Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Н.Гэрэлмаа,

          шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0294 70263 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Б.С

          Холбогдсон хэргийн талаар:

Б.С нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн О.Бямбасүрэнгийн 625.000 төгрөгийн алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 9-ний өглөө гэртээ унтаж байхад Бямбасүрэн эгч, Баатараа ах нар нэг шил, тал шил архитай орж ирсэн. Би орой нь ажилтай байсан тул уухгүй гэж хэлсэн. Тэгээд манайд байсан хүмүүстэй хамт архи уусан. Тэр хоёр архиа дуусгаад явсан. Хэсэг байж байгаад эргэж орж ирэхдээ бөгжөө ломбарданд тавиад нэг шил архитай орж ирсэн. Тэгээд архиа ууж байгаад нөхөр нь найзтайгаа уулзана гээд гараад явсан. Эхнэр нь унтсан. Би гинжийг нь аваад гараад явсан. Тэгээд зах дээр танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Хохирлоос 100.000 төгрөг төлсөн байгаа. Бага багаар төлнө гэж хохирогчид хэлтэл за гэсэн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Бямбасүрэнгийн өгсөн: …2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай бэрийн дүү болох Б.С-н өдрийн 11 цагийн үед нэг шил 0,75 литрийн Хараа архитай ирсэн. Тэгээд архи дуусаад нөхөр дэлгүүр орно гээд гарсан. Тэр үед би эгч нь жоохон зүүрмэглээдэхье гэж  жоохон унтсан. Гэтэл манай нөхөр орж ирээд явъя гэж хэлээд сэрээсэн. Гэтэл манай нөхөр гинж чинь яасан юм гэсэн. Тэгсэн Б.С-н төрсөн охин Шүүдэрцэцэг таны гинжийг манай ээж тайлж авсан гэж надад хэлсэн. Тэгээд би Нямсүрэн гэх дүүгээ дуудсан. Тэгээд манай дүү цагдаа дуудсан, цагдаа нар тухайн үед байсан Б.С, Шинээ, Мангал тэгээд нэрийг нь мэдэхгүй хоёр хүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст авч ирсэн. 600.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.С-ийн: ...тэгээд ууж байгаад тэр 2 харилаа гээд гараад явсан боловч удалгүй ахин 1 шил архи бариад ороод ирсэн бөгөөд манай гэрт байсан Баатараа гэдэг залуугийн эхнэр болон манай нийтийн байрны хүмүүстэй архи уусан бөгөөд ууж дуусаад Бямбаа эгч манай өрөөнд газар унтаад өгсөн бөгөөд Баатараа ах болохоор хүнтэй уулзана гээд гараад явсан манай гэрт Бямбаа эгч унтаад үлдсэн. Би сууж байсан харин манай одоо 7 настай охин Шүүдэрцэцэг нар байсан бөгөөд би Бямбаа эгчийн хүзүүнд байсан шаргал өнгийн металл гинжийг аваад Нарантуул зах дээр аваачиж явуулын танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгийг нь идэж уугаад дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллагаас хохирогчийн хулгайд алдагдсан эд зүйлийг 625.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.С-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33, 34, 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.С нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн О.Бямбасүрэнгийн 625.000 төгрөгийн алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Бямбасүрэнгийн болон яллагдагч Б.С-ийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сийг бусдын эд хөрөнгийг  нууцаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч О.Бямбасүрэнд учирсан хохирлоос 100.000 төгрөг төлөгдсөн байх тул үлдэх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 52 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Б.С нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 44 дүгээр тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.С-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Боржигон овогт Б.С-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-нийг 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.С-ээс 525.000 /таван зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Оошикын Бямбасүрэнд /РД: / олгоугай.

6. Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.С-т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ