Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01393

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр Дугаар 210/МА2023/01393

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01430 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МИГ даатгал ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын гэрээний нөхөн төлбөрт 9,170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие нь өөрийн эзэмшлийн 50-68 УАО улсын дугаартай Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгслийг 33,000,000 төгрөгөөр үнэлж тээврийн хэрэгсэлд учирсан эрсдэлийг даатгуулах зорилгоор МИГ даатгал" ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан.

1.2. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын чанартай зам дээр Төв аймгийн Жаргалант сумын Тахилт давааны орчим нутаг дэвсгэрт жолоодож явахад үхэртэй мөргөлдөж даатгалын тохиолдол үүссэн.

1.3. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Аривжих-Эстимейт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээгээр 9,170,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон бөгөөд МИГ даатгал ХХК-д тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох хүсэлтийг гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр МИГ даатгал ХХК №03/12-1216 тоот албан бичгээр гэрээний 9.2.6-д заасан даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/4880 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж даатгалын гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хянан шийдвэрлүүлэх боломжтой гэсэн.

1.4. Тоёота Вангуард" маркийн автомашиныг Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-тай зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулж зээлээр худалдан авах үед Тээврийн хэрэгслийн амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээний төслийг Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн ажилтан Б.Далайдамдин танилцуулсан. Даатгалын гэрээ байгуулах явцад даатгалын гэрээний бүх нөхцөлийг МИГ даатгал ХХК-ийн урьдчилан боловсруулсан стандарт нөхцөл-тэй гэрээний төсөл байсан.

Би гэрээний үсгийн хэмжээ хэт жижиг тул томоор хэвлэж өгөөч, даатгалын гэрээний төсөлтэй сайтар танилцмаар байна, би гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулж болох уу гэж тодруулахад Б.Далайдамдин хариулахдаа цаанаас өгсөн төсөл, өөрчлөгдөх боломжгүй гэж МИГ даатгал ХХК-ийн 119-р салбарын төлөөлөгч Э.Оюунгэрэлийн гарын үсгийг өөрөө зурж надад гэрээний 1 хувийг өгсөн.

1.5. МИГ даатгал ХХК 2022 оны 06 сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгслийн амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын байгуулахдаа гэрээний стандарт нөхцөлийг тулган байгуулсан тул гэрээний 8.4 дүгээр заалтын энэхүү гэрээний 8.5.2-д зааснаас бусад гэсэн хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2.6 дахь заалт болон бусад миний эрх ашгийг зөрчсөн заалтууд нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 201.1, 200.2-т зааснаар хүчин төгөлдөр бус заалт гэж үзэж байна.

1.6. 2022 онд даатгалын гэрээг байгуулах үед мал амьтнаас учирсан хохирлыг 100 хувь хариуцна гэж Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэл гаргаж олон нийтэд танилцуулсан.

Иймд МИГ даатгал ХХК-аас даатгалын гэрээний нөхөн төлбөрт 9,170,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Г.******* нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 222060821871 тоот Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ-ээр Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-ийн өмчлөлийн Тоёота Вангуард маркийн 50-68 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай даатгуулж талууд гэрээг байгуулсан.

2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "... 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын чанартай зам дээр Төв аймгийн Жаргалант сумын Тахилт давааны орчим нутаг дэвсгэрт жолоодож явахад өмнөөс явсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүйн улмаас эсрэг урсгалаас зам руу орж ирсэн үхэртэй мөргөлдөж даатгуулсан тээврийн хэрэгсэл гэмтэж даатгалын тохиолдол үүссэн..." гэж үзжээ.

2.3. Даатгалын зүйлд хохирол учирсан шалтгаан нь мал амьтдын нөлөөгөөр үүссэн хохирол болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчтэй байгуулсан Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ нь манай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнүүдийн нэг төрөл бөгөөд түүний эрсдэлийн ангилалд мал, амьтны нөлөөллөөс үүдсэн эрсдэл даатгагдаагүй, нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний хураамжид энэхүү эрсдэлийн хураамж тооцоологдоогүй байдлаар хийгдсэн гэрээ болно.

2.4. Мөн, дээрх даатгалтай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримтыг гэрээний эрсдэл, тодорхойлолт, бусад нөхцөлүүд болон хуулийн зохицуулалттай харьцуулан дүгнэж үзэхэд даатгалын гэрээний зам тээврийн осол болон гэрээнд заасан бусад эрсдэлд хамаарахгүй тохиолдол байх тул даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг баримтлан 3,668,000 төгрөгийг хариуцагч МИГ даатгал ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс 5,502,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,670 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч МИГ даатгал ХХК-иас 73,638 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгож, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн №181/ШШ2023/01430 тоот шийдвэртэй танилцаад 5,502,000 төгрөгийн шаардлагын хүрээнд эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.а. Нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн эзэмшлийн 50-68 УАО улсын дугаартай Тоуоta vanguard маркийн тээврийн хэрэгслийг 33,000,000 төгрөгөөр үнэлж МИГ даатгал ХХК-тай 2022 оны 06 сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгслийн амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан.

2022 оны 10 сарын 27-ны өдөр улсын чанартай зам дээр Төв аймгийн Жаргалант сумын Тахилт давааны орчим нутаг дэвсгэрт жолоодож яваад үхэртэй мөргөлдөж, даатгуулсан тээврийн хэрэгсэл гэмтэж даатгалын тохиолдол үүссэн.

4.б. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 03 сарын 09-ны өдрийн албан бичигт мал амьтнаас учруулсан эрсдэлийг 100 хувь хариуцахаар нийтэд санал болгосон гэрээний стандарт нөхцөл байсан тул бүтээгдэхүүний талаар даатгагч тал даатгуулагчийг төөрөгдүүлсэн, тодорхойгүй гэрээний стандарт нөхцлийг даатгуулагч буюу гэрээний саналыг хүлээн авагч талд ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Иймд 2023 оны 05 сарын 10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн №181/ШШ2023/01430 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хууль зүйн үндэслэлтэй тайлбар гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн ямар зүйл заалтыг зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой дурдаагүй.

5.б. Гэрээний стандарт нөхцөлийн тухайд, даатгуулагчийг төөрөгдүүлсэн, хоёрдмол утга санаа агуулсан тодорхойгүй зохицуулалт байхгүй. Мал амьтнаас учруулах эрсдэлийг сонгож даатгуулсан тохиолдолд гэрээний дэлгэрэнгүй нөхцөлд тусгагдсан заалтыг баримталж, 40 хувиар даатгалын мөнгийг олгох боломжтой гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01430 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомддыг гаргаж байна.

6.а. Шуүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т "... Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд МИГ даатгал ХХК-ийн тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын үндсэн эрсдэл нъ даатгалын хураамжийн хувъ хэмжээг 1 жилд ногдох хэсгээр төлөхдөө даатгалын зүйлийн үнэлгээний 3 буюу 2 хувиар хураамж төлсөн тохиолдолд мал амънаас учруулах эрсдэлийг хариуцдаг болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан Маягт СЗХ04008 баримт, Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн Маягт СЗХ04008 баримт зэргээр нотлогдсон тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар бодитой гэж дүгнэв... гэж дүгнэсэн атлаа, шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т энэ тохиолдолд даатгалын зүйл болох автомашин нъ замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа мал, амьтантай мөргөлдсөний улмаас бодит гэмтэл учирч, гэмтсэнээр даатгалын зүйлд хохирол учирсан буюу гэрээнд заасан эрсдэл үүссэн үйл баримт тогтогдсон тул гэрээнд заасан эрсдэл буюу нөхөн төлбөрийг даатгагч олгох үүрэгтэй байна гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь хариуцагчийн шүүхэд гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны мэдүүлгийн маягт, даатгалын гэрээний нөхцөл, Санхүүгийн зохицуулах хорооноос тус маргааныг урьдчилан хянан шийдвэрлэсэн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 9/4880 тоот албан бичиг /даатгалын гэрээнд мал амътнаас учруулах эрсдэл даатгагдаагүй, гэрээнд заагдаагүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тул нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан даатгагчийн шийдвэр үндэслэлтэй байна зэргээс үзэхэд нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээнд мал амьтнаас учруулах эрсдэл даатгагдаагүй, даатгалын гэрээний хураамжид тус эрсдэл хамгаалагдаагүй байдлаар тооцоологдсон болох нь баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс гэрээнд заасан эрсдэл үүссэн гэж дүтнэсэн нь үндэслэлгүй байна.

6.б. Тус даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.2 дахь заалт нь гэрээний үндсэн эрсдэл болох мал амьнаас учруулах эрсдэл даатгагдсан тохиодолд гарсан хохирлын 40 хувиар нөхөн төлбөр олгох нөхцөлтэй зохицуулагдсан байтал тус эрсдэл гэрээгээр хамгаалагдаагүй байхад нэхэмжилсэн үнийн дүнгийн 40 хувийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, давж заавдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.а. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан амгалан нэртэй гэрээнд мал амьтнаас учруулах эрсдэл даатгагдаагүй талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Гэрээний хавсралтаа нэхэмжлэгчид өгөөгүй. Мал амьтанаас учруулах эрсдэлийг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй.

7.б. Санхүүгийн зохицуулах хороонд стандарт нөхцөлийн хүрээнд мал амьтнаас учруулах эрсдэлийг 100 хувь даатгасан олон нийтэд илэрхий болсон баримт байдаг. Энэ албан ёсны баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх ёстой.

7.в. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.4 дэх заалтууд тус гэрээний 8.2.5 заалттай зөрчилддөг. Өөрөөр хэлбэл, гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.5-д эрсдэлээс бусад эрсдлийн 20 хувийг хасаж, 80 хувийг олгоно. Гэтэл гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.5-д даатгалын нөхөн төлбөрийг 40 хувиар олгохоор тусгасан.

7.г. Гэрээний стандарт нөхцөлийг хүлээж авч байгаа талд ашигтайгаар шийдвэрлэх бөгөөд гуравдагч этгээд буюу олон нийтэд санал болгосон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн даатгалын эрсдэлийн хэмжээгээр мал амьтнаас учирсан эрсдэлийг 100 хувь нөхөн барагдуулахаар даатгалын бүтээгдэхүүн бүртгэгдсэн. Энэ хэмжээгээр даатгалын нөхөн төлбөрийг барагдуулах үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч МИГ даатгал ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 9,170,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээгээр мал амьтнаас учруулсан эрсдэлийг хамгаалаагүй... гэж маргажээ. /1хх. 1-2, 24-25/

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, №ACA385238074 арлын дугаартай, 50-68 УАО улсын дугаартай Тоёота Вангуард /Toyota Vanguard/ маркийн тээврийн хэрэгслийг даатгуулжээ. /хх 5/

3.б. Нэхэмжлэгч Ц.******* нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Тахилтын давааны орчимд тээврийн хэрэгслийг жолоодон яваад үхэртэй мөргөлдөж, 50-68 УАО улсын дугаартай Тоёота Вангуард /Toyota Vanguard/ маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. /хх 37/

З.в. Арвижих-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №21306 дугаартай хохирлын үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 9,170,000 төгрөг гэж үнэлсэн. /хх 6/

3.г. Даатгуулагч Ц.*******гийн гаргасан даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэд даатгагч МИГ даатгал ХХК 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/12-1216 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/4880 тоот албан бичгээр Ц.*******гийн хүсэлтийг хангахгүй орхиж, шийдвэрлэжээ. /хх 9, 54/

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасны дагуу гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4.а. Хариуцагчийн гаргасан ...Даатгалын гэрээний эрсдэлийг гэрээний ард маягтаар тодорхойлдог бөгөөд Амгалан нэрийн даатгал бүтээгдэхүүн нь мал, амьтнаас учирсан эрсдэл хамаарахгүй... гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь Ц.*******тай байгуулсан Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.2-т мал, амьтан мөргөсөн тохиолдлуудад гарсан хохирлын дүнгийн 40 хувь хүртэл хэмжээгээр хариуцахаар тохиролцсон.

Хариуцагч байгууллага даатгалын салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах аж ахуй эрхлэгч атлаа нэг стандарт гэрээний загварыг ашиглан, хавсралтад зааснаар даатгалын эрдслийг тодорхойлж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхүйц агуулгатай гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал олгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон стандарт нөхцөл-тэй гэрээ бөгөөд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.2-т зааснаар хохирлын дүнгийн 40 хувь хүртэл хэмжээгээр даатгалын нөхөн төлбөр төлөхөөр тохиролцсон гэж үзнэ.

Анхан шатны шүүх Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.2-т зааснаар хохирлын дүнгийн 40 хувиар тооцож даатгалын нөхөн төлбөрт 5,502,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4.б. Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.2-д мал, амьтан мөргөсөн тохиолдлуудад гарсан хохирлын дүнгийн 40 хувь хүртэл хэмжээгээр эрсдэлийг хариуцахаар заасан байхад Ц.******* нь МИГ даатгал ХХК-тай Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ байгуулах үед МИГ даатгал ХХК мал амьтнаас учруулсан эрсдэлийг 100 хувь хариуцахаар Санхүүгийн зохицуулах хороонд бүтээгдэхүүнээ бүртгүүлж, гэрээний саналын дуудлага гаргасан гэх агуулгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Иймд зохигчоос гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 102,982 төгрөг, хариуцагч талаас төлсөн 73,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

  ШҮҮГЧИД  Д.БЯМБАСҮРЭН

 

С.ЭНХБАЯР