Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2022/03787/И |
Дугаар | 210/МА2023/01394 |
Огноо | 2023-07-17 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/01394
2023 07 17 210/МА2023/01394
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/01351 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Мера ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,907,485 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК нь******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Г025/21 дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч*******" ХХК-ийн Хөрөнгө оруулалт хийх зорилгоор эдийн болон эдийн бус хөрөнгийг Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд Үнэлгээний олон улсын стандарт-д нийцүүлэн үнэлж, Хөрөнгийн үнэлгээний тайлан"-г захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон хөлсийг үнэлгээний үнийн дүнгийн 0,5 хувиар гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон.
1.2. Гэрээний дагуу үнэлгээ хийлгэх техник, тоног төхөөрөмжүүд нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурвантэс сумын нутагт байх 39 нэр төрлийн задгай эмульсийн тэсрэх бодисын Т16 үйлдвэрийн тоног төхөөрөмж, 35 нэр төрлийн хөдлөх хөрөнгө байсан тул гүйцэтгэгчийн зүгээс цаг хугацаа алдалгүй ажлын хэсэг байгуулж, хөрөнгийн үнэлгээний гэрээний дагуу үнэлэгдэх эдийн болон эдийн бус хөрөнгийн мэдээллийг материалжуулах ажиллагаа явуулж, улмаар захиалагчийн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах, үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгүүдэд үзлэг хийх ажлыг зохион байгуулсан.******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах техник, Гурвантэс суманд байрлах задгай эмульсийн тэсрэх бодисын Т16 үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгүүдэд хам байдлаар зах зээлийн үнэлгээг Үнэлгээний олон улсын стандарт, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагын дагуу хийж гүйцэтгэсэн. Хөрөнгийн үнэлгээний эцэслэсэн дүгнэлт-ийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр танилцуулж, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэн монгол хэлээр 21-232 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хавтас 125 хуудас/-г хүлээлгэн өгсөн.
1.3. Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ-ний 3.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээг 4,781,496,968.92 төгрөгөөр тогтоосон учраас ажлын хөлс нийт дүнгээрээ 23,907,485 төгрөг болсон. Урьдчилгаанд авсан 4,000,000 төгрөгийг хасаад 19,907,485 төгрөгийг гэрээний дагуу хариуцагч******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгаа. Энэ гэрээний үндсэн зарчим нь гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч харилцан тохирсны дагуу хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд тухайн төрлийн гэрээний гол зүйл нь ажлын үр дүн байхаар хуульчлагдсан байдаг. Гэвч ******* ХХК нь гэрээний зүйл ажлын үр дүн болох үнэлгээний тооцооллыг үндэслэлгүй гаргасан тул тухайн ажлын үр дүнг хүлээн авч үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан болно.******* ХХК болон Мазаалай ХХК нар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах SGS" ХХК-ийн Овоот толгой-н уурхай болон бүс нутгийн тэсэлгээний ажил үйлчилгээнд зориулж тэсрэх бодисын үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчдэд нийлүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт бүхий хамтарсан компани байгуулахын тулд санамж бичиг байгуулсан.
Улмаар талууд хамтарсан компанийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр SGSХХК-ийн зүгээс санал болгосон ******* ХХК-иар хөрөнгийн үнэлгээний компанитай Г025/21 тоот гэрээг байгуулж, гэрээнд заасан үнэлгээний ажлыг бодитой гүйцэтгүүлэхээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
2.2. ******* ХХК хөрөнгийн биет байдалд хяналт шалгалт явуулсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үнэлгээ хийсэн хөрөнгийг орлогын хандлагаар үнэлсэн дүнг 6,270,890,292 төгрөг гэж үнэлэн тайланг захиалагч талд танилцуулсан.
Гэвч******* ХХК-ийн зүгээс 6,270,890,292 төгрөгийг хэт өндөр, үндэслэлгүй байгааг илэрхийлж, хүлээн зөвшөөрөөгүй. Энэхүү үндэслэлгүй хэт өндөр үнэлгээ нь ямар үндэслэлээр гарсныг бидэнд тайлбарлаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан Г025/21 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гэрээт ажлын үнийн дүнг хөрөнгийн үнэлгээнээс хамаарах байдлаар тодорхойлсон буюу нийт үнэлгээний 0,5 хувиар гэрээт ажлын хөлсийг тодорхойлсны дагуу ашиг сонирхлын зөрчил гаргаж байна гэж үзэж бидний зүгээс уг үнэлгээг хийлгэхээс татгалзсан. Мөн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үнэлгээний эцсийн үр дүнтэй холбож хөлсний хэмжээг тогтоох тохиолдолд үнэлгээний бодитой, хараат бус байдал алдагдана гэж үзэх нөхцөл байдал үүссэн бөгөөд гүйцэтгэгч тал үндэслэлгүй үнэлгээ хийж, түүнд нийцүүлсэн төлбөр авах зорилготой байсныг олж мэдсэн.
2.3. ******* ХХК нь үнэлгээний дүнг өөрчилж 4,781,496,968.92 төгрөг болгосон тайланг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр захиалагч талд хүргүүлсэн нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх 14 хоногийг гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалан 70 хоног хэтрүүлснийг нотолж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх тул засвар оруулсан тайланг хүлээн авах боломжгүй байна.
Иймд******* ХХК нь *******" ХХК-ийг гэрээгээр тохирсон үүргийг зөрчсөн, уг ажлыг гүйцэтгэхдээ хараат бус, бодитой байх зарчмыг баримтлаагүй тул гэрээний үндсэн үр дүнг биелээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,907,485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257,487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл ажлын үр дүн болох үнэлгээний тооцооллыг үндэслэлгүй гаргасан тул тухайн ажлын үр дүнг хүлээн авч үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан болно.
"******* компанитай №Г025/21 тоот гэрээг байгуулж гэрээнд заасан үнэлгээний ажлыг бодитой гүйцэтгүүлэхээр тохиролцож урьдчилгаа төлбөрт 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлсэн. Үүний үр дүнд "******* ХХК хөрөнгийн биет байдалд хяналт шалгалт явуулсан. 2021 оны 09 сарын 01-ний өдөр үнэлгээ хийсэн хөрөнгийг орлогын хандлагаар үнэлсэн дүнг нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 6,270,890,292 /Зургаан тэрбум хоёр зуун далан сая найман зуун ерэн мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг/ гэж үнэлэн тайланг захиалагч талд танилцуулсан. Гэвч "МераХХК-ны зүгээс 6,270,890,292 төгрөгийг хэт өндөр, үндэслэлгүй байгааг илэрхийлж хүлээн зөвшөөрөөгүй.
4.2. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн огноотой хэвлэмэл байдлаар хэрэгт авагдсан үнэлгээний тайланд үнэлгээний дүнг 4,781,496,968.92 төгрөг гэж илт ялгаатай гаргасан байна. Талуудын хооронд байгуулсан №Г025/21 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гэрээт ажлын үнийн дүнг хөрөнгийн үнэлгээнээс хамаарах байдлаар тодорхойлсон буюу нийт үнэлгээний үнийн дүнгийн 0,5 хувиар гэрээт ажлын хөлсийг тодорхойлсныг манай компани олж мэдээд гүйцэтгэгч тал ашиг сонирхлын зөрчил гаргаж байна гэж үзэж үнэлгээнээс татгалзсан.
4.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т үйлчилгээний үнэ хөлсийг үнэлгээний зүйлийн үнийн дүнгээс шалтгаалан өөрчлөх, эсхүл тодорхой хувиар тогтоохыг хориглосон байдаг. Үнэлгээний зүйлийн үнийн дүнгээр төлбөрийг тогтоосон бол үнэлгээ нь хараат бус бодитой байх боломжгүйг хуулиар хориглосон.
4.4. Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан үнэлгээний эцсийн үр дүнтэй холбож хөлсний хэмжээг тогтоох тохиолдолд үнэлгээний бодитой, хараат бус байдал алдагдана гэж заасан бөгөөд гүйцэтгэгч тал үндэслэлгүй үнэлгээ хийж түүнд нийцүүлсэн төлбөр авах зорилготой байсныг илт зөрүүтэй, үндэслэлгүй үнэлгээний дүн гаргаж ирсэн тул олж мэдсэн. Бид үнэлгээнээс татгалзах эрхтэй юм. Иймд******* ХХК нь ******* ХХК-ийг гэрээгээр тохирсон үүргийг зөрчсөн, уг ажлыг гүйцэтгэхдээ хараат бус, бодитой байх зарчмыг баримтлаагүй, хугацаа хэтрүүлсэн, тул гэрээний үндсэн үр дүнг биелээгүй гэж үзэж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
5.1. Гэрээний дагуу ******* ХХК-ийн зүгээс хөрөнгийн үнэлгээний тайланг гарган, хариуцагч******* ХХК-д хүлээлгэн өгсөн. Хариуцагч******* ХХК гэрээнээс татгалзах талаар ******* ХХК шүүхэд хандахаас өмнө мэдэгдэж байгаагүй.
5.2. Хөрөнгийн үнэлгээний урьдчилсан дүгнэлтээр үнэлгээ 6,270,890,292 төгрөг болсныг үндэслэлгүй гэж тайлбарладаг боловч энэ талаараа манайд мэдэгдсэн баримт хэргийн материалд цуглараагүй.
5.3. Ажил гүйцэтгэх гэрээний үнийг тодорхойлох талаарх гэрээний төслийг хариуцагч байгууллага нэхэмжлэгч талд танилцуулж, гэрээг байгуулсан. Энэ талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээний үнийн дүнг үнэлүүлж буй хөрөнгийн үнэлгээний 0,5 хувиар тооцохоор талууд тохиролцсоноор хариуцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөөгүй төдийгүй энэ талаар хуульд тусгайлан зохицуулсан зүйл байхгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,907,485 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн, хөрөнгийн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй хэт өндөр гаргасан гэж маргажээ. /1хх. 1-2, 151-152/
3. ******* ХХК болон******* ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ******* ХХК нь гэрээний хавсралтад дурдсан эдийн болон эдийн бус хөрөнгийг үнэлсний эцэст дүгнэлт гаргаж хүлээлгэн өгөх,******* ХХК нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дүгнэлтийг хүлээлгэн өгсний дараа хөрөнгийн үнэлгээний 0,5 хувиар тооцсон ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /1хх. 12-13/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
4. Хариуцагч нь ... Анх 6,270,890,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ хэт өндөр байна гэсний дагуу 4,781,496,968 төгрөг гэж дахин үнэлсэн нь үндэслэлгүй, хөрөнгийн үнэлгээг хэт өндөр үнэлсэн гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах техник болон Гурван тэс суманд байрлах задгай эмульсийн тэсрэх бодисын Т16 үйлдвэрийн тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийж, зах зээлийн үнэлгээг 4,781,496,968.92 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайланг хариуцагч байгууллагын ажилтанд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. /1хх. 20-125/
Талууд Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гэрээт ажлын үнийн дүн нь үнэлүүлж буй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээний 0,5 хувь байна. Энэхүү үнэд гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбогдон гарах татвар, хураамж болон НӨАТ, гүйцэтгэгчийн ажиллагсадын цалин хөлс зэрэг багтах гэж ажлын хөлсийн талаар тохиролцсон бөгөөд үнэлгээний тайлангийн дүн буюу 4,781,496,968 төгрөгийн 0,5 хувиар тооцоход үнэлгээний ажлын хөлс нь 23,907,485 төгрөг болж байна. Хариуцагчийн урьдчилгаанд төлсөн 4,000,000 төгрөгийг хасаж, гэрээний үлдэгдэл төлбөр 19,907,485 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан. /1хх. 1-2, 1хх 151-152/
Хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээг хэт өндөр үнэлсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул шүүх үнэлгээг өндөр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Захиалагч нь үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг хугацаанд нь ирүүлээгүйн улмаас гүйцэтгэгч ******* ХХК гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт нийцжээ.
6. Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан үйлчилгээний үнэ хөлсийг үнэлгээний зүйлийн үнийн дүнгээс шалтгаалан өөрчлөх, эсхүл тодорхой хувиар тогтоохыг хориглосон хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан.
Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ байгуулах үед 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг хуульд үйлчилгээний үнэ хөлсийг үнэлгээний зүйлийн үнийн дүнгээс шалтгаалан өөрчлөх, эсхүл тодорхой хувиар тогтоохыг хориглосон агуулгатай зохицуулалт хуульчлагдаагүй байна.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна.
Гэрээ байгуулснаас хойш батлагдсан хуулийн зохицуулалтыг хэрэглэж, хэлцлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/01351 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 258,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
С.ЭНХБАЯР