Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01747

 

 

 

 

 

 

2023 оны09 сарын 11 өдөр Дуга210/МА2023/01747

 

Г.*******, М.Саямандах нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/02648 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******, М.Саямандах нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 102/ШШ2020/01845 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Мула ХХК, Г.Лхагвасүрэн нараас 434,598,362 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 05 дугаар хороолол, 19 дүгээр байр 76 тоот хаягт байрлах, эрхийн Ү-2101008013 дугаар, бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд 124,735,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон.

1.3. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолд дурдсанаар 3 өрөө орон сууцны шинжээчээр Ц.Түвшинцэнгэлийг томилсон. Гэтэл орон сууцыг үнэлсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШГ23-01 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тус дүгнэлтийг хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК гүйцэтгэсэн байдаг.

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон бөгөөд үнэлгээчин хийх тохиолдолд гарын үсэг зурах, хуулийн этгээд хийсэн тохиолдолд гүйцэтгэх захирал болон үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулах шаардлага тавьсан. Энэхүү үнэлгээний тайланд Дамно ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийж гүйцэтгэсэн байх тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдсан шинжээч буюу үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл үнэлгээний тайлан гаргаагүй байна.

1.4. Үнэлгээний тайланд ямар баримт, мэдээлэлд үндэслэж, ямар аргачлалаар хөрөнгийн үнэлгээ хийсэн нь тодорхойгүй, мэдээллийг хаанаас ямар арга замаар олж авсан нь нотлогдохгүй байна.

Мөн тухайн үл хөдлөх хөрөнгө нь 5 давхар угсармал байр бөгөөд хотын төвд ойрхон, аймгийн захиргаа, соёлын ордон, үйлчилгээний төвүүдийн хажууд аймгийн төвийн хамгийн үнэ цэнэтэй байрлалд байдаг зэргийг огт харгалзаагүй. Энэ бүсэд иргэдийн үнэлгээгээр гэхэд ихэнх байрнууд 300-400 сая төгрөгийн үнэтэй байхад миний үл хөдлөх хөрөнгийг 124,735,000 төгрөгөөр үнэлсэн нь хэтэрхий бага үнийн дүн байна.

1.5. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эд хөрөнгө хураах тогтоол болон шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй бөгөөд зөвхөн Г.*******т танилцуулсан байгаа нь өмчлөгч М.Саямандах миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн ажиллагаа. Иймээс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШГ23-01 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2101008013 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5 дугаар хороолол, 19 дүгээр байрны 76 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 124,735,000 төгрөгөөр үнэлсэн.

2.2. Уг үнэлгээг төлбөр төлөгч Г.*******, хамтран өмчлөгч М.Саямандах нарт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4-145/01011 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар хүргүүлж, холбоо барих утсаар мэдэгдэн тэмдэглэл хөтөлсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Мула ХХК, Г.Лхагвасүрэн нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01845 дугаартай захирамжийн дагуу Хас банканд төлөх 434,598,362 төгрөгөө төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

3.2. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 344,598,362 төгрөг байна. Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгүүдэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр авагч Хас банк ХХК нь шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоол гарган Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилсон.

3.3. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4-145/01011 дугаартай албан тоотоор зах зээлийн үнэлгээг баталгаат шуудангаар мэдэгдсэн.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2101008013 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5 дугаар хороолол 19 дүгээр байр 76 тоот хаягт байршилтай, 38 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.*******, М.Саямандах нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т Үнэлгээний хуулийн этгээд" хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 3.1.11-т үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1 дэх хэсэгт заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг хэлнэ" гэж тус тус заасан бөгөөд үнэлгээний хуулийн этгээд, үнэлгээчин тус тусдаа эрх зүйн байдалтай бөгөөд эрхийн гэрчилгээ олгох шалгуур, тавигдах шаардлага зэрэг нь ялгаатай хуульчлагдсан.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт "Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхул үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна" гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайлангийн хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон бөгөөд үнэлгээчин хийх тохиолдолд үнэлгээчин гарын үсэг зурах, үнэлгээний хуулийн этгээд хийсэн тохиолдолд гүйцэтгэх захирал болон үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулах шаардлага тавьсан байна.

Энэхүү үнэлгээний тайлангаас харахад "Дамно" ХХК хөрөнгийн үнэлгээ хийж гүйцэтгэсэн байх тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдсан шинжээч буюу үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл үнэлгээний тайлан гаргаагүй болох нь харагдана.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар "Дамно" ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ олон улсын үнэлгээний стандарт болон зах зээлийн хандлагын аргыг хэрэглэсэн гэж үнэлгээний тайланд тусгагдсан боловч тухайн аргыг хэрэглэхдээ фэйсбүүк /facebook/ буюу зах зээлийн арилжааны бус платформ дээр байгаа хэн дуртай этгээд нийтлэх боломжтой нийтлэлтэй харьцуулсан, тухайн байр нь бодитоор байдаг эсэх нь тодорхойгүй, харьцуулсан орон сууцны өмчлөгч, эзэмшигчтэй холбоо барьсан тухай баримт байхгүй, харьцуулсан байрнуудын зураг, биетээр очиж үзэж шалгасан нотлох баримт, үнэлгээнд хавсаргасан баримт байхгүй байхад зүгээр нэг текст бичвэртэй постыг харьцуулж үнэлгээ гаргасан нь хуульд нийцэхгүй.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 102/ШШ2023/02648 шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хасбанк ХХК-ийн гаргасан тайлбартаа:

6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тусгай зөвшөөрөлтэй Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилсон бөгөөд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Хуулийн этгээдийн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг тул Дамно ХХК-аас тайлангаа хүргүүлсэн тул хуулийн шаардлага хангасан.

6.2. Шинжээч олон нийтийн сүлжээнд байршуулсан мэдээллийг ашиглах нь олон улсын стандартад нийцсэн талаар шүүхэд тайлбар гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.*******, М.Саямандах нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, маргажээ. /1хх.-ийн 1-3, 55 дугаар тал/

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 102/ШШ2020/01845 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Мула ХХК, Г.Лхагвасүрэн нараас 434,598,362 төгрөгийг гаргуулж Хасбанк ХХК-д олгохоор тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03087 дугаар шийдвэрээр ...Г.Нэмэхбаатарын өмчлөлийн Орхон аймаг Баян Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол 19 дүгээр байр 76 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ... худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ. /58-67 дугаар тал/

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22370517/08 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/12 тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцсэн, энэ ажиллагаанд гомдол гаргаагүй. /70, 80-82, 86 дугаар тал/

5. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилж, шинжээч Дамно ХХК-аас улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаарт бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Уртбулаг баг 5 дугаар хороолол, 19 дүгээр байрны 76 тоот, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 124,735,000 төгрөг гэж тогтоосон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /95-113 дугаар тал/

Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч  Г.*******, М.Саямандах нарт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4-145/01011 дугаар мэдэгдлээр албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /1хх.-ийн 114 дүгээр тал/

7. Хариуцагч байгууллага нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээний талаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байхад төлбөр төлөгч нар нь шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

8. Хөрөнгийг үнэлсэн Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Үнэлгээний тайлан-д Дамно ХХК-ийн захирал, үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл гарын үсэг зурсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

9. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын өөрчлөн найруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хосбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/02648 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаарт бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол, 19 дүгээр байрны 76 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 124,735,000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШГ23-01 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.*******, М.Саямандах нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хосбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

С.ЭНХБАЯР