Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01769

 

  

 

 

 

 

2023 оны 09 сары18 өдөр 210/МА2023/01769

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/03412 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сумъяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаар шийдвэрээр Ариунсарнай ХХК-аас 695,528,949 төгрөгийг гаргуулж, Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох ******* ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Оросын нефтийн хойно байрлах 6,000 м.кв талбайтай 8009/5034 нэгж талбарын дугаартай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045476 дугаартай 85/1 тоот агуулахын зориулалттай 473 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045477 дугаартай 85/02 тоот агуулахын зориулалттай 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

 

1.2. Эдгээр хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан байх бөгөөд уг тогтоолыг манай ******* ХХК-д мэдэгдэж, гардуулаагүй, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Ариунсарнай ХХК-ийн өр төлбөрт барьцаалагдсан манай ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн саналыг аваагүй байна.

Файн эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлүүлсэн 1023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/725 дугаар мэдэгдлийг мэдэгдэж, гардуулаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар нь ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэх ажиллагаа явагдаж байгаа талаар, хөрөнгүүдийг хэрхэн үнэлсэн талаарх мэдэгдлийг гардуулаагүй бөгөөд энэ талаар Өдрийн сонин-ы 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №063(7183) дугаарт ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт дуудлага худалдаанд оруулахаар зар тавьснаар мэдсэн байна.

 

1.3. Файн Эстимэйт ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар ******* ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Оросын нефтийн хойно байрлах 6,000 м.кв талбайтай 8009/5034 нэгж талбарын дугаартай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045476 дугаартай 35/1 тоот агуулахын зориулалттай 473 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045477 дугаартай 85/02 тоот агуулахын зориулалттай 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 3,265,260,000 төгрөгөөр үнэлэгдсэн нь компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл, 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.9-д 8.3.11-т заасан зах зээлийн харьцуулсан судалгаа хийхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг шууд өөрсдийн үзэмжээр, хэт доогуур үнэлснийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын өдрийн 5061 дугаар захирамжаар Ариунсарнай ХХК-иас 695,528,949 төгрөгийг гаргуулж, Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

2.2. Дээрх шийдвэрийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 4 хороо, тээвэрчдийн гудамж, Оросын нефтийн хойно байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045476, Ү-2205045477 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх 16261405/7 тогтоолоор битүүмжилсэн байна.

 

2.3. Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлж барагдуулаагүй тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө хураах 16261405/8 тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хөндлөнгийн шинжээчээр Файн эстимэйт ХХК-ийг томилон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 3,265,260,000 төгрөгөөр үнэлснийг талуудад хуулийн хугацаанд 3/725 албан бичгээр мэдэгдсэн байна.

 

Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг талуудад мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш төлбөр барагдуулахаар ажиллаж байна. Энэ үед 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөл, эзэмшлийн маргаан үүсэж нэхэмжлэгч талд шүүхийн шийдвэр гарсан байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөө авна гээд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 142,260,750 төгрөг төлсөн ба үүнээс хойш ямар нэг байдлаар холбогдохгүй, төлбөр төлөхгүй болсон. Улсын бүртгэлээс үзэхэд шийдвэр гүйцэтгэлээс захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн байхад өмчлөх, эзэмших эрх шилжсэн.

 

Иймд үнэлгээ нь хуулийн дагуу хийгдсэн, нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдэх ажиллагааг хийсэн тул Банкны эрх хүлээн авагчийн зүгээс хадгаламж эзэмшигчийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 1/2 дугаар тогтоолын дагуу Файн эстимэйт ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Оросын нефтийн хойно байрлах 6,000 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045476 дугаартай, 473 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045477 дугаартай, 432 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шинжээчийн дүгнэлтийн 12 дугаар хуудсанд 6,000 м.кв талбайтай газрын нэгж талбайн дундаж үнийг 337,263.59 төгрөг буюу нийт 2,023,590.00 төгрөгөөр үнэлсэн. Харин дүгнэлтийн 23 дугаар хуудсанд 473 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргахдаа барилгын үнэлгээнд түүний доор байрлах 473 м.кв газрын үнэлгээг, 432 м.кв талбайтай газрын үнэлгээг багтааж гаргасан. Иймд шинжээч дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн доор байрлах нийт 905 м.кв талбайтай газрын үнэлгээг 1,718,360,000 төгрөгөөр гаргасан нь үндэслэлтэй.

 

5.2. Шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05061 дугаар захирамжаар үнэлэгдэж байгаа хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Эдгээр хөрөнгөтэй холбоотойгоор барьцааны эрх үүссэн талаар баримтгүй, хэрэв барьцааны эрх үүссэн бол энэ асуудал нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан журмын дагуу шийдвэрлэгдэх юм. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүхийн энэ дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолд ... Капитал банкинд барьцааны эрх үүссэн тухай дурдсан. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүх тус дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй.

 

5.3. Шүүх хөрөнгийн үнэлгээг ******* ХХК-д мэдэгдээгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ******* ХХК хаана байрлаж байгаа нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэл явуулахад хаягтай байхгүй байсан тул үнийн санал авах боломжгүй болсон байна. Төлбөр төлөгч хаягийн өөрчлөлт орвол энэ тухай шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас мэдэгдлийг ямар хаягаар явуулах нь тодорхой бус, цаашид мөн ямар хаягаар явуулах талаар шийдвэр гүйцэтгэл өөрөө олж мэдэх ёстой, ямар хаягаар явуулах байсныг хэлж мэдэхгүй гэж байсныг шүүх зөвтгөж байгаа нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр гомдлыг хангаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан хариу тайлбар:

Газрын 2 үл хөдлөх хөрөнгийг нийлсэн үнэлгээ хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан үнэлгээний зөрүүтэй учраас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

******* ХХК-аас үнийн санал аваагүй буюу үнэлгээг мэдэгдээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан ажиллагааг тус тус хийгээгүй болохыг үндэслэж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Оросын нефтийн хойно байрлах 6,000 м.кв талбайтай, нэгж талбарын 8009/5034 дугаартай газар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045476 дугаартай, 473 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045477 дугаартай, 432 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

3. Ариунсарнай ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045476 дугаартай, 473 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг гудамжны 85/2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045477 дугаартай, 432 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01462 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1930 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 00548 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх205-217/

 

Дээрх шийдвэрийн дагуу ******* ХХК нь барьцааны зүйлийн өмчлөгч тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх зүйн байдалтай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах эрхтэй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05061 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Капитал банк ХХК, хариуцагч Ариунсарнай ХХК нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1 хх. 68-70/

 

4.б. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16261405/7 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16261405/8 тоот тогтоолоор тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь битүүмжлэх, хураан авах ажиллагааг мэдэгдээгүй гэх боловч уг ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч оролцож, ******* ХХК-ийн хадгалалтад үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, мөн уг ажиллагааг хүчингүй болгох тухай шаардлага гаргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

4.в. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/2 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Файн-Эстимэйт ХХК-иас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Оросын нефтийн хойно байрлах 6,000 м.кв талбайтай, нэгж талбарын 8009/5034 дугаартай газар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045476 дугаартай, 473 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045477 дугаартай, 432 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн үнэлгээг 3,265,260,000 төгрөг гэж тогтоожээ. /1 хх. 91-124/

 

4.г. Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд ******* ХХК-д үнэлгээний санал авах талаар хариуцагч байгууллага нь мэдэгдээгүй, улмаар ******* ХХК-аас үнэлгээний санал авах ажиллагааг гүйцэтгээгүй шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар мэдэгдсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3/276 дугаар Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэлд шуудангийн дардас дарагдаагүй, уг мэдэгдлийг хариуцагч нь хэзээ, ямар байдлаархүргүүлсэн талаар нотлоогүй тул үнэлгээний санал авах ажиллагааг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэж үзнэ. Энэ талаар гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. /1 хх. 86/

 

4.д. Шүүх үнэлгээ тогтоох ажиллагаа нь хууль зөрчсөн гэж дүгнэж, шинжээч Файн-Эстимэйт ХХК-аас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Оросын нефтийн хойно байрлах 6,000 м.кв талбайтай, нэгж талбарын 8009/5034 дугаартай газар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045476 дугаартай, 473 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 85/2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045477 дугаартай, 432 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн үнэлгээг 3,265,260,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс бага тогтоосон талаар нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

4.е. Хариуцагч байгууллага нь ******* ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэлтэй хаягаар үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлсэн гэх нөхцөл байдлыг нотлоогүй тул ******* ХХК-ийг хаяг өөрчлөгдсөн үндэслэлээр мэдэгдэх боломжгүй байсан талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/03412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь заалтад зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР