Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.А,

хохирогч Б.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.А-д холбогдох эрүүгийн 1806 0784 40012 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.А

Холбогдсон хэргийн талаар:

Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Даваажавд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 4.500.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Даваажав мэдүүлэхдээ: Би нягтлан бодогчийн мэргэжилтэй, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр давхар инженерийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн диплом гаргаж өгнө гэхээр нь болох юм байна гэж бодоод эхлээд 1.000.000 төгрөгийг, дараа нь 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 4.500. 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш нэг сарын дараанаас мөнгөө нэхсэн боловч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Хохирол төлбөрөө төлчихвөл гомдол саналгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Даваажавын өгсөн: ...Би 2018 оны хавар инженерийн мэргэжлээр төгссөн гэх Бакалаврын диплом гаргуулан авах санаатай байж байсан юм. Тэгээд энэ талаараа найзууддаа хэлтэл ШУТИС-д сурдаг манай найз Төвсанаа надад А гэдэг хүн диплом гаргаж өгдөг гэнэ, чи энэ хүнтэй уулзаад үз гээд надад А гэх эмэгтэйгийн утасны дугаарыг өгсөн юм. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр А гэх хүний 91065151 дугаарын утас руу холбогдож байгаад КТМС-ын гадна очиж уулзсан юм. Тэгээд би өөртөө инженерийн мэргэжил эзэмшсэн гэх диплом хэрэгтэй байгааг хэлтэл А нь би энэ сургуулийн бүх дипломыг гаргаж өгч чадна, чи 4.500.000 төгрөг өгчих гэж хэлсэн юм. Тэгээд би тэр хүнд мөнгө өгч диплом гаргуулахаар болж тохироод  явсан юм. Тэгээд би тэр өдрөө Монгол 3 дугаар сургуулийн тэнд 52 дугаар байранд байх ажлын газрынхаа хажууд очоод цайны газарт юм идэх гээд сууж байтал А гэх хүн над руу утсаар мессеж бичээд мөнгөө бөөнөөр нь шилжүүлчих тэгвэл маргааш 25-ны өдрийн төгсөлтийн хүүхдүүдтэй хамт дипломыг чинь гаргаад өгье гээд байсан юм. Тэгэхээр нь би тус цайны газарт сууж байхдаа өөрийн 5024472175 тоот данснаас Агийн өгсөн 5753459314 тоот данс руу эхлээд 1.000.000 төгрөг, үүнээс хойш дахиад 2 цагийн дараа 3.500.000 төгрөг, ингээд нийт 4.500.000 төгрөгийг шилжүүлчихсэн юм. Тэгээд миний иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг, урд төгссөн сургуулийн дипломын хуулбар зэргийг авсан ба маргааш нь надад диплом гаргаж өгөөгүй юм. Тэгээд өнөөдөр маргааш бүтнэ, удахгүй бүтнэ гэсээр байгаад 2 сарын хугацаа өнгөрсөн юм. Тэгээд би мөнгөө буцааж авъя гэхэд чиний диплом гарахгүй байна, бүтэхгүй байна, чи мөнгөө буцааж ав гэж хэлж байсан. Тэгээд л одоо мөнгийг чинь буцааж өгнө энэ тэр гээд л явсаар байгаад өдийг хүрсэн учир цагдаад хандаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Төвсанаагийн өгсөн: ...Харин энэ хэргийн хохирогч Буянтөрийн Даваажав гэх залуу бол манай авга ахын хүүхэд бөгөөд бид хоёр ах дүүгийн холбоотой найзууд байгаа юм. Тэгээд нэг өдөр Даваажав бид хоёр яриад сууж байгаад Даваажав нь дээд сургуулийн диплом гаргуулан авмаар байна энэ тэр гэж ярихаар нь би урд А багшийг сургуулийн диплом гаргаж өгдөг гэж сонссон учир энэ талаар Даваажавд хэлсэн. Гэтэл сүүлд Даваажав над руу утсаар яриад чи тэр А гэх багшийнхаа утасны дугаарыг өгчих гэхээр нь би А багшийн утасны дугаарыг хүнээс асууж өгсөн юм. Гэтэл сүүлд нь хэд хоногийн дараа Даваажав надтай уулзаад өө би нөгөө А гэх багшаар диплом гаргуулах гээд бичиг баримтаа бүрдүүлж байна гэж хэлж байсан ба энэ үед би Даваажавд хандаж за миний найз болгоомжтой хандаарай, түрүүлээд мөнгө төгрөг өгчихөөд хулхидуулчихав аа гэж  сануулан хэлсэн юм. Гэтэл Даваажав нь өө найз нь эдийн засгийн чиглэлээр 10 гаруй жил ажиллалаа, тэрийгээ мэдэлгүй яах вэ дээ гэхээр нь чимээгүй орхисон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.А-н: ...Тухайн үед Даваажав гэх залуу ганцаараа ирж надтай уулзсан ба тэр өөрөө Шинжлэх Ухаан Технологийн их сургуульд сураад судалсан хичээл дээрээ муу үнэлгээ аваад байгаа талаараа хэлж, намайг муу үнэлгээ авсан хичээлүүд болон судлаагүй үлдсэн хичээлүүдийг нь дахин судалж дүнг нь гаргуулаад Эрчим хүчний сургуулийн диплом гаргаж өгч чадах уу гэсэн юм. Тэгэхээр нь би болно оо, болно 3.600.000 төгрөг хэрэг болно гэж хэлээд явуулсан юм. Тэгээд Даваажав өөрөө надад 4.500.000 төгрөг өгөхөөр болж миний 5753459314 тоот данс руу 4.500.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн юм. Би Даваажаваас авсан 4.500.000 төгрөгөө хувьдаа идэж уугаад л үрж хэрэглээд дуусгасан юм. Ер нь бол анхнаасаа Даваажавд диплом гаргаж өгөх гээд би Даваажавын өмнөөс зарим хичээлийн бие даалт, сорил, лабаратори зэрэг зүйл хийсэн боловч бүтээгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,

- “ХААН” банкны депозит дансны хуулга /хх-ийн 13 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.А-н иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 15, 16, 17-19, 20-37 дугаар тал/,

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Даваажавд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 4.500.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Даваажав, гэрч Т.Төвсанаа болон яллагдагчаар өгсөн Б.А нарын мэдүүлэг, “ХААН” банкны депозит дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  Б.Аг бусдын эд хөрөнгийг залилан авсан  гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хохирогч Б.Даваажавын 4.500.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.А нь урьд Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн  байна.

Гэвч шүүгдэгч Б.А нь шүүхээс тэнссэн хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Б.Даваажавын 4.500.000 төгрөгийг сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч залилан авсан санаатай гэмт хэргийг үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: ...тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг  хүчингүй болгож, энэ хуулийн  6.8, 6.9  дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Б.А-д Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А-д энэ тогтоолоор оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хоногт шилжүүлэн тооцоход 60 /жар/ хоног болж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-г 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.А-д энэ тогтоолоор оногдуулсан 900.000 /есөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хоногт шилжүүлсэн 60 /жар/ хоног дээр өмнөх Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.А-с 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Даваажавд /РД / олгосугай.

7. Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ