, “Хаан банк” ХХК зээлдэгчид 36,000,000 төгрөгийг, жилийн 15.6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай олгосон, мөн өдөр даатгуулагч Б.Н болон “даатгал” ХХК-ийн хооронд “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ” байгуулагджээ. 

 

4.  Даатгуулагч Б.Н болон “даатгал” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

5. Даатгуулагч нь даатгалын хураамжийг төлсөн талаар маргаангүй.

 

6. Даатгуулагч Б.Н нь даатгалын хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр баруун уушгины дээд дэлбэнг хамарсан цусархаг хатгалгааны улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.

Охин Н.Х нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч Б.Нгийн шаардах эрх, гэрээний дагуу хүлээх үүргийг өвлөж авсан, Н.Х нь 2015 онд төрсөн, 8 настай байх бөгөөд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 тоот захирамжаар Н.Хы асран хамгаалагчаар Ж.Эийг тогтоосон талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

7. Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээнд хугацааг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тогтоож, үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдлийг даатгасан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

8. Талийгаач Б.Нгийн өвчний онош нь даатгалын гэрээний эрсдэл болох гэнэтийн ослын улмаас нас барах гэх үндэслэлд хамаарахгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн амь насны даатгалын эрсдэлийг гэнэтийн ослын улмаас нас барсан байхаар тодорхойлсон байх тул даатгуулагч өвчний улмаас нас барсан байдал нь даатгалын тохиолдолд хамаарахгүй байна. 

Иймд даатгалын тохиолдол үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

9. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д зааснаар даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан “Мэдүүлгийн маягтын загвар”-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулаагүй, мөн зээлдэгчид амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх боломж олгоогүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 9/1000 дугаар албан бичгээр тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд даатгагчийн энэ үүрэг нь даатгалын гэрээний үндсэн үүрэгт хамаарахгүй байна.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримталсан нь оновчгүй болсон гэж дүгнэлээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” бол даатгагч нөхөн төлбөр төлөхөөс татгалзах зохицуулалт юм. Энэ нь даатгалын нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг эсэргүүцэх буюу татгалзах үндэслэлд хамаарах юм. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах буюу нөхөн төлбөр гаргуулах эсэх зохицуулалтыг хэрэглэх учиртай. 

Түүнээс гадна Даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн зорилт нь даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, төрийн эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулахаар заажээ. Иймд  Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мөн  хууль дахь даатгалын гэрээг зохицуулсан хэм хэмжээ нь илүү нарийвчилсан зохицуулалт болно.

Иймд дээр дурдсанаар талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний даатгагчийн үндсэн үүрэг болох нөхөн төлбөр төлөх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг баримталж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор хууль хэрэглээний өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ. 

 

11. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулахтай холбоотой үүргийн хүрээнд хариуцагчаас хохирол шаардахад энэ шийдвэр саад болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалтад заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

     ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА