Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01770

 

  

 

 

 

 

2023 оны 09 сары18 өдөр 210/МА2023/01770

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01774 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******* ХХК, Тэнгри органик фүүдс ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,053,710 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие Барс худалдааны төвд 2008 оноос лангуу түрээслэн ажиллуулж улмаар 2018 оноос НӨАТ-ын суутган төлөгчөөр бүртгүүлж, ресторан, зоогийн газар албан байгууллагуудын гал тогооны материалаар хангаж ажилладаг. 2022 оны 08 дугаар сараас******* ХХК, түүний салбар гэх Тэнгри органик фүүдс ХХК-ийн ресторануудад бараа борлуулан нийлүүлж эхэлсэн.

 

Улмаар 2022 оны 09 дүгээр сараас дээрх компаниудаас Налайх дүүрэгт шинэ салбараа нээж байгаа, хэсэгхэн хугацаанд зээлээр бараа худалдан авах хүсэлтийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд******* ХХК болон Тэнгри органик фүүдс ХХК-д нийт 10,053,710 төгрөгийн бараа материалыг зээлээр худалдан нийлүүлсэн. Гэтэл хариуцагч нар зээлээр худалдан авсан бараа материалын үнийг төлөхгүй, тус компаниудын нягтлантай уулзахад манайх зээлээр огт бараа аваагүй төлбөр тооцоогоо бараа авчирсан хүнд өгсөн гэсэн, мөн нийлүүлсэн барааны баримтуудыг асуухад холбогдох албан тушаалтанууд нь гарын үсэг зурчихсан гэсэн. Иймд зээлээр худалдан авсан******* XXK-аас 7,112,000 төгрөг, Тэнгри органик фүүдс XXK-аас 2,941,710 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

Тэнгри органик фүүдс ХХК нь бараа огт хүлээн аваагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,914,710 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Эм Скай ХХК-аас нэхэмжилсэн 7,112,000 төгрөгөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 308,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 952,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 308,500 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 542,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 591,500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 191,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,466,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 459,500 төгрөг, нийт 4,818,500 төгрөгийн бараа материалыг хүлээн авч холбогдох санхүүгийн баримтыг баталгаажуулж өгсөн байна.

 

Тэнгри органик фүүдс ХХК, Эм Скай ХХК нь гэрээ хийгээгүй компани болон хувь хүнээс зээлээр бараа материал худалдан авдаггүй ба иргэн Б.*******тэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй.

 

Харин******* ХХК худалдан авалт хийсэн 4,818,500 төгрөгийг барааны ажилтан Т.Амарцогтын дансанд шилжүүлсэн ба Т.Амарцогт худалдагч, нийлүүлэгч нарт бүх төлбөрийг нийлүүлж худалдан авалт хийсэн байдаг.

 

Б.******* төлбөрийг нь авсан барааныхаа мөнгийг биднээс дахин авах гэж байгаа тул Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч******* ХХК болон Тэнгри органик фүүдс ХХК-д холбогдуулан гаргасан 10,053,710 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:Нэхэмжлэгч нь хариуцагч******* ХХК болон Тэнгри органик фүүдс ХХК-д хүнсний бараа материал, бүтээгдэхүүн худалдсан.

 

Хариуцагч нарын ажилтан болох Т.Амарцогт нь нэхэмжлэгчээс 2022.09.17-ны өдрөөс 2022.10.14-ний өдрийг хүртэлх хугацаанд 10,053,710 төгрөгийг хүнсний бараа бүтээгдэхүүн, бараа материалыг худалдан авсан байдаг.

 

Зохигчдын хооронд хүнсний бараа бүтээгдэхүүн, бараа материал худалдан авч байсан үйл баримт хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогддог бөгөөд хариуцагч нар нь өөрийн ажилтан Т.Амарцогтод тухай бүр нь барааны мөнгийг шилжүүлэн бараа материалын худалдан авалтыг хийж байсан гэж тайлбарладаг.

 

Мөн Т.Амарцогтыг бусадтай хэлцэл хийх эрх бүхий этгээд биш гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч НӨАТ-ын шивэлтийг хийж, санхүүгийн тайландаа тайлагнасан талаар маргадаггүй.

 

Зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэний үндсэн дээр худалдан авалт хийсэн нь хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтууд болон талуудын тайлбараар хангалттай нотлогдсон.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйл 43.1, 43.11-т заасны дагуу зохигчид хэлцэл хийж, хэлцлийн дагуу худалдан авалтын НӨАТ-ын баримт үйлдэн, санхүүгийн тайландаа тайлагнасаар зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь анхан шатын шүүхийн шийдвэр үндэслэл муутай байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01774 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Манай компани Б.*******тэй гэрээ байгуулаагүй. Манайх Т.Амарцогтод бэлнээр мөнгө өгч, бараа материалыг 7 хоногт 3-4 удаа, өдөрт 2-3 цагийн дотор авчирч өгдөг байсан. Т.Амарцогт нь манай байгууллагыг төлөөлөх эрхгүй. Учир нь хөдөлмөрийн гэрээ байхгүй. Зарлагын баримт гэдэг нь бараа материал зарсан буюу мөнгө авсан хүн өгдөг гэж ойлгодог. Гэтэл Б.******* нь бидэнд нэхэмжлэх өгч байгаагүй. Б.*******, Т.Амарцогт нар хоорондоо төлбөр тооцооны асуудалтай, бид бэлнээр төлсөн байхад дахин компаниас гаргуулах гэж байна. Б.******* аваагүй гэх нотлох баримт байхгүй. Барс худалдааны төв бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг.

Тэнгри органик фүүдс ХХК нь Б.*******ээс бараа материал авч байгаагүй, холбогдох баримт байхгүй,******* ХХК-аас 7,000,000 төгрөг нэхэмжилснээс 4,818,500 төгрөгтэй холбоотой баримт санхүүд байсан учир уг мөнгийг төлсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэл шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Эс скай ХХК, Тэнгри органик фүүдс ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10,053,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар 6203566 дугаар регистрийн дугаартай******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 13 удаагийн худалдан авалтаар нийт 6,886,000 төгрөгийн, 6475515 дугаар регистрийн дугаартай Тэнгри органик фүүдс ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 2,332,910 төгрөгийн бараа материалыг тус тус худалдан авсан болох нь зарлагын болон төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаар тус тус тогтоогдсон, хэргийн 36, 37, 44 дүгээр талд авагдсан зарлагын баримтууд нь худалдан авагчийн мэдээлэл болох, хүлээн авсан этгээдийн гарын үсэггүй тул уг баримтуудыг хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй талаар үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

 

4. Хариуцагч нь ...Б.*******ээс Эм скай ХХК худалдан авалт хийсэн 4,818,500 төгрөгийг барааны ажилтан Т.Амарцогтын дансанд шилжүүлсэн... гэж тайлбараас үзэхэд хариуцагч нь Б.*******ээс бараа худалдан авсан барааний үнийг өөрийн ажилтан Т.Амарцогтод шилжүүлсэн үйл баримт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үнийг төлөх үүргээс чөлөөлөхгүй.

 

Хариуцагч нар нь худалдан авсан барааны үнийг худалдагч Б.*******т шилжүүлэх үүрэгтэй байхад өөрийн ажилтан Т.Амарцогтод шилжүүлснийг худалдах-худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

5. Анхан шатны шүүх Т.Амарцогт нь Эм скай ХХК, Тэнгри органик фүүдс ХХК-ийн бараа нийлүүлэлтийн ажилтан гэж тайлбарлаж байхад хариуцагч нарын өмнөөс бусадтай хэлцэл хийх эрх бүхий этгээд биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь талуудын тайлбар болон Т.Амарцогт нь******* ХХК, Тэнгри органик фүүдс ХХК-ийн өмнөөс худалдан авалт хийсэн байдал, нэхэмжлэгч нь******* ХХК, Тэнгри органик фүүдс ХХК-ийн худалдан авалт гэж нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэхэд хариуцагч******* ХХК нийт 6,886,000 төгрөгийн, Тэнгри органик фүүдс ХХК нийт 2,332,910 төгрөгийн бараа материалын үнийг төлөх үүрэгтэй.

 

6. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч******* ХХК-аас 6,886,000 төгрөг, Тэнгри органик фүүдс ХХК-аас 2,332,910 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 834,800 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01774 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 6,886,000 төгрөгийг, хариуцагч Тэнгри органик фүүдс ХХК-аас 2,332,910 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 834,800 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас 125,126 төгрөгийг, хариуцагч Тэнгри органик фүүдс ХХК-аас 52,277 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 177,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР