Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэржин овогт Б.Д-д холбогдох эрүүгийн 1806 0976 40136 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Д

Холбогдсон хэргийн талаар:

Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Н.Мөнхбатын автомашинаас “Хаан” банкны карт хулгайлж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг уншуулж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар  ярьсан тул дахин ярих зүйлгүй  гэв.

          Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Мөнхбатын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Онгон суманд ирэх үед миний 99052034 дугаарын утсанд таны “ХААН” банкны 5636103214 данснаас 500.000 төгрөг хасагдлаа гэсэн мессеж ирсэн. Тэгээд би өөрийн “ХААН” банкны картаа шалгахад надад байгаагүй. Хамгийн сүүлд би өөрийн “ХААН” банкны картаараа 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумаас Улаанбаатар хот руу хөдлөх үедээ бензин авах үедээ ашигласан. Тэрнээс хойш өөрийн “ХААН” банкны картаа ашиглаагүй. Тэгээд “ХААН” банкны лавлах утаснаас залгаж асуухад Баянзүрх дүүрэгт байрлалтай “ХААН” банкны АТМ-аас уншуулж авсан байна гэж хэлсэн. Би өөрийн “ХААН” банкны картаа хаана алдсанаа санахгүй байна. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш “ХААН” банкны картаа ашиглах шаардлага гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/,

- 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: ...Уг бичлэгийн 03 минут 06 секунтэнд урт хар үстэй, хар хөх өнгийн куртиктай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн гуталтай эмэгтэй хүн Н.Мөнхбатын “ХААН” банкны картыг бичлэгийн зүүн хэсэгт байрлах АТМ-д уншуулан 500.000 /таван зуун мянган төгрөг/ бэлнээр гарган авч буй бичлэг байсныг тэмдэглэл болгон үйлдэв...гэжээ /хх-ийн 14 дүгээр тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Д: ...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байх найзын хамаатан Мөнхбат гэх хүний машинд сууж яваад буухдаа салон дээр нь ил байсан “ХААН” банкны карт байхаар нь нууцаар авчихсан. Тухайн үед хэн ч мэдээгүй, уг картыг үзэхэд Мөнхбатын карт байсан, өмнө надад 1 удаа картнаас мөнгө авахуулж байсан болохоор код нь 8888 гэдгийг мэдэж байсан. Маргааш нь байх Баянзүрх дүүргийн автобусны буудлын урд талын “ХААН” банкны АТМ-аас уншуулаад 500.000 төгрөг авч, байрны түрээс, хувцас, үсээ засуулж, замын зардал, хоол, унааны мөнгөнд зарцуулаад дуусчихсан юм. Би мөнгөгүй, ар гэрийн байдал хүнд болохоор энэ хэргийг үйлдчихсэн юм. Би хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогчоос уучлал гуйсан, анх удаа энэ хэргийг үйлдэж, хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэмшиж байгаа тул миний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн арга хэмжээ оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Д иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26, 27, 29 дүгээр тал/,

- Хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 32-33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Н.Мөнхбатын автомашинаас “ХААН” банкны картыг хулгайлж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг уншуулж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Мөнхбат, яллагдагч Б.Д нарын мэдүүлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Мөнхбат нь гэмт хэргийн улмаас учирсан 500.000 төгрөгийг Б.Д-с буцаан авсан, гомдол саналгүй, хохирол нөхөн төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 30, 32-33 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Д үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Д нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Д-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

           4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Д тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ