Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Д.Г,

хохирогч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Г-д холбогдох эрүүгийн 1806 0569 80129 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Г

Холбогдсон хэргийн талаар:

Д.Г нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Яруу” хүнсний дэлгүүрт иргэн Г.Азүүн гаран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгаас ирсэн манай найз Соронзонболд над руу ярьсан. Дарь-Эхэд Соронзонболд, Ариунтуул бид гурав уулзаж, 3 том пиво уусан. Ариунтуул “Цайз 16 дугаар хороололд хүнтэй уулзана” гээд бид гурав хамт явсан боловч уулзах хүнтэйгээ уулзаагүй. Соронзонболд “0.75 литрийн архи аваарай” гэж хэлээд Ариунтуулд мөнгө өгч дэлгүүр явуулахад Ариунтуул дэлгүүрт 0.75 литрийн архи алга байна, 0.5 литрийн архи авчихлаа” гээд ирсэн. Тэгээд бид гурав “Яруу сайхан” дэлгүүр рүү архиа солиулахаар орсон. Тэгтэл хохирогч “янхан банзал гэж хэл амааар доромжилдог хэн бэ, цагдаа дуудна” гэж хэлээд намайг дэлгүүрээс авч гарах гэхэд нь би хохирогчийн гар руу цохисон. Тэгээд цагдаа ирж намайг авч явсан. Манай хоёр найзыг явуулсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч хоёр хүний хамт дэлгүүр орж ирээд манай касстай архиа буцаах талаар ярьсан. Худалдагч “бараа худалдаж авсан тул буцаах боломжгүй” гэж тайлбарлахад шүүгдэгч манай кассчинг хэл амаар доромжилсон. Би шүүгдэгчийг дэлгүүрээс гаргах гэж түүний куртикнаас татахад шүүгдэгч намайг тавиулах гэж гараараа шувтарсан. Гэтэл миний гарын голын хурууны эхний үе хугарсан байсан. Тэр үед дэлгүүрийн гадна цагдаа явж байхаар нь би дуудсан. Тэгээд шүүгдэгч, бид хоёр цагдаагийн байгууллагад ирсэн. Миний хуруу хугарсан учир 5 хоног ажилдаа яваагүй. Би захирлаас ажилдаа яваагүй талаарх тодорхойлолтыг авч, хэрэгт өгсөн. Миний нэхэмжилсэн хохирлыг барагдуулвал би гомдол саналгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.А өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ байхад үл таних эрэгтэй орж ирээд 500 граммтай “Хараа” архи аваад гарсан. Архиа авч гарч яваад ойролцоогоор 10 минутын дараа архиа солиулна гээд ороод ирсэн. Буцаалт хийж болохгүй гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилсон, тэр үед би уг залууг цамцнаас нь тавиулсан. Тэр үед миний зүүн гар талын дунд хуруу эвгүй болсон. Эн үйл явдал болж байхад хажуугаар цагдаа явж байхаар нь уг цагдааг дуудаад тэр залууг бариулсан...

...Холбогдогчоо эмчилгээний зардлаа нөхөн төлүүлнэ. Миний зүүн гарын дунд хурууны хавдар нь одоо болтол буухгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Ариунтуулын өгсөн: ...Бид 2 дэлгүүрийн гадаа хүлээгээд сууж байсан. Тэгээд Соронзон 0,5 литрийн “Хараа” нэртэй архи аваад гарч ирсэн. Тэгэхээр нь бид 3 0,75 литрийн архи болгох гээд дэлгүүр рүү буцаж орсон. Тэгэхэд дэлгүүрийн худалдагч архи буцаахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар сүртэй юм бэ гэсэн. Тэгтэл найз Г.А-н цамцнаас татсан. Тэгээд манай найз гарыг нь тавиулах гэж гар руу нь цохисон. Тэр үйл явдал болж байх үед цагдаа явж таарсан. Тэгээд цагдаа ирээд бид гурвыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8383 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Г.А биед зүүн гарын дунд хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,

            - Хохирлын баримт: Хөдөлмөрийн чадвараа алдаж 5 хоног ажил хийгээгүй тул 5 хоногийн ажлын хөлс 40.000х5 хоног = 200.000 төгрөг, эм тарианы төлбөр           8000+71.800+960+4000+44.900+6.000=135.660 төгрөгийн баримт ирүүлсэн байна. /хх-ийн 20, 28-29 дүгээр тал/

            - Шүүгдэгч Д.Г-н иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн  30, 31, 35-36, 61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Д.Г нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Яруу” хүнсний дэлгүүрт иргэн Г.А зүүн гаран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.А, гэрч А.Ариунтуул нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8383 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1: ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Шүүх хуралдаанд хохирогч Г.А гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар  шүүхийн шинжээчийн дүгнэлт 8000 төгрөгөөр, эм тарианы төлбөр 71.800+960+4000+44.900+6000=127.600 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 200.000 төгрөг нийт 335.660 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байх ба баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд нотлох баримтын шаардлагыг хангаж байна.

Шүүгдэгч Д.Г уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Боржигон овогт Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-г 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Г-д оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.               

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Г-с 335.600 /гурван зуун гучин таван мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.А /РД:/-д олгосугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  14 давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ