| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0276/Э |
| Дугаар | 278 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч С.Д, Х.Х, Д.Н,
хохирогч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Д, Боржигон овогт Х.Х, Боржигон овогт Д.Н нарт холбогдох эрүүгийн 1806 0929 80230 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, С.Д
2. Монгол улсын иргэн, Х.Х
3. Монгол улсын иргэн, Д.Н
Холбогдсон хэргийн талаар:
С.Д, Х.Х, Д.Н нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Хаанчлал” зоогийн газарт иргэн С.Энхтуултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э мэдүүлэхдээ: Өөрт учирсан 508.000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Эөгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр болон найзуудын хамт “Хаанчлал” бааранд орсон. Тэндээ 1 цаг орчим сууж байгаад найз Зулаагийн хамт угаалгын өрөө рүү орох гээд босохдоо ширээний булан цохичихсон чинь шилэн аяга дуугарсан. Тэгээд эргээд суухдаа би бас дуугаргачихсан. Гэтэл нэг зөөгч эмэгтэй уурлаад наад аяга чинь үнэтэй шүү та нараас, төлж чадах юм уу гэхээр нь би хүнээс үнэтэй аяга гэж юу байх вэ дээ, хагалчихвал төлчихнө гэтэл юун олон юм ярьдаг гичий вэ гээд гар гэж хөөсөн. Тэгээд бид маргалдаж эхэлсэн. Гэтэл хажуу талаас нэг тайрмал үстэй зөөгч намайг өшиглөөд хажуунаас үсдээд авсан. Тэгээд хажуунаас дахиад нэг зөөгч эмэгтэй орж ирээд миний тал талаас өгзөг, гуя, хөл, гарын булчин, шилбэ, нүүр хэсэгт цохиж олон удаа өшиглөсөн. Богино үстэй эмэгтэй миний үснээс үсдээд маш их үс унагаасан. Тэр зөөгч 3 эмэгтэй гурвуулаа намайг нийлж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13705 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. С.Э биед эрүү, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун гарын сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Бичлэгийг тодруулахад цагаан цамцтай, цайвар өмдтэй эмэгтэй зууралдсан хүмүүс рүү гүйж ирэн цайвар өнгийн цамцтай богино тайрмал үстэй эмэгтэйн цамцнаас зулгааж харагдах бөгөөд зууралдсан хүмүүсийн голоор нэг удаа өшиглөсөн дүрс байв. Бичлэгийг цааш тоглуулахад 10 секундад хар пудволктой Сэнгүр гэсэн цагаан бичиглэлтэй хормогчой эмэгтэй цагаан өнгийн цамцтай хохирогчийн өгзөг тус газарт нэг удаа өшиглөж байгаа харагдав. Бичлэгийн 19 секундад цагаан өнгийн пудволктой, цайвар өмдтэй эмэгтэй хохирогч болох Энхтуул руу дахин 2 удаа өшиглөж байх харагдсанаар бичлэг дуусч үзлэгийн тэмдэглэлийг хийж дуусгав гэжээ. /хх-ийн 7 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Х.Х-ын: ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Н, Д нарын хамт ажил дээрээ гоймон идээд сууж байсан. Үйлчлүүлж байсан эмэгтэй аяга унагааснаас болоод Н шаардлага тавьсны төлөө босч ирээд аяга албаар шидэж хагалсан. Тэгээд Д эгч очоод хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд тэр эмэгтэйтэй нилээн удаан хэрэлдэж байсан. Тэр хугацаанд нь би салгах гээд очсон боловч намайг үсдээд авсан. Тэгээд л зодоон эхэлсэн. Намайг үсдэх үед нь би үсдсэн. Өөрөөр би цохиж гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Н-ийн: ...Тухайн өдөр би Х, Д хоёрын хамт ажил дээр байж байтал гаднаас 3 эмэгтэй, 3 эрэгтэй орж ирсэн. Тэгээд тэд нилээн их юм захиалж уусан. Тэр эмэгтэйчүүд ойр ойрхон босоод яваад байсан. Босох бүртээ ширээн дээр байсан шилэн аяга унагаад байхаар нь би наад аяга чинь шилэн аяга шүү, болгоомжтой босч суу гэж хэлтэл нэг эмэгтэй нь уурлаж босч ирээд маргаан эхэлсэн. Тэгээд маргаан болоод зууралдаад эхэлсэн. Тэр үед Х-г үсдэхээр нь Д бид хоёр салгах гэж ороод зодоон болчихсон. Би биед нь халдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн С.Д-ийн: ...Би тухайн өдөр зөөгч Н, Х нарын хамт ажил дээрээ байж байхад 23 цагийн орчим 3 эмэгтэй, 3 эрэгтэй хамтдаа орж ирээд суусан. Ширээн дээр сууж босохдоо манай аяга шилийг унагаагаад байхаар нь бид нар шаардлага тавьсны төлөө маргаан болоод хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд тухайн эмэгтэй Х-г үсдээд авахаар нь бид нар салгах гэж ороод зодоон болчихсон. Би биед нь халдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/,
- Шүүгдэгч С.Д, Х.Х, Д.Н нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-35, 37-39, 42-43, 84 дүгээр тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 27, 61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
С.Д, Х.Х, Д.Н нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Хаанчлал” зоогийн газарт иргэн С.Энхтуултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Энхтуул, яллагдагчаар өгсөн Х.Х, С.Д, Д.Н нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 13705 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Х, Д.Н, Ч.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохиррол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч С.Э гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 508.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар уг хохирлыг шүүхийн шатанд төлсөн байна. /хх-ийн 27, 61, 106 дугаар тал/
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Д, Х.Х, Д.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, мөн хуулийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт С.Д, Боржигон овогт Х.Х, Боржигон овогт Д.Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт С.Д, Боржигон овогт Х.Х, Боржигон овогт Д.Н нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт С.Д, Боржигон овогт Х.Х, Боржигон овогт Д.Н нар нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Боржигон овогт С.Д, Боржигон овогт Х.Х, Боржигон овогт Д.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Х, С.Д, Д.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ