Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01746

 

  

 

 

 

 

2023 оны09 сарын 11 өдөр Дуга210/МА2023/01746

 

 

С.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/02524 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Итгэлд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, хүү Э.Очир, Э.Соёмбо нарт сар бүр төрөөс олгох хүүхдийн мөнгөн хөрөнгийг хүүхдүүдийн хадгаламжийн дансанд шилжүүлж байхыг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй, хүү Э.Очир, Э.Соёмбо нарыг Ө.Итгэлийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Ө.Итгэлтэй 2001 оны 01 дүгээр сард танилцаад 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Очир, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Э.Соёмбо нар төрсөн.

1.2. Эхнэр Ө.Итгэл нь тодорхой шалтгаангүйгээр хэд хоногоор гэрээсээ гараад явчихдаг учраас хэлж шаардаад ч нэмэргүй болж, явуулын хүн шиг байдалтай болсон тул С.******* болон хүүхдүүд нь энэ байдалд дасан зохицож ээж, эхнэргүй мэт өнөөдрийг хүрсэн. Бидний таагүй харилцаатай болж гэрлэлтээ цуцлуулахаар 2021 оны 11 дүгээр сард шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч С.******* нь хүүхдүүдээ бодож, гэр бүлээ бүтэн авч үлдэхээр хамтран амьдрахаар эвлэрч, хичээсэн. Гэвч Ө.Итгэлийн нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй гул эвлэруүлэн зуучлах ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болгосон.

Иймд, гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоож, гэр бүлийн дундын өмч болох Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 57 тоот хаягт бүртгэлтэй, 40м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргууах, хүү Э.Очир, Э.Соёмбо нарт сар бүр олгогддог хүүхдийн мөнгийг хүүхдүүдийн хадгаламжид шилжүүлж байхыг Ө.Итгэлд даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие өмнө нь гэрлэлт цуцлуулахаар өргөдөл гаргасан боловч 12 сард өргөдлөө буцааж авсан. Үүнээс хойш бидний харилцаа таарамжгүй болсон байсан учраас гэртээ хамт байхад хэцүү байдаг болсон. Гэрлэлт цуцлуулах өргөдлөө буцааж авсны дараа намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харилцаанд ордог, хөнжилд боож байгаад зоддог байсан тул би өдөр нь хүүхдүүдтэйгээ хамт байж байгаад орой болохоор гэрээсээ яваад ээжийнхээ гэрт болон найзынхаа гэрт очдог байсан. Би С.Эрдэнбаяраас салахын тулд гэрээсээ явдаг байсан. Би амьдралынхаа төлөө зүтгэж ирсэн болохоос байнга гэр бүлээ хаяж явсан зүйл байхгүй. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна.

2.2. С.*******ын асрамжид хүү Э.Очир, Э.Соёмбо нарыг үлдээгүй, өөрийн асрамжид авна. Төрөөс хүүхэд бүрт сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг би өөрийн дансаар хүлээн авдаг. Хүүхдийн мөнгийг би хүүхдүүддээ л зарцуулдаг гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Хүү Э.Очир, Э.Соёмбо нарыг өөрийн асрамжид авч, С.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулна.

3.2. Бидний хамтын амьдралын явцад бий болсон үл хөдлөх эд хөрөнгө болох Эрхийн улсын Ү-2205001134 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 57 тоот хаягт бүртгэлтэй, 40м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул байраа өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээж, С.*******т үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг нь гаргаж өгнө.

3.3. С.*******ын дансан дахь мөнгөний үлдэгдэл 211,085 төгрөгөөс тал хувь 105,542 төгрөгийг гаргуулах, мөн Тоёота ипсум /Toyota ipsum/ маркийн 13-36 УБС улсын дугаартай автомашиныг 1,000,000 төгрөгөөр үнэлж, өөрт ногдох хэсэгт 500,000 төгрөг, нийт 1,605,542 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Миний бие гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй, мөн хүүхдээсээ өөрийн асрамжид авах шаардлага гаргасан тул хүү Э.Очир, Э.Соёмбо нарыг Ө.Итгэлийн асрамжид үлдээх, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

4.2. Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 57 тоот хаягт бүртгэлтэй, 40м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон миний данс дахь үлдэгдэл 211,085,89 төгрөг нь гэр бүлийн дундын хөрөнгө мөн эсэх талаар би маргахгүй бөгөөд Ө.Итгэл болон хүүхдүүдийн өмчлөлд орон сууц үлдээх үндэслэлгүй, тоёота ипсум /Toyota ipsum/ маркийн 13-36 УБС улсын дугаартай автомашин нь миний хуваарьт хөрөнгө учир хуваагдах хөрөнгөд хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянцогт ургийн овогтой Сампилийн *******, Жигжидсүрэн ургийн овогтой Өлзийсайханы******* нарын гэрлэлтийг цуцлаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Очир, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.Соёмбо нарыг эцэг С.*******ын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Очир, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.Соёмбо нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эх Ө.Итгэлээс гаргуулан олгож,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******аас нийт 35,605,542.9 төгрөгийг гаргуулан хариуцагч Ө.Итгэлд олгож, эрхийн улсын Ү-2205001134 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 57 тоот хаягт бүртгэлтэй, 40м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч С.*******, хүү Э.Очир, Э.Соёмбо нарын өмчлөлд үлдээж, хүү Э.Очир, Э.Соёмбо нарт сар бүр олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдүүдийн хадгаламжид шилжүүлж байхыг хариуцагч Ө.Итгэлд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 102/2023/02524 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх процессын хууль зөрчсөн талаар:

Анхан шатны шүүхээс гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2205001134 дугаар бүхий 40м2 орон сууцны үнэлгээг үнэлэхдээ талуудын тайлбарыг үндэслэн 140,000,000 төгрөгөөр үнэлж зах зээлийн үнэн дээр талууд маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн орон сууцанд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан /хх-30/ боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн байна. Гэтэл тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зөвхөн талуудын эрх ашгийг бус 4 хүний эрх ашигт хамаарах гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө юм. Тодруулбал, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хэргийн оролцогч тодорхойлсон, шүүх зохигчийн тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь бусад гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хөндсөн байна.

Анхан шатны шүүх гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэргийн оролцогчийн тайлбараар үнэлсэн нь бодит баримтад үндэслээгүй байна. Хэрэв шүүхээс 2 хүүхдийн эрх ашгийг төрийн нэрийн өмнөөс хамгаалсан бол тухайн хөрөнгийг эрх бүхий үнэлгээчинээр дүгнэлт гаргуулах байсан.

6.2. Анхан шатны шүүхээс "Toyota Ipsum" маркийн тээврийн хэрэгсэл нь дундын хөрөнгө мөн гэж үзсэн боловч зах зээлийн үнийг 1,000,000 төгрөг гэж шүүх сайн дураараа үнэлэн хариуцагчид 500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн өмчлөгч нар болох хүүхдүүдэд автомашинаас ногдох хэсгийг тогтоогоогүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж тодорхой заасныг зөрчжээ.

6.3. Талуудын дунд түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ ажиллуулдаг талаар дурдсаар байгаа. Тухайн түргэн үйлчилгээний цэгийг талууд 2002 онд түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд үүнээс хойш 2003 онд худалдаж авснаар өдийг хүртэл хамтран ажиллуулсаар ирсэн. 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 00130 хурлын тэмдэглэлийн 4 дэх нүүрэнд /хх-67/ "Даргалагчаас: Нэхэмжлэгчээс асууя, Та хаана ямар ажил эрхэлдэг вэ? гэхэд, Нэхэмжлэгч: Багшийн дээдийн автобусны буудал дээр хүнсний мухлаг ажиллуулдаг гэв" гэсэн байх бөгөөд шүүх бүрэлдэхүүн энэ талаар мэдсэн боловч дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Зохигч нар хамтран амьдрах хугацаандаа тухайн ТҮЦ-нээс гэр бүлийн санхүүгийн хэрэгцээний дийлэнх хувийг бүрдүүлдэг байсан бөгөөд гэр бүлийн хувьд амьжиргааны эх үүсвэр байсан. Гэтэл анхан шатны шүүхээс гэр бүлийн дундын өмчлөлийн санхүүгийн голлох үүсвэр буюу ТҮЦ-ийг орхигдуулж хэргийг шийдвэрлэжээ.

6.4. Хүүхдүүдийн асрамжийн талаар. Анхан шатны шүүхээс ах Э.Очир дүү Э.Соёмбыг нэхэмжлэгч С.*******т үлдээхээр шийдвэрлэхдээ хүүхдийн асрамж тогтоохдоо шүүхээс тухайн хүүхэд эцэг, эх, ах, дүү, гэр бүлийн бусад гишүүдтэй ямар харилцаатай, хэнтэйгээ илүү ээнэгшин дассан, хамтад нь цаашид амьдруулах гэж буй эцэг, эхийн ёс суртахууны болон хувийн шинж чанарууд, хүүхэд болон эцэг, эхийн хоорондын тогтсон харилцаа зэрэг гадаад хүчин зүйлүүдийг зайлшгүй анхаарах ёстой гэж зөв тодорхойлсон боловч тухайн шийдвэрийг гаргахад нөлөөлсөн хүүхдийн санал асуулга нь дарамт шахалт болоод хавчигдмал нөхцөл байдалд байгаа эсэх мөн эцэг эхийн нөлөөлөл орсон зэргийг харгалзаж үзээгүй байна.

Хариуцагч Ө.Итгэл нь сүүлийн 1 жилийн хугацаанд хүүхдүүдтэйгээ цөөн уулзсан бөгөөд нэхэмжлэгч талаас уулзах боломж олгодоггүй. Хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байх хугацаанд хүүхдүүдийн санал асуулгыг авсан. Хүүхдүүдийн санал нь хавчигдмал байдал болон шүүхэд саналаа өгөхөөр ирэхэд нь ингэж хэлээрэй зэргээр хүүхдүүдийн саналд нэхэмжлэгч талаас нөлөөлсөн байж болзошгүй юм.

6.5. Нийслэлийн Баянгол дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн шинжээчийн багийн дүгнэлт хэсгээс Э.Очир, Э.Соёмбо нарын хүүхдийн түгшүүрт байдлыг харуулсан дүгнэлт /хх 85-86/ хэсэгт: Түрэмгий байдлын обект, хувцаслалт, зэмлэх, үл ойшоогдох байдал, түрэмгий байдалд гунигтай төрх буюу ямар нэгэн байдлаар тухайн асуудалд хүүхдүүд орж байсан мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан байх магадлалтай гэснээс хүүхдүүд ямар нэг дарамт, шахалтад байгаагаас өөрийн дотоод хүсэл, сонирхлоо хэлж чадахгүй байгаа гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн багийн дүгнэлтийг бүрэн гүйцэд дүгнээгүй атлаа хүүхдийн сэтгэл зүйн байдал болон нөхцөл байдал, ярилцлага, ажиглалтыг үндэслэн хүү Э.Очир, Э.Соёмбо нарын асран хамгаалагчаар нэхэмжлэгчийг тогтоох нь зүйтэй гэснийг мөн хүүхдүүдийн саналыг /хх-37-38/ харгалзан нэхэмжлэгчийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь эргэлзээ бүхий баримтуудыг орхигдуулж, хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч Ө.Итгэл нь өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийн сургууль, эрүүл мэнд, хоол унд, хувцас, сурлага, сэтгэл зүй гээд амьдралын бүхий л зүйлд нь анхаарал тавьж ирсэн бөгөөд ээжтэйгээ илүү ээнэгшин дассан болох нь өнгөрсөн амьдралаас тодорхой харагдана.

Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/02524 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т заасныг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ө.Итгэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, хүү Э.Очир, Э.Соёмбо нарт сар бүр төрөөс олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдүүдийн хадгаламжийн дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /1хх. 1-2, 49-50, 17-24, 39 дүгээр тал/

3. С.******* болон Ө.Итгэл нар нь 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд буюу 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Очир, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Э.Соёмбо нар төрсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4. Гэрлэгчид 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэх үндэслэлээр тэдний гэрлэлтийг шүүх цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрчлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

5. Анхан шатны шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ эцэг, эх, ах, дүү, гэр бүлийн бусад гишүүдтэй ямар харилцаатай, хэнтэйгээ илүү ээнэгшин дассан, эцэг, эхийн ёс суртахууны болон хувийн шинж чанарууд, хүүхэд болон эцэг, эхийн хоорондын тогтсон харилцаа зэрэг гадаад хүчин зүйлүүдээс гадна, хүү Э.Очир, Э.Соёмбо нарын аавтайгаа амьдрах талаар гаргасан санал, Нийслэлийн Баянгол дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 144 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг үндэслэн хүү Э.Очир, Э.Соёмбо нарыг эцэг С.*******ын асрамжид үлдээж, 2 хүүхдэд тус бүрт тэтгэлэг тогтоож, сар бүр эх Ө.Итгэлээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14.6, 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай тус тус нийцжээ.

Хариуцагч Ө.Итгэл ...хүүхдийн санал асуухад эцэг нь нөлөөлсөн, шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь буруу гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан дүгнэхэд С.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хүүхдүүдэд халамж тавьдаггүй, хүүхдийн ёс суртахууны байдалд сөргөөр нөлөөлдөг зэрэг хүүхдийн асрамж тогтоолгох тухай татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй тул анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд С.*******т хүүхдийн асрамжийг тогтоож шийдвэрлэсэн зөв болжээ.

6. Анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205001134 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 57 тоот хаягт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 140,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөх эрхийг С.*******, хүү Э.Очир, Э.Соёмбо нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Ө.Итгэлд ногдох хэсэг 35,000,000 төгрөгийг, мөн С.*******ын хадгаламжийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийн тал хувь 105,542 төгрөгийг тус тус Ө.Итгэлд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, Гэр бүлийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт тус тус нийцсэн.

6.а. Талууд Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 57 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцыг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн талуудын үнэлгээг үндэслэн тогтоосон нь үндэслэлтэй байна.

6.б. Хариуцагч нь ...гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө 140,000,000 төгрөг, авто машиныг 1,000,000 төгрөгөөр үнэлгээг маргахгүй гэх агуулгатай тайлбар гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгө болон авто машины үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргаагүй, мөн нэхэмжлэгчийн орон сууцыг үнэлгээ тогтоолгох хүсэлтийг хангахгүй орхисон нь хариуцагч эрхийг хөндөхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх Тоёота Ипсум /Toyota ipsum/ маркийн 13-36 УБС улсын дугаартай автомашиныг талуудын тогтоосон үнэлгээ буюу 1,000,000 төгрөгөөр тооцож, гэрлэгчдэд тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлага, болон хариуцагч Ө.Итгэлийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ээс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа анхан шатны шүүх түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ээс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тогтоогоогүй, орхигдуулан шийдвэрлэсэн гэх агуулгатай гомдол үндэслэлгүй байна.

9. Анхан шатны шүүх хүү Э.Очир 15 настай, Э.Соёмбо 13 настай байхад Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан алдааг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг хасна.

10. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар шүүх гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлох үүрэгтэй.

Анхан шатны шүүх Тоёота Ипсум /Toyota ipsum/ маркийн 13-36 УБС улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг талуудын хэн алинд нь үлдээж шийдвэрлээгүй алдаа гаргасныг залруулж, уг автомашиныг нэхэмжлэгч С.*******, хүү Э.Соёмбо, Э.Очир нарын өмчлөлд үлдээсэн өөрчлөлт оруулах нь хуульд нийцнэ.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/02524 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 3 дахь заалтад "...40.1.1..." гэснийг хасч өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001134 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 57 тоот хаягт байршилтай 40м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 13-36 УБС улсын дугаартай Тоёота Ипсум /Toyota Ipsum/ маркийн автомашиныг нэхэмжлэгч С.*******, хүү Э.Очир, Э.Соёмбо нарын өмчлөлд үлдээж, хүү Э.Очир, Э.Соёмбо нарт сар бүр төрөөс олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдүүдийн хадгаламжийн дансанд шилжүүлж байхыг хариуцагч Ө.Итгэлд даалгаж, нэхэмжлэгч С.*******аас нийт 35,605,542 төгрөгийг гаргуулан хариуцагч Ө.Итгэлд олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

С.ЭНХБАЯР