Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01714

 

 

2023 оны 09 сарын 06 өдөр Дугаар 210/МА2023/01714

 

Г.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/01249 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Цэнгэлд холбогдох,

70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ц.Цэнгэл нь миний орон сууцыг банкны зээлээр авахаар тохиролцсон бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байрны үнэ 87,800,000 төгрөгийг миний Голомт банкны данс руу шилжүүлсэн. Тэр өдөр Ц.Цэнгэл нь банкнаас шилжүүлсэн мөнгөө надад буцаагаад зээлчих гэж тохиролцоод миний бие мөнгийг буцаан шилжүүлсэн.

1.3. Үүнээс хойш бага багаар өгсөөр одоо 70,000,000 төгрөг үлдсэн. Би Ц.Цэнгэлтэй яриад нотариат дээр гэрээ хийе гэж хэлсний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нотариат дээр төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан. Уг хугацаанаас хойш Ц.Цэнгэл нь огт мөнгө өгөөгүй тул 70,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цэнгэлээс 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэнгэлээс 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 он 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/01249 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмыг хангаагүй.

Тодруулбал, шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчид зохих ёсоор мэдэгдээгүй, өөрөөр хэлбэл, миний бие 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн байсан бөгөөд энэ хугацаанд шүүхээс мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суугаа хаягаар бус ажлын Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, Хасбаатар 19 дүгээр гудамж, АОС-1 тоот хаягаар 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр явуулсныг тус төвийн ажилтан н.Оюунаад хүлээлгэн өгсөн учир хариуцагч шүүх хуралдааны товыг мэдээгүй. Мөн шүүх хуралдааны товыг баталгаажуулж утсаар надруу мэдэгдээгүй атлаа нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвхөн нэхэмжлэгч талаас тодруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Хариуцагч нь уг мөнгийг Г.*******аас хүлээн аваагүй, хүлээн авсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Төлбөр барагдуулах талаар гэрээ байгуулагдсан болохоос талуудын хооронд бодитоор мөнгийг өгсөн, авсан зүйл байхгүй байхад шүүх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Иргэд хоорондын зээлийн гэрээний үнийн дүн нь 55,000,000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч тал уг зээлийн гэрээг хэргийн материалд өгөөгүй, өнөөдрийг хүртэл төлж байсан сар бүрийн төлөлтүүд огт хасагдаагүй байхад хэрэг шийдвэрлэгдсэн учраас гомдолтой байна.

4.3. Нэхэмжлэгч талаас хэрэгт авагдсан Төлбөр барагдуулах талаар тохиролцож хийсэн гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагч нь гэрээ байгуулсанаас хойш төлбөр хийсэн эсэхийг тодруулж байж хэргийг шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байсан.

Мөн анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдаанд оролцох улмаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг нэг удаа олгоогүй атлаа хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаан болсон энэ хооронд 4 сарын хугацаа өнгөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 5 сарын хугацаанд үргэлжилж байхад хариуцагч тайлбар гаргаагүй.

Хуульд зааснаар шүүхэд нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Анх 87,000,000 төгрөгийг хариуцагч Г.*******аас авч, 37,000,000 төгрөгийг маргааш өгнө, 53,000,000 төгрөгт гэрээ байгуулна гэсэн атлаа байгуулаагүй, мөнгөө өгөөгүй. Түүнээс хойш нэг жилийн дараа гэрээ байгуулахдаа үлдэгдэл 70,000,000 төгрөгийг гэрээнд тусгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ц.Цэнгэлд холбогдуулан 70,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. /1 дүгээр тал/

3. Г.*******, Ц.Цэнгэл нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төлбөр барагдуулах талаар тохиролцож хийсэн гэрээ нэртэй хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр Ц.Цэнгэл нь 20,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 50,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон байна. /1хх. 4 дүгээр тал/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх буруу дүгнэжээ.

Хариуцагч Ц.Цэнгэл нь орон сууц худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг хэлцэлд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

5. Хариуцагч Ц.Цэнгэл нь хэлцэлд заасан хуваарийн дагуу 70,000,000 төгрөг төлсөн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж, хариуцагч Ц.Цэнгэлээс 70,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, улмаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хугацаанаас хойш нотлох баримт гаргах, хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх боломжит хугацааг олгосон байна.

6.б. Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай хуудсыг түүний нэхэмжлэлийн хувь гардан авахдаа шүүхэд мэдүүлсэн хаягаар хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журамд нийцжээ. Шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх агуулгатай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.в. Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг зааж, талуудын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаартай Зээлийн гэрээ-г давж заалдах гомдолдоо хавсаргасан ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцэхгүй тул давж заалдах шатны шүүх үнэлэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг нотолсон баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй атлаа анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх агуулгатай гомдол үндэслэлгүй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/01249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

С.ЭНХБАЯР