Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0931/З |
Дугаар | 221/МА2019/0293 |
Огноо | 2019-05-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2019/0293
2019 оны 05 сарын 23 өдөр | Дугаар221/МА2019/0293 | Улаанбаатар хот |
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0171 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0171 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/732 тоот захирамжийг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд түдгэлзүүлж, уг хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь, “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэл бүрдээгүй байсан. Шүүх тус үндэслэл бүрдсэн болох талаар шүүхийн шийдвэрт тусгахдаа Үндэслэх хэсэг, 9 дэх талд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас “Э” ХХК-ийг ямар хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн эсэхийг тодруулж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай” гэх агуулгаар тайлбарласан байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд бид энэ талаар хариуцагчаас тодруулах тухай хүсэлт тавихад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэгчийг 2016 оны 05 дугаар сараас хойш буюу газрыг албадан чөлөөлүүлэх шаардлагатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойших 2 жилийн хугацаанд маргаан бүхий газрыг ашиглаагүй гэж үзэж, маргаан бүхий захиргааны акт гарсан” хэмээн тодруулж хэлсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Ингэснээр бид тус хугацаанаас өмнөх хугацаанд хамааралтай, өмнө шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хожим хэргээс хасуулах хүсэлт тавьж, хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй гэх үндэслэлээр хэргээс хасч шийдвэрлэсэн билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодруулсан хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргах учиртай. Иймд хариуцагчаас “Э” ХХК-ийг ямар хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн эсэхийг тодруулах шаардлагагүй юм.
Харин “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай” гэх дүгнэлтийн хувьд энэ үндэслэл бүрдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг, 9 дэх талд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хуульд заасан нөхцөл шаардлагыг зөрчсөнөөс гадна ... 2017 оны А/878 дугаар захирамж гаргаад 2 жил болоогүй байхад дээрх үндэслэлээр хүчингүй болгосон нь ойпгомжгүй болжээ” хэмээн дүгнэсэн.
Нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатайгаар олгогдсон тул 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болох байсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь газар эзэмших эрх дуусгавар болохоос (газар сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхээр Газрын тухай хуульд заасан хугацаа болох) 15 хоногийн өмнө газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг гаргасан. Тус хүсэлтийг хариуцагч байгууллага Газрын тухай хуульд заасан 15 хоногын хугацаанд шийдвэрлэх байсан боловч хугацаа хэтрүүлж явсаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх тухай А/878 дугаар захирамж гарсан. Иймд энэ хооронд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сунгагдаагүй буюу нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй байгаагүй. Иймд тус хугацаанд нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн буруутгах үндэслэлгүй юм.
...Хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд Газрын тухай хуулийн 37.2 дахь хэсэгт "... нийслэл ... Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж буй эсэхийг 2 удаа шалгаж, Зөвлөлийн хурал хийгдсэн.
Хоёр дахь удаагийн Зөвлөлийн хуралд “газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж байна” буюу “газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал байхгүй” хэмээн дүгнэсний үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/878 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон. Тус захирамж нь захиргааны байгууллагын гаргаж буй эерэг үйлчлэл бүхий шийдвэр бөгөөд тус шийдвэр гарсантай холбоотой нэхэмжлэгч газарт тодорхой хэмжээний ажил хийж, зардал гаргасан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан итгэл хамгаалах зарчим үйлчлэх учиртай.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох зорилго нь тус газарт хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн барих зэрэг нийтийн зориулалтаар ашиглах явдал” гэж тайлбарлаж байсан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2018 оны 12 дугаар сард нэхэмжлэгч компанийн эзэмшил бүхий газрыг бусад компаниудад орон сууц барих буюу ижил зориулалтаар олгосон байсан. Бид үүнтэй холбоотой Авлигатай тэмцэх газарт гомдол өгч, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү гомдлыг гаргах үед захиргааны хэрэг үүсч, хэрэг хянан шиидвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Иймд хариуцагчийн дээрх үндэслэл бодит байдалд нийцээгүй, худал тайлбар байсан бөгөөд тэдгээр компаниудад давуу байдал олгох үүднээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон байна гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг Улсын Дээд шүүх тайлбарласан “хүндэтгэн үзэх шалтгаан”, “2 жил дараалан ашиглаагүй” гэх ойлголтын талаар тухайн нөхцөл байдал, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
“Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.16 , 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/792 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхойлсон ба 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү захиргааны актыг батлан гаргасан.
Нэхэмжлэгч “орон сууцны зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй” болгосон талаар маргаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гаргасан байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, тодорхой байгаа асуудлыг дахин нягталж тогтоон шинэ эрхийн акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн болно.
Тухайлбал, тус компани газар эзэмших гэрээнд заасны дагуу тухайн газартаа орон сууц бариагүй, эзэмшээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогддог. Тухайн газарт орон сууц баригдаагүй үйл баримтын талаар маргаагүй, харин орон сууц барьж чадаагүй шалтгаан, цаашид ч тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахгүй, орон сууц барихгүй болохоо илэрхийлсэн хүсэл зоригийг нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэх тухай маргааны үндэслэлийг анхан шатны шүүх дүгнээгүй.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо “2 жил дараалан ашиглаагүй” гэх хугацаанд ямар хугацааг хамааруулснаа тодорхой заагаагүй гэж дүгнэж байгаа нь нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.
Учир нь маргаан бүхий актын 1 дэх хэсэгт 2011 оны 12 дугаар сараас хойш эзэмшиж байгаа газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж тодорхой дурдсан, Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан, нэхэмжлэгчид 2011 онд газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл тухайн газар дээр ямар нэг барилга, байгууламж баригдаагүй, хоосон байгаа болно.
Нэхэмжлэгч шүүхийн маргаантай байсан учраас газраа ашиглаж чадаагүй гэж тайлбарлах боловч шүүхийн маргаан 2015 онд үүсэж 2016 оны 05 дугаар сард дууссан байдаг бөгөөд маргаан үүсэхээс өмнө болон маргаан дууссанаас хойшх хугацаанд ч газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, ямар нэг барилга, байгууламж бариагүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/792 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргасан захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь шүүх уг шийдвэрийг “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” байх урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд гаргах байтал энэхүү маргааны хувьд хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, эдгээр баримтуудаар хариуцагч байгууллагын шийдвэр нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хангалттай тогтоогдож байна.
Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-д Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44758 м.кв, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 38393 м.кв газруудыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Улмаар нэхэмжлэгч компаниас дээрх газруудын эзэмших эрхийг сунгуулах хүсэлтээ 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар уг эзэмшил газруудын хэмжээг 23.991 м.кв, 17023 м.кв, 6100 м.кв, 27616 м.кв бүхий 4 нэгж талбар болгон, орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш 2 жил өнгөрөөгүй байхад буюу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасантай нийцэхгүй байна.
Учир нь энэхүү хуульд заасан 2 жилийн хугацааг гэрээ байгуулсан хугацаанаас тооцох ёстой бөгөөд нэгэнт захиргааны байгууллагаас 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн “нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу газартаа орон сууц бариагүй, эзэмшээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны үр дүнг өөрөө хариуцах үүрэгтэй болно.
Хэрэв хариуцагчаас нэхэмжлэгч “Э” ХХК-ийг маргаан бүхий газруудыг эзэмших эрхтэй болсноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байсан бол тухайн үед газраа хэрхэн ашиглаж байгаа талаар тодруулан шалгаж, зориулалтын дагуу ашиглаагүй бол 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр талбайн хэмжээг өөрчлөн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, гэрээ байгуулахгүй байх боломжтой байсан.
Гэтэл дээрх арга хэмжээг авалгүйгээр газар эзэмшигчийг газар эзэмших гэрээний үүргээ биелүүлж, эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан гэж үзэж гэрээг шинэчлэн байгуулсан хэрнээ 8 сар гаруйн дараа газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0171 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/792 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж, “3” дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-н давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН