Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/0015

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй, Шударга

өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                                   М.Батсуурь

                                                   Х.Батсүрэн

                                                   П.Соёл-Эрдэнэ            

Илтгэгч шүүгч:                           Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 669 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Ц.Ө нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч Ц.Т-с Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаал илт хууль бус болохыг тогтоолгох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Ц.Т-г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/87 дугаар тушаалын 1 дэх заалтаар “тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, улсын ахлах байцаагч Ц.Т-г 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж”, 2 дахь заалтаар “Ц.Т-г тус газрын орон тооны зөвлөх, улсын ахлах байцаагчаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс томилон ажиллуулахаар” шийдвэрлэжээ.

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар “тус газрын орон тооны зөвлөх, улсын ахлах байцаагч Ц-н Т нь эмчилгээ хийх шаардлагатай болсон тул 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн” байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Ц.Т-г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/87 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Т-г урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,227,272.25 /арван долоон сая, хоёр зуун хорин долоон мянга, хоёр зуун далан хоёр/-төгрөгийг Ц.Т-д олгож, түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 669 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т-с Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

5. Нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

5.1. “... анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй тайлбарласан тухайд:

5.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус баримтлан ... миний биеийг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ... орон тооны зөвлөхөөр томилсон.

5.3. Төрийн албан тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасан.

5.4. Гэтэл хариуцагч нь Б/87 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй, хуульд заасан ямар үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй буюу хуульд заасан үндэслэл бүрдээгүй болох нь тогтоогдож байдаг.

5.5. Нөгөөтэйгээр, орон тооны зөвлөхийн албан тушаалд томилох бодит нөхцөл үүсээгүй буюу тухайн албан тушаал нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тоо, бүтцэд байхгүй болно. Тодруулбал,

5.6. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хавсралтаар Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 3, 4 дүгээр зүйлд зааснаар албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, үүнийг төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрч баталсны дараа тухайн албан тушаалд томилогдохоор байна.

5.7. Харин тус газрын орон тооны зөвлөхийн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүтцийг баталсан Шадар сайдын 2016 оны 103 дугаар тушаал, тус агентлагийн даргын 2019 оны А/45 дугаар тушаалаар баталсан албан тушаалын жагсаалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 117 дугаар тогтоол, мөн Шадар сайдын 2020 оны 145 дугаар тушаалын 2 дугаар хавсралт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны А/106 дугаар тушаалд тус тус тухайн албан тушаал байхгүй болох нь тогтоогдож байгаа болно.

5.8. Өөрөөр хэлбэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын Б/87 дугаар тушаал нь хуульд заасныг үндэслэж гараагүй, бодит байдалд хэрэгжих боломжгүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэсэн.

5.9. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг өөрөө хянасан, тухайн тушаалын үр дагаврыг мэдэх бүрэн боломжтой албан тушаал эрхэлж байсан ба акт гарсны дараагаар 3 сарын хугацаанд цалин хөлсийг тогтмол авсан зэргээс өөрөөр хүлээн зөвшөөрч байсан, энэ талаар тухайн үедээ актыг хүчингүй болгуулах үндэслэлээр маргах эрхтэй байсан тул тус акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй, илт хууль бус актын шинжийг агуулаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.10. Учир нь илт хууль бус захиргааны актын тухайд анхнаасаа хүчин төгөлдөр бус учир тухайн актад гомдол гаргахад хугацаа заагаагүй, эрх ашиг хөндөгдөж байгаа бол гомдол, нэхэмжлэлээ гаргах боломжтой байна.

5.11. Мөн тушаал гаргах эрх хэмжээ, түүний хууль зүйн үндэслэл, гарах үр дагавар, цалинг олгох эрх зөвхөн хариуцагчид хамаарч байхаас гадна акт гарсны дараа бий болсон үйл баримтыг үндэслэсэн байх ба хүсэлт зоригийн илэрхийлэл гагцхүү акт гарахын өмнө бий болсон байхыг, мөн нотлогдсон байхыг шаардах учиртай.

5.13. Үүнээс үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Б/87 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг тогтооход чиглэгдсэн нотлох баримтыг ач холбогдлоор нь эрэмбэлж дүгнэхгүйгээр захиргааны байгууллагын эрх захирагчийн санаагаа гүйцэлдүүлэхэд чиглэсэн зохиомол үйл явцад хөтлөгдөн, тэдгээр нь үгүйсгэгдэх хангалттай баримт байсаар атал зөвхөн хариуцагчийн гомдлын хүрээнд явцуу байдлаар төвлөрч хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага болон шударга ёсонд нийцэхгүй байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны зөрчсөн тухайд:

6.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Маргаан бүхий актын төсөлд нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 44.2, 44.3 гэх хэсгийг хасуулсан нөхцөл байдал гарч И.Х-н мэдүүлэг, тус актын төсөл бүхий нотлох баримтаар тогтоогдсон ... хэдийгээр маргаан бүхий актад бичгээр тусгагдаагүй боловч хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан зүйл байхгүй, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Б-н тайлбар зэргээр нэхэмжлэгчийн өөрийн зөвшөөрлийн дагуу шийдвэрлэсэн харилцаа байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна” гэж зөвхөн нэг талаас нь харсан мэдүүлэг, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт, хариуцагчийн тайлбар зэргийг үндэслэл болгон дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Тухайлбал,

6.2. Гэрч И.Х-н шүүхэд өгсөн мэдүүлэгт миний биеийг Төрийн албаны тухай хуулийн заалтыг тушаалын төслөөс “хасуулсан” гэх агуулга огтхон ч байхгүй бөгөөд харин ч “тушаал өөртэй нь холбоотой гарч байгаа учир гарын үсэг зурахгүй гэж байсан ... тус тушаалын төслийг Ц.Т дарга хянаагүй тул агентлагийн дарга луу тушаалын төслийг оруулсан” гэж мэдүүлсэнтэй зөрчилддөг. Мөн бодит байдалд миний бие тухайн “тушаалын төсөл”-ийг хянаагүй болох нь гарын үсэг зураагүй үйл баримтаар тогтоогдож байдаг.

6.3. “Тушаалын төсөл” гэсэн баримтад тэмдэглэгдсэн гэх Төрийн албаны тухай хуулийн “44.3 дахь хэсэг” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлэн маргаж буй тайлбарт “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 46 дугаар зүйлийн 46.2.4 дахь заалт”-тай зөрүүтэй буюу шүүхэд илэрхий худал мэдүүлсэн, эргэлзээ бүхий нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

6.4. “Тушаалыг хянах эрх, үүрэгтэй албан тушаал хашиж байсан”, “хасуулсан” гэсэн дүгнэлтүүдийг хийхдээ хариуцагчийн үүрэг, хариуцлагатай харьцуулан эрэмбэлэхгүйгээр, хэт нэг талыг барьж дөвийлгөн (давсан) дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч өөрөө тухайн хуульд заасан үндэслэлээр тушаалын төсөл боловсруулах үүргийг хүний нөөцийн ажилтанд өгсөн гэж тайлбарладаг, гэрч мэдүүлдэг ба хэрэвзээ тухайн үүрэг өгөгдсөн бол хариуцагчид өөрт нь тус хууль зүйн үндэслэлийг хянуулахгүйгээр тушаалыг батлуулах, төсөлд тэмдэглэгдсэн хэсгийг харахгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулах өөр хэн нэгэн дундаас нь “хасуулах” ямар ч боломжгүй юм.

6.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийн 44.2, 44.3 дахь хэсэг тушаалын үндэслэл хэсэгт хэдийгээр бичгэн хэлбэрээр тусгагдаагүй боловч байсан” гэж үзэн төсөөлж хэрэглэсэн.

6.6. Гэтэл уг үндэслэлийн хүрээнд сэлгэн ажиллуулах тохиолдолд томилох албан тушаал ижил ангилал, зэрэглэл, чиг үүрэгтэй болох нь албан тушаалын тодорхойлолтоор баталгаажсан байхыг хууль, журамд тодорхой заасан ч “орон тооны зөвлөх” гэсэн албан тушаал нь Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл олгогдож баталгаажсан албан тушаалын тодорхойлолтгүйн зэрэгцээ ангилал, зэрэглэл, чиг үүрэг тодорхой бус, Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8-д заасны дагуу төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад нийцээгүй, эрх хэмжээгээ хэтрүүлэн шинээр бий болгосон болох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2019 оны А/45 дугаартай тушаалаар батлагдсан албан тушаалын жагсаалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 117 дугаартай тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаартай тушаалаар хамтран баталсан “Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон бусад олон баримтаар тогтоогдож байдаг.

6.7. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны эрхэлсэн түшмэд /удирдах/-ийн ТЗ11 ангилал, зэрэглэл бүхий “орон тооны зөвлөх” гэсэн албан тушаал байх ямар ч хууль зүйн болон бодит боломжгүй ба илэрхий алдаатай байгааг давж заалдах шатны шүүх шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

6.8. Хууль тогтоогч болон төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, томилохтой холбоотой Төрийн албаны тухай хууль хэрэглээний хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны дур зоргын үйлдэл хийгээд санаагаа гүйцэлдүүлэхэд хуулийг өөрт ашигтай, урвуугаар тайлбарлаж хэрэглэдэг байдлыг хязгаарлах үүднээс зохицуулалт бүрийг тодорхой зорилгод чиглэсэн байхаар зохицуулж, журамласан.

6.9. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Б/87 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн зүйл, хэсэг, заалт “байх ёстой байсан ... тухайн үндэслэлээр чөлөөлж, томилсон нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэхдээ тус актад сэлгэн ажиллуулахтай холбоотой ямар ч агуулга, захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдал, сэлгэн ажиллуулах хугацаа тусгагдаагүй зэргээс “сэлгэн ажиллуулах” гэсэн үндэслэлээр уг акт анхнаасаа гараагүй болохыг нотолж байдаг ч эдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Мөн шийдвэрийн зорилго өнөөг хүртэл тодорхойгүй, хариуцагчийн зүгээс үндэслэл бүхий тайлбар хэлдэггүй ба Засгийн газрын Хэрэг эрхлэх газын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаартай тушаалаар хамтран баталсан “Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ийн 3.2-т Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах ... ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх зорилгоор өөр албан тушаалд сэлгэн ажиллуулж болно” гэж заасан үндэслэл нотлогддоггүй. Мөн журмын 2.1, 3.6-д тус тус “Төрийн албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулна” гэж заасны дагуу тохиролцож зөвшөөрснийг бичгээр баталгаажуулж, нотлоогүй, энэ нь анхнаасаа тухайн үндэслэлээр чөлөөлөөгүй болох нь тогтоогдож байдаг. Мөн өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй болох нь тус агентлагийн архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр тогтоогддог ба давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг үнэлэхгүйгээр орхигдуулсан.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх орон тооны зөвлөхөөс чөлөөлөгдсөн Б/115 дугаартай тушаал хүчин төгөлдөр байгаагаас сэргэх эрхгүй болж төрийн албаны харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн.

7.1. Гэтэл захиргааны илт хууль бус акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх ба томилсон шийдвэртэй маргаж буй тохиолдолд чөлөөлөгдсөн шийдвэр нэгэн адил эрх зүйн үйлчлэлгүй буюу эерэг нөлөөлөлтэй захиргааны актын үйлчлэлийг өөрийнх нь эрхийг хязгаарлахад сөргүүлэн ашиглах ёсгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжилсэн дүнгээс эерэг нөлөөлөлтэй актын биелэлтийг хасаж тооцох боломжтой байна. Мөн өмнө нь эрхэлж байсан ажил үүрэг маань өнөөдрийг хүртэл сул ажлын байраар зарлагдаагүй байхад сэргэх эрхгүй, дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

7.2. Хэдийгээр орон тооны зөвлөхөөс чөлөөлөгдсөн Б/115 дугаартай тушаал “эрүүл мэндийн шалтгаанаар” гэсэн үндэслэл дурдсан боловч хариуцагчийн дарамт, шахалт, зүй бус нөлөөллөөс шалтгаалан маргасны улмаас тухайн үйл явц өрнөсөн ба эрүүл мэндийн шалтгаантай холбоотой бодитой шалтгаан үүсээгүй /өргөдөлд хавсаргасан баримт байхгүй/ байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.

7.3. Мөн төрийн захиргааны жинхэнэ албан тушаалаас төрийн захиргааны бус албан тушаалд хууль бусаар чөлөөлж, томилсонтой холбоотой төрийн захиргааны жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэх боломжгүй, өнгөрсөн хорь орчим жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн замнал үгүй болж, төрийн захиргааны жинхэнэ албанд эргэн ажиллах эрх маань хязгаарлагдан хохироод байна.

7.4. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

9. Нэхэмжлэгч Ц.Т нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна.

10. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Ц.Т-г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/87 дугаар тушаалын 1 дэх заалтаар “тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, улсын ахлах байцаагч Ц.Т-г 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж”, 2 дахь заалтаар “Ц.Т-г тус газрын орон тооны зөвлөх, улсын ахлах байцаагчаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс томилон ажиллуулахаар” шийдвэрлэжээ.

11. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар “тус газрын орон тооны зөвлөх, улсын ахлах байцаагч Ц-н Т нь эмчилгээ хийх шаардлагатай болсон тул 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн” байна

Хяналтын шатны шүүхээс шийдвэрлэх асуудал нь: Захиргаа тухайн байгууллагын бүтцэд байхгүй орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн /сэлгэн ажиллуулах/ томилох эрхтэй эсэх, уг төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлж, томилсон шийдвэрт Төрийн албаны тухай хууль хэрэглээгүй байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д хамаарах эсэх, захиргаа төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлж тухайн байгууллагын бүтцэд байхгүй орон тоонд томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд хамаарах эсэх тухай байна.

12. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах, албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх, халах зэрэг харилцааг Төрийн албаны тухай хуулийн 44, 45, 46, 47 дугаар зүйлүүдэд зохицуулжээ.

13. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч Ц.Т-г Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан үндэслэлээр сэлгэн ажиллуулсан гэж тайлбарлан маргажээ.

14. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно ...” гэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр тушаалаар хамтран баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 3.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж тус тус заажээ.

15. Үүнээс үзвэл, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр хугацаатай сэлгэн ажиллуулж болох бөгөөд ингэхдээ сэлгэн ажиллахыг төрийн жинхэнэ албан хаагч зөвшөөрсөн талаарх баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байхыг шаардсан байна.

16. Гэтэл нэхэмжлэгч Ц.Т сэлгэн ажиллуулахыг зөвшөөрсөн баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч сэлгэн ажиллуулах талаар хүсэлт гаргаж байсан нь тогтоогдоогүй байна.

17. Нөгөө талаар, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан бөгөөд маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг томилсон “Орон тооны зөвлөх” гэх албан тушаал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан албан тушаалын жагсаалтад байхгүй.

18. Нэхэмжлэгчийг (төрийн жинхэнэ албан хаагч) үүрэгт ажлаас нь чөлөөлж, тухайн байгууллагын бүтцэд байхгүй орон тоонд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу сэлгэн ажиллуулах үндэслэлд хамаарахгүй, уг үндэслэл нь нотлогдохгүй байна.

19. Нэхэмжлэгч Ц.Т-г төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны Б/87 дугаар тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 44, 46 дугаар зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

20. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгаагаар хангагдана гэж тус тус заажээ.

21. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар “... төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдахаар байна.

22. Гэтэл маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан аль үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй талаар тодорхой заагаагүй, хариуцагчийн маргаж буй сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан гэх үндэслэл нь уг шийдвэрийг гаргахаас өмнө бүрдүүлсэн байх ёстой хууль болон журамд заасан баримтаар нотлогдохгүй байна.

23. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Ц.Т-г төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл байсан болох нь тогтоогдохгүй байх тул маргаан бүхий Б/87 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзнэ. Энэ талаар давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг болон талуудын маргаагүй мөн зүйлийн 47.1.5 дахь заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

24. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д зааснаар агентлагийн дарга “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” эрхтэй. Энэ нь зөвхөн ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, өөр албан тушаалд шилжүүлэх эрх бүхий этгээдийг заан тодорхойлсон зохицуулалт бөгөөд харин ямар тохиолдол, үндэслэл бүрдсэн үед дээрх шийдвэрийг гаргахыг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.

25. Энэ тохиолдолд хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь чөлөөлж, тухайн байгууллагад байхгүй орон тоонд томилсон нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байх тул хариуцагчийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан сонгох боломжид хамаарахгүй. Хууль, захиргааны хэм хэмжээний актад төрийн жинхэнэ албан хаагчийг тухайн байгууллагын бүтцэд байхгүй орон тоонд сэлгэн ажиллуулахыг зөвшөөрөөгүй, ийм нөхцөл, тохиолдлоос төрийн албан хаагч хамгаалагдахаар байна.

26. Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлөх шийдвэр гарч нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн харилцаа нэгэнт дуусгавар болсон байх тул төрийн албан хаагчийн хуульд заасан эрхээр хангагдах боломжгүй болсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, маргаан бүхий тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад чөлөөлсөн, уг үндэслэлээр Б/87 дугаар тушаал илт хууль бус болох нь тогтоогдож байх тул, түүнээс хойш гарсан Б/115 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд үр дагаваргүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

27. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 145 дугаар тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн баталсан, үүнийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 21 дугаар сарын 02-ны өдрийн А/106 дугаар тушаалаар тус газрын албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталжээ.

28. Нэхэмжлэгч өмнө нь тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд уг албан тушаал шинэ бүтцэд өөрчлөгдсөн тул эгүүлэн тогтоох бус өөрчлөн баталсан бүтцийн Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгасан өөрчлөлт анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо Б/87 дугаар тушаал гарсан өдрөөс эхлэн тооцож олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул залруулсан өөрчлөлт оруулж, тус газрын орон тооны зөвлөх, улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцож, тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 669 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Ц.Т-г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/87 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Т-г Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилохыг, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор Ц.Т-д олгож, түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Т-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                   М.БАТСУУРЬ

   Х.БАТСҮРЭН

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

   Ц.ЦОГТ