Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Г.Ц-д холбогдох эрүүгийн 1906 0006 10093 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Г.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Г.Гончигдоржийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: Би тухай өдөр ажлын хамт олонтойгоо уулзаж байсан. Гэтэл миний гар утас алга болсон. Тэгээд би Гончигдоржийн найз нь миний гар утсыг авсан гэж хэлснээс болж бид хоёр маргалдаж байгаад би Гончигдоржийг цохисон. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Гончигдоржийн өгсөн: ...Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Банан” бааранд 19:00 цагийн үед найз Цэвээнжав, Сумъяа, Цогоо, Бямба, Хишигээ, Тулга, Хашчулуун гээд 8 найзын хамт орсон. Бид нар гадна дэлгүүрээс архи аваад “Банана”-гийн караокед орсон. Би Хишигээ, Сумъяа нарын хамт бааранд орж бүжиглээд буцаж “Банана”-гийн караокед орсон чинь Цэвээнжавын “Самсунг” маркийн гар утас нь алга болсон гээд хамт явсан залуустаа хэлсэн чинь Цэвээнжав намайг цохисон. Хамт байсан Цогоо бусад нь над руу дайрч зодсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн дээд хөмсөг сэтэрсэн. Цус нь гоожоод байна...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Гончигдоржийн биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Ц: ...Тэгээд би тухайн үед өөрийн найзууд болох Хишигжаргал, Бямбасүрэн, Цогбаяр, Сумъяа, Хашчулуун, Гончигдорж нарт хандан миний гар утас алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед бид нарыг зараокед анх орж ирэхэд миний найз Гончигдоржийн найз болох нэг залуу хамт орж ирсэн бөгөөд намайг унтаж байгаад сэрэхэд тэр залуу явчихсан байсан. Тэгээд миний найзууд надад хандан Гончигдоржийн найз гэж дагуулж ирсэн тэр залуу авчихсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгтэл Гончигдорж бид нарт хандан миний найз хулгай хийх хүн биш, бид нарт агсам тавьж эхэлсэн. Тэгээд Гончигдорж тухайн үед найзууд руугаа агсарч байгаад намайг түлхээд унагачихсан. Тэгээд би тухайн үед Гончигдоржийг чи одоо боль юундаа орилоод гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би Гончигдоржтой маргалдаж байгаад улмаар түүний хөмсөгөн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Гончигдорж бид хоёрыг маргалдаж зодолдож эхлэх үед бидний найзууд хажуунаас орж ирээд бид нарыг салгасан. Тэгтэл миний найз болох Гончигдорж тус караокены ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгэхээр нь би түүний араас ороод түүнтэй эвлэрэх гэтэл улмаар бид хоёр дахин маргалдаж би түүний толгойн тус газар гараараа 2 удаа цохиж хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Тэгтэл бидний найзууд болох Хишигжаргал, Бямбасүрэн, Цогбаяр, Сумъяа, Хашчулуун нар ариун цэврийн өрөөнд орж ирж бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г.Ц иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 15, 16, 17, 18 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Г.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Г.Гончигдоржийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Гончигдоржийн болон яллагдагч Г.Ц мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Гончигдорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 19 дүгээр тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц-д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.        

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ