| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0315/Э |
| Дугаар | 321 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Б.Булгантамир ҮД:25-91,
хохирогч Г.О, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн ҮД:03-87 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Н-д холбогдох эрүүгийн 1806 0995 20115 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Н
Холбогдсон хэргийн талаар:
Г.Н нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэтт байрлах “Моника” баарны орчимд иргэн Г.Отэй шавийн найз охинтой уулзсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: Би өмнө нь хохирогч Одхүүтэй Буянт-Ухаа хороололд байрлах ресторанд таарахад миний шавийн найз охинтой хамт явж байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сансар хороололд байрлах “Моника” бааранд найзтайгаа уулзахаар очиход хохирогч тэр баараар үйлчлүүлж байсан. Би хохирогчийг баарнаас дуудаж, гадаа гаргаж ирээд, “манай шавийн найз охинтой уулздаг юм уу” гэж асуугаад, түүнийг хоёр удаа алгадсан. Би хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 200.000 төгрөгийг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О мэдүүлэхдээ: Би тухайн үед шүүгдэгч Н шавийн найз охинтой хамт яваагүй. Шүүгдэгч намайг өөр хүнтэй андуурсан юм шиг байна. “Имплант” шүд суулгахаас өмнө 2-4 сарын хугацаанд эмчилгээ хийж, дараа нь шүдээ суулгана, бүгд нийлээд 3.000.000 төгрөг болно гэж эмч зөвлөсөн. Би “Иплант” шүд хийлгэх 3.000.000 төгрөг дээр нэмж өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.О-н өгсөн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 15-ны оройн 23:00 цагийн үед өөрийн Энхжингийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” баараар үйлчлүүлж байсан. Би “Моника” баарны үүдэн хэсэгт тамхи татаад зогсож байтал урьд нь ганц удаа уулзаж байсан Н гэх залуу ийшлээд уулзъя гэхээр нь дагаад явсан. Баарны урд талын аркаар ороод байрны хажууд очоод Нтай уулзаад сууж байтал гэнэт миний нүүрэн хэсэгт хэд, хэд цохисон. Миний нэг шүд хугарсан байсан. Намайг Н гэх залуу цохиж байхад түүний хажууд хамт байсан хоёр залуу нь зогсож байсан. Н хоёр залуутайгаа хамт байж байгаад явсан. Би цагдаад дуудлага өгсөн боловч цагдаа ирэхээс өмнө явсан байсан. Би Н ямар шалтгаанаар цохиж зодсоныг сайн хэлж мэдэхгүй байна. Надтай зүгээр ярьж сууж байгаад намайг чи ямар овоо харагдаад байна аа гэж хэлээд намайг цохиж эхэлсэн. Миний таних Н миний нүүрэн хэсэгт хэд, хэдэн удаа цохисон.Ныг цохиход нэг шүд хугарсан. Миний биеийн нүүрний ам хэсэг, шанаа, эрүү хэсэг маш их өвчтэй. Миний толгой доргисон байсан. Нэг шүд хугарч, доод талын шүднүүд хөндүүртэй байна...
...Би шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эрүү нүүрний эмнэлэгт үзүүлсэн 10.000 төгрөг, түр шүд хийлгэсэн 150.000 төгрөг, цаашид имплантан шүд хийлгэх бүх зардал нь 3.000.000 төгрөг нийт 3.168.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүд хийдэг эмнэлгийн үнийн тарифыг авч ирж өгнө. Нэхэмжилж байгаа зүйлийг барагдуулбал гомдол санал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Г.О-н биед зүүн шанаа, дээд уруулын дотор салст, баруун хөмсөгний дээд талд шалбаралт цус хуралт, хавантай, дээд эрүүний үүдэн 1 шүд унасан зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. ШЭГЗТЖ-ын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
5. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 9 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Н-н: ...Би Г.О-н биед уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би О-с шавийнхаа найз охинтой ямар холбоотой талаар асуухад өөдөөс хэгжүүрхээд байхаар нь нүүрэн хэсэгт нь хоёр удаа алгадчихаад явж байтал араас Одхүү хувцасаа тайлаад гүйгээд ирэхээр нь эргэж хараад нүүрэн хэсэгт нэг удаа цохиход Одхүү газарт унаад хоцорсон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дүгээр тал/,
- Шүүгдэгч Г.Нын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13, 14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Н нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэтт байрлах “Моника” баарны орчимд иргэн Г.О-тэй шавийн найз охинтой уулзсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.О-н болон яллагдагч Г.Н-н мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1: ... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хохирогч Г.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эрүү нүүрний эмнэлэгт үзүүлсэн 10.000 төгрөг, түр шүд хийлгэсэн 150.000 төгрөг нийт 168.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Г.Н “Голомт” банкаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн байх ба илүү 32.000 төгрөгийг төлжээ. /хх-ийн 64-65 дугаар тал/
Хохирогч Г.О өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн зардал 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. /хх-ийн 53-55 дугаар тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар: ...хохирогч өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилжээ.
Хохирогч Г.О нь өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгуулахаар өмгөөлөгч Б.Лхагвацэрэнтэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж, өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээ, төлбөр төлсөн тасалбар зэргээр тогтоогдож байх тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн төлбөр хохирогчид учирсан хохиролд тооцож 500.000-32.000=468.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-ийн 53-55, 64-65 дугаар тал/
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д ...хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж хуульчилжээ.
Хохирогч Г.О нь иплант шүд хийлгэхээр 3.000.000 төгрөгийг нэхэмжилж “Хатагтай дент” шүдний эмнэлгээс шүдний үнийн саналыг ирүүлсэн байх ба энэ баримтыг үндэслэн хохирлыг тооцох боломжгүй тул шүдээ хийлгэсний дараа өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 31 дүгээр тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Н-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Н-с /РД:/ 468.000 /дөрвөн зуун жаран найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.О-д /РД:/ олгосугай.
6. Хохирогч Г.О нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ