Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Б.М-д холбогдох эрүүгийн 1806 0989 20116 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.М

Холбогдсон хэргийн талаар:

Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” баарны гадна С.Жамухтай маргалдан улмаар түүний нүүрэнд цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Жамухын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр найз Мөнх-Эрдэнэ, Отгонбаатар, Түвшинсайхан, Батням, Амартүвшин нарын хамт “Моника” бааранд орцгоосон. Тэнд ороод архи, пиво ууцгаасан, тэнд бүжиглээд дуу захиалаад явж байсан. Нэг мэдсэн гадаа шүдээ цохиулчихсан ухаан орсон. Яагаад хэнтэй маргалдаад зодолдоод ийм байдалд хүрснээ мэдэхгүй байна. Тэгтэл намайг тэнд байсан хүмүүс М гэх залуу цохисон гэж байсан. Миний үүдэн 1 шүд хугарсан зүүн талын үүдэн шүдний үзүүр хугарсан, уруул хавдсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Бид хэд гадаа гараад бас хэдэн хүмүүстэй маргалдаад зодолдоод ийм байдалд хүрсэн юм шиг байна лээ. Би шүдээ янзлуулахад нийт 1.365.000 төгрөгөөр шүд хийлгэж байна, томографын зураг 120.000 төгрөгөөр авахуулсан, шүдний зураг 20.000 төгрөг болсон. Нийт 1.775.000 төгрөг болж байна. Энэ төлбөрийг гаргуулчих юм бол надад цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.Жамухын биед баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, уруулд өнгөц няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Нэг шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.М: ...Тэгээд нэг ломбардны үүдэнд очоод би ломбард орох гээд нөгөө хоёрыгоо дуудах санаатай хөөе гээд орилсон чинь хажууд зогсож байсан 5-6 залуучууд тэд нарыг дуудсан юм байна гэж бодсон юм уу хүрч ирээд бас тэр ломбардны гадна зогсож байсан зүс таних Цогтоо гэх залууг жийгээд унагаачихсан. Би тэгээд гараад ирсэн чинь надтай хамт явсан Төгөлдөр, Болдням нөгөө 5-6 залуучуудтай нийлчихсэн бужигнаад хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би бас дундуур нь ороод одоо энэ өргөдөл гаргасан хохирогч Жамухын нүүрэн тус газар нь 1 удаа цохисон юм. Тэгээд хэсэг хугацааны дараа салцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.М иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 17, 18 дугаар тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 41-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана...” мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.1-д яллагдагчийг шүүхэд шилжүүлэх гэж заасан байна.

            Шүүгдэгч Б.Мягмардоржид холбогдох эрүүгийн 1806 0989 20116 дугаартай хэрэг тус шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжин ирсэн, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх 15 хоногийн хугацаанд Б.М-г шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг зөрчөөгүй, хуулийн шаардлагыг хангаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Мнь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрт холбогдох хэргийг хурдан хугацаанд шийдүүлэх талаарх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул хүсэлтийг хүлээн авч хэргийг шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” баарны гадна С.Жамухтай маргалдан улмаар түүний нүүрэнд цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Жамух, яллагдагч Б.М нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мягмардоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч С.Жамух нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 1.755.000 төгрөгийн баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.М шүүхийн өмнөх шатанд төлж барагдуулсан, хохирогч С.Жамух гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Б.М-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 32-33 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ